| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0264/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/282 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У-,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Х.Э-,
Хохирогчийн өмгөөлөгч А.Э.У-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Э.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У-т холбогдох эрүүгийн 1938002840255 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.У-,
Шүүгдэгч Э.У- нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХХХ аймгийн ХХ сумын Х багийн ХХХХ тоотод иргэн Х.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У- нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХХХ аймгийн ХХ сумын Х багийн ХХХХ тоотод иргэн Х.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938002840255 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019.04.03-ны өдөр өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр...намайг шинжилгээ өгөөд явж байхад миний эхнэрийн найз Э.У-ын эхнэр над руу залгаад “танай эхнэртэй хамт байна, 1-31-05 тоотод хүрээд ирээч” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би ганцаараа 20 цагийн үед явж очсон. Намайг Од караокед очиход Э.У-, Э.У-ын эхнэр гэх эмэгтэй, миний эхнэр Отгонжаргал нар байсан. Би тухайн үед тэнд 1 лааз пиво л уусан. ...Тэгээд Э.У-ын гэрт очоод байж байхдаа би эхнэр Отгонжаргал руугаа “чи хэд хоног архи уудаг юм бэ” гэж уурлаад туүнтэй маргалдсан. Тэгээд эхнэр Отгонжаргалтайгаа хэрэлдэж байхад Э.У- намайг хөөсөн. Би тухайн үед эхнэртэйгээ маргалдаж байхдаа хальт гараараа алгадчихсан. Тэгээд би Э.У-ын гэрээс гараад явах гэж байхад Э.У- “чи эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд намайг барьж аваад нүүр лүү маань цохиод унагаасан. Тэр үед би эсэргүүцэл үзүүлж түүнийг барьж аваад түүнтэй ноцолдсон...Ноцолдож байхад Э.У- миний хоолойг гараараа боосон. Ингэж боолгуулах үед миний ухаан балартсан. Тэгж байхад хажуунаас хар савхин гутлаар толгой руу маань 2-3 удаа өшиглөсөн. Э.У- надтай ноцолдож байхдаа гараараа цохиж байсан. Тэгж байгаад Э.У- надаас салсан. Э.У- надаас салсны дараа миний чихнээс цус гараад толгой манараад унасан. Би манарсан чигээрээ Э.У-ын гэрээс гараад төв зам хүрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/
Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019.05.21-ний өдөр өгсөн: ...Тэгэхэд Э.У- манай эхнэрийг өмөөрч намайг өөрийн гэртээ хавсарч унагаагаад дээрээс дарсан.Тэгэхэд эхнэр Отгонжаргал маань бид хоёрыг салгасан. Ингэж салгах үед савхин гуталтай хүн ирж салгасан. Үүнийг л би өмнө өгсөн мэдүүлэгтээ буруу ташаа хэлж бичүүлсэн байна. Тэгээд...Э.У- бид хоёр тэдний гэрээс гарсан. Э.У-ын гэрээс эхлээд би гарсан, харин Э.У- араас гарч ирсэн. Тэгээд Э.У-тай хамт гадаа гараад тамхи асаагаад зогсож байхдаа Э.У-тай “гэр бүлийн хүмүүс маргалдаж байхад чи хажуунаас орж ирж маргалдлаа” гэж хэлээд түүнтэй дахин маргалдсан. Тэгж маргалдах үед Э.У- нүүр лүү маань гараараа цохиж, намайг өмсөж явсан куртикний маань захаар боож унагаасан. Тэгж унах үед миний ухаан балартсан. Хэсэг ухаан балартаад сэрэхэд Э.У- миний дээр гарчихсан толгой тархи руу маань цохиж байсан, би тэр үед түүнтэй ноцолдож байгаад өөрөө арай чүү босож ирээд “хоёулаа цагдаа дээр уулзана шүү “гэж хэлээд тэдний хашаанаас гараад явсан...Тэгээд сум руугаа буцсан. Сумандаа очоод тархи толгой өвдөөд байхаар нь сумынхаа эмнэлэгг үзүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд “тархиндаа хүнд гэмтэл авсан байна” гээд хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/,
Хохирогч Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: :...Айлын өрхийн эзэн юм болохоор би эхнэр лүүгээ уурласан юм. Охин олимпиадад орох гэж байхад чи ингээд архи уугаад авж байдаг гээд эхнэрээ алгадаж унагаасан. Тэгэхэд Э.У- чи эмэгтэй хүн зоддог юу юм гээд босож ирсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад гэрт нь ноцолдсон. Тэгээд намайг гарах гэж байхад Отгонжаргал бөгс рүү өшиглөсөн. Би Отгонжаргалыг түлхчихээд гарах гэж байхад Э.У- дахин намайг барьж авч ноцолдоод бид хоёр зуухны хажуу руу унасан. Тэгээд ноцолдож байгаад би гарсан. Би нимгэн хувцастай яваагүй, савхан куртиктэй явсан. Тэр нь манай гэрт уранхай байж л байгаа. Би боолтод ороод, Э.У- бид хоёр гадаа хашаан дотор бас зодолдсон. Тэгээд намайг зодчихоод явж байхад Э.У- цагаан подволктой, цус болсон байсан. Тэгээд намайг зам хүртэл хүргэж өгсөн. Тэгээд эвлрэлийг гэрээ хийж гэрээнд бид гарын үсэг зурсан. Нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг,
Гэрч П.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд байж байхад Э.У- ширээн дээр байсан архиа задлаад тойруулж эхэлсэн. Архийг задлаад дөнгөж эхэлж байхад нөхөр Х.Э- маань “чи хэдэн хоног архи уудаг юм бэ” гээд надтай маргалдаж эхэлсэн. Би тэгэхээр нь “айхтар архидаж барьсан зүйл байхгүй” гэж хэлэхэд нөхөр Х.Э- маань баруун гарныхаа ард талаар миний нүүр лүү цохисон. Ингэж цохиулах үед би сууж байсан сандал дээрээсээ унасан...Тэгэхэд Э.У- “чи эмэгтэй хүнийг цохиж зодлоо” гээд нөхөртэй маань маргалдаж эхэлсэн. Э.У- нөхөртэй маань маргалдаж байгаад хавсарч унагааснаа дээрээс нь боосон. Тэр үед би очоод Э.У-ыг нөхрөөсөө салгасан. Х.Э-ыг Э.У-аас салгахад: нөхөр Х.Э- маань “би явлаа” гэж хэлсэн...Ингээд байж байхад нөхөр Х.Э- маань Э.У-ыг “хоёулаа гарч тамхилъя” гээд дагуулаад гарсан. ..Тэгээд хэсэг хугацааны дараа /10-аас 20 минут/ Э.У- гаднаас орж ирсэн...Э.У-ыг гаднаас орж ирэх үед нь “яасан, юу болов” гэж асуухад “Х.Э- явчихлаа” гэсэн. Тэгэхээр нь “яасан зүгээр үү” гэж асуухад “харин ийшээ явж байхдаа Х.Э- намайг цохиод авчихлаа” гэж хэлсэн, Тэгэхээр нь би “зүгээр үү” гэхэд “зүгээрээ зүгээр” гэж хэлсэн...Маргааш өглөө би 09 цаг өнгөрч байх үед босоод байж байхад Батжаргал над руу залгаад “Х.Э- ах намайг өглөө дуудлаа, дуудахаар нь яваад очиход хүнд зодуулчихсан байна шүү дээ” гэж хэлсэн...Намайг Батжаргалын гэрт очиход нөхөр Х.Э-ын маань нүүр нь хавдсан, нүд нь хөхөрчихсөн, чихнээс нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/
Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ..2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр...намайг Буман-Агт караоке дээр явж очиход Х.Э- ах, эхнэр Отгонжаргал, Отгонжаргалын найз гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамтаар караокенаас гарч ирсэн...Тэгээд би тэд нартай хамт такси бариад Мөрөн сумын 1 дүгээр багт Х.Э- ах, Отгонжаргал эгч хоёртой хамт явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрт нь очсон. Тэдний гэрт очиход 1 шил архи гаргаж ирээд задласан. Би тухайн үед ажилтай байсан учраас архинаас огт уугаагүй. Тэгээд би ажилтай байсан учраас 1 цаг орчимын дараа ажил руугаа явсан...