| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01757/и |
| Дугаар | 209/МА2025/00069 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 209/МА2025/00069
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/01401 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 27,876,823.04 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Хариуцагч нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******тай ЗГ/1705144253 дугаарт зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.
Хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн өр 12,909,080.26 төгрөг, үндсэн хүү 13,216,207.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,751,535.03 төгрөг, нийт 27,876,823.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1 /
2. Хариуцагч *******гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
*******наас 16,000,000 төгрөг авсан нь үнэн. Одоогоор 2024 оны 11 сарын байдлаар зээл төлөлт бага хийгдсэн удааширсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг зээл төлөхөд ******* хамааралгүй гэжээ. / х.х 31 /
3. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие Улаанбаатар хотод ам бүл тавуулаа амьдардаг, өрх толгойлсон ээж юм. Би ******* гэж хүнийг огт танихгүй, тухайн үед миний нийлдэг байсан найз надаас гуйж ямар ч асуудал байхгүй чи ******* гэдэг хүнтэй хамтран ороод өг гэж гуйгаад байсан. Тухайн үед би залуу, юм мэдэхгүй байсан учир найзынхаа хүсэлтийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Хүсэлтүүдийг минь хангаж өгнө үү гэжээ. / х.х 59 /
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 27,876,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,334 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 297,334 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгт *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн нь гэрээний эрх зүй үүсээгүй гэж үзсэн байна.
Гэтэл ******* нь уг зээлийн гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, ийм гэрээг мэдэхгүй гэж маргаагүй байтал харин зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ өөрийн тайлбар, мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйл тус тус зөрчигдсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-4 дүгээр хуудас “ .... /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгч...” үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “..Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...”, 5.2 “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...”, 5.3 “...Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.” гэж тодорхой заасан байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлд хууль буцаан хэрэглэхийг хориглосон зохицуулалт байдаг бөгөөд энэ нь хууль тогтоомжийг батлагдсан өдрөөс өмнөх харилцаанд хэрэглэж болохгүй гэсэн утгатай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсгэхгүй болгож буцаан шилжүүлж өгнө үү гэжээ. / х.х 116 /
6. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
9. ******* ХК нь *******, Г.******* нарт холбогдуулан гэрээний үүрэг болох 27,876,823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, “хариуцагч нар нь *******наас 2018 онд зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлбөрөө одоог хүртэл төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
10. ******* ХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчийг *******ын ******* гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч *******ын ******* нь өөрийн нэрээ *******ын ******* гэж өөрчилж, иргэний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Г.*******ийг жинхэнэ хариуцагч *******аар сольсон байна. /х.х 51-53/
11. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Хамтран хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, ...*******г сайн танихгүй, тухайн үед манай найзыг таньдаг байсан бөгөөд олуулаа явж байгаад иргэний үнэмлэхтэй хүн байвал банканд очоод гарын үсэг зураад өг гэсний дагуу надад иргэний үнэмлэх байж таараад гэрээнд гарын үсэг зурсан. Хэдэн төгрөгийн зээл, хэзээ төлөхөөр авсныг мэдээгүй, түүнээс хойш банкнаас надтай огт холбогдоогүй. Би зээл аваагүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлжээ.
12. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөөгүй гэж үзэж хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэг 27,876,823 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, харин хариуцагч ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар тусгаагүй, зээл олгохдоо хамтран зээлдэгчийн талаарх мэдээ, мэдээллийг аваагүй, хувийн хэрэг хөтлөөгүй, банк хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэн хамтран хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
13. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “******* нь ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ өөрийн тайлбар, мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйл тус тус зөрчигдсөн гэж үзэж байна.
...Иргэний хуулийн 5 дугаар зүйл нь хууль тогтоомжийг батлагдсан өдрөөс өмнөх харилцаанд хэрэглэж болохгүй гэсэн утгатай бөгөөд шүүх хуулийг буцаан хэрэглэсэн хууль зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэж тайлбарлажээ.
Хэргээс судлан үзвэл:
14. ******* ХК нь зээлдэгч *******, Г.******* /*******/ нартай 2018 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, гэрээнд 16,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй олгохоор зааж, гэрээнд зээлдэгчээр *******, Г.******* /*******/ нар гарын үсэг зурсан, тухайн зээлийн дүн болох 16,000,000 төгрөгийг *******гийн цалинг барьцаалан, түүний дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдожээ. /х.х 8-11/
15. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
16. Талууд гэрээнд гарын үсэг зурсан байдал, үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцооллын талаар маргаж тайлбар гаргаагүй, хариуцагч ******* нь зээлийн нийт дүнг хүлээн зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* гэрээний үүргийг хамтран хүлээсэн, гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тайлбарласан байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл зэргийг банк бүрдүүлэх үүрэгтэй байна.
******* ХК нь зээлийн гэрээ байгуулах үндэслэл болсон зээл авах хүсэлт, зээлийн хувийн хэрэг зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй, *******аас гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэх шаардлагаа нотлоогүй байгаа нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байна.
Өөрөөр хэлбэл банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан шаардлагын дагуу зээл олгоогүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна.
17. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзвэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч *******гийн цалин, дансны орлогыг барьцаалсан байх бөгөөд хариуцагч ******* энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээнд тусгаагүй байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
18. ******* нь хамтран зээлдэгч *******тай зээлийн гэрээ байгуулахдаа дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул түүнээс гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуулийг буцаан хэрэглэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.
Хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь энэ хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн ойлголт бөгөөд хууль тогтоомж хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ гэж ойлгогдохоор байна.
Маргаж байгаа үйл баримтын хувьд авч үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн, уг хугацаанд 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас уг хуулиар тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцаа зохицуулагдах тул анхан шатны шүүхийг хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
20. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/01401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 297,334 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН