Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4848

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04848

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2556375 регистртэй, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоотод байрлах, хуулийн этгээдийн 2762935 регистртэй, “Анир-Импекс” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 451,826,430 /дөрвөн зуун тавин нэгэн сая найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъяансүрэн, Ч.Лувсанцэрэн, хариуцагч “Анир-Импекс” ХХК-ийн захирал Л.Гэрэлням, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа /ШТҮД-0719/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк “Анир Импекс” ХХК-ийг төлөөлөн захирал ажилтай Лэгшид овогтой Гэрэлнямтай 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр №18 тоот зээл болон барьцааны гэрээгээр 250,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 0,58/7/ хувийн хүүтэйгээр мөн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №100/17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 /26,4/ хувийн хүүтэйгээр тус тус олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

  • Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр,
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар,
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар,
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар,
  • Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц,
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмжийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа №18 тоот гэрээний хувьд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, №ЗГ-100/17 тоот гэрээний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болох боловч “Анир Импекс” ХХК нь зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг хийгээгүй бөгөөд энэ хугацаанд авсан 250,000,000 төгрөгийн зээлээс өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 104,400,000 төгрөг төлөхөөс 58,000,000 төгрөг, зээлийн хүүнд 38,743,585.17 төгрөг төлөхөөс 29,023,211.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 625,864.57 төгрөг төлөхөөс 101,888.67 төгрөг төлсөн байна. Мөн 170,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 49,000,000 төгрөг төлөхөөс 273.97 төгрөг, зээлийн хүүнд 54,101,842.71 төгрөг төлөхөөс 22,132,579.15 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүүнд 1,493,148.41 төгрөг төлөхөөс 0 төгрөг төлсөн байна. Иймд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараахь нэхэмжлэлийг гаргаж байна. “Анир Импекс” ХХК-иас үндсэн зээл 361,999,726.03 төгрөг, зээлийн хүү 41,689,637.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,017,124.31 төгрөг, нийт 405,706,487.32 төгрөгийг зээлийн барьцаанд бүртгүүлсэн дээрх хөрөнгүүдийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөр төлөөгүй байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 17,469,863 төгрөг нэмж тооцогдохоор байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 17,469,863 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сард гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэлийн тооцооллыг хийсэн. Тус маргааны шүүх хурал өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн шийдэгдээгүй байгаа, мөн тус компани нь зээлийн төлөлт огт хийгээгүй байна. Иймд 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал буюу нийт 2 сарын хүү 15,831,540 төгрөгөөр хүү болон торгуулийн хүү хуримтлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 439,007,890 төгрөгийг “Анир Импекс” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Капитал банк болон “Анир Импекс” ХХК-тай байгуулсан 2013/06/04 өдрийн 18 тоот зээл болон барьцааны гэрээ, 2014/09/23 өдрийн 100-17 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцлаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сард гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэлийн тооцооллыг хийсэн. Тус маргааны шүүх хурал өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн шийдэгдээгүй байгаа, мөн тус компани нь зээлийн төлөлт огт хийгээгүй байна. Иймд 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал 12,818,540 төгрөгөөр хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 451,826,430 төгрөгийг “Анир Импекс” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Анх зээлийн гэрээг байгуулахдаа “Анир Импекс” ХХК нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, зээл авсан. Зээлийн шилжилтийн асуудал дээр хариуцагч тухайн үедээ ямар нэгэн санал хүсэлт хэлэлгүйгээр хүлээн зөвшөөрч, зээлээ авсан. Мөн хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцлагаас чөлөөлөгдөх учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байна. Би үүнийг ойлгохдоо зээлийг буцаан төлөхгүй гэж байгаа юм байна гэж ойлголоо. Зээлдэгч банкнаас зээл авсан л бол зээлээ буцаан төлөх нь зүй ёсны хэрэг юм. Зээлээ буцаан төлөх нь зээлдэгчийн үндсэн үүрэг. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь эдийн засгийн хямрал биш юм. Хэрвээ Монгол улсад тулгараад байгаа эдийн засгийн хаяралаас болоод зээлээс чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын салбарт олгосон бүх зээлүүд чөлөөлөгдөх үндэслэл болох юм. Тиймээс эдийн засгийн хямралыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж, зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөн гэж үзэж байгаа бол ямар ч боломжгүй юм. Хариуцагч тал зээлийн гэрээг цуцлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Барьцаа хөрөнгийн хувьд нэгэнт барьцаа хөрөнгийн эзэд нь зөвшөөрч итгэмжлэл олгоод зээлийн барьцаанд тавьсан учраас шүүх хуралдаан дээр барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг байлцуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Анхны 250,000,000 төгрөгийн зээл олгож, дараа нь төслийг дэмжих зорилгоор 170,000,000 төгрөгийн зээл олгосон, энэ зээл нь банкны өөрийнх нь бизнесийн зээл юм. Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. Эдийн засаг хямарсан байна гээд аль нэг компани банкнаас ямар нэгэн хариу төлбөргүйгээр, үнэгүйгээр зээл авах ямар ч боломж байхгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Анир Импекс” ХХК авсан зээлээ ашиглаад явж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн шаардсан. Нэхэмжлэгч талын хувьд хариуцагч байгууллагатай зээлийн гэрээ байгуулж зээл олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Тиймээс зээлийн гэрээний нөгөө талаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Анир Импекс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон үнийн дүн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг хэрхэн бодсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл бодолтын задаргаа байхгүй байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй байна. Бид нэхэмжлэгчээс авсан зээлээ төлж чадаагүй нь 100 хувь биднээс шалтгаалсан зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байдаг. “Анир Импекс” ХХК нь анх 2011 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл бичиж 2012 онд уг төсөл дэмжигдэн блокны үйлдвэр барихаар болсон юм. Ингээд тухайн үед Хөгжлийн банкнаас манай нэр дээр 200,000,000 төгрөгийн зээл олгохоор болж Капитал банк руу бидний мөнгийг шилжүүлсэн боловч тодорхой бус шалтгаанаар нэхэмжлэгч тал бидний нэр дээр шилжиж ирсэн мөнгийг олгоогүй байж байтал Хөдөлмөрийн яамнаас уг мөнгийг буцаан татаж авсан байдаг. Ийнхүү уг зээлийн асуудал дахин яригдаж явсаар байгаад 2013 оны 6 дугаар сарын 10-нд 200,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 30-нд 50,000,000 төгрөгийн зээлийг тус тус жилийн 7 хувийн хүүтэй 4 жил 6 сарын хугацаатай олгосон юм. Гэтэл 2011 онд бичсэн төслийн тооцоололд орсон үйлдвэр барих барилгын материал болон блокны үйлдвэрлэлийн түүхий эдийн зах зээлийн үнэ 2013 он гэхэд эрс өссөнөөс болж бидний төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул бид дахин банкинд хандаж нилээд хугацаанд хөөцөлдсөний эцэст 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 170,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж, зээлийг 10 дугаар сарын 01-ний өдөр авсан. Тухайн үед өвлийн улирал таарч барилгын салбарын хувьд зогсонги байдалд ордог тул 2015 оны 4 дүгээр сараас эхлэн бид үйлдвэрийн барилгаа барьж дуусган блокоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх яг тэр үе буюу 2015 оноос эхлэн Монгол улс бүхэлдээ эдийн засгийн хямралд орж эхэлсэн. Иймд бидний үйлдвэрлэсэн барилгын материал буюу блок зарагдахгүй болж, үйлдвэрлэл явуулах эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Энэ хүртэлх хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сар хүртэл бид зээл, зээлийн хүүгээ зохих ёсоор төлсөөр ирсэн.

Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад зээлдүүлэгч шүүхэд хандсаныг зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн явдал болоод байна. Хуульд зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэг хүлээдэг. Гэтэл зээлдүүлэгч тал зээлдэгчид гэрээнээс татгалзаж байгаагаа огт мэдэгдээгүй байдаг. Тийнхүү гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтоож, энэ хугацаанд санал гаргасан тал дахин татгалзаж байгаагаа мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алддаг журамтай. Гэтэл энэхүү гэрээнээс татгалзах журам энэ зээлийн харилцаанд хэрэгжээгүй байгаа нь нэг талаар зээлдүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж болохоор байна.

Бидний байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “зээлдэгч банкнаас олгосон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдал/ бий болсон тохиолдолд өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүйг нотолж чадаагүй нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу бид нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Энэ нь 2014 оноос эхлэлтэй эдийн засгийн хямрал юм. Бидний мэдэж байгаагаар барилга болон уул уурхайн салбар уналтанд орж, хямарсан нь зээлдэгчийн хувийн байдалтай хамаарахгүйгээр гарсан бодит өөрчлөлт учраас давагдашгүй хүчин зүйл мөн гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Л.Гэрэлням шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээл авахдаа хоёр тал харилцан зөвшилцөж байж зээлийн гэрээг байгуулах ёстой боловч Капитал банк ХХК гэрээний нөхцлийг шууд тулгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нөхцлөөр зээл авбал ав, авахгүй бол зээл олгохгүй гэсэн байдлаар гэрээний нөхцлийг тулгадаг. Манайд зээл олгохдоо нийт 1 жил 8 сар сунжруулж байж зээл олгосон. Ингээд зогсохгүй манай компанийн дансыг 5 сар хааж  хэвийн ажиллах боломж олгоогүй. Энэ нь биднийг эдийн засгийн хямрал руу хурдан дөхүүлсэн. Бид банкнаас авсан зээлээ гэрээнд заасны дагуу ажилдаа зориулж, үйлдвэрээ барьж, үйлдвэрлэл явуулсан. Гэтэл үйлдвэрлэл явуулаад эхлэх үед блокны борлуулалт эрс муудаж, блок сонирхсон барилгын компаниуд бартераар блок авъя, эсхүл зээлээр авъя гэсэн нөхцөл тавьж байсан. Энэ нь манай компанийг цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Эдгээр нь Монгол улсад эдийн засгийн хямрал үүссэнтэй холбоотой юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын их хурлын чуулган дээр “Улс оронд минь хямрал нүүрлэж, хүндхэн цаг үе ирсэн үед ерөнхий сайдын албыг хаших боллоо. Шинэ засгийн газар амаргүй нөхцөл байдалд ажиллах нь тодорхой. Улс орны минь нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүнд байдалд байна” гэж хэлсэн байна. Эдгээрээс харахад Монгол улсын эдийн засаг гүн хямралд орсон байгааг харж болох юм. Энэ нь үнэхээр өнөөгийн нийгэмд үүсээд байгаа онцгой нөхцөл байдал юм. Хэрвээ 2012 онд зээлээ олгосон бол 280,000,000 төгрөгийн ашигтай ажиллаад, тэр үедээ зээлээ зохих хэмжээгээр төлсөн байх байсан. Гэтэл нэг жил 8 сарын хугацаа алдсанаас болж бид хямралд өртсөн юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тодорхойлолт, Сангийн яамны тодорхойлолт, Статистикийн төв газраас гаргасан тодорхойлолт, Барилга үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан тодорхойлолт, Жижиг дунд үйлдвэрийн газраас ирүүлсэн тодорхойлолт зэргээр эдийн засгийн хямралыг тодорхойлж хэлсэн багйаа. Эдгээр нь нийгэмд эдийн засгийн маш гүн хямрал үүссэн гэдгийг батлах юм. Энэ эдийн засгийн хямралд манай компани өртсөн бөгөөд компанийн хувьд үнэхээр давагдашгүй хүчин зүйл болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний хугацааны хувьд зөрүүтэй байдал харагдаж байна. 18 тоот зээлийн гэрээний хувьд 4 жил 6 сар 10 хоногийн хугацаатай олгосон байна. 100/17 тоот зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай олгосон байхад 2 зээлийн гэрээ нь хугацаанаас өмнө цуцлагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ эргэлзээтэй байдал үүсгэж байна. Сүүлд гаргасан тооцоололдоо 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон боловч сүүлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 7 дугаар сарыг дуустал тооцсон дүнтэй адил байна. Бид шүүхийн шийдвэр гарснаас биш анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хүүгийн тооцоолол дуусгавар болсон байх ёстой гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар тусгасан байдаг. Зээлийн гэрээ цуцлагдаж байна гэдэг нь цаашид энэ зээлийн гэрээ үргэлжлэх боломжгүй гэж ойлгож байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан учир нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагад тусгахыг хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засгийн хямралтай холбоотой олон баримт цуглуулсан шалтгаан нь Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан давагдашгүй хүчин зүйл “Анир Импекс” ХХК-д тохиолдсон гэдгийг нотлох зорилготой юм. Нийгмийн амьдралд гарсан нөхцөл байдал бий болсон нь зээлдэгчийн буруугаас болоогүйг  бид нотлож чадсан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа. Тиймээс нийгэмд эдийн засгийн хямрал буюу давагдашгүй хүчин зүйл тулгараад байна гэдэг үндэслэлээр олон нотлох баримт цуглуулсан. Зээл олгосноос хойш зээлийн дансыг бий болгодог, банк зээлийн данс үүсгээд, зээлдэгч нь мөнгийг шаардлагатай үедээ авдаг. Гэтэл зээлдүүлэгч тал хариуцагч компанийг зээлийн данснаас мөнгө авахыг хаасан. Зээлийн дансыг хааж, зээлийг ашиглаагүй 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны нийт хүү 15,832,660 төгрөгийг төлөх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу 17 тоот зээлийн гэрээгээр Капитал банк нь хариуцагч байгууллага руу 170,000,000 төгрөг шилжүүлэхдээ зээлдүүлэгч талаас зээлийн гэрээний шимтгэл болгож 1,700,000 төгрөгийг хассан. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч байгууллага нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Тиймээс хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсч байна. Мөн барьцаа хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байдаг. Тиймээс шүүх гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр түүний эрх, ашгийг хөндсөн шийдвэр гаргахгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ хариуцагчийн зүгээс барьцаа хөрөнгийн өмчлөгчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй. Нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний хугацааг хугацаанаас өмнө цуцлаж өгнө үү гэсэн хүсэлтийн хувьд “Капитал банк” ХХК-иас нэгэнт зээлийн гэрээг цуцалсан учраас дахин шүүхээр цуцлуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Анир Импекс” ХХК-д холбогдуулан, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №18 дугаар зээл болон барьцааны гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №100/17 дугаар зээл болон барьцааны гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлан, үндсэн зээл 361,999,726.03 төгрөг, зээлийн хүү 41,689,637.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,017,124.31 төгрөг, нийт 405,706,487.32 /дөрвөн зуун таван сая долоон зуун зургаан мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин хоёр мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд бүртгүүлсэн:

- Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр;

- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар;

- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар;

- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар;

- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц;

- Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц;

- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж зэрэг барьцаа хөрөнгүүдээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг 4 удаа нэмэгдүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээл болон барьцааны гэрээнүүдийг дахин цуцлаж, зээл болон барьцааны гэрээнүүдийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд нийт 46,119,943 төгрөгийг “Анир Импекс” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

Хариуцагч “Анир Импекс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлдүүлэгчээс зээл олгохдоо нэг жил найман сарын хугацаа алдсаны улмаас эдийн засгийн хямралд өртөж, Монгол улсад бий болсон эдийн засгийн хямралын улмаас тус компанид давагдашгүй хүчин зүйл бий болсон учир Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөнө гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн бөгөөд “Капитал банк” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээл болон барьцааны гэрээнүүдийн хугацаа дуусахаас өмнө цуцласныг гэрээнээс татгалзсан гэж үзэн, дахин хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

“Капитал банк” ХХК нь “Анир Импекс” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 тоот зээлийн гэрээ байгуулж 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалтаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот дахь 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булгачины 19 дүгээр гудамжинд байрлах 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булгачины 19 дүгээр гудамжинд байрлах 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булгачины 19 дүгээр гудамжны 224, 225 тоотод байрлах Үйлдвэрийн тоног төхөөрөмж холигч 1ш, зүсэгч 1 ком, блокны хэв 1 ком, цемент элс тохируулагч 1 ком, ус тохируулагч, транспорматор 380 вольт зэрэг төхөөрөмжүүд, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 47 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэргийг №18 тоот Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан бол,

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ-100/17 тоот зээлийн гэрээгээр  170,000,000 /нэг зуун далан сая/ төгрөгийг сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэйгээр 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл зээлдүүлэн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот дахь 566,60 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-22050192, 000111736 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булгачины 19 дүгээр гудамжинд байрлах 700 м.кв талбай бүхий Ү-2204001318 улсын бүртгэлийн дугаар, 000087652 гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар; Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 47 м.кв талбайтай Ү-2203005644 улсын бүртгэлийн дугаар, 000114537 гэрчилгээний дугаартай 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ булгачин 19 дүгээр гудамж 225 тоот хаягт байрлах 594 м.кв талбайтай Ү-2204062041 улсын бүртгэлийн дугаар, 000334666 гэрчилгээний дугаартай үйлдвэрийн байр зэргийг №БГ-100/17 тоот Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулахаар тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хэргийн 6-35 дугаар хуудас/

Зээлийн барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаалуулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 0083467 гэрчилгээний дугаар, Ү-2204003255 улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт байршилтай 000334666 гэрчилгээний дугаартай, Ү-2204062041 улсын бүртгэлийн дугаартай 594 м.кв талбай бүхий, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нь “Анир Импекс” ХХК-ийн өмч, мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоотод байрлах 000087652 гэрчилгээний дугаартай, Г-2204001318 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 18647311051820 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар нь “Анир Импекс” ХХК-ийн захирал Л.Гэрэлнямын өмч, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот дахь 000111736 гэрчилгээний дугаартай, Ү-2205019211 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булгачины 19 дүгээр гудамжинд байрлах 0309450 гэрчилгээний дугаартай 700 м.кв талбай бүхий Л.Гэрэлнямд олгосон эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 0309452 гэрчилгээний дугаартай 700 м.кв талбай бүхий Гэрэлням овогтой Сэлэнгэд олгосон эзэмших эрхтэй газрыг Г.Сэлэнгээс 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн газрыг зээлийн барьцаанд тавих, тухайн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр “Анир Импекс” ХХК-ийн захирал Л.Гэрэлням барьцаалсан,

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 000114537 гэрчилгээний дугаартай, Ү-2203005644 улсын бүртгэлийн дугаартай 47 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Ч.Энхбаярын нэг хүний өмч бөгөөд Ч.Энхбаяр нь №18 болон №100/17 тоот Зээлийн болон Барьцааны гэрээнүүдийн хамтран зээлдэгчээр тус тус оролцсон байна. /хэргийн 9, 15, 19, 24, 105 дугаар хуудас/

 Хариуцагч “Анир Импекс” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №18 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 58,000,000 төгрөг, зээлийн хүүд 29,023,211.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 101,888.67 төгрөг, нийт 87,125,100 төгрөгийн төлөлт хийж,  зээлийн үлдэгдэл 192,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,163,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 936,359 төгрөг, нийт 202,100,058 /хоёр зуун хоёр сая нэг зуун мянга тавин найман/ төгрөгийн үлдэгдэлтэй,

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №100/17 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 273.97 төгрөг, зээлийн хүүд 22,132,579.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0, нийт 22,132,817 төгрөгийн төлөлтийг хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 169,999,726 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 30,124,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 599,165 төгрөг, нийт 200,723,779 /хоёр зуун сая долоон зуун хорин гурван мянга долоон зуун далан есөн/ төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулгуудаар тогтоогдож байна. /хэргийн 9, 19, 67-70 дугаар хуудас/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн байх тул зээлдэгч “Анир Импекс” ХХК-иас №18 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл 202,100,058 төгрөг, №100/17 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл 200,723,779 төгрөг, нийт 402,823,837 /дөрвөн зуун хоёр сая найман зуун хорин гурван мянга найман зуун гучин долоон/ төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнэ тодорхой бус байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээнүүдийн тооцооллыг гаргасны дагуу хариуцагч “Анир Импекс” ХХК-иас шаардвал зохих дүнг зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэгт үндэслэн тооцооллоо.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээнүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон, нийт 46,119,943 төгрөгийг нэмэгдүүлэн шаардсан боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт “... банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана” гэж зааснаар өөрийн санаачлагаар гэрээг дуусгавар болгож, хугацаанаас нь өмнө цуцлан хариуцагчаас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолон дүгнэж шаардсанаар гэрээг дуусгавар болгосон гэж үзэх бөгөөд гэрээ нэгэнт дуусгавар болсон учир үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

Аливаа гэрээг цуцлах тухай асуудал гэрээний нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлснээр үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэдэг бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй” гэж заасан байдаг.

Хариуцагч “Анир Импекс” ХХК-ийн хувьд зээл авснаас хойш 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч “Капитал банк” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан бөгөөд зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан бөгөөд хариуцагч байгууллага тийнхүү зээлийн гэрээнүүд дуусгавар болсныг хүлээн зөвшөөрнө.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардсан 46,119,943 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, зээлийн гэрээнүүдийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэргийг үндэслэн, нэхэмжлэл гаргах үеийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийг тооцоолоход №18 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 250,000,000 төгрөгөөс 58,000,000 төгрөгийг төлж, 192,000,000 төгрөгийн үлдэгдэл, зээлийн хүүд 38,186,910 төгрөг төлөхөөс 29,023,211 төгрөг төлж, 9,163,699 төгрөгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүд 1,038,248 төгрөг төлөхөөс 101,888 төгрөг төлж, 936,359 төгрөгийн үлдэгдэл, нийт 289,225,158 төгрөг төлөхөөс 87,125,100 төгрөг төлж, бүгд 202,100,058 төгрөг,

№100/17 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 170,000,000 төгрөг төлөхөөс 273.97 төгрөг төлж 169,999,726 төгрөгийн үлдэгдэл, зээлийн хүүд 52,257,467 төгрөг төлөхөөс 22,132,579 төгрөг төлж, 30,124,888 төгрөгийн үлдэгдэл, 599,165 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 222,856,632 төгрөг төлөхөөс 22,132,852.97 төгрөг төлж, бүгд 200,723,779 төгрөг, хоёр гэрээний үлдэгдэл нийлбэр дүн 402,823,837 төгрөг байх тул хариуцагчаас илүү нэхэмжилсэн 2,882,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, Монгол улсад бий болсон эдийн засгийн хямралын улмаас тус компанид давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсон учир Зээлийн гэрээний 9.1 дэх хэсэгт “Зээлдэгч банкнаас олгосон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цэр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдал/ бий болсон тохиолдолд өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүйг нотолж чадаагүй нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02/240 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Аж үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хариу албан бичиг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт, Барилга, хот байгуулалтын яамны “Барилгын хөнгөн блок, гулдмайн үйлдвэрлэлийн тухай” тодорхойлолт, Монгол улсын Сангийн яамны 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4-1/2135 дугаар албан бичгээр хүргүүлсэн Монгол улсын эдийн засгийн 2015 оны 4 дүгээр улирлын ерөнхий төлөв байдлын талаарх мэдээлэл, “Анир Импекс” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж, зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөнө гэж тайлбарлан мэтгэлцсэн. /хэргийн 123, 124, 125, 126, 128-135/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч “Анир Импекс” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тус компанид давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн талаар мэдээллээгүй байх тул хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дахь хэсэгт зааснаар Үндэсний танхим нь “Хүнд хэцүү нөхцөл /hardship/ болон давагдашгүй хүчин зүйлийг /force major/ баталж, гэрчилгээ олгох” үүрэгтэй бөгөөд тус танхимаас “Анир Импекс” ХХК-д Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг үндэслэсэн боловч давагдашгүй хүчин зүйлийг гэрчлээгүй, харин HARDSHIP буюу Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг олгожээ. /хэргийн 123 дугаар хуудас/