Маргааш өглөө нь би 09 цагт ажлаасаа буугаад Х.Э- ахын утас руу залгахад Х.Э- ахын ах Цолоорой утсыг нь аваад “Х.Э- ах чинь хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ очиж машинаа аваад Х.Э- ахын байгаа газар болох АНУ худалдааны төв дээр явж очсон. Намайг явж очиход Х.Э- ах хүнд зодуулчихсан байдалтай байсан, нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон, нүд нь хөхөрчихсөн, толгойн хагарчихсан байсан. Би тухайн үед Х.Э- ахыг босгох гэхэд бие нь хөндүүртэй босож чадахгүй байсан. Би Х.Э- ахаас юу болсон талаар асуухад юу ч ярьж чадахгүй унтаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
Гэрч П.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг унтаж байхад л миний хөл дээр юм унах шиг болсон. Тэгэхээр нь босоод харахад манай нөхөр Э.У- болон Х.Э- хоёр газарт уначихсан, бие биетэйгээ барилцчихсан байдалтай байсан. Тэгэхэд л Отгонжаргал гүйж очоод өшиглөөд байсан...Х.Э-, Э.У- хоёрыг салгахад Х.Э- эхнэр Отгонжаргалыгаа “аальгүй гичий, янхан” гэх мэтээр харааж байсан. Би тухайн үед Х.Э-ыг “эхнэр Отгонжаргалыгаа манай нөхөртэй хардсан юм болов уу” гэж л ойлгосон. Би тухайн үед “цагдаа дуудаад өгчихье” гэсэн боловч Отгонжаргал “хэрэггүй, зүгээр орхичих” гэж хэлж байсан...Би Х.Э-ыг гараад явчихаар нь нөхөр Э.У-таа “чи араас нь гар” гэж хэлээд гаргасан. Харин Отгонжаргал бид хоёр тэр хоёрын араас гараагүй. Отгонжаргал миний засаж өгсөн орон дээр хэвтсэн. Үүнээс хойш 5-аас 6 минутын дараа нөхөр Э.У- маань гэртээ орж ирсэн. Би түүнийг орж ирэхээр нь “яасан, юу болов” гэж асуухад “зам руу хүргэж өгчихөөд ирлээ, Х.Э- зам дээр Арбулаг биеийн тамирын багш Э.У-, манай эхнэртэй нийлж намайг зодчихлоо гээд утсаар яриад байна” гэж хэлж байсан. Тэгээд л нөхөр Э.У- маань унтаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/
Гэрч М.Цолооройгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 3 дугаар сарын 29- 30-нд шилжих шөнийн 03 цагаас 04 цагийн үед Х.Э- манай ажил дээр хүнд зодуулсан байдалтай нүүр царай нэлэнхүйдээ цус болчихсон, толгойны орой хэсэг хагарчихсан, өрөөсөн нүд нь таглараад хавдчихсан байсан. Би тэгэхээр нь түүнээс юу болсон талаар асуухад “Арбулаг сумын биеийн тамирын багш намайг зодчихлоо” л гэж хэлж байсан. Тэрнээс биш надад зодсон хүнийхээ нэрийг хэлээгүй. Би тэгэхээр нь түүнийг хэсэг унтуулж амраасан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/
Гэрч Х.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу бүтэн сайн өдөр би өөрийн гэртээ байж байхад миний ээж Цогзолмаа гэрт маань ирээд “Х.Э- дүү чинь хүнд зодуулсан байна, бие нь муу байгаа” талаар хэлсэн. Тэгээд би Х.Э-ын гэрт явж очиход Х.Э- дүүгийн маань нүүр нь битүү хавдартай, нэг тал нь хөхөрч няцарсан байдалтайгаар орон дээрээ хэвтэж байсан. Би тухайн үед дүүгээсээ “юу болсон юм бэ, зодуулсан хүнээ мэдэж байгаа юм уу, цагдаад мэдэгдэх үү” гэж асуухад “зодуулсан хүнээ мэдэж байгаа, таныг яриаг сонсохгүй байна”гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ надтай харилцан ярьж чадаагүй...Уг өдрийн маргааш дүү Х.Э- маань эхнэрийнхээ хамтаар Мөрөн сум руу яваад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлсэн байсан. Эмч нар дүүг маань үзчихээд “шууд хэвт” гэсэн гэсэн...Мөрөн ирээд эргэлтээр очихдоо дүү Х.Э-тайгаа уулзаж байсан. Ингэж уулзахдаа “чи хаана байж байгаад хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад “би Мөрөн сумын 1-31-05 тоотод Арбулаг сумын биеийн тамирын багш Э.У- гэх залууд зодуулсан, намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд би тэдний гэрээс гараад алхсаар байгаад нагац ахынхаа ажил дээр очсон” талаар хэлсэн...Тэгээд би дүүгийнхээ надад хэлсэн зүйлийн дагуу өргөдөл бичиж цагдаагийн газарт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/
Гэрч Ц.Ядамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х.Э- нь манай Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “гэмтлийн шалтгаант тархины няцрал дунд зэрэг, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурь ясны” гэсэн оноштойгоор нийт 9 хоног хэвтэн эмийн эмчилгээг хийлгэсэн. Би тухайн үед Х.Э-ын хариуцан эмчилгээг хийж байсан. Эмчилгээ хийж байхад амин үзүүлэлтүүд тогтвортой байсан, гэвч биеийн байдал хүнд хэвээр байсан...Х.Э-ын ар гэрийнхнээс юу болсон талаар асуухад “хэдэн цагийн үед хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шөнө зодуулаад 30-ний өглөө 06 цагийн үед сэрсэн” талаар хэлж байсан...Х.Э- нь тархиндаа хүнд гэмтэлтэй байсан учраас юу болсоныг санахгүй, мэдэхгүй байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/
Гэрч П.Отгонжаргал, П.Лхагвадулам нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 39-42-р тал/
Шүүгдэгч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед би Х.Э-, Отгонжаргал хоёрыг маргалдаж байхад нь дундуур нь ороод Х.Э-ыг “эмэгтэй хүнд гар хүрлээ” гэж хэлээд заамдаж барьж авсан. Тэгэхэд боолт орсон байж магадгүй. Тэгж барьж авсан байхдаа түүний хөлтэй орооцолдоод хамтдаа газарт унасан. Тэр үед Х.Э-ын эхнэр Отгонжаргал миний хажууд байж л байсан. Отгонжаргал нь тухайн үед хар савхин гуталтай байсан. Гэхдээ би Отгонжаргалыг өшиглөсөн үгүйг хараагүй. Тэрнээс биш гадаа бол зодоон цохион бол болоогүй...Миний хувьд тухайн үед болсон зүйлийг өөрийнхөө хэмжээнд санаж байна. Миний санаж байгаагаар гадаа бол огт зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Шүүгдэгч Э.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэгсэн чинь Х.Э- зуухны хажууд сууж байсан эхнэрээ цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би “Чи яасан их эмэгтэй хүн цохидог юм бэ” гээд боссон. Намайг босохоос өмнө Отгоо гүйж ирээд цохиод байсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очиж салгасан. Тэгээд салгаад дундуур нь ороод адилхан уусан байсан болохоор бид хоёр газарт унасан. Унахдаа би түүний цамцнаас барьсан байсан болохоор боож, зууралдаж унасан. Тэгээд би дээр нь гарсан байсан. Намайг дээр байж байхад Отгоо гүйж ирж 2-3 удаа өшиглөсөн. Би хүүе болиоч гэсэн. Тэгээд манай эхнэр ч сэрсэн. Эхнэр Отгоог орон дээр суулгаад. Харин би Х.Э-ыг усны саван дээр суулгасан. Тэгээд жаахан байж байгаад тайвшраад Х.Э- гарсан. Би одоо явлаа гээд манайхаас гарсан. Тэгэхэд гудамны гэрэл асаалттай байсан. Тэгээд би гудамж руу гараад төв зам хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 176 дугаартай: ...Х.Э-ын биед их тархины хатуу хальсан доорх зай, баруун чамархайн суурийн хэсэгт цус хуралт, суурь ясны баруун дэлбэнгийн олон хугаралт, баруун духны хэсгээс суурь ясыг дамнан зүүн чихний сувагруу чигэлсэн цууралт, баруун гайморын урд болон хажуу хана бяцарч хугарал, баруун хацар, баруун сарвууны гадна хэсэгт зулгарал, баруун алимны салст, баруун дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Х.Э-ын биед гавал ясны олон тооны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун гайморын урд болон хажуу ханын бяцарсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн бусад хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээсхамаарна.... гэх дүгнэлт /хх- ийн 45-р тал/,
Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хохирогч Х.Э-ын биед учирсан гэмтлүүд нь дан баруун талдаа байсан. Хохирогч Х.Э-ын биед учирсан их тархины хатуу хальсан доорх зай, баруун чамархайн суурийн хэсэгт цус хуралт, суурь ясны баруун дэлбэнгийн олон хугаралт, баруун духны хэсгээс суурь ясыг дамнан зүүн чихний сувагруу чиглэсэн цууралт, баруун гайморын урд болон хажуу хана бяцарч хугарал, баруун хацар, баруун сарвууны гадна хэсэгт зулгаралт, баруун алимны салст, баруун дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд нь давхаралдаж унах үед үүссэн байх боломжтой. Учир нь унах үед тухайн хохирогчийн бие дээр өөрийн инерцээс гадна өөр хүний инерц нэмэгдэж унаж байгаа учраас үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/
Хохирогч Х.Э-ын шүүгдэгч Э.У-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 109-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЕБС-ын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-66-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.У-ыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХХХ аймгийн ХХ сумын Х багийн ХХХХ тоотод иргэн Х.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг шалган үзэхэд шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн хэлбэрт эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсэж байна.
Тодруулбал: Хохирогч Х.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад анх мэдүүлэхдээ: “...Э.У- “чи эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд намайг барьж аваад нүүр лүү маань цохиод унагаасан. Тэр үед би эсэргүүцэл үзүүлж түүнийг барьж аваад түүнтэй ноцолдсон...Ноцолдож байхад Э.У- миний хоолойг гараараа боосон. Ингэж боолгуулах үед миний ухаан балартсан. Тэгж байхад хажуунаас хар савхин гутлаар толгой руу маань 2-3 удаа өшиглөсөн”
Дахин мэдүүлэхдээ:“...Тэгээд Э.У-тай хамт гадаа гараад тамхи асаагаад зогсож байхдаа Э.У-тай “гэр бүлийн хүмүүс маргалдаж байхад чи хажуунаас орж ирж маргалдлаа” гэж хэлээд түүнтэй дахин маргалдсан. Тэгж маргалдах үед Э.У- нүүр лүү маань гараараа цохиж, намайг өмсөж явсан куртикний маань захаар боож унагаасан. Тэгж унах үед миний ухаан балартсан. Хэсэг ухаан балартаад сэрэхэд Э.У- миний дээр гарчихсан толгой тархи руу маань цохиж байсан”,
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би Отгонжаргалыг түлхчихээд гарах гэж байхад Э.У- дахин намайг барьж авч ноцолдоод бид хоёр зуухны хажуу руу унасан. Тэгээд ноцолдож байгаад би гарсан. Би нимгэн хувцастай яваагүй, савхан куртиктэй явсан. Тэр нь манай гэрт уранхай байж л байгаа. Би боолтод ороод, Э.У- бид хоёр гадаа хашаан дотор бас зодолдсон” гэх мэдүүлэг,
Гэрч П.Отгонжаргалын ”...нөхөр Х.Э- маань баруун гарныхаа ард талаар миний нүүр лүү цохисон. Ингэж цохиулах үед би сууж байсан сандал дээрээсээ унасан...Тэгэхэд Э.У- “чи эмэгтэй хүнийг цохиж зодлоо” гээд нөхөртэй маань маргалдаж эхэлсэн. Э.У- нөхөртэй маань маргалдаж байгаад хавсарч унагааснаа дээрээс нь боосон. Тэр үед би очоод Э.У-ыг нөхрөөсөө салгасан. ...Ингээд байж байхад нөхөр Х.Э- маань Э.У-ыг “хоёулаа гарч тамхилъя” гээд дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Лхагвадуламын “...Намайг унтаж байхад л миний хөл дээр юм унах шиг болсон. Тэгэхээр нь босоод харахад манай нөхөр Э.У- болон Х.Э- хоёр газарт уначихсан, бие биетэйгээ барилцчихсан байдалтай байсан. Тэгэхэд л Отгонжаргал гүйж очоод өшиглөөд байсан. ...Би Х.Э-ыг гараад явчихаар нь нөхөр Э.У-таа “чи араас нь гар” гэж хэлээд гаргасан. Харин Отгонжаргал бид хоёр тэр хоёрын араас гараагүй. Отгонжаргал миний засаж өгсөн орон дээр хэвтсэн. Үүнээс хойш 5-аас 6 минутын дараа нөхөр Э.У- маань гэртээ орж ирсэн” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан үзэхэд хохирогч Х.Э- нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, орон, зайны хувьд болон хэргийн үйл баримтын талаар өөр өөрөөр мэдүүлж байх бөгөөд гэрч Д.Лхагвадулам, П.Отгонжаргал нар нь шүүгдэгч, хохирогч нарыг ноцолдсон талаар мэдүүлсэн байна.
Мөн хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаар шинжээч эмч Б.Цолмонгийн “Хохирогч Х.Э-ын биед учирсан их тархины хатуу хальсан доорх зай, баруун чамархайн суурийн хэсэгт цус хуралт, суурь ясны баруун дэлбэнгийн олон хугаралт, баруун духны хэсгээс суурь ясыг дамнан зүүн чихний сувагруу чиглэсэн цууралт, баруун гайморын урд болон хажуу хана бяцарч хугарал, баруун хацар, баруун сарвууны гадна хэсэгт зулгаралт, баруун алимны салст, баруун дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд нь давхаралдаж унах үед үүссэн байх боломжтой. Учир нь унах үед тухайн хохирогчийн бие дээр өөрийн инерцээс гадна өөр хүний инерц нэмэгдэж унаж байгаа учраас үүсэх боломжтой...”,
Гэрч Гэрч Ц.Ядамсүрэнгийн “...Х.Э-ын ар гэрийнхнээс юу болсон талаар асуухад “хэдэн цагийн үед хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шөнө зодуулаад 30-ний өглөө 06 цагийн үед сэрсэн” талаар хэлж байсан...Х.Э- нь тархиндаа хүнд гэмтэлтэй байсан учраас юу болсоныг санахгүй, мэдэхгүй байх боломжтой” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн санал, дүгнэлтийн үндэслэл болсон баримтыг улсын яллагч няцаан үгүйсгэхгүй байгаа зэргээс үзэхэд шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ түүний үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан эсэхэд эргэлзээ бүхий байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон шүүгдэгч Э.У-ыг согтуурсан үедээ хохирогч Х.Э-ын гэрт түүнтэй маргалдан ноцолдох явцдаа давхралдан унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэв.
Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг дурдахад гэр бүлийн тараамжгүй харилцаа, зүй бус үйлдэл хохриогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.У- нь хохирогч Х.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Х.Э-т 11.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.У- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.У-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 11.500.000 төгрөг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938002840255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Э.У-т холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.У-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй .
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй
8. Эрүүгийн 1938002840255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР