Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2025/00072

 

     *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/01478 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Грашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг буцаан өгөх” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хүү *******ын эзэмшлийн зөөврийн гарааш манай хашаанд байдаг байсан юм. Би тус гараашийг хүүдээ өгсөн юм. Хүү маань 3,000,000 төгрөгөөс яриад зарна шүү, хүмүүст хэлж ярьж байгаарай гэж захисан юм. Тус зөөврийн гараашийг ******* маань ихэд сонирхож авъя гэж надтай ярьж, ирж үзсэн. Тухайн үед ******* манайхаар орж гардаг бид дарга, цэрэг байсан найзын холбоотой хүмүүс байсан юм. Би 3,000,000 төгрөгөөс ярьж, тухайн зөөврийн гараашийг 2,500,000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон юм. Тус гараашид портер машин ордог, том гарааш байсан.

Ингээд ******* одоохондоо мөнгөний бололцоо алга, та бид хоёр нэг нэгнээ мэдэхгүй биш, хоёр хүүхдийн сургалтын төлбөр гээд мөнгө хэрэгтэй байгаа тул боломжтой болохоороо өгье гэж хэлээд зөөврийн гараашийг ачаад аваад явсан. Би боломжтой болохоороо мөнгөө өгнө гэж хэлсэнд нь итгээд зөөврийн гараашаа өгөөд явуулсан. Гэтэл мөнгөө огт өгөхгүй байсан тул бараг өдөр бүр шахуу нэхсээр байж нэхсэний хүчинд 500,000 төгрөг авсан, үлдсэн 2,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байдаг болсон.

Хүү маань 2022 онд очиж уулзаж мөнгөө нэхэхэд нь ах нь мөнгийг нь өгнө өө, жоохон хүлээчих гэж хэлээд явуулсан байгаа юм. Тэгээд өгөхгүй байгаа болохоор дахин дахин утсаар залгаж нэхэхээр чамтай ярихгүй, аавтай чинь ярина гээд тоодоггүй болсон. Иймд хариуцагч *******аас зөөврийн гараашны үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 1/

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Талуудын хооронд зөөврийн гарааш худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэдий ч гэрээ бичгээр байгуулагдаагүй, гэрээний үнийг тодорхойлоогүй. худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон үнийг тохиролцоогүй байх тул гэрээ байгуулагдаагүй. Иймд талууд шилжүүлсэн зүйлсээ харилцан буцааж өгөх буюу нэхэмжлэгч гараашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. / х.х 89 /

2. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...тухайн үед Бямбадорж гуай зөвшөөрөөд амбаарыг нь аваад сарын дараа 500,000 төгрөг өгсөн. Үүн дээр 2 тал маргахгүй байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хавсарган байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй учир шүүх уг хэргийг хэлэлцэх үндэслэлгүй болж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар бүрдүүлж хуулийн шаардлага хангасан тохиолдолд шүүхэд дахин хандах эрхтэй гэжээ. / х.х 16-17 /

2.1. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Маргааны зүйл болох төмөр амбаар нь завод контеннер биш элдэв төмөр зүйж хийсэн шатахууны ёнкос юм. Уг төмөр амбаарыг 2018 онд 500,000 төгрөг худалдаж авсан нь үнэн үүнээс хойш одоо бүтэн 5 жил өнгөрсөн. Гэрээний хугацаа 3 жил үл хөдлөх хөрөнгө 5 жил байдаг. Учир зүггүй өдөр шөнөгүй нэхсэн гэдэг худал. /х.х 20-21/

2.2. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...шүүх хэргийг нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэдэг гэтэл хавтас хэрэг дотор яг хууль ёсны бичмэл нотлох баримт бараг байхгүй байна.

Хэргээс энэ хэний өмч вэ эргэлзэж байгаа. Анх шүүхэд ******* гэдэг хүний өмч гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2 дахь шүүх хурал дээр энэ миний өмч биш ээ гэж шүүх хурал дээр хүү *******ых гэж үнийг нь ахиулмагц шүүх хуралд оролцсон. ...энэ ямар байгууллагын өмч, ямар хүний эзэмшлийн өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна. Иймд тодорхой шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй гэжээ. /х.х 67-69 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох гараашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл нь хэрэг, маргааны болсон үйл баримтад нийцээгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ.

Миний бие 2020 онд өөрийн эзэмшлийн зөөврийн гараашийг хариуцагч *******ад 2,500,000 төгрөгөөр зарсан, хариуцагч тухайн үед 500,000 төгрөгийг төлөөд уг зөөврийн гараашийг авч явсан. Өдийг хүртэл үлдэх 2,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх байх гэж хүлээж ирсэн боловч төлбөрөө нэхэхэд ...тухайн үед би 500,000 төгрөгөөр худалдаж авсан... гэдгээ хэлсэн. Иймээс миний бие шүүхийн байгууллагад хандаж өгсөн, авсан зүйлийг буцаах буюу түүний төлсөн 500,000 төгрөгийг өгөөд, өөрийн өмчлөлийн зөөврийн гараашийг авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүх бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна, нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан гэж дүгнэсэн.

Шүүх маргаж буй талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай байдаг. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Гэрээний талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үздэг.

Иймд нэхэмжлэгч миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 184-185 /

5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зөөврийн төмөр грашийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******аас грашийн үнэд авсан 500,000 төгрөгийг буцаан өгч, зөөврийн грашаа буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

9. Нэхэмжлэгч ******* нь шаардлагын үндэслэлээ ... зөөврийн төмөр грашийг 1990-д оноос би өмчилж байсан. *******ыг сайн танина, найз нөхдийн ч холбоотой улс. Уг нь бид ингэж шүүхэдмээргүй л байх юм. Надаас төмөр грашийг 2,500,000 төгрөгөөр тохироод ачаад аваад явсан. 500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш үлдэгдэл төлбөрөө шаардахад оюутан хүүхдийн төлбөр төлж байна одоохондоо бололцоогүй байна гэж хэлээд өгөөгүй одоог хүрсэн. Би одоо грашаа буцаан авч өгсөн 500,000 төгрөгийг нь өгье гэсэн шаардлага гаргасан” гэж,

 Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй байна. Нэхэмжлэгч грашийн үнийг 500,000 төгрөгөөр гэж, хариуцагч 2,500,000 төгрөгөөр тохирсон гэж зөрүүтэй ч тохирсон зүйл байна. Нэхэмжлэгч нь 2018 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2023 онд шаардаж байна. Түүнээс өмнө хариуцагчаас нэхэж байсан гэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээ цуцлахыг нөгөө талдаа мэдэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Уг грашийг 500,000 төгрөгөөр худалдан авсан нь гэрчийн мэдүүлэгээр тогтоогддог” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 10. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй, гэрээний гол нөхцөл болох үнийн талаар маргаантай байгаа нь гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Гэрээ байгуулагдаагүй тул өгсөн авснаа харилцан буцаан авах боломжтой гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

12. Нэхэмжлэгч ******* нь *******ад зөөврийн төмөр грашаа 2,500,000 төгрөгөөр худалдахаар тохирч, ******* нь 500,000 төгрөгийг өгч зөөврийн төмөр грашийг зөөвөрлөн авч явсан үйл баримт тогтоогдож байна.

Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй, харин төмөр грашийг хэзээ, хэдэн төгрөгөөр худалдахаар тохирсон, гэрээ байгуулагдсан эсэх, шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа нь маргааны зүйл болжээ.

13. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбараас үзвэл талууд зөөврийн грашийг 2018 он, 2020 онд худалдсан гэж, грашийн үнийг нэхэмжлэгч 2,500,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 500,000 төгрөгөөр худалдан авсан гэж зөрүүтэй тайлбарлаж маргасан.

13.а Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалвал нэхэмжлэгч талаас тухайн үед зөөврийн төмөр грашийн 2018 оны байдлаар зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан, гэрч Г.Энхээ, Ш.Эрдэнэбаатар, Д.Лхагважав нарын “...2018 онд грашийг худалдсан” гэх мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд 2018 онд зөөврийн төмөр грашийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

13.б Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь барааг шилжүүлэх болон хариу төлбөр төлөх үүргийн талаар тохиролцсон байх нь гэрээний гол нөхцөл болох ба гэрээний үнийг талууд харилцан тохиролцоогүй бол хуульд зааснаар эсхүл бусад аргаар тодорхойлох боломжтой байдаг тул үнэ нь гэрээний гол нөхцөл болохгүй юм.

Талууд үнийн талаар маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч ******* нь зөөврийн төмөр грашийн үнийг 2,500,000 төгрөгөөр тохирсон талаар нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр 2018 оны байдлаар 2,339,040 төгрөгийн үнэ цэнэтэй гэсэн дүгнэлт гарч энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

14. Дээрх байдлаас дүгнэж үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

15. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үлдэгдэл төлбөрөө өгөөгүй үндэслэлээр гэрээний зүйл болох зөөврийн төмөр грашаа буцаан гаргуулж, төлбөрт шилжүүлсэн 500,000 төгрөгийг буцаан өгөхөөр шаардлагаа тодорхойлсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг /гэрээнээс татгалзсан/ зөв тогтоосон боловч түүнийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* нь грашийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй,  гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

16. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь *******аас зөөврийн төмөр грашийн үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж байсан гэж тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагч ******* нь баримтаар нотлож, үгүйсгэж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас зөөврийн грашийн үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, улмаар 2023 онд шүүхэд хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

17. Нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******аас зөөврийн грашийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэгч *******оос 500,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******ад тус тус олгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            18. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/01478 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зөөврийн грашийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэгч *******оос 500,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******ад тус тус олгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтад “...хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ   

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН