Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0231

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А-337 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 21,8 га талбай газрыг “Г” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон.

Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын тушаалын хүчингүй болгосон.

Гэтэл анхан шатны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулсын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм.

Засгийн гарын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч, алдааг засаж хуульд нийцүүлэн захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиар зөрчөөд яваад ирсэн бусад газарт ашиглагчийг адил хүчингүй болгох ёстой гэх ойлгомжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд хуулийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон хэмээн 46 иргэн аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Г” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газарт 21,8 га газар ашиглах эрх олгосон тушаал багтсаныг эс зөвшөөрч маргасан байна.

Анх нэхэмжлэгч “Г” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын Дархан цаазат газрын “Ташгайн ам” нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай 21,8 га газрыг ашиглах эрхийг олгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүс нутагт байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг хуульчилжээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих" үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Хуулийн энэхүү заалтаар Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулж болох зохицуулалт нь дээр дурдсанаар зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийхээр хязгаарлагдана гэж ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглосон байгаагаас үзэхэд анхнаасаа уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах хуулийн зохицуулалт байхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “...хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал нь тэгш байдлыг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг зөрчсөн...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзсэн нь үндэслэлтэй биш байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газар нь байршлын хувьд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээрээ “...эрүүл мэндийн зөвлөгөө, дасгал сургалт, бусад үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж бүхий цогцолбор барина” гэсэн агуулга бүхий хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан, мөн хэрэгт авагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар “Монголын үндэсний цэнгэлдэх хүрээлэн” спорт, аялал жуулчлалын цогцолбор барих төслийн гүйцэтгэлийн ажил хамтран оролцох харилцан ойлголцлын санамж бичиг, “Голомт” Монголын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн аялал жуулчлалын төсөл, фото зураг зэргээс үзэхэд тухайн газартаа үзвэр, үйлчилгээний зориулалттай спортын цогцолбор бүхий барилга барих талаар төсөл хэрэгжүүлж байгаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байнгын үйл ажиллагаа эрхлэхээр барилга байгууламж барихаар төлөвлөгдсөн байсан нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа буюу аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр үйл ажиллагаа үзүүлнэ гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, “...эрүүл мэндийн зөвлөгөө, дасгал сургалт, бусад үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж бүхий цогцолбор барих”, “Монголын үндэсний цэнгэлдэх хүрээлэн” спорт, аялал жуулчлалын цогцолбор барих”-ын аль нь ч  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасан хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Г” ХХК-д 21.8 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-337 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасны дагуу байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйлчлэх зохицуулалтыг үндэслэн Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж газар ашиглах эрх олгогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт буюу Дархан цаазат газар хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн Байгалийн цогцолбор газрын дэглэмд холбогдох зориулалтыг Дархан цаазат газар аялал жуучлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдыг тушаалыг хүчингүй болгосон” гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчид Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалтаар барилга байгууламж барих нь аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглуулах хуулийн заалтад нийцээгүй байжээ.

Мөн бодит байдалд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй /үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон/, үйл ажиллагаа явуулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих эрсдэл бүхий “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн тушаалын улмаас уг газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Газар ашиглах эрхийг дуусгавар болгох гэж буй талаараа урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтойгоос бус Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

Харин анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж, газар ашиглуулсны улмаас хохирол учруулсан гэж үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