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу “Форс мажор”-ын талаар Иргэний хууль эрх зүйн тодорхой харилцаануудад тусгайлан хуульчилж зохицуулсан байдаг бөгөөд талуудын хяналт, хүсэл зоригоос үл хамаарах (гал, үер, газар хөдлөлт, цас зуд, гэх мэт байгалийн болоод дайн, зэвсэгт бослого, гэмт хэрэг гэх мэт гэрээний үүрэг биелүүлэгч этгээд өөрийн хүсэл зоригоор даван туулах, гэрээний үүргийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан биелүүлэх боломжгүй үйл явдал тохиолдлууд) нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломж, чадваргүй болоход үүнийгээ нотолж чадвал гэрээний үүрэг гүйцэтгээгүй хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэхдээ гэрээний үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандан түүнээс нь болоод үүрэг биелэгдэх боломжгүй болох эсвэл гэрээний нөгөө талдаа хохирол учруулахаар санаатайгаар үүргийн гүйцэтгэлийг саатуулах, байнга болж байдаг жирийн байгалын үзэгдэл (гадаа бороо орж дуустал үүргийн гүйцэтгэл саатах гэх мэт) нь форс мажорт хамаарахгүй[1] гэж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан гарын авлагад тайлбарлажээ.

Харин Хүнд нөхцөл байдал буюу “Hardship” гэдэг нь гэрээний гол нөхцлийг үндсээр нь өөрчилсөн, аль нэг тал үүргээ биелүүлэхэд зардал их гарах болсон, тухайн гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ буурсан, гэрээний үүргийг гүйцэтгэснээр аль нэг тал илтэд их хэмжээний хохирол амсах нь тодорхой байгаа зэрэг нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. Хүнд нөхцөл байдлын улмаас аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь гэрээний үүргээс бүрэн чөлөөлнө гэж ойлгож болохгүй. Хүнд нөхцөл байдал тохиолдоход талуудын гэрээ биелүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөх болдог бол форс мажорын нөхцөлд гэрээг цуцлах эсвэл хүчингүй болгодог байна.[2]

Хариуцагч “Анир Импекс” ХХК-ийн хувьд Монгол улсад учраад буй эдийн засгийн хямрал бүхий нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдлын улмаас тус компанид давагдашгүй хүчин зүйл болсон гэж тайлбарлан, гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар энэ нөхцөл байдал нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүйг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан тодорхойлолт, эдийн засгийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдсон учир гэрээгээр хүлээсэн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөнө гэж маргасан.

Гэтэл хариуцагчаас гаргасан дээрх нотлох баримтуудаар Монгол улсад бий болсон эдийн засгийн хямралын улмаас нийгмийн амьдралд онцгой нөхцөл байдал үүссэн талаар бүрэн нотлогдохгүй, Монгол улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал үүсээгүй байх тул Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн №100/17 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 1 хувийн шимтгэл тооцон 1,700,000 төгрөгийг авсан гэж тайлбарлах боловч зээлийн дансны хуулгад тусгагдаагүй, 170,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх бөгөөд гэрээний 3.9 дэх хэсэгт 1 хувийн шимтгэл тооцохоор заагаагүй байх тул 1,700,000 төгрөг болон түүнд ногдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч тооцох үндэслэлгүй байна. /хэргийн 6 дугаар хуудсын ард/

Зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр; Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц; Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж зэргийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Анир Импекс” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 402,823,837 /дөрвөн зуун хоёр сая найман зуун хорин гурван мянга найман зуун гучин долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49,002,593 /дөчин есөн сая хоёр мянга таван зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр; Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц; Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж зэргийг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,271,053 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 2,172,069 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА