Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02061

 

 *******, *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07589 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

25,706,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******ийн зүүн хойд уулзвар замд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 31 минутын орчим ******* нь T-Camry маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ... жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1 хавсралт 2.1 хориглох тэмдэг нь замын хөдөлгөөний тодорхой хязгаарлалт тогтоох буюу 2.18Б зүүн гар тийш эргэх хориотой гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******, *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд материалын хохирол, гэм хор учруулсан.

1.2. Дээрх ослын улмаас *******ад зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох эмчилгээний зардал 71,500 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 15,950,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 960,000 төгрөг, нийт 16,981,500 төгрөг, *******д зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн төлбөрт 4,918,000 төгрөг, *******д зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн төлбөрт 3,807,200 төгрөгийн төлбөр гарсан болно. Иймд хариуцагчаас нийт 25,706,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Шүүх хуралдаанд зам тээврийн ослын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Гэм буруутай байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 11,021,500 төгрөг гаруулан нэхэмжлэгч *******ад, 4,918,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 3,807,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 90,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 75,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 191,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч нь бие осол болсон үйл баримттай маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүн, эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр дээр маргадаг.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгч *******ад даатгалын компаниас 5,000,000 төгрөг гаргуулан олгохоос гадна RХ450 маркийн автомашины их гэрлийг 2,500,000 төгрөгөөр тооцон биет байдлаар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын өмгөөлөгч энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан.

5.3. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн ******* ХК-аас 5,000,000 төгрөг гаргуулан *******ад олгосныг дурдаад биет хөрөнгөөр 2,500,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгсэл өгснийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй байна. Иймд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргаж, нэхэмжлэлийн үнийг буруу тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч ******* өөрийн даатгуулсан компаниас *******ын данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч даатгалаараа төлүүлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасаж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдааны үед тайлбарласан.

6.2. Хариуцагч нь автомашины гэрлийн үнэ гэх 2,500,000 төгрөгийн талаар ярьж байна. Бодит байдал дээр хохирол учруулсан автомашины гэрэл 1,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч ******* болон ******* нар 1,700,000 төгрөгөөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн автомашины гэрэл авахаар тохиролцож, 2 гэрэл авсан байдаг.

6.3. Гэвч хохирол учруулсан автомашины гэрэл оригинал гэрэл байсан боловч хариуцагчийн өгсөн гэрлийн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэх талаар мөн нэхэмжлэгч тал тайлбарласан. Гэтэл одоо хариуцагч ямар 2,500,000 төгрөгийн талаар ярьж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 25,706,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Toyota Camry маркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч *******ын жолоодож явсан Лексус RX450 маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, уг зөрчилдөө 2023 оны 12 сарын 27-ны өдрийн №0028832 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 434 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******ын гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нар нь зам тээврийн ослын улмаар нэхэмжлэгч *******ад эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 16,981,500 төгрөг, *******д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,918,000 төгрөг, *******д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,807,200 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,209,500 төгрөг болгон багасгаснаар нийт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 19,006,200 төгрөг болж багассан.

 

Анхан шатны шүүх бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хариуцагч *******аас 71,500 төгрөг гаруулан нэхэмжлэгч *******ад, 4,918,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 3,807,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй.

 

5. Хариуцагч нь ... даатгалын компаниас 5,000,000 төгрөг, болон RХ 450 маркийн автомашины их гэрлийг 2,500,000 төгрөгөөр тооцон биет байдлаар өгснийг хасаж тооцоогүй талаар гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

 

5.1. ******* ХХК-ийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангаар ******* улсын дугаартай Лексус RX450 /Lexus RX450/ маркийн тээврийн хэрэгсэлд 15,950,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон, мөн ******* ХК-аас хариуцагч *******ын жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжлэгч *******ад олгосон байна.

 

5.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ******* ХК-аас хариуцагч *******ын жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжлэгч *******ад олгосон тул эд хөрөнгөд учирсан хохирлоос 5,000,000 төгрөг болон RХ450 маркийн автомашины их гэрлийг 1,700,000 төгрөгт тооцож биет байдлаар өгснийг тус тус хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эд хөрөнгөд учирсан хохиролд 9,250,000 төгрөг, үнэлгээний зардалд 960,000 төгрөг тус тус гаргуулна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага нь ... эрүүл мэндэд учирсан хохиролд 71,500 төгрөг, Лексус RX450 /Lexus RX450/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9,250,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 960,000 төгрөг, нийт 10,209,500 төгрөг гаргуулна. гэж шаарджээ.

 

5.3. Анхан шатны шүүх хариуцагч *******аас нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлсэн RХ450 маркийн автомашины их гэрлийн үнийг хасаж тооцоогүй, мөн үнэлгээний хөлс 960,000 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасныг залруулна.

 

Талууд RХ450 маркийн автомашины их гэрлийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй боловч гэрлийн үнийг нэхэмжлэгч ... 1,700,000 төгрөг ... гэж, хариуцагч ... 2,500,000 төгрөг ... гэж тус тус зөрүүтэй байдлаар тайлбарласан.

 

Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь RХ450 маркийн автомашины  их гэрлийг 2,500,000 төгрөгөөр шилжүүлсэн үйл баримтыг нотолно.

 

Хариуцагчаас RХ450 маркийн автомашины их гэрлийг 2,500,000 төгрөгт тооцож шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талын зөвшөөрсөн дүн буюу 1,700,000 төгрөгөөр тооцож хасах үндэслэлтэй байна.

 

5.4. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн үнэлгээний хөлс 960,000 төгрөг нь баримтаар нотлогдож байхад шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

******* ХХК-ийн үнэлгээний тайланг гаргуулахад гарсан зардал 960,000 төгрөг нь гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарах тул хариуцагчаас 960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.5. Хариуцагч *******аас учирсан гэм хорын хохиролд 10,281,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгохоор байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр буюу 10,209,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосон өөрчлөлт оруулна.

 

6. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын шаардах эрхэд хамааралтай Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдааг залруулж, дээрх зохицуулалтыг нэмж баримтална.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07589 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 10,281,000 төгрөг гаруулан нэхэмжлэгч *******ад, 4,918,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 3,807,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 191,294 ... гэснийг ... 178,302 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД  О.ОДГЭРЭЛ

 

 

С.ЭНХБАЯР