| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0875/З |
| Дугаар | 001/ХТ2026/0063 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/0063
“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар,
тус газрын харьяа Том татвар төлөгчийн газарт тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0036 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2026/0171 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/0196 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ч.Б, Д.Т, Ч.О нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Б***” ХХК-аас Татварын ерөнхий газар, тус газрын харьяа Том татвар төлөгчийн газарт (цаашид “ТЕГ, ТТТГ” гэх) тус тус холбогдуулан “...“Б***” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-***** дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-***** дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах”;
-HӨ-***** дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-***** дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.75 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн “2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-***** дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-***** дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, HӨ-***** дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-***** дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.75 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхмаагийн давж заалдах гомдлыг хангаагүй.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/0196 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-аас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:
5.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухайд:
5.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (цаашид “НӨАТТХ-ийн” гэх) 15 дугаар зүйлийн 15.8-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2...-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ... (1) буцаан олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж. (2) албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж, Татварын ерөнхий хуулийн (цаашид “ТЕХ-ийн” гэх) 45 дугаар зүйлийн 45.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ” гэж тус тус заасан. Хуулийн тус заалтуудын дагуу татвар төлөгчийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт үйлдэх, гаргах бүрэн эрхийг ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар эдлэх юм. Хуулийн тус заалтуудын дагуу олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын НӨАТ-ын баталгаажуулалтын хэлтсийн дарга С.У, тус хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Ц нар 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-***** дугаартай актаар нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулсан. Тодруулбал, тус актын Тогтоох нь хэсгийн 1-т “Б***” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулав” гэж заасан. Иймд бид нэхэмжлэгчийн илүү төлсөн НӨАТ-ын үлдэгдлийг эрх бүхий байгууллага баталгаажуулсан гэж үзэж байгаа.
5.1.2.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэлээ. Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаартай хэсэгт “Учир нь нэмэгдсэн өртгийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох ажиллагаа нь тодорхой хяналтын дор хэрэгжих ба ийнхүү хянах явцад албан татварын хэмжээ, өрийн дүн зэрэгт эргэлзээтэй, тооцооллын зөрүү үүссэн гэж үзвэл хариуцагч татварын алба иж бүрэн хяналт шалгалт хийх эрхтэй, энэ эрхийг хариуцагч захиргааны байгууллагад хууль болон журмын заалтуудаар олгосон байна” гэж, шийдвэрийн 11 дугаартай хэсэгт “Хариуцагч ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан уг хяналт шалгалтын үр дүнгээр НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг эцэслэн баталгаажуулж, буцаан олгох татаарын асуудлыг шийдвэрлэнэ гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийсэн. Шийдвэрийн 8 дугаартай хэсэгт “Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... НӨАТ-ын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хариуцагч хүлээн авч улмаар ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага арга зүйн газарт хүргүүлснээр тус газраас хянан шалгасан байх ба уг шалгалтын явцад ... гэх үндэслэлээр журамд заасан хугацаанд хүсэлт, саналыг Сангийн яамд хүргүүлээгүй байна” гэх дүгнэлтийг хийсэн. Эндээс харахаар нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлт нь баталгаажаагүй мэт, НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар хэрэгжүүлэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ нь НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8, ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар хэрэгжүүлэхээр заасан хуулийн тодорхой зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг хуулийн дээрх заалтуудын дагуу ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар хэрэгжүүлэх атал анхан шатны шүүх тус бүрэн эрхийг ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага арга зүйн газар хэрэгжүүлэх агуулгаар хуулийг буруу тайлбарлав.
