Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 047

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч М.Ризагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох,

аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Риза, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, А.Серикжан, хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратхан, улсын байцаагч Ш.Жарденбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ризагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай танилцуулгын 1 дэх хэсэгт шалгалтын зорилго нь Монгол улсын төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, өмч хөрөнгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт байгууллага бүрт ямар түвшинд байгааг шалгаж, үнэлж, дүгнэлт өгөх, байгууллагын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнуудад төрийн хяналтын үйлчилгээг өгч, ажилд нь туслах зорилгоор, 7 дугаар хэсэгт дээрх илэрсэн зөрчил дутагдлыг цаашдаа засаж залруулах талаар зөвлөгөө өгөв. Байгууллагын дарга, нягтлан бодогч нарт Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дахин судалж, санхүү төсөв, өмч хөрөнгийн талаарх эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн болно гэжээ. Үүнээс үзэхэд энэхүү санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байсан болох нь харагдаж байгаа.

Гэтэл хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд зорилгоосоо гажаад үйл ажиллагаандаа дээрх зарчмыг баримтлалгүйгээр, түүнчлэн ямар нэгэн хяналт, шалгалт явуулах тухайн удирдамжийг танилцуулалгүйгээр дээрх маргаан бүхий актыг тавьсан юм.

Өөрөөр хэлбэл, төлбөр тогтоосон акт нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн 6.2.1-т үйл ажиллагаандаа хууль тогтоомж, чанд баримтлах, 6.2.5-д аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах, 6.3.1-т санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болох баримт нотолгоонд үндэслэн гаргах гэсэн заалтуудад нийцээгүй.

Дээр дурдсанчлан хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд тус сургуулийн 2014 оны санхүүгийн баримт шалгалт хийх талаар урьдчилж хэлэлгүйгээр гэнэт шалгалт хийсэн. Ингэснээс болж 2014 оны 1-5 ангийн хүүхдүүдэд үдийн цайны хөтөлбөр-ийн дагуу олгогдсон хоолны талаарх нотлох баримтууд, тодруулбал, тухайн анги хариуцсан багш нарын гарын үсэг зурж авч байсан материал олдоогүй байсан юм.

Миний бие тухайн үед улсын байцаагчид хандаж материалууд олдох хүртэл та нар анги хариуцсан багш нараас тайлбар авч байгаарай, тэд бүгд 1998,6 мянган төгрөгийн үнэ бүхий хоолыг хэзээ, хэрхэн авсан тухайгаа тус бүр хэлж өгөх болно гэж хэлж байсан. Миний хэлсэн ёсоор улсын байцаагч багш нарын тус бүрээс тайлбар авсан ба тэд он, сар, өдрөөр нь мөн тоо ширхгээр тодорхой хэлж өгсөн байдаг.Миний бие эдгээр материалуудыг хайж байх зуур эрх бүхий улсын байцаагч үүнийг эргэлзээтэй байна гэсэн утгаар 1998,6 мянган төгрөгийн акт тогтоосон.

Дараа нь холбогдох санхүүгийн материалууд олдсон ба миний бие үүнийг Санхүү хяналт, аудитын албаны дарга Х.Хайратханд очиж үзүүлж учир байдлыг тайлбарлаж хэлтэл тухайн үед та эдгээр материалуудыг гаргаж өгч чадаагүй учраас бид яах аргагүй акт тавьсан юм. Бид өөрсдийн актыг хүчингүй болгох боломжгүй. Та дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргачих. Тэд аяндаа биднээс тайлбар болон материалуудыг татаад авчихна. Тэгэхээр нь тайлбарлаж хэл өгье гэсэн утгатай хариу хэлсэн юм. Нэгэнт холбогдох санхүүгийн материалууд олдсон тул маргаан бүхий улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 дугаар актыг хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Нөгөө талаар 1998,6 мянган төгрөгийн үнэ бүхий хоолыг нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Риза би биш харин байгууллагын үдийн цайны хөтөлбөр хариуцсан ажилтан Р.Бахытгүл тарааж өгсөн. Дээрээс нь үүнийг Р.Бахытгүл өөрөө хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа өгсөн байхад уг мөнгийг надаас гаргуулахаар акт тавьсан нь үндэслэл муутай болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар маргаан бүхий актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Сангийн сайдад хандаж гомдол гаргасан боловч энэ акттай холбоотой анхан шатны материал шалгалтын явцад байгаагүй, дараа нь нөхөн бүрдүүлэн гаргасан бол хууль, хяналтын байгууллагаар хянуулан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Захиргааны хэргийн шүүхэд хандаж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2014 оноос 2016 оны 8 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тогтоосон 66 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 онд хяналт шалгалт хийж ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй учраас зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед баримтын шалгалт хийхээр болсныг мэдэгдэж бүх санхүүгийн баримтуудыг аваад ир, ирүүлээгүй тохиолдолд чамаас арга хэмжээ авна гэсэн байгаа. Тэгээд тухайн өдөртөө багтааж бүх санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн байсан. Дээрээс нь тухайн үед манай сургуулийн захирал надад ажлаа өг гэж дарамталдаг байсан юм.

