| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00078/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч И.О нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн И.О-т холбогдох 1922001790092 тоот хэргийг 2019 оны 9 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р баг, “Цагаан агуйт” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хайрхан овгийн И.О
Шүүгдэгч И.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт З.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч И.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр суман дээрх гэр рүүгээ явж байсан. Манай хүүхэд Хүрэлчулуун гэдэг айлд морь уяж байсан. Би хүүхдийнхээ морийг нь тэжээж өгдөг байсан. Мал услаад, орой буцахдаа морины тэжээл өгөх гээд Хүрэлчулууны гэрт нь очиход Хатанбор онги архи тавьчихсан согтуу сууж байсан. “Сайн уу” гээд мэндлэхэд “та уулзах болгондоо зэвүүн мэндлээд байгаа. Сайн уу гэж мэндлэх чинь зэвүүн сонсогдоод байгаа шүү” гэхээр нь юм хэлэлгүй морио тэжээгээд буцаад ороод ирэхэд “таныг дургүй хүргээд байвал би яаж ч мэднэ шүү” гэхээр нь “архи уугаад хэрэггүй, ахад нь хийсэн гэм байхгүй” гэхэд “ална” гэсэн. Тэгэхээр нь би гэрт нэг алгадаад нэг өшиглөсөн. Гадаа зууралдаад байж байхад Хатанбор миний элэг рүү 2 өшиглөсөн. Тэгээд би Х-ыг дарж ойчоод сумын хэсгийн төлөөлөгч дуудаад бариулсан. Төлөөлөгч ирээд гавлаад байж байхад өнгөрсөн ээжийн нэрээр хашхираад дайрсан. Тэгэхээр нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохисон гэв.
2.Хохирогч З.Х-ын: “...2019.06.28-ны өдөр би Дэлгэрхангай сумын төв дээр байдаг өөрийнхөө гэртээ 2 том савтай пиво Гэрэлчулуун гэдэг найзтайгаа хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусаад Гэрэлчулуун Хүрэлчулуун гэдэг айлруу морь уяна гээд явсан. Би дэлгүүр ороод 0,5 литрийн савалгаатай “Онги” нэртэй архи аваад Хүрэлчулууны гэрт очсон. Тэгээд тэр айлд Тунгалагтуяа, Хөвүүн, бас нэг Адъяасамбуу гэдэг хөдөө амьдардаг 17 орчим настай хүүхэд байсан. Тэр айлд Түвшин гэдэг залуу тэнд байсан Хөвгүүн, Адъяасамбуу хоёроор мал хийлгэж байсан. Тэр хоёр төхөөрч байсан малынхаа арьсийг шар махтай нь хуулаад халтар болгосон байсан. Тэгэхээр нь тэр хоёрт хандаж та хоёр ингэж муухай хийгээд байхдаа яадаг юм бэ, би хийе гээд тэр хоёрын хийж байсан малыг хуулж эвдэж өгсөн. Тэгээд тэр айлд архиа задлаад уугаад сууж байтал Хөвгүүний аав Отгонбаатар гаднаас орж ирээд морины тэжээл аваад гэрээс гарсан. Отгонбаатарын араас Хөвгүүн гарсан. Тэгтэл удалгүй Отгонбаатар гаднаас орж ирээд надад хандаж чи муу юу гээд байгаа юм бэ гэж хэлээд шууд миний нүүрэнд гараараа цохиод авсан. Би газраас босоод Отгонбаатартай зууралдаад тэр гэрээс гарсан. Тэгтэл Отгонбаатар намайг тэр гэрээс гаргаад газар унагаад хажуу талаас өшиглөөд байсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Тэгээд байж байтал сумын төлөөлөгч Цогт-Очир ирээд намайг сумын эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Миний хамар, амнаас цус гарсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд цагдаагийн хэсэг дээр аваачсан. Би тэр үед архи пиво уусан, нилээн согтсон байсан. Энэ үйл явдал болохоос өмнө өдөр нь би Отгонбаатарын хүү Хөвүүнтэй тааралдаад Отгонбаатар ах надтай тааралдаад мэндэлчихээд шоолоод ч байгаа юмуу сонин зантай гэж хэлж байсан. Тэр үгийг Отгонбаатар Хөвүүнээс сонсоод дээр нь би Хөвүүнийг мал муухай янзаллаа гэж хэлсэн, тэрэнд Отгонбаатарын уур хүрээд намайг зодсон гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
3.Гэрч Х.Батгэрэлийн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны орой 21 цаг болж байсан байх Дэлгэрхангай сумын төвөөс өөрийн гэрлүүгээ очтол гэрийн гадаа Хатанбор манай аавын төрсөн дүү Отгонбаатар, Отгонбаатарын хүү Хөвгүүн нартай гадаа хэрэлдээд зодолдсон шинжтэй байж байсан. Намайг очиход Хатанборын хамарнаас цус гарчихсан, харанхуй болчихсон байсан учраас бусад газраа ямар нэгэн гэмтэл учирсныг сайн мэдээгүй. Тэгээд намайг хориод зогсож байтал Хатанбор нь Отгонбаатарруу ална гээд дайрсан чинь Отгонбаатар өөрийн хүү Хөвүүний хамт газар унагааж байгаад зодсон, хөлөөрөө өшигчөөд байсан, хаана нь хэн хөлөөрөө өшиглөснийг хараагүй, салгах гээд дундуур нь ортол дийлдэхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
4.Гэрч Д.Цогт-Очирын:“... Би дуудлагын дагуу очиход гэрийн гадаа хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдсон шинжтэй байсан. З.Х гэгчийн нүүр нь нэлэнхүйдээ хавдаж, хамар амнаас нь цус гарсан байсан. Би тэнд байсан хүмүүсийг хэрүүл зодооноо зогсоохийг анхааруулж байтал Хатанбор Отгонбаатарт ална гэж хэлээд Отгонбаатар дээр гүйж очиход Отгонбаатар Хатанборыг гараараа нүүр хэсэгт цохиж унагаасан. Отгонбаатар өөрийн хүү Хөвүүний хамтаар Хатанборын нүүр болон цээж нуруу хэсэгрүү цохиж байсан. Би тэд нарт боль гэж хэлэхэд миний тэд нарын зогсоох хориглох үйлдлийг үл тоон намайг тойрч өшиглөж байсан. Тэгж байгаад тэр хүмүүсийг салгасан...Отгонбаатарыг өөрийнхөө үйлдлийг хянахыг зөвлөөд хориглох гэтэл миний хажуугаар зүүн гар талаар тойрч гүйгээд Хатанбор гэдэг залуу дээр очоод нүүр хэсэгрүү нь баруун гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
5.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: “З.Х-ын биед баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, дух, хамар, уруулд зулгаралт баруун хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу тохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид еранхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч И.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт З.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч И.О-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч И.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч И.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан ялаас торгох ялыг сонгон шүүгдэгчид оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 50.000 төгрөг /хх-53/ төлсөн бөгөөд хохирогч З.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хайрхан овогт И.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-т 500 нэгж буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 50.000 /тавин мянган/ төгрөг төлсөн ба хохирогч З.Х гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