5.1.3.Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтүүд дээрх хэсгийн дүгнэлтүүдээс зөрүүтэй байгаа. Тодруулбал: 1.Шийдвэрийн 2.3 дугаартай хэсэгт “Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Ц нарын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар бүхий ... НӨАТ ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн 8, 10, 11 дугаартай хэсгүүдэд “нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлт баталгаажаагүй, хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн тул иж бүрэн хяналт шалгалт хийгдэх болсон бөгөөд тус шалгалтын үр дүнд баталгаажихаар байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг үйлдсэн мөртлөө шийдвэрийн 2.3 дугаартай хэсэгт НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах гэж дүгнэсэн. 2.Шийдвэрийн 9 дугаартай хэсэгт Хариуцагч захиргаа хэдийгээр дээр дурдсан эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдож байх боловч” гэх замаар мөн адил шийдвэрийн 8, 10, 11 дугаартай хэсгүүдийн дүгнэлтээр зөрсөн дүгнэлтийг хийсэн. Учир нь, шүүхийн шийдвэрийн 8, 10, 11 дугаартай хэсгүүдэд нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлт баталгаажаагүй хэмээн дүгнэсэн. Хэрэв ийнхүү НӨАТ-ын илүү төлөлт нь баталгаажаагүй бол хариуцагчийн Сангийн яамд хандаагүй явдлыг “эс үйлдэхүй” гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8-д зааснаар НӨАТ-ын илүү төлөлт баталгаажсанаас хойш ТЕГ нь ажлын 2 өдрийн дотор Сангийн яаманд хандах учиртай. Иймд НӨАТ-ын илүү төлөлт баталгаажаагүй бол хариуцагчийг Сангийн яамд хандаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх учиргүй. Гэтэл анхан шатны шүүх нь ТЕГ-ыг Сангийн яаманд хандаагүй эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн 9 дугаартай дүгнэлтийн агуулга нь “НӨАТ-ын илүү төлөлт баталгаажсан боловч ТЕГ нь ажлын 2 хоногт Сангийн яамд санал хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэх агуулгатай байна. Иймд шүүхийн шийдвэрийн 8, 10, 11 дугаартай хэсгийн дүгнэлт нь шийдвэрийн 8 дугаартай хэсгийн дүгнэлттэй зөрчилдөж байгаа.
5.1.4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлт баталгаажсан эсэх талаар болон НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг аль байгууллага хэрэгжүүлэх эсэх талаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээ нь тодорхой бус, хоорондоо зөрчилтэй байсан.
5.1.5.Магадлалын 2.9 дэх хэсэгт “Гэвч нэхэмжлэгч компанийн ирүүлсэн НӨАТ-ын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хариуцагч хүлээн авч, ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага арга зүйн газарт хүргүүлснээр тус газраас хянан шалгасан байх ба тухайн шалгалтын явцад ... гэх үндэслэлүүдээр дээрх журамд заасан хугацаанд саналыг зохих байгууллагад хүргүүлээгүй байна” гэж, 2.10 дугаартай хэсэгт “Хариуцагч захиргааны байгууллагаас ... тухайн ажиллагаа нь тодорхой хяналтын дор хэрэгжих бөгөөд хянах явцад албан татварын хэмжээ, дүн болон тооцоололд зөрүү үүссэн гэж үзвэл хариуцагч татварын алба нь иж бүрэн хяналт шалгалт хийх эрхтэй ... тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна” гэх дүгнэлтийг тус тус хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах эсэх асуудлыг ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар хянан шалгаж байгаа, тус хяналт шалгалтын үр дүнд НӨАТ-ын илүү төлөлт баталгаажих эсэх нь шийдвэрлэгдэнэ гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хийсэн. Энэ нь НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8, ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал юм. Учир нь, хуулийн тус заалтуудад НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн тус заалтыг тайлбарлан хэрэглэхдээ НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар хэрэгжүүлэх агуулгаар тайлбарлан хэрэглэв.
5.1.6.Ийнхүү Магадлалын 2.9, 2.10 дугаартай хэсгүүдэд “нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлтийн асуудал шалгагдаж байгаа, баталгаажаагүй” гэх хууль хэрэглээний дүгнэлтийг хийсэн. Тэгсэн мөртлөө, Магадлалын 2.12 дахь хэсэгт “Тодруулбал, хариуцагч нарын зүгээс НӨАТ-ын баталгаажуулалтын актыг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй” гэх дүгнэлтийг хийсэн. Энэ юу гэсэн үг вэ? Бидний нэхэмжлэлийн үндэслэл болгож буй ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг хүчин төгөлдөр гэж хариуцагч болон шүүх үзэж байгаа бол яагаад “нэхэмжлэгчийн НӨАТ-ын илүү төлөлт нь баталгаажаагүй” гэх дүгнэлтийг хийнэ вэ? Логик хаана байна? Давж заалдах шатны шүүх Магадлалын 2.9, 2.10 дугаартай хэсэгт “НӨАТ-ын илүү төлөлт баталгаажаагүй, шалгагдаж байна” гэж дүгнээд, Магадлалын 2.12 дугаартай хэсэгт “НӨАТ-ын шүү төлөлтийг баталгаажуулсан акт хүчин төгөлдөр, үүнтэй хариуцагч маргаагүй” гэх дүгнэлтийг хийсэн нь хоорондоо зөрчилтэй дүгнэлт байна. Маргаантай асуудлын талаар шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд өөр хоорондоо ийм зөрчилтэй байж болох уу.
5.1.7.НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8, ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2-т НӨАТ-ын илүү төлөлтийг ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар баталгаажуулна гэж тодорхой заасан. Тус газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гарсан бөгөөд үүний хүчин төгөлдөр байдалтай хариуцагч, шүүхүүд маргахгүй байгаа. Тэгсэн мөртлөө “ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар нь НӨАТ-ын шүү төлөлтийг эцэслэн баталгаажуулах юм байна” дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэрийн дүгнэлт хоорондын зөрчлийг үүсгээд зогсохгүй, НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8, ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж буй асуудал юм.
5.1.8.Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх хууль хэрэглээний зөрчил, алдаа нь НӨАТТХ-ийн 15.8, ТЕХ-ийн 45.2 дахь заалтуудыг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн асуудал бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
5.2.НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8, ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн тухайд:
5.2.1.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023.05.15-ны өдрийн 0036 дугаартай Тогтоолын 13 дугаартай хэсэгт “ТЕХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гэж НӨАТТХ-д зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан баталгаажуулсан баримт бичгийг, 45 дугаар зүйлийн 45.1-д Татвар төлөгчийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянан шалгаж, баталгаажуулж, саналыг ТЕГ-ын Том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т ТЕГ-ын Том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулах акт үйлдэх ... гэж тус тус заажээ” гэж, 14 дугаартай хэсэгт “Хуулийн дээрх заалтуудын дагуу ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар “И Э в” ХХК-ийн ... хүсэлтийг үндэслэн томилолт олгосноор хариуцагч татварын улсын байцаагч нар тухайн компанийн ... НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг явуулаад мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актыг бус, 42 дугаар зүйлд заасан Нөхөн ногдуулалтыг актыг ... үйлдэж, ... зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ” гэж, 19 дугаартай хэсэгт “Хүсэлтийн дагуу хариуцагч ТЕХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2, НӨАТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан журмын дагуу НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг хянан шалгасан боловч мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 6 дугаар зүйлийн 6.1.15-д заасан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай актыг үйлдээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн ... НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулаагүй байна” гэж, 20 дугаартай хэсэгт “Энэ тохиолдолд хуулийн 15.2-т заасан татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох харилцаа үүсээгүй гэж үзнэ” гэж, 21 дугаартай хэсэгт “Татварын улсын байцаагчийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай акт нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зөвшөөрснөөс гадна татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байж болно” гэж тус тус дүгнэсэн байна.
5.2.2.Миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь дараах байдлаар Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, түүний хууль хэрэглээ, тайлбараас зөрүүтэй, өөр болсон гэж үзэж байна.
5.2.3.Улсын дээд шүүхийн тогтоолын дээрх дүгнэлтүүдийг харвал татвар төлөгчийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах бүрэн эрхийг ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар хэрэгжүүлэх агуулгатай байгаа. Гэтэл энэхүү захиргааны хэрэгт ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2025.07.09-ний өдрийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан акт байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх тус актыг ТЕХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1.15, 45 дугаар зүйлийн 45.2-т заасан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гэж үзээгүй. Харин ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар нь НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргах агуулгаар дүгнэлтүүд хийсэн. Үүнийг шийдвэрийн 8 дугаартай дүгнэлт, Магадлалын 2.9 дугаартай хэсгээс тодорхой харж болно. Шүүхийн шийдвэр, магадлалын тус хэсэгт “ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага, арга зүйн газар нь хяналт шалгалтын үр дүнд НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахаар байна” гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Иймд анхан, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, тайлбар нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, тайлбараас зөрсөн өөр байгаа.
5.2.4.Улсын дээд шүүхийн Тогтоолын 19, 20, 21 дугаартай хэсгүүдэд татвар төлөгч нь НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар нь хянан шалгаад НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзах захиргааны акт гаргах боломжтой бөгөөд энэ нөхцөлд төлсөн татварыг буцаан олгох харилцаа үүсэхгүй талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах тухай татвар төлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэх хяналт шалгалтын үр дүнд татварын алба нь НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулаагүй, татгалзсан захиргааны акт гаргасан бол илүү төлөлтийг буцаан олгох харилцаа үүсэхгүй, улмаар илүү төлөлтийг буцаах процесс явагдахгүй талаар тайлбарласан. Гэтэл манай үйлчлүүлэгчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хувьд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гарсан байдаг. Иймд НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгох эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хуульд заасан процесс явагдах учиртай. ТЕГ, Татварын маргаан таслах зөвлөл зэрэг байгууллагуудаас Том татвар төлөгчийн газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Магадлалын 2.12 дугаартай хэсэгт “Тодруулбал, хариуцагч нарын зүгээс НӨАТ-ын баталгаажуулалтын актыг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй” гэх дүгнэлтийг хийсэн. Ийм атал нэхэмжлэгчийн “НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар баталгаажсан НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан өгөх саналыг Сангийн яамд илгээж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Сангийн яамд санал гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль ёсны гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, хууль хэрэглээнээс зөрүүтэй болсон.
5.2.5.Нэхэмжлэгчийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлт нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн актаар баталгаажсан болохыг хариуцагчид ч үгүйсгэдэггүй, няцаадаггүй. Тодруулбал, 1.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дахь талын хамгийн төгсгөл хэсэгт Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хариулахдаа 7 дугаар сарын 09-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт гарсан” гэж;
2.Мөн тэмдэглэлийн 11 дэх талд хариуцагч Том татвар төлөгч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О “Бид нар НӨАТ-ын баталгаажуулалтын актын хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй. Хүчин төгөлдөр байгаа ” гэж;
3.Мөн тэмдэглэлийн 12 дахь талд хариуцагч Том татвар төлөгч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О “Татварын алба нь өөрөө шаталсан тогтолцоотой байдаг Хүчингүй болгоно гэж ярихгүй НӨАТ-ын баталгаажуулалтын актыг хүчингүй болгосон шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Хэрвээ хүчингүй болгож шийдвэрлэсэн бол та нарын эрх ашиг зөрчигдсөн үеэсээ тодорхойлогдохоор байна” гэж;
4.Мөн тэмдэглэлийн 13 дахь талын дээд талын хэсэгт хариуцагч ТЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “Нэг байцаагчийн актыг нөгөө байцаагч хүчингүй болгоно гэдэг шийдвэр гаргаагүй. Гарна гэж өгт яриагүй” гэж;
5.Мөн тэмдэглэлийн 14 дэх талын төгсгөл хэсэгт Даргалагч “... маргааны зүйл болж байгаа татварын улсын байцаагчийн акт нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа юу” гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “Хүчин төгөлдөр байгаа” гэж хариулсан нь тусгагдсан байна.
6.Мөн тэмдэглэлийн 17 дахь талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “Өмнөх НӨАТ-ын актыг хүчингүй болгож, өөрчилсөн шийдвэр гараагүй. Татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг нөгөө татварын улсын байцаагч өөрчилж хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байхад татвар төлөгч ийм асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна” гэж хэлсэн нь тусгагдсан байна.
5.2.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2024 оны 11, 12 дугаар сарын НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-***** дугаартай акт хүчин төгөлдөр байгаа талаар хариуцагчид маргаангүй, харин “Акт хүчинтэй байгаа ” гэх нэхэмжлэгчтэй нэгэн ижил байр суурийг шүүхэд дахин дахин илэрхийлж ирсэн байна. Ийнхүү ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар нь бидний илүү төлсөн НӨАТ-ын дүнг баталгаажуулсан мөртлөө НӨАТТ хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасан “... албан татвар буцаан өлгөх саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэх үйлдлийг хийхгүй байгаа тул тус эс үйлдэхүйн талаар бид маргаж байгаа. Тэрнээс бидний илүү төлсөн НӨАТ-ын дүнг баталгаажуулаагүй гэж эсвэл буруу дүнгээр баталгаажуулсан гэж бид маргаагүй. Тодруулбал, бидний 1 дэх нэхэмжлэлийн шаардлага бол актыг Сангийн яам руу хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, актыг албан татварыг буцаан олгох саналын хамт Сангийн яамд хүргүүлэхийг даалгах шаардлага байгаа.
5.2.7.Ийнхүү НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн акт гарсан, тухайн актын хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагчид маргахгүй байхад НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгох эрх зүйн харилцаа үүсээгүй мэт, НӨАТ-ын илүү төлөлт баталгаажаагүй гэх агуулгаар шүүхүүд дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос зөрүүтэй байгаа. Учир нь, Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд гагцхүү ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар нь НӨАТ-ын ногдуулалт, илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахаас татгалзсан нөхцөлд НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгох эрх зүйн харилцаа үүсэхгүй байх агуулгаар тайлбарласан. Манай хэргийн хувьд НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгох акт гарсан учир тус эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
5.3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан авах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг Сангийн яамд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, актын саналын хамт Сангийн яамд хүргүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
6.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй, харин нэхэмжлэгч талаас нэмэлт тайлбарыг бичгээр шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
7.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
8.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүхүүдийн дүгнэлтээр “Б***” ХХК-аас 2024 оны 11, 12 сарын экспортод гаргасан бүтээгдэхүүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Том татвар төлөгчийн газарт гаргасан; тус газрын татварын улсын байцаагч нар 2125601774 тоот томилолтоор эрсдэлд суурилсан, хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-***** дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт үйлдэж, тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулсан;
-татвар төлөгч хуулийн этгээдээс илүү төлсөн албан татварыг буцаан авах тухай хүсэлтүүдийг 2025 оны 7, 8, 9, 10 дугаар саруудад Татварын ерөнхий газар, түүний харьяа Том татвар төлөгчийн газарт тус тус гаргасан; Татварын ерөнхий газар нь 2024 оны 09 дүгээр сарын НӨАТ-ын тайланд зөрүү үүссэн, мөн Сангийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн “харилцан хамаарал бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлттэй холбоотой татварын хяналт шалгалт хийлгэх хүсэлт”-ийн дагуу тус компанид иж бүрэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлээр буцаахаас татгалзсан үйл баримтууд тогтоогджээ.
9.Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ”, 45.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ” гэж тус тус заасан.
10.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу том татвар төлөгч хариуцсан нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэхээр тусгайлан заасан бөгөөд энэ нь тухайн нэгжийн хэрэгжүүлэх эрх хэмжээ байна. Өөрөөр хэлбэл, Том татвар төлөгчийн газар нь татвар төлөгч хуулийн этгээдийн (2024 оны 11, 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах) хүсэлтийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой хэсэгчилсэн хяналт шалгалт явуулах эрхтэй, энэ тохиолдолд төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-***** дугаар акт үйлдсэн нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн ажиллагаа юм.
11.Харин уг баталгаажуулсан акт нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллагын эцсийн шийдвэр биш бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 4.6-д заасан дараагийн шатны ажиллагаагаар дамжин хэрэгжихээр байна.
12.Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно” гээд 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 15.8-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
13.Дээрх хуулийн зохицуулалтыг Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь заалтуудтай харилцан уялдаанд системчлэн авч үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагаа нь татвар төлөгчийн харьяаллаас хамааран шат дараалсан журмаар хэрэгжихээр зохицуулагдсан буюу харьяалах татварын албатай харьцдаг татвар төлөгчийн хүсэлтийг тухайн татварын алба хянан шалгаж, буцаан олголтын саналыг Том татвар төлөгчийн газарт (татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид) хүргүүлэх бөгөөд Том татвар төлөгчийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэж, холбогдох санал, материалыг Татварын ерөнхий газарт хүргүүлнэ. Харин Том татвар төлөгчийн газарт шууд харьяалагддаг татвар төлөгчийн хувьд уг нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэж, буцаан олгох талаар саналаа Татварын ерөнхий газарт (татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага) хүргүүлэхээр тус тус хуульчилжээ.
14.Том татвар төлөгчийн газрын үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт нь тухайн хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг баталгаажуулах эрх зүйн үр дагавар үүсгэх боловч нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт бус, харин Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд буцаан олгох татварын хэмжээ, татварын өрийн байдал болон бусад нөхцөлийг хянан баталгаажуулж, буцаан олгох эсэх эцсийн санал гаргах захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг үе шат гэж үзэхээр байна.
15.Нөгөө талаас, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг нягталж, албан татварыг буцаан олгуулах саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 4.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ”, 4.6-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.2...-т заасны дагуу хянан шалгаж, баталгаажуулан акт үйлдсэн болон буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах эсэх саналаа энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гарган, холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
16.Дээрх журмын зохицуулалтаар мөн л Том татвар төлөгч хариуцсан нэгжээс ирүүлсэн санал, материалыг үндэслэн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Татварын ерөнхий газар) нь буцаан олгох татварын хэмжээ, татварын өрийн байдал болон буцаан олголттой холбоотой бусад нөхцөл байдлыг хянан баталгаажуулж, буцаан олгох эсэх саналаа боловсруулсны үндсэн дээр Сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр журамласан байна.
17.Өөрөөр хэлбэл, Том татвар төлөгчийн газар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг бол буцаан олголтын саналыг эцэслэн боловсруулж, хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэх эрх хэмжээ нь Татварын ерөнхий газарт хадгалагдаж байх тул Татварын ерөнхий газар ямар нэгэн эцсийн хяналтгүйгээр Том татвар төлөгчийн газрын баталгаажуулсан актыг үндэслэн буцаан олголтын саналыг Сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд хүргүүлэх үүрэг хүлээнэ гэж тайлбарлах нь хууль, журмын дээрх зохицуулалтын агуулгад нийцэхгүй.
18.Тиймээс Татварын ерөнхий газрыг холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан хяналт шалгалтыг явуулж, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан дотоод нэгжийн актыг шууд баталгаажуулаагүй үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
19.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
20.Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэл хангагдахад захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх учиртай.
21.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д татварын алба татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгахаар, мөн хуулийн 41.4-т эрсдэлд суурилан татварын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх хэмжээг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хууль тогтоогчоос тусгайлан олгожээ.
22.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмнөх хугацааны (2024 оны 09 сарын) нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбоотой тооцооллын зөрүү үүссэн, мөн холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн эрсдэлд суурилсан иж бүрэн татварын хяналт шалгалт хийх шаардлага бий болсон нь тогтоогдсон, ийм нөхцөлд Татварын ерөнхий газар нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд иж бүрэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, түүний үр дүнгээр буцаан олголтын саналыг эцэслэн боловсруулах ажиллагааг түр хойшлуулсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.
23.Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх “... нэмэгдсэн өртгийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох ажиллагаа нь тодорхой хяналтын дор хэрэгжих ба ийнхүү хянах явцад албан татварын хэмжээ, өрийн дүн зэрэгтэй эргэлзээтэй, тооцооллын зөрүү үүссэн гэж үзвэл хариуцагч татварын алба иж бүрэн хяналт шалгалт хийх эрхтэй, энэ эрхийг хариуцагч захиргааны байгууллагад хууль болон журмын заалтуудаар олгосон, хариуцагч уг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан асуудлаар иж бүрэн хяналт шалгалт хийх хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлт болон саналаа тогтоосон хугацаанд эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй байгаа нь буруу биш ...” гэж дүгнэсэн нь зөв, хяналтын журмаар гаргасан гомдол няцаагдана.
24.Нэгтгэн дүгнэвэл, Татварын ерөнхий газар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 4.6 болон Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд буцаан олголтын асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө шаардлагатай хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй тул уг ажиллагаа үргэлжилж байсан нөхцөлд буцаан олголтын саналыг Сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүйг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
25.Мөн хэдийгээр Татварын ерөнхий газар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрхтэй боловч хууль тогтоомжид нийцүүлэн боломжит богино хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
26.Хяналтын шатны шүүх энэхүү маргааныг мөн “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0036 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2026/0171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн өмгөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