Уг хяналт шалгалтын төлөвлөгөөнд манай сургууль байхгүй байсан ба би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй учраас ажлаа өгөх боломжгүй гэж ажлаа өгөөгүй учраас захиалгаар шалгалт хийлгэж акт тогтоосон гэж үзэж байна. Аудитын газраас ирүүлсэн удирдамжид төлөвлөгөөт шалгалт гэж тусгасан мөртлөө төлөвлөгөөнд манай сургуулийн нэр байхгүй байсан, сургуулийн 3 жилийн санхүүгийн баримтад шалгалт хийж, албаар хэд хэдэн акт тавьж ажлаас чөлөөлсөн бөгөөд одоогоор ажилгүй байна.

66 дугаар актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бол тухайн актад үдийн цайны мөнгийг хэмжээнээс илүү зарцуулсан гэж дурдсан ба тийм зүйл болоогүй байгаа. Үдийн цай хариуцсан ажилтан Бахытгүлийн бүртгэсэн хүүхдүүдийн тоо, зарцуулсан мөнгө, хэрэглэсэн хоолны талон зэрэг баримтууд байсан ба тухайн үед хурдан аваад ир гэхээр нь уг баримтуудыг хаана тавьсныг олж чадаагүй учраас өгөх боломжгүй болсон юм. Харин санхүүгийн байцаагч нар акт тавьсан байсан ба дараа нь уг баримтыг олж аваад санхүүгийн хяналтын ахлах байцаагч Х.Хайратханд очиж надад ийм баримт байна гэж үзүүлэхэд энэ баримтыг дээд шатны байгууллагад явуулаарай, би нэгэнт акт тогтоосон учраас үүнийг өөрсдөө хүчингүй болгох боломжгүй гэсэн тайлбар өгч байсан юм.

Тэгээд би санхүүгийн байцаагч нарын тавьсан актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаснаар надад холбогдуулан тавьсан 2 актын нэгийг үндэслэлгүй гэж хүчингүй болгосон ба дараагийн актыг үндэслэлтэй гэж үзсэн байсан. Гэхдээ санхүүгийн байцаагч уг актын талаар маргаж байна. Хэрэв миний шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандаж болно гэж дээд шатны байгууллага албан тушаалтнаас надад тайлбарлаж байсан юм. Тийм учраас 1,998,600 төгрөг тогтоосон актыг эс зөвшөөрч холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ш.Жарденбек зохих удирдамжийн дагуу Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2014 оны санхүүгийн баримтыг шалгаж /1-5/ ангийн сурагчдад үдийн цайны олголтоос 1998.6 мянган төгрөгийг төлбөр илэрч, акт тогтоосныг хянаж гарын үсэг зурсан. Тухайн үед холбогдох материалууд алга байсан. Бүх баримтыг шалгаж, ня-бо баталгаажуулж гарын үсэг зурах ёстой. Баримтыг дараа бүрдүүлэх журам байхгүй. Акт баталгаажиж, гарын үсэг зурагдсаны 3 хоногийн дараа ня-бо М.Риза надад үдийн цайны холбогдох материал үзүүлж байсан. Би эндээс шийдвэрлэх боломжгүй, журмын дагуу улсын ерөнхий байцаагчид хандах талаар зөвлөгөө өгсөн болно гэжээ.

Хариуцагч Х.Хайратхан шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан дараах хэд хэдэн үндэслэлүүдийг хэлье. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэдгээс илүүтэйгээр манай байгууллага нь санхүүгийн хяналт, шалгалт хийх эрхтэй. Бид нар эхлээд 2015 онд тухайн сургуульд шалгалт хийхдээ санхүүгийн байцаагчийн эрхгүй байсан учраас залгуулаад 2016 онд улсын байцаагч Ш.Жарденбек нь төлөвлөгөөг батлуулж албан ёсны шалгалт явуулсан юм. Шалгалт нь хийгдэх журмаар хийгдсэн ба бид шалгалт хийх бүрэн эрхтэй учраас шууд шалгалт хийх ёстой. Актын хувьд бол байцаагч нарын тавьсан акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг би өөрөө шалгаж гарын үсэг зурж баталгаажуулах журамтай. Ш.Жаренбек нь шалгалт хийж, акт үйлдэх үед үндсэн баримт байхгүй байсан ба бүрдүүлсэн баримт нь үдийн цайны дутуу ажиллагаатай холбоотой байсан, тэгээд би гарын үсэг зурж өгсөн байгаа. Акт бичигдсэн хойно М.Риза нь ийм баримтууд үлдсэн байгаа гэж авч ирээд үзүүлсэн учраас хяналт шалгалт хийсэн хүн бол Ө.Жарденбек байгаа, тэр хүнд очиж үзүүлээд тохиролцоорой тийм боломж байхгүй бол 10 хоногийн дотор Улсын ерөнхий байцаагч буюу Сангийн сайдад гомдол гарах эрхтэй гэж хэлсэн ба тэрний дагуу хандсан байна.

Тухайн актын хувьд өгөгдсөн хүүхдүүдийн тоогоороо тооцоо хийгдсэн байсан. Хяналт шалгалтыг гардан гүйцэтгэсэн, зөрчил илрүүлсэн хүн нь улсын байцаагч Ө.Жарденбек учраас өөрөө нэмж тайлбар хэлэх байх гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ш.Жарденбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль болон холбогдох хууль тогтоомжууд, 2016 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 24-ээс тус оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2014, 2016 онуудын санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулж ажилласан. Тухайн үед шалгалтын талаар танилцуулга бичиж, илэрсэн зөрчлийн дагуу тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Ризад холбогдуулан илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай акт тогтоосон юм. Гэтэл М.Риза нь миний бичсэн актыг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие тухайн үед хууль, дүрмийн дагуу акт бичсэн учир М.Ризагийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд.

М.Риза нэхэмжлэлдээ шалгалтын удирдамжийг огт танилцуулаагүй гэж бичсэн байв. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний бие өөрийн биеэр шалгалтын удирдамжийг сургуулийн захирал болон нягтлан бодогч нарт танилцуулсан ба тухайн үед шалгалтын удирдамжтай танилцсан тухай сургуулийн захирал албан бичиг өгсөн.

Шалгалт хийх талаар урьдчилж хэлэлгүйгээр шалгалт хийсний улмаас тухайн үед 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд Үдийн цайны хөтөлбөрийн дагуу олгогдсон хоолны талаарх баримтууд олдоогүй ба шалгалтын дараа олж авсан гэж бичсэн байв. Гэтэл шалгалтын явцад нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Риза нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 10 дугаар заалтын 10.1-д Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг явуулах үед дотоод аудиторын шаардсан мэдээ, материал, лавлагаа, тайлбарыг хяналт шалгалт, аудит хийлгэж байгаа байгууллага, хуулийн этгээдийн удирдлага, албан хаагчид холбогдох дүрэм, зааврын дагуу хугацаанд нь гаргаж өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд ярилцлага, санал асуулга явуулахад оролцоно гэснийг зөрчиж үдийн цайны баримт болох ангиудын ирцийг бүртгэлээс өөр үдийн цайтай холбоотой ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй болно. Хүн болгоноос байцаалт авах эрх бидэнд байхгүй ба бид зөвхөн санхүүгийн баримтыг үндэслэн дүгнэлт гаргах ёстой юм. Тухайн үед М.Риза нь ирцийн бүртгэлээс өөр ямар ч баримт бичиг байхгүй гэж хэлж байсан ба шүүхэд гаргаж өгсөн материал нь дараа нь хуурамчаар үйлдсэн материал байх болзошгүй юм.

Шалгалтын явцад 2014 оны жилийн турш үдийн цайнд тус сургуулийн 1-5 дугаар ангиудын ирцийн бүртгэлээр давхардсан тоогоор 63416 хүүхэд хамаарагдаж, үдийн цайны зардалд 3804950 төгрөг зарцуулах ёстой байтал төсвөөс 40048,2 мянган төгрөгийн зарцуулалт хийж, 1998,6 мянган төгрөгийг үдийн цай бэлтгэн нийлүүлдэг компаниудад илүү шилжүүлсэн байх тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 7 дугаар заалтын 7.5-д ...Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ... гэх заалтуудыг тус тус үндэслэн Улсын байцаагчийн эрх хэмжээний дагуу акт бичиж тухайн үед М.Ризад танилцуулахад актыг хүлээн зөвшөөрч М.Риза өөрөө гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.

Тухайн үед М.Риза гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурсан төлөө 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний бие ямар нэгэн байдлаар хууль зөрчиж акт гаргаагүй, хуулийн дагуу М.Ризагийн гаргасан зөрчилд нь акт бичсэн болно гэжээ.

Хариуцагч Ш.Жарденбек шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэмж тайлбар хэлэхэд нэхэмжлэгч М.Риза нь хавтаст хэрэгт багш нар үдийн цайнд хамрагдсан гэж багш нарын гарын үсэгтэй баримтыг нэмэлт баримт болгож өгсөн байна. Үүнийг шалгахад 2017 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад 1-5 дугаар ангийн нэрсийн жагсаалтад нэрс нь байхгүй мөртлөө Т.Март гэдэг багш нь анги удирдаж 71 хоног үдийн цайнд хамрагдаж, үдийн цай уусан гэж баримтад гарын үсэг зурсан байна. 2014 оны 1, 2 дугаар саруудад ирсэн бүртгэлийн багш нарын нэрсийн жагсаалтад К.Бахытгүл багшийн нэр бичигдсэн ба гарын үсэг зурах хэсэгт С.Лира багш гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч М.Ризагийн гаргаж өгсөн баримтад хоёулаа 22 хоног үдийн цай уусан гэж гарын үсэг зурсан байна. 2014 оны 3, 4, 5, 6 дугаар саруудын багш нарын нэрсийн бүртгэлийн гарын үсэг зурсан хэсэгт С.Лира багшийн нэр, гарын үсэг байхгүй мөртлөө нэхэмжлэгч М.Ризагийн өгсөн баримтад 56 хоног анги удирдаж үдийн цай уусан гэсэн баримт бүрдүүлж өгсөн байна. 2014 оны 9 дүгээр сарын багш нарын ирцийн бүртгэлийн нэрсийн жагсаалтад А.Гаукар багшийн нэр бичигдсэн ба гарын үсэг зурсан хэсэгт С.Лира багш гарын үсэг зурсан байна. Харин нэхэмжлэгч М.Ризагийн гаргаж өгсөн баримтад хоёулаа 22 хоног үдийн цай уусан гэж гарын үсэг зурсан байгаа.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч М.Ризагийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь дараа нь хуурамчаар бүрдүүлж өгсөн баримт байж болзошгүй юм. Хяналт шалгалт хийх явцад ийм баримт байхгүй байсан ба үдийн цайны хөтөлбөр нь зөвхөн сургуулийн сурагч нарт хамрагдах ёстой. Багш нар үдийн цайнд хамрагдах ёстой гэсэн ямар ч хууль, журам байхгүй байна. Мөн 495000 төгрөгийн чацарганыг үнэ гэж Цамбагарав ХХК-ийн зарлагын баримт хавсаргасан ба энэ нь үндэслэлтэй байсан бол санхүүгийн тайланд харуулах ёстой. Нэхэмжлэгчээс ийм баримтуудыг гаргаж өгсөн нь хуурамч байж болзошгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байгаа. Хэргийн материалтай бүрэн танилцсан, ер нь төрийн хяналт шалгалт зүй ёсоор явагдсан уу гэдэгт бид нар маргаж байгаа юм. Тодруулж хэлэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 тоот акт байгаа. Энэ нь үдийн цай хөтөлбөрийн 1,998,600 төгрөгийн зөрүү гарсан гэсэн агуулгатай. Гэхдээ уг актыг бид нар эс зөвшөөрч хууль бус гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл аливаа хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс хяналт шалгалт явуулахдаа Төрийн хяналт, шалгалт явуулах тухай хуулийн хүрээнд явуулах ёстой. Эдгээр байцаагч нар хяналт, шалгалт явуулахдаа уг хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байгаа.

Тодруулбал, хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн гурван төрлөөр явуулдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухай сургуульд 2015 онд хяналт, шалгалт явагдсан байгаа мэт харагддаг. Үүнийг нэг талаар гүйцэтгэлийн шалгалт явуулсан гэж үзэх боловч талуудын тайлбараас үзэхэд уг шалгалт нь төлөвлөгөөт бус шалгалт байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Хариуцагч талаас төлөвлөгөөт шалгалт байсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болох аймгийн Засаг даргын баталж өгсөн төлөвлөгөөнд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт явуулах талаар тусгагдаагүй байжээ. Хариуцагч талын тайлбараас үзэхэд аймгийн Засаг даргын шилжүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн гэдгээс тухайн үед төлөвлөгөөт бус хяналт шалгалт явагдсан гэж ойлгож байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах журмыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд эхлээд шалгалт хийх зорилго, үндэслэлийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэнд хохирох болзошгүй тохиолдолд явуулах хуулийн зохицуулалттай ба миний судлуулсан хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдийн удирдамж, төлөвлөгөө, танилцуулга зэргээс үзэхэд энэ нь өөрөө төлөвлөгөөт шалгалттай холбоотой бичигдсэн байдаг. Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас төлөвлөгөөт бус шалгалт явагдсан нь төлөвлөгөөнд байхгүй, дээрээс нь иргэдийн өргөдөл зэргээр тогтоогдож байгаа. Иргэдээс ирүүлсэн өргөдлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д ... Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно... гэж заасан ба энэхүү хуулийн хориглолтод орохгүй байх үүднээс хамгаалалт хийгдсэн нь харагддаг. Гэтэл хоёр иргэний өргөдлөөс харахад хөдөлмөрийн маргаантай шууд холбоотой байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цалин хөлс нь илүү олгогдсон эсхүл төрийн хөрөнгийг завшсан гэх асуудал яригдсан байгаа. Гэвч энэ асуудлаар шалгалт хийгдэх ёстой байтал төлөвлөгөөнд тусгагдаагүй, өөр асуудлаар сургуулийн санхүүгийн баримтуудыг бүхэлд нь хянасан байдаг. Энэ нь хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шалгалт явуулсан гэсэн тайлбараар давхар нотлогдож байгаа юм. Үүнээс төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах журам зөрчсөн болох нь харагдаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт ... Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй... гэж заасан ба санхүүгийн улсын байцаагч нар үүнийг ноцтой зөрчиж 2 гаруй сар шалгасан асуудал байгаа. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д ... Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ... гэсэн нарийвчилсан зохицуулалт байгаа.

Мөн хуулийн 52.2-д ...Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ... гэж зааснаар хяналт шалгалтын талаар танилцуулсан бол миний үйлчлүүлэгч шалгуулах баримтуудыг 5 хоногийн өмнө бэлтгэж шалгуулах бүрэн боломжтой байсан юм. Гэтэл хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр очиж удирдамжид танилцуулаад шалгалт явуулсан гэж тайлбарлаж байгаа ба үүнээс хууль зөрчигдсөн нь тодорхой харагдаж байгаа юм.

Миний үйлчлүүлэгч тухайн үед байсан баримтыг гэнэтийн шалгалт ирэхээр олж чадахгүй байсан асуудал байгаа. Улсын байцаагч нар энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д хяналт шалгалт явуулж болно. Хяналт шалгалт явуулахдаа тэмдэглэл үйлдэгдэх ёстой, тэмдэглэл үйлдэгдээгүйгээс гарсан гэх зөрчлийн тухай тухайн үед тэмдэглэлд тусгаагүйгээс маргаан гарч байна. Тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж нэг хувийг шалгуулагчид өгөх ёстой байтал өгөөгүй, тэмдэглэл огт үйлдээгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хариуцагч нар хуулийн зохицуулалтыг зөрчиж байгаа юм. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа гэж бид үзэж байна.

Яагаад гэвэл шалгагч нь шалгуулагч этгээдийн эрх, үүргийг тайлбарлаж өгөх, шалгуулагчийн тайлбарыг авах ёстой ба авахгүйгээр акт тогтоож гарын үсэг зуруулаад 10 хоногийн дараа энэ хүн өөрөө тайлбар ирүүлсэн гэж хариуцагч нар маргаж байгаа юм. Эдгээр процессын шинжтэй асуудлуудаас Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд 4 императив шинжтэй заалтын 1 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг заавал дагаж мөрдөх ёстой ба улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчсөн байсан юм.

Гол асуудалд орж ирэх юм бол үдийн цайны зөрүү гарсан гэж маргаж байгаа мөнгө нь тухайн сургуулийн 2544 хүүхдэд үдийн цайны зориулалтаар олгогдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Улсын байцаагч нарын актыг хүчингүй болгуулахаар Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахад маргаантай асуудал байна, шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн байна. Баян-Өлгий аймгийн хэмжээнд миний үйлчлүүлэгчээс гадна олон нягтлан бодогч нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл, албаар төлөвлөгөөт бус шалгалт явуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлөх зорилгоор анхнаасаа шалгалт хийж ажлаас чөлөөлсөн нь хэргийн үйл баримтуудаас харагдаж байгаа.

Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийг иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон гэдгийг цохон тэмдэглэж байна. Эрх бүхий этгээдээс 2015 онд шалгалт явуулсан бол улсын байцаагчийн эрхгүй ч гэсэн зөрчил арилгах, цаашид гаргахгүй байх талаар зөвлөмж хүргүүлэх боломжтой байсан юм. Заавал зөрчил илрүүлэх гэж хяналт шалгалт хийсэн асуудал нь зүй ёсоор хөндөгдөж байгаа шүү дээ. Нэгэнт хууль зөрчиж шалгасан учраас маргаан бүхий акт хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Хамгийн сүүлд би ноцтой гэж үзэж болохоор нэгэн зүйлийг тэмдэглэж хэлье. Маргаан бүхий акттай бүгд танилцсан ба түрүүн би хариуцагчаас хэрэв та удирдамжийн дагуу шалгалт явуулсан бол хэдэн сарын хэдний өдрийн удирдамж вэ гэж асуусан.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот удирдамжийн дагуу шалгалт явуулсан гэсэн хариулт өгсөн байгаа. Гэтэл Санхүүгийн хяналт, аудитын албанаас баталсан 11-06/13 тоот удирдамжийн дагуу явуулсан гэх боловч энэ нь хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул холбогдох хууль журмын дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ризагаас аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын байцаагч нарт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт, шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна гэж , 51.1 дэх хэсэгт ...орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ гэж , 52.1 дэх хэсэгт ...Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж тус тус заажээ.

Маргаан бүхий захиргааны актын тодорхойлох хэсэгт[1] Санхүүгийн хяналт, аудитын даргын баталсан 18-06/13 удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулав, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр удирдамжид[2]... 2014 оны нэгдсэн төлөвлөгөө, улсын байцаагчийн эрх үүргийн хүрээнд Өлгий сумын 1 дүгээр бүрэн дургуулийн 2014, 2015, 2016 оны эхний 8 сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх ... гэж тус тус тусгасан байна.

Дээрх байдлаас Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн гэж үзэх ба маргаан бүхий захиргааны актад тусгасан удирдамжийн дугаар болон санхүүгийн хяналт, шалгалт явуулах удирдамжийн дугаар нь өөр хоорондоо зөрүүтэй, мөн 2014 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2014, 2015, 2016 оны эхний 8 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн гэж тусгасан нь ойлгомжгүй, эрх бүхий албан тушаалтны баталсан 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 04-08-04/204 дугаартай удирдамжаар[3] 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх талаар тусгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагчид санхүүгийн хяналт, шалгалтыг анхнаасаа хууль зөрчиж хийсэн гэж үзэхээр байна.

Аймгийн Засаг даргаас баталсан 2016 оны аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллаааны төлөвлөгөөнд[4]Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд санхүүгийн хяналт, шалгалт хийх талаар тусгагдаагүй байна.

Хэрэв төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр бол хуулийн 51.1-д зааснаар ...олон нийтэд мэдээлэх..., 51.2-т зааснаар ... шалгалт хийх тухайгаа 5-аас доошгүй хоногийн өмнө шалгуулагч этгээдэд мэдэгдэх... үүрэгтэй бөгөөд хариуцагч шалгалт хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сургуулийн захиралд болон нэхэмжлэгч М.Ризад мэдэгдэж, удирдамжаа танилцуулсангэж тайлбарласан тул хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Хариуцагч тал уг хяналт шалгалтыг хийх талаар 2016 оны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүйг үгүйсгээгүй бөгөөд харин хариуцагч Х.Хайратхан нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тайлбартаа[5] ... иргэдээс аймгийн Засаг даргад өргөдөл, гомдол ирсний дагуу дараа нь нэмж тусгасан... гэсэн бол шүүх хуралдаанд ... иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгуулахаар аймгийн Засаг даргаас даалгасны дагуу уг иргэдийн гомдлыг давхар шалгасан байгаа. Энэ хэсэг нь төлөвлөгөөт бус шалгалтад хамрагдана. Тийм учраас шалгалтын хэлбэрийг нотлохоор иргэдийн өргөдлийг гаргаж өгсөн... гэж тайлбарлажээ.

Батлагдсан төлөвлөгөөнд иргэдээс өргөдөл, гомдол ирсэн үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэмж тусгаснаар төлөвлөгөөт гэж үзэн хяналт шалгалт хийх үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, харин иргэдийн өргөдөл, гомдлыг үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах журмыг хуулийн 52 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.

Хуулийн 52.2-т заасан ...Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт, шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор эхлүүлнэ..., 52.3-т ...Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ... гэж тус тус заасан.

Гэтэл аймгийн Засаг даргад Б.Марат нарын 4 иргэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ...илүү цагийн хөлс олгохгүй байна... гэсэн агуулгатай, иргэн А.Хауметбек нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...ня-бо М.Риза нь мөнгө идсэн, ажилгүй намайг ажилтай болгож өгнө үү... гэсэн агуулгатай өргөдлийг тус тус гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар[6] тогтоогдож байгаа ба өргөдөлд нотлох баримт хавсаргаагүй байхад өргөдлийг хүлээн авч, хуульд заасан хугацааг буюу ажлын 5 хоног дотор хяналт шалгалтыг эхлэх хугацааг зөрчиж, өргөдөл гаргасан үндэслэлийн хүрээнээс хэтрүүлэн хяналт шалгалт хийж акт тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж, нэг хувийг шалгаалагч этгээдэд өгөх ба хариуцагч санхүүгийн хяналт, шалгалт хийх явцад тэмдэглэл үйлдээгүйгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх заалт мөн зөрчигдсөн байна.

Иймээс хариуцагч улсын байцаагч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд санхүүгийн хяналт шалгалтыг хийхдээ дээрх байдлаар хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй тул уг хяналт шалгалтын үр дүнгээр гаргасан маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн илүү олгосон мөнгийг нөхөн төлүүлэх тухай 66 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,5.2,5.9, 51 дугаар зүйлийн 51.1, 51.2, 52 дугаар зүйлийн 52.1,52.2, 52.3,52.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар актыг хүчингүйболгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 27 дугаар хуудас

[2] Хэргийн 18 дугаар хуудас

[3] Хэргийн 112 дугаар хуудас

[4] Хэргийн 67-78 дугаар хуудас

[5] Эхргийн 63 дугаар хуудас

[6] Хэргийн 64-65 дугаар хуудас