Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02062

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07221 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

49,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь иргэн *******той 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 0804 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан нийт 32,850,000 төгрөгийн үнэ бүхий 36,500 ширхэг эмнэлгийн зориулалттай 3 давхар шүүлтүүртэй маскийг худалдсан бөгөөд хариуцагч нь төлбөрийг 2020 оны 05 сарын 22-ны өдөр төлөхөөр гэрээгээр тохирсон.

1.2. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд төлбөр хэтрүүлсэн шалтгаанаа анх тохиролцсоны дагуу би ******* ХХК-д маскаа нийлүүлж чадсангүй ээ, гэхдээ санаа зоволтгүй ээ, бид нар өөр байгууллагад нийлүүлчихлээ, найдвартай мөнгийг нь авч өгнө, ... банкны зээл хөөцөлдөж байгаа удахгүй бүтэнгүүт нь өгнө ... гэх зэргээр тайлбарласаар ирсэн.

1.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор 2022 онд шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба эрэн сурвалжлуулсны үндсэн дээр хариуцагчийн хаягийг олж тогтоон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4 дэх заалтад Худалдан авагч тал төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцоход гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 16,425,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч *******оос Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр 32,850,000 төгрөг, алданги 16,425,000 төгрөг нийт 49,275,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2020 оны 04 сарын 27-ны өдөр гадуур явж байхад миний танил ******* гэгч над руу залган чи иргэний үнэмлэхтэйгээ явж байна уу, байвал Ардын эрхийн энд хүрээд ирээч нотариатаар гэрээ хийлгэх гэсэн юмаа гээд дуудсан, би ямар гэрээ гэхэд маск авах гэж юмаа гэхээр нь би очиж ******* гэх охинтой гэрээ хийсний дараа би шууд салаад явсан, маскийг ******* авсан, би аваагүй.

2.2. Тухайн үед ******* нь надад маск тутмаас 100 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би гэрээ хийснээс нэг хоногийн дараа *******той уулзаж түүнээс гараар бичвэр бичүүлж авч байсан. ******* нь 36,500 ширхэг маскийн асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдсан гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 49,275,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 404,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 404,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байж худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн төлбөрийг нь нэхэмжлээд байгаа маскийг хүлээж аваагүй. Үүнийг уг маскийг хүлээж авсан баримт хавтас хэргийн 8 дугаар хуудсанд уг маскийг н.******* гэдэг хүн хүлээн авсан байдаг. Мөн хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд гэрч ******* маскийг н.******* хүлээж аваад, ******* өөрийн өмчлөлд авсан, Худалдах, худалдан авах гэрээг хийхэд надад үнэмлэх байхгүй байсан болохоор ******* иргэний үнэмлэхтэй байсан тул ******* гарын үсэг зурсан, гэхдээ маскийг өөрийн өмчлөлд авсан бодитоор уг гэрээний худалдан авагч тал ******* би байсан гэдгээ илэрхийлсэн нь уг гэрээний зүйл болох маск нь *******ын өмчлөлд очоогүй гэдэг нь нотлогддог.

4.3. Анхан шатны шүүх хавтаст хэргийн 106 хуудаснаас 112 хуудас маргаж байгаа зүйлд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх бичгийн нотлох баримт, гэрч *******ын 98-99 хуудсанд нэхэмжилж байгаа масктай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх баримтууд, маргаж буй гэрээний зүйл болох маскийг н.******* хүлээж авсан бичгийн нотлох баримт , гэрч ******* өөрийн өмчлөлд авсан гэх гэрчийн мэдүүлгүүдийг огт үнэлээгүй байдаг.

4.4. Дээрх баримтуудаар эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татагдсан нь тогтоогдож байна. Тодруулбал эрүүгийн хэрэг нэхэмжлэгчийн нэхээд байгаа шаардлагатай холбоотой үүсгэсэн байхад уг хэргийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн байдаг. Мөн хариуцагч *******ын өмгөөлөгч ******* хурал давхацсан нотлох баримтаа явуулсаар байхад хариуцагчийг өмгөөлөгчгүй оруулж эрхийг зөрчсөн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэрээний үүрэгт 49,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримт, нөхцөл байдлыг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байна.

3.1. Хэрэгт авагдсан 2022 оны 01 сарын 04-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 220500194 дугаар Мөрдөгчийн тогтоолоор *******ын гомдлоор *******т холбогдуулан 150,000 ширхэг амны хаалт буюу 112,500,000 төгрөгийн хохирол учруулсан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

 

Хариуцагчаас шаардаж байгаа 36,500 амны хаалт нь уг 150,000 амны хаалтад орж, шалгагдаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

3.2. Анхан шатны шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан 36,500 ширхэг амны хаалт залилуулсан агуулгатай гомдлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан. гэсэн үндэслэлээр зохигчдын хэн аль нь мэтгэлцсэн байна.

 

Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дээрх гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн талаар баримтыг гаргуулах хүсэлтээс татгалзсан боловч уг үйл баримтыг анхан шатны шүүх тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД  О.ОДГЭРЭЛ

 

 

С.ЭНХБАЯР