| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/03112/И |
| Дугаар | 210/МА2025/02060 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02060
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08001 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ТББ-д холбогдох,
Удирдах зөвлөлийн хурал, тус хурлаас гарсан Бага хурлыг хуралдуулах шийдвэр, IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан 18 дугаар ээлжит Их хурлыг хуралдуулах шийдвэр, 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ТББ-ын 2018 оны 02 сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар их хурал нь уг ТББ-ын дүрмийн 4.24, 4.26, 4.28.1, 4.28.2, 4.28.5 заалтууд тус тус зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус хуралдааныг хүчингүйд тооцуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ******* ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00413 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар ******* ТББ-ын 2018 оны 02 сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.
1.2. ******* ТББ-ын удирдлагууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг биелүүлээгүй тул 2021 оны 08 сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 08647 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 00529 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.
1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ТББ-ын удирдлагад удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хууль бус бүрэлдэхүүнээр хүчин төгөлдөр бус хурлуудыг хуралдуулан шийдвэр гаргасаар байна.
1.4. ******* ТББ-ын Бага Хурлыг 2022 оны 06 сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн хурал нь дор дурдсан хэд хэдэн үндэслэлээр хүчингүйд тооцогдохоор байна. Үүнд:
1.4.1. ШШГЕГ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******ын 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 4-154/2542 тоот мэдэгдэл болон удаа дараагийн мэдэгдлүүдийг үл хэрэгсэн Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулсан.
1.4.2. Удирдах зөвлөлийн хуралд ******* ТББ-ын дүрмээр баталгаажсан орон нутгийн төлөөллийг огт оролцуулаагүй, шүүхээр УЗ-ийн гишүүний эрх нь сэргэсэн 2 хүний УЗ-ийн хуралдаа оролцох эрхийг хангаагүй
1.4.3. Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн хурал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ******* ТББ-ын дүрмийн 4.24-т зааснаар Удирдах зөвлөл нь ... хамтын удирдлагын байгууллага мөн гэж, 4.20-д Удирдах зөвлөл нь...15 гишүүнтэй байна гэж заасан заалтуудыг зөрчсөн.
1.5. Иймд ******* ТББ-ын Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан *******-ийн Бага хурлыг 2022 оны 06 сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 06 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан *******-ийн 18 дугаар ээлжит их хурлыг 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдуулах тухай шийдвэр, 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.
1.6. Түүнчлэн нэхэмжлэгч *******, ******* нарын эрх ашиг хөндөгдөж, өмнө хашиж байсан ажил албан тушаалаа хийж чадахгүй, шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг хариуцагч ******* хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй, иргэний эрх зүйн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхтэй холбогдох эрх зүйн хамгаалалтыг авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
- 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******ийн 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах,
- Нэхэмжлэгч *******ийг *******ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах,
- Нэхэмжлэгч *******ыг *******ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Төрийн бус байгууллагын 10 дугаар зүйлийн 4, 5, 6, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай, нэхэмжлэгч *******ын *******ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан *******ийн Бага хурлыг 2022 оны 06 сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 06 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан *******-ийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 07 сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн 18 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, *******ыг *******ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас *******ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан *******ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан *******-ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан *******-ийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 07 сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан *******-ийн 18 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан Иргэний эрх зүйн хамгаалалтын зарчимд тулгуурлаж 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх;, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх зохицуулалтыг баримтлан өмнөх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 7221 дугаар хүчин төгөлдөр магадлалаар шийдвэрлэгдээгүй, дүгнэлт хийгдээгүй дутуу орхигдсон шаардлагаа шинээр шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр хэрэгжээгүй гэдэг үндэслэлээр маргаж, шаардлагаа дахин гаргасан мэтээр ойлгож, хэт өнгөц харж, өрөөсгөл, ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж үнэлэх нотлох баримт нь дээрх шүүхийн шийдвэр магадлалууд болохоос *******-ийн дүрэм энд төдийлөн ач холбогдолгүй юм.
