Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 65

 

                                                                               Мандалговь

 

 

 

 

 

                                        

 

      

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох 1922000930072 тоот хэргийг 2019 оны 6 сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1979.07.26-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт сантехникч, жижүүр ажилтай гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Зоогийн 4-7 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗП79072618/ Б.Ннь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                1/ Холбогдсон хэргийн талаар:

 

                 Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 14 цагийн орчимд 95-09 ДУА улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож яваад Сайнцагаан сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэр Зоогийн 1 дүгээр гудамжны урд талын засмал замын хажуу талын явган хүний замаар зорчиж байсан явган зорчигч Н.Цийг мөргөн унагаж, зам тээврийн осол гаргасан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

               - Хохирогч Н.Цийн: 2019 оны 4 сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 8-3 тоотод байх хашаанаасаа гарч төв рүү орохоор Зоог гэр хорооллын урд талын засмал замын хойд талд байх явган хүний замаар зүүнээс баруун зүгт явж байтал араас гэнэт нэг машин засмал замын боржур давж явган хүний зам руу гарч ирээд миний араас бөгсөн бие хэсгийг шүргэсэн /бөгсөн бие хэсэг рүү цохих шиг болсон/ тэрнээс хойш хэсэг хугацаанд ухаан балартсан, нэг мэдэхэд би явган хүний замын хойд тал руу уначихсан, замын далангийн доор хэвтэж байсан. Би босох гэтэл цээж даагдахгүй болчихсон байсан, өндийгөөд хартал цагаан өнгийн машин засмал замаар баруун зүгт явж байгаа харагдсан. Тэгтэл хар ногоон өнгийн машин зогсоод нэг залуу бууж ирээд та битгий босоорой, таныг тэр машин араас чинь шүргэчихлээ, түргэн тусламж дуудаж, цагдаад мэдэгдэе гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө цагаан машин засмалаас гарч хойд талынх нь шороон замаар явж ирээд миний хажууд зогссон. Тэр машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан бараан өнгийн хувцастай өндөр залуу бууж ирээд намайг татаж босгох гээд би таныг эмнэлэг хүргэж өгье гэж хэлсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан болохоор би чамтай хамт явахгүй, түргэн дуудсан, эмч ирэхээр явъя гэж хэлсэн. Төд удалгүй түргэн тусламжийн машин ирж, эмч намайг үзээд шууд эмнэлэг рүү авч явсан. Цагаан машины жолооч нь машинаасаа бууж ирээгүй, ямар хүн байсныг нь хараагүй. Эмнэлэг дээр очиж эмчид үзүүлээд, зураг авахуулахад мөрний яс зөрж хугарсан байна гэж хэлсэн. Ослын улмаас миний баруун бугалга яс хугарч зөрсөн, бугалганы ясны толгой нь эмтэрсэн гэмтэл учирсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19/

               - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 14 цаг 45 минутад хүлээн авсан тэмдэглэлд: Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн урд засмал дээр 95-09 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн дайрчихлаа гэжээ. /хх-2/

               - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг болсон гэх газар нь Сайнцагаан сумын 5-р баг Зоог гэр хорооллын урд талд байх зам дээр байлаа. Хэргийн газарт 2 урсгалтай зам байв. Уг зам зүүнээс баруун, баруунаас зүүн тийш явах бөгөөд замын хойд талд 95-09 ДУА улсын дугаартай цагаан өнгийн Аванте маркийн машин зүүн хойд зүгт харсан байдалтай зогсож байв. Уг машины баруун гар тулын урд дугуйны гадна бөөр хэсэгт үрэгдэж хаймар нь халцарсан /хуучин/ мөр байв. мөн уг копутны баруун гар талын нугас хэсэгт хонхойсон, хонхойсон хэсгийн  дотор захад ягаан өнгийн 2 тууш зураас үүссэн байв. мөн баруун гар талын крыло хэсэгт будаг халзарсан хуучин хонхорхойг цохиж гаргасан гэхээр мөр байв. Баруун гар талын тольны гадна ирмэг хэсгээрээ хагарсан /хуучин/ байв. Засмал замын зүгээс баруун зүгт явах урсгал чиглэлд уг автомашин явж байсан гэх бөгөөд ослын газрын зүүн талд байх уулзварын уг чиглэлд тэгширсэн хэсгээс 10,60 м зайд засмал замын хойд талын бордюрыг /цаашид хашлага гэх/ давж замын хойд талд байх явган хүний зам руу орсон тээврийн хэрэгслийн дугуйн мөр хашлагыг харлуулж үүссэн байв. Хэргийн газарт хаана, хэрхэн осол болсон талаарх ямар нэгэн ул мөр байхгүй тул үзлэгийг дуусгав” гэжээ /хх-3-7/

               - Гэрэл зургууд, осол болсон газрын бүдүүвч зурэг /хх4-7/

               - Хэргийн газарт хохирогч Н.Ц, гэрч Д.Алтанбаатар, Б.Н нарыг байлцуулан нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд:  Н.Ц, Д.Алтанбаатар нарын заасан газрыг анх мөргүүлсэн цэгээр авч “А” үсгээр тэмдэглэв. Өмнөх үзлэгийн үл хөдлөх цэг буюу засмал замын хойд талаар эгнүүлэн байрлуулсан шонгуудын хамгийн баруун захын шонгоос “В” цэг, “А” цэг хүртэл 26.40х1.95 м байв. А цэгээс засмал замын хойд талын хашлаганы ирмэг хүртэл 1м зайтай байв” гэжээ /хх-8/

               - Гэрэл зургууд, нөхөн үзлэг хийсэн бүдүүвч зураг /хх-9, 10/ 

               - Гэрч Д.Алтанбаатарын: 2019.04.02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэртээ харьж цайгаа уучихаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжих гэр хорооллын дөрөв дүгээр гудамжны урд урт талын засмал замаар өөрийн эзэмшлийн Матез маркийн 78-32 дуа улсын дугаартай машинтай ганцаараа явж байтал Зоогийн гэр хороолын зүүн талд байх шороон замаас цагаан өнгийн “Аванте” маркийн 95-09 дуа улсын дугаартай автомашин засмал замын уулзвараар хойноос урагш чиглэлд орж ирсэн би тэр машинд зам тавьж өгөөд өнгөрөхөөр нь араас хөдөлсөн, 95-09 дуа дугаартай машин чигээрээ явж байгаад уулзвараар баруун гар тийш эргэсэн, би ч араас нь дагаж эргэсэн, би дөнгөж эргээд Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоог гэр хорооллын нэг дүгээр гудамжны урд талаар зүүнээс баруун зүгийн чиглэлд явж байтал миний өмнө явсан 95-09 дуа улсын дугаартай машин замын хойд талын хашлагыг давж цаана нь байх явган хүний зам дээр явж байсан хар өнгийн хувцастай 50 орчим насны эмэгтэй хүнийг машиныхаа баруун гар талын урд хэсгээр мөргөсөн, мөргүүлсэн хүн явган хүний замын хойд тал руу унасан, мөргөсөн машин зам руу буцаж ороод чигээрээ цааш явж замын хойд тал руу эргэсэн,  эхний туслах замын уулзвараар эргэж осолдсон хүн дээр ирж зогссон. Би машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход хувцасных нь баруун тал шороо болсон байсан, нүүр, толгойноос нь цус гарсан зүйл байгаагүй, би цагдаа дуудчихаад, дараа нь түргэн тусламж дуудсан. Тэгтэл нөгөө эгч манай өвгөн рүү залгаад өгөөч гэж хэлэхээр нь би нэгжгүй байна, таны утсаар залгая гэж хэлээд өөрийнх нь утсаар өвгөн рүү нь ярьж болсон асуудлын талаар хэлсэн, мөргөсөн машин ирээд зогсоход жолоочийн хажуу талын суудалд сууж явсан Баяраа гэх залуу бууж ирсэн. Тэгснээ мөргүүлсэн эгч дээр очоод та яаж байна гайгүй юу гэж хэлсэн, дараа нь мөргөсөн машины жолооч болох үл таних залуу бууж ирсэн. Тэр залуу огт юм хэлээгүй дуугүй байгаад байсан. Тэр 2 залуу нилээн их согтуу байгаа нь илт байсан. Түргэн тусламж ирэхээр нь би мөргүүлсэн хүнийг машинд суулгаж өгчихөөд ажил руугаа явсан. Мөргүүлсэн эгч явган хүний замын гол хэсэгт явж байсан, хашлаганаас зайтай байсан.Би хэдэн км/ц-ийн хурдтай явсныг нь мэдэхгүй байна, ойролцоогоор 20 км/ц- ийн хурдтай явсан байх, уулзвар дөнгөж эргээд л хашлага давж хүн мөргөчихөөд л буцаж дарж зам руу ороод цааш явсан, хашлага даваад хол зайд яваагүй. Би тэрийг яг нарийн хэлж мэдэхгүй байна машиныхаа баруун гар талын урд хэсгээрээ мөргөсөн, мөргүүлсэн хүн явган хүний замын хойд талын шороон дээр унасан байсан“ гэх мэдүүлэг /хх-23/

               - Гэрч Б.Энхбаярын:  ...Бид хөдлөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоог гэр хорооллын урд талын засмал замаар зүүнээс баруун зүгт явж байтал Б.Н жолоодлого алдаж замын хойд талын хашлага дээгүүр давж явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг машиныхаа баруун гар талын урд хэсгээр мөргөсөн. Тэгэхэд мөргүүлсэн хүн замын хойд тал руу явган хүний замаасаа гарч унасан. Б.Н тэр хүнийг мөргөчихөөд буцаж зам руугаа орсон. Би түүнд хүн шүргэчихпээ шүү дээ буцаж эргэ гэж хэлсэн. Тэгээд эхний уулзвараар эргэж нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод яаж байна гэж асуухад юм хариулахгүй ёолоод хэвтээд байсан. Бидний ард явсан машины жолооч цагдаа, түргэн тусламж дуудсан. Машинд мөргүүлсэн хүнийг түргэн тусламж ирээд аваад явсан“ гэх мэдүүлэг /хх-24/

               - Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.04.05-ны өдрийн №190200103 тоот “Н.Цийн биед баруун шаант ясны толгой хүзүү хэсгээр зөрүүтэй далд хугарсан, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 –д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-31/ зэрэг баримтууд хамаарч байна.

               Шүүгдэгч Б.Н нь зам тээврийн осол гаргах үедээ согтуу байсан нь хэргийн газарт үзлэг хийсэн “Аванте маркийн машины жолооч Б.Нгээс юу болсныг болон хаана, хэрхэн мөргөсөн болохыг асуухад юу болсныг мэдэхгүй, хариулах чадваргүй болтлоо согтсон байв. Согтолтыг шалгах багажаар шалгаж тэмдэглэл үйлдэв. Найдансүрэнгийн жолоодож явсан гэх автомашинд хамт явсан Б.Энхбаяраас хаана, хэрхэн мөргөсөн, осол яаж болсныг асуухад тодорхой зааж чадахгүй, мөн л согтуу байв” гэх тэмдэглэл /хх-3/, “Б.Н 2.96 хувийн согтолттой” гэх согтуурал шалгасан магадлагаа /хх-11/, гэрч Б.Энхбаярын “өөрийн найз Б.Н, Баяраа, Ширнэндорж болон бас танихгүй 2 залуугийн хамт 3 шил 0.5 литрийн Онги архи уусан. Би нилээн их согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг санаж байна. Тухайн үед Найдансүрэнг харахад гайгүй харагдаж байсан. Гэхдээ согтуугийн хувьд согтуу байсан. Тэр хүн явган хүний замын гол хэсгээр засмал замаас зайтай явж байсан“ гэх мэдүүлэг /хх-24/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

               Мөрдөгчөөс дээрх ослын шалтгаан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтооглгохоор Дунговь аймгийн Замын цагдаагийн тасгийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2019.04.04-ний өдрийн №18 тоот  дүгнэлтэд “Аvante XD маркийн 95-09 дуа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн 3.7. ... Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилльн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй  нь фото зураг, хэргийн газрын үзлэг, схем зургаас нотлогдож байх тул Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Н.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Уг осол нь Аvante XD маркийн 95-09 дуа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Нгийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна” гэжээ /хх-27/

               Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, ямар объект болон материалд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4.1.5, 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

               Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч Б.Н 2019.04.12-ны өдөр /хх-28/, хохирогч Н.Ц 2019.05.01-ний өдөр /хх-29/ тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэн аль нь маргаагүй ба зам тээврийн осол хэрхэн гарсан талаар дүрслэн өгүүлсэн хохирогч Н.Ц, гэрч Д.Алтанбаатар, гэрч Б.Энхбаяр нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байгаа нөхцөл байдлыг харгалзан дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийг шүүх нотлох баримтаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ суудлын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давж, улмаар явган хүний замаар зорчиж байсан явган зорчигч Н.Цийг мөргөн унагаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэх заалт, мөн зүйлийн “з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг жолоочид хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Жолооч Б.Н нь 2002 онд “В”, “С”, “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь №201596 тооот жолоочийн үнэмлэхний хуулбараар тогтоогдож  байх бөгөөд жолооч хүний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог гэдгийг болон ийм үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байна.

Ийнхүү өөрийн хууль бус  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа согтуурсан үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Н.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

                2/ Хохирол, төлбөрийн талаар:

 

               Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Н.Цийн  биед баруун шаант ясны толгой хүзүү хэсгээр зөрүүтэй далд хугарсан, тархи доргилт гэмтэл буюу хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

               Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

               Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Н нь хариуцан арилгах үүрэгтэй ба хохирогч Н.Ц нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б.Нгээс шаардах эрхтэй байна.

               Хохирогч Н.Ц нь мөрдөн байцаалтын шатанд нийт 1143648 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-58-66/ ба шүүгдэгч Б.Нгээс 2019 оны 4 сарын 5-ны өдөр 1 сая төгрөг, 4 сарын 7-ны өдөр 500000 төгрөг, 4 сарын 29-ний өдөр 300000 төгрөг, 5 сарын 29-ний өдөр 200000 төгрөг нийт 2 сая төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Цын бие махбодид учирсан гэмтлийг эмчлэхэд шаардлагатай зардлыг шүүхээс өмнөх шатанд нөхөн төлсөн, хохирогч Н.Ц нь эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 2 сая төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр илэрхийлсэн нь хохирогчийг иргэний нэхэмжлэлээсээ татгалзсанд тооцох үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй тул энэ үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байх тул өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.  

Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Н.Цийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа, хохирогч “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн боловч Н.Цийн 64 настай болон бие махбодид учирсан гэмтлийн зэрэг “хүндэвтэр” байгааг харгалзан үзэж, цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Нгээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

 

            3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

   Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар  1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх санал гаргалаа.

Хэргээс үзэхэд прокурорын 2019.05.16-ны өдрийн 1922000930072 тоот тогтоолоор Б.Нд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мөн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болох нь прокурорын тогтоол, яллах дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-42-43, 73-75/

Иймд улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Нд ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн  нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Н нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүггээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын прокуророос Б.Нд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Б.Н согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н шүүхээс тэнссэн 1 жил 1 сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Цид 2 сая төгрөг хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдсоныг болон түүний жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс өмнөх шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ц нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Нгээс нэхэмжлэх эрхтэйг заасугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С