Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

                                   

    

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Т-т холбогдох 1922001750085 тоот хэргийг 2019 оны 8 сарын 23-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын  5-р баг, Зоогийн 10-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овгийн Б.Т

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5-р багийн нутагт дэвсгэрт иргэн М.Ч-ыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 сарын 27-ны өдөр Бат-Очир залгаад уулзъя гэхээр нь очоод уулзтал Чойгийнд очъё, тэнд миний архи, пиво хоёр байгаа, тэрийг авъя гэсэн.  Гэрэл ах бид 3 очоод архи, пивоо авах гэтэл Чой хамт явъя гээд замаараа дэлгүүр орж хоёр том пиво аваад манайд очиж ууж байгаад Бат-Очир, Чойвсүрэнжав хоёр эмээлээс болж маргаад, хэрэлдээд эхлэхээр нь би боль, яв гээд 2 ч удаа хашаанаас гаргаж өгсөн. Тэгтэл Чойвсүрэнжав эргэж орж ирээд агсраад манай 2 ойтой охин уйлаад байсан. Хөөгөөд гаргах гэтэл чи муу яах гээд байгаа юм гээд хэрэлдэж байгаад зүүн талын сандал дээр сууж байтал хажууд ирж хашхичаад байхаар нь цай ууж байсан стаканаараа толгой руу нь цохиод Бат-Очир салгаад гаргасан гэв.

2.Хохирогч М.Ч-ын: “...Би 2019.06.27-ны өдөр өөрийнхөө Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 8-р гудманд байдаг дугуй засварын газарт Б.Т Ё.Бат-Очир М.Алтангэрэл нартай 12:00 цагийн үед тааралдсан юм. Тэгээд Ё.Бат-Очир ах Б.Т нар урд өдөр нь уух гэж байгаад миний машинд үлдээсэн байсан  0.75

 

литрийн 1 шил архи, мөн том савтай 1 ширхэг пиво аваад архи уух гэж байгаа бололтой миний машинаас аваад гарсан.  Тэгээд Ё.Бат-Очир ах надад хандаж намайг  явах  уу гэхээр нь би машинд нь суугаад хамт явцгаасан.  Бид нар замаасаа хүнсний дэлгүүрээс том савтай 2 ширхэг пиво авч Зоог гэр хороололд байх Б.Тын гэрт нь очиж хувааж ууцгаасан.  М.Алтангэрэл нь архи уугаагүй дангаараа пиво ууж байгаад түрүүлээд ганцаараа явсан.  Дараа нь архи, пиво дуусахад хэн хэн  нь нилээн  халамцсан байсан. Тэгээд бид халамцсан хүмүүс чанга дуугаар хоорондоо юм ярьж байхад Түвшинбаатарын унтаж байсан хүүхэд нь сэрчихсэн юм. Тэгэхэд Б.Т надад уурлаад чи агсам тавилаа гээд намайг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд гэрээс нь хөөгдөөд гарах гэтэл миний толгойн орой хэсэгт юмаар цохих шиг болсон, яг юугаар цохисоныг мэдэхгүй байна. Дараа нь намайг тонгойгоод өндийх гэтэл толгойд ахин нэг удаа цохиход нь Ё.Бат-очир Б.Т-ыг арагш нь татаад авсан. Тэгээд би гэрээс нь ганцаараа гарсан. Тэгэхэд Б.Т миний араас гэрээсээ гарч ирээд миний өмсөж байсан цамцны мөрөн дээрээс дарж намайг тонгойлгож байгаад миний нүүрэнд нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгэхэд Ё.Бат-Очир мөн гэрээс гарч ирээд Б.Тыг надаас салгаад авсан. Тэгээд надаас салах гэж байхдаа миний зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний толгой манараад бие эвгүй болсон. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Б.Т гэх хүн намайг зодох үед миний хажууд Ё.Бат-Очир хамт байсан. Би Б.Т гэх хүний биед халдаагүй, миний биед ч өөр хэн нэгэн хүн халдаагүй. Тэгээд би маргааш нь энэ талаараа цагдаагийн газарт гомдол гаргасан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

3. Гэрч Ё.Бат-Очирын: “...Би 2019.06.27-ны өдөр Аривжих гэр хороололд байх айлд машинаа янзалж байгаад 10:00 цагийн үед өөрийн  найз Түвшинбаатарын утасруу нь залгаад чи хүрээд ирэхүү гэж хэлээд Б.Т, М.Алтангэрэл бид 3 зүүн хойд гэр хороололд байх М.Чын гэрийн хажуу талын  засварын гадна Б.Тын машинтай очиж зогсоод М.Чын машин  дотроос урд өдөр нь уух гэж байгаад үлдээсэн байсан нь 0,75 литрийн нэг шил архи, мөн том савтай 1 ширхэг пиво авах гэхэд машин нь цоожтой байсан. Тэгээд М.Чаар машиныг  нь онгойлгуулаад архи, пивыг аваад Б.Т, М.Алтангэрэл бид нар хамтдаа Б.Тын гэррүү явцгаасан. Бид нар замаасаа хүнсний дэлгүүрээс мөн том савтай 2 ширхэг  пиво аваад Зоог гэр хороололд Б.Тын гэрт очиж авсан байсан архи, пивыг хувааж ууцгаасан. М.Алтангэрэл архи уугаагүй, пиво ууж дуусгаад гэрлүүгээ явлаа гээд гараад явсан, эргэж ирээгүй. Тэгээд Б.Т, М.Ч бид нар архи пиво хольж уусан байсан болохоор хэн хэн нь нилээд халамцсан байсан. Тэгээд Чойвсүрэнжав бид хоёр урьд өмнийн эмээлийн наймаа хийсэн талаараа ярилцаж хоорондоо маргалдсан. Тэгээд М.Ч согтсон  байсан болохоор Б.Т бид хоёрт агсам тавих шинжтэй болоод чанга чанга хашхираад агсраад байсан. Тэгэхэд Б.Т М.Чт хандаж, чи согтсон байна харьж амар гэж хэлэхэд гэрээс нь гарч яваад удалгүй эргэж орж ирээд болж бүтэхгүй юм яриад чанга чанга дуугарахаар нь унтаж байсан хүүхэд нь цочиж сэрээд уйлсан. Тэгэхэд нь Б.Т мөн л М.Чт хандаж, чамайг зөндөө л аргадлаа ш дээ чи хаашаа юм бэ гээд уурлаад ширээн дээр байсан сэнжтэй хоосон шилэн стаканыг аваад сэнжнээс нь барьж байгаад ёроол хэсгээр нь М.Чын толгойн оройн  хэсэгт нь нэг  удаа цохисон. Тэгэхэд сэнж нь салаад гарт нь үлдээд стакан нь хагарсан, тэгээд би Түвшинбаатар М.Ч нарыг  хооронд нь холдуулахад М.Ч гэрээс нь гараад мөн  хашгирч байгаад ганцаараа явсан. Б.Т,  С.Чойвсүрэнжав нар гэрт өөрөөр зодолдож, цохилцсон,  өшиглөсөн  асуудал байхгүй. Тухайн үед бид нар архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэж нилээд халамцсан байсан нь үнэн. Тухайн зодоон болох үед Б.Түвшинбатар,  М.Ч бид нараас өөр хүн  байгаагүй. М.Чын биед өөр хэн нэгэн  халдаагүй ба Б.Т л толгойд нь стаканаар нэг удаа цохисон. М.Ч миний болон Б.Тын  биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/ 

 

4.Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: “...М.Чын биед тархи доргилт, толгойд шарх, баруун дээд зовхи, хамарт зулгаралт, баруун дээд зовхи, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлтүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэлтүүд нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М.Чын гэмтсэн эрхтнүүдэд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Чын тархи доргилт, толгойд шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун дээд зовхи, хамарт зулгаралт, баруун дээд зовхи, доод уруулд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”  гэх дүгнэлт /хх-ийн 16-17/

5. Шинжээчийг асууж авсан тэмдэглэлд: “...Би 2019.06.30-ны өдөр “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн бичгийг үзлээ. Хамрын таславч муруйлт нь хуучин муруйлт байсан. Архаг ринит гэдэг нь хамрын архаг үрэвсэл ба уг гэмтэлтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй. М.Чын өөрийнх нь суурь өвчин юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5-р багийн нутагт дэвсгэрт иргэн М.Чыг зодож  эрүүл мэндэд нь халдсан үйл явдал болсон бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Тын хохирогч М.Чыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  Иймд прокурорын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тт торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ .

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан 281200 төгрөгийн зардлыг шүүгдэгч нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж  үзлээ.

Хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан 701450 төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс шүүгдэгч нь 281200 төгрөгийг Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлэгт төлсөн,  420250 төгрөгийг шүүгдэгчид төлөөгүй  байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар баримтлан шүүгдэгчээс 420250 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ч-т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Баяжих овгийн Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 500 нэгж буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан 281200 төгрөгийн зардлыг шүүгдэгч нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас 420250 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ч-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