4.2. Дээрх үндэслэлээр ******* дүрэм нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай нотлох баримт биш, хариуцагч болон нэхэмжлэгч нар дүрмийн хүрээнд *******-ийн дүрэм буюу бичмэл нотлох баримтын зөрүүтэй байдал байгаа талаар маргадаггүй, *******-ийн албан ёсны сайтад дээр байгаа дүрмийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн боломжит байдлаар шүүхэд хувилж өгөхөөс түүнийг бэхжүүлж нотлох үүрэггүй буюу нотлох үүргийн хувьд хариуцагчаас шууд хамааралтай ******* надаас нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гарах боломжтой нотлох баримт биш, тус шүүхийн шийдвэрт тусгагдсан шиг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байна гэж үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт хангалтгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой, мөн тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эх хувийг шаардан авах эрхтэй гэж зохицуулсан байтал шүүх эрхийнхээ хүрээнд *******-ээс шаардан гаргаж авах боломжтой, нэхэмжлэгч хуулийн шаардлага хангаж гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг нэхэмжлэгчийн үүрэг мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
4.3. Мөн тус шүүхийн шийдвэрт ******* ТББ-д 2023 оны 07 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй гэдгийг тодорхой дурдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2, 72.3, 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт тус тус зохицуулсны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл бүрдсэн түүнчлэн шүүх хуралдаанд оролцож татгалзал болон нотлох баримт гаргаж өгөөгүй эс үйлдэхүй байгаа зэрэг нь эргэлзээгүй тогтоогдож байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийхгүй хэт нэг талыг барьсан байгаа нь тодорхой харагддаг.
4.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 210/МА2024/01460 дугаар магадлалаар *******-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болгосны үр дагаврын асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж буй аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь нээлттэй гэж дүгнэсний дагуу ******* миний бие өөрийн хөндөгдсөн эрх ашгийг хамгаалуулахаар анхан шатны шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан байхад шүүх эргүүлээд, "Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00413 дугаар шийдвэрт 2018 оны 02 сарын 08-ны өдөр хуралдсан *******ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг зөрчсөн болохыг тогтоосон байх боловч нэхэмжлэгч *******ийг *******-ийн Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохоор шийдвэрлэж энэ тухай дүгнэлт хийгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид *******ийг *******-ийн Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд томилохыг даалгах үндэслэлгүй байна гэж дүгнэснийг үзвэл шүүгч нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг бүрэн судалж танилцалгүйгээр шийдвэр гаргажээ.
4.5. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн дэмжиж оролцсон шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэдэг нь үндэслэлгүй бөгөөд өмнөх 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 722 дугаартай дээрх хүчин төгөлдөр магадлалаар *******-ийн 2018 оны 02 сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэснийг хариуцагч биелүүлээгүй эс үйлдэхүйг дахин шүүхээр хянуулж, маргахад гарсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 210/МА2024/01460 дугаар магадлалд үндэслэж *******ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэх томилуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг шүүгч ойлгоогүй энэ талаарх дүгнэлт хийхгүйгээр зөвхөн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалд үндэслэж шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэдэг үндэслэлээр маргаж байна гэж тайлбарлаж буй нь өрөөсгөл бөгөөд тусдаа бие даасан шаардлагыг ялган зааглаж дүгнэх нь хуульд нийцнэ.
4.6. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08001 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Мэргэжлийн төвийн хурлыг хүчингүйд тооцсон 2021 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 17 дугаар их хурлаас гарсан шийдвэртэй холбоотой байсан. Харин одоо 2022 оны 07 сарын 06-ны өдөр хуралдсан их хурлаас томилогдсон удирдах зөвлөл, түүний ажлын алба үйл ажиллагаагаа явуулж байгаа.
5.2. Нэхэмжлэгч ******* нь 17 дугаар их хурал буюу 2018 онд хуралдсан их хурлыг татгалзан гарсан хүмүүсийн нэг юм. Тухайн их хурлыг нэлээн олон хүн сайн дураараа орхиж гарсан боловч нийт их хурлын төлөөлөгчдийн 50 хувиас дээш хувь нь үлдсэн учир их хурал үргэлжилсэн.
5.3. Мөн миний бие тухайн их хурлыг орхиж гарсан төлөөлөгчдийн нэг нь байсан бөгөөд нэр дэвшиж байсан хүмүүс итгэл үнэмшил төрүүлэхгүй байсан учир уг их хурлыг орхиж гарч байсан. Ийнхүү бид өөрсдөө сонгох, сонгогдох эрхээсээ сайн дураараа татгалзан гарч байсан.
5.4. Түүнчлэн 17 дугаар их хурал 2018 онд болж холбогдох хүмүүс сонгогдсон бөгөөд 2022 онд дараагийн их хурал болж, тус байгууллагын үйл ажиллагаа үргэлжилсэн. Нэхэмжлэгч ******* нь мэргэжлийн төвийн хурлыг хүчингүйд тооцсон учир өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн эрх шууд сэргэнэ гэж тайлбарладаг. Улсын Их Хурлын дараагийн гишүүн сонгогдож, тангараг өргөснөөр өмнөх гишүүний бүрэн эрх дуусгавар болдогтой адил төрийн бус байгууллагын удирдах зөвлөл дараагийн удирдах зөвлөлийн гишүүнээ сонгосноор өмнөх удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх автоматаар дуусгавар болдог хууль, эрх зүйн зохицуулалт байдаг гэж би бодож байна.
5.5. Мөн нэхэмжлэгч нь дэд ерөнхийлөгчөөр сонгохыг шаарддаг бөгөөд энэ нь нөгөө талаар ******* дахин маргаан үүсгэх эрсдэлийг үүсгэж байгаа юм. Одоо 22 дугаар их хурлын удирдах зөвлөлөөр сонгогдсон орон нутаг хариуцсан 2 хүн хариуцагч байгууллагын үйл ажиллагааг явуулж байгаа. Түүнчлэн 2026 он гарсны дараа 19 дүгээр их хурлыг товлох төлөвлөгөөтэй байгаа тул дараагийн их хуралд ******* хурлын төлөөлөгчөөр орж, сонгох, сонгогдох эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж нээлттэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
5.6. Нэхэмжлэгч ******* нь ******* ТББ-ын 16 дугаар их хурлаар сонгогдсон бөгөөд тус их хурал 2014 онд болсон. Түүнчлэн ******* ТББ-ын дүрэмд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх 4 жилийн хугацаатай байдаг бөгөөд дахин 1 удаа улиран сонгогдож болдог. Үүнээс хойш 17, 18 дугаар их хурал гэх 2 их хурлын бүрэн эрх ирэх онд дуусгавар болно. Энэ хугацаанд нэхэмжлэгч өөрийн сонгох, сонгогдох эрхийг эдлэх бүрэн боломжтой гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ТББ-д холбогдуулан Удирдах зөвлөлийн хурал, тус хурлаас гарсан Бага хурлыг хуралдуулах шийдвэр, IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан 18 дугаар ээлжит Их хурлыг хуралдуулах шийдвэр, 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь 18 дугаар ээлжит Их хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэр, тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай шаардлагаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд ... орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах ... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх дээрх шаардлагуудын аль нь нэхэмжлэлийн шаардлага болох, аль нь үндэслэл болохыг тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай байжээ.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой ******* ТББ-ын 18 дугаар ээлжит Их хуралдаан-ны баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, мөн тус төрийн бус байгууллагын дүрэм нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад нэхэмжлэгч нь хариуцагч талын маргаж байгаа үйл баримт, түүний үндэслэлийг мэдэх боломжгүй тул маргааны зүйлтэй холбоотой шүүх хуралдаан дээр мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэж, ******* ТББ-ын 18 дугаар ээлжит Их хуралдаан-тай холбоотой баримтуудын нотлох баримтын шаардлага хангуулан авах ажиллагааг гүйцэтгэх боломжтой байжээ.
Түүнчлэн, хэрэгт ******* ТББ-ын дүрэм Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй ба уг дүрмийг нэхэмжлэгч талаас эх хувиар нь шүүхэд гаргах боломжгүй, мөн хариуцагч байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан үндсэн баримт бичиг буюу дүрэм нь маргааны шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад уг баримтыг нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах талаар анхан шатны шүүх чиглүүлэх ажиллагааг гүйцэтгээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
С.ЭНХБАЯР