| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00060/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Хохирогч Б.Д
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: У.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ад холбогдох 1922000940070 тоот хэргийг 2019 оны 6 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1988.06.24-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ачигч хийдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум 9-р баг Мандалын 13-40 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗИ88062413/ У.Ань тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1/ Шүүгдэгч У.А нь 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Зоогийн овоо” гэх газарт “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоциклиор урдаасаа хойшоо чиглэлд өгсөхдөө хойноос урагшаа чиглэлд Б.Дгийн жолоодож явсан улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоцикльтой замын эсрэг урсгал сөрж орсны улмаас мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан, улмаар хохирогч Б.Дгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи мэдээллийг утсаар 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 17 цаг 12 минутад өгснийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн Зоогийн овоо гэх газар байлаа. Хэргийн газарт Дундговь аймгаас Адаацаг сум орох шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль урдаас хойд зүг рүү чиглэлтэй, улсын дугааргүй улаан шар өнгийн Хенсим маркийн мотоцикль хойноос урагш чиглэлтэй явж байгаад мөргөлдсөн байв. Мөргөлдсөн газар нь хайрган хадархаг гадаргуутай, хойноос урагш чиглэлд уруу газар байв. Урдаас хойд зүгт явсан Мустанг-5 маркийн мотоцикль шороон замаас ертөнцийн зүгээр баруун тийш гарсан байв. Хенсим их хурд маркийн мотоцикль хойноос урагш явж байгаад ертөнцийн зүгээр баруун тал руу гарсан мөр байв. Осол нь шороо замын баруун талд болсон байв. Мустанг-5 маркийн мотоцикль нь баруун урд зүг рүү харж зүүн гар талаараа онхолдсон. Хенсим маркийн мотоцикль баруун урд зүгт харж зүүн гар талаараа мустанг-5 мотоцикльтой зэрэгцэж унасан байв. Мотоциклиудыг босгосон байсныг анхны байрлалаар байруулсан болно” гэжээ /хх-3/
Дээрх баримтууд болон хохирол төлбөр, шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд байх тул шүүх нотлох баримтаар тооцлоо.
Мөрдөгчөөс дээрх ослын шалтгаан, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоолгохоор Дунговь аймгийн Замын цагдаагийн тасгийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2019.04.04-ний өдрийн №19 тоот дүгнэлтэд: “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Уранбилэгийн Азжаргал нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7...Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна" гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг осол нь “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Уранбилэгийн Азжаргалын буруутай үйлдлээс үүдэн зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /хх-27/
Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, ямар объект болон материалд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4.1.5, 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч У.А 2019.04.16-ны өдөр /хх-25/, хохирогч Б.Д 2019.04.24-ний өдөр /хх-26/ тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэн аль нь маргаагүй ба зам тээврийн осол хэрхэн гарсан талаар дүрслэн өгүүлсэн хохирогч Б.Д, гэрч Б.Шинэмөнх, Н.Цэрэндэлгэр нарын мэдүүлэг, яллагдагч У.Аын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зурагтай тохирч байгаа нөхцөл байдлыг харгалзан дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийг шүүх нотлох баримтаар тооцлоо.
Шүүгдэгч У.А нь 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгаас Адаацаг сум орох шороон зам дээр буюу Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Зоогийн овоо” гэх газарт жолооч У.А нь “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа, жолооч Б.Дгийн жолоодож явсан улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоцикльтой мөргөлдсөний улмаас Б.Дгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан зам тээврийн осолд 100 хувь буруутай болох нь шинжээчийн 2019.04.04-ний өдрийн №19 тоот дүгнэлтээр /хх-27/; шүүгдэгч У.А “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь жолоочийн мэдээллээр /хх-97/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Аын мотоцикль жолоодох эрхгүй атлаа мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож, эсрэг урсгал сөрж Б.Дгийн жолоодож явсан мотоцизльтой мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна" гэх заалт; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 3.7-ын а/ Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 11.1-д “Эгнээний тооны тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэх заалт, мөн дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч У.Аын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч У.А нь хариуцан арилгах үүрэгтэй, мөн тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон Хенсим маркийн улсын дугааргүй мотоциклийн жинхэнэ эзэмшигч Б.Шинэмөнх гэм хорыг арилгах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болох нь; хохирогч Б.Д нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч У.А, иргэний хариуцагч Б.Шинэмөнх нараас нэхэмжлэх эрхтэй болох нь тус тус тогтоогдож байна.
Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт шүүгдэгч У.Ааас нийт 1645000 төгрөг хүлээн авсан, одоо өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг нэмж нэхэмжилнэ гэв.
Хохирогчоос гаргаж өгсөн баримтыг шалгаж үзэхэд эмчилгээ, шинжилгээ, хагалгаанд зарцуулсан гэх нийт 1288298 төгрөгийн /хх-89-115/ зардлыг бодит хохиролд тооцох үндэслэлтэй байна. Хэргийн 117 дугаар талд байгаа 1070000 төгрөг нэхэмжилнэ гэсэн нь баримтаар нотлогдохгүй байна.
Хохирогч Б.Дгийн жолоодож явсан гэх Хенсим маркийн мотоцикльд хийсэн үзлэгээр спидометр ажиллагаагүй болсон, урд дугуйны обуд сэнсэрсэн, урд амартизатор нь муруйсан байсан нь тогтоогдож байна. /хх-9-10/
Мотоциклийн урд амартизатор 70000 төгрөг, урд обуд 50000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч хохирогч мотоциклийг засаж сэлбэхэд хэдэн төгрөг зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Дээрхи нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогч Б.Дгийн эрүүл мэнд, эд хөрөнгөд нийт 1588298 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Ааас 2019 оны 4 сарын 5-наас 6 сарын 25-ны хооронд нийт 1620000 төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх-90-94/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.А нь өнөөдрийн байдлаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Хохирогч Б.Дгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь баримтаар тогтоогдож байгаа боловч учирсан гэмтлийн шинж чанараас хамаарч цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд болон ирж очсон унааны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч У.А, иргэний хариуцагч Б.Шинэмөнх нараас нэхэмжлэх эрхтэйг энэхүү шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.
3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч У.Ад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргалаа.
Шүүгдэгч У.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо, сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч У.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулна.
Шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд шүүгдэгч У.А нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.Атээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.А шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч У.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Дд 1620000 төгрөг хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдсоныг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь шүүх хуралдаанаас өмнөх шатанд эмчилгээ, эм тарианы зардал, өмгөөлөгчийн хөлс 1588298 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эмчилгээ хийлгэхээр ирж очсон унааны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисугай.
8. Хохирогч Б.Д нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.А, иргэний хариуцагч Б.Шинэмөнх нараас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.С