| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00063/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох 1922001400080 тоот хэргийг 2019 оны 6 сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1979.02.02-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн, үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй, “Болор-Аграмба” ХХК-д ковшийн оперотор ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хороо Ар согоотын 1-161 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:РЙ79020213/ Э.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг, ”Төгсийн хонхор” гэх газарт 2019 оны 5 сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд 6 зорчигчтой 46-36 УБВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгслээр онхолдож зам тээврийн осол гаргасан, зам тээврийн ослын улмаас зорчигч Б.Аийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, зорчигч Д.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “иргэн Ц.Батболороос 2019.05.11-ний өдрийн 22 цаг 05 минутанд “Дэлгэрцогт сумаас урагш 10 км-т 46-36 УБВ улсын дугаартай Noah маркийн машин онхолдсон байна” гэжээ /хх-2/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “хэрэг болсон гэх газар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг Төгсийн хонхор гэх газарт Дэлгэрцогт сумын төвөөс 8 км-т Дундговь аймгаас Улаанбаатар хот явах засмал зам дээр байв. Осолдсон машиныг хэргийн газраас хөдөлгөсөн байсныг машины жолооч Э.Б болон гэрчүүд болох Ууганбаатар, Батболд, Ганпүрэв нараар заалган дахин байрлуулж үзлэг хийв. Хэргийн газарт засмал зам дээр цас хайлсан, нилэнхүйдээ усархаг байв. Уг машин нь засмал замаар урдаас хойд зүг, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд замын ертөнцийн зүгээр баруун тал руу гарсан, нэг удаа хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ тогтсон мөр замын баруун талын хөвөөн дээр үүссэн байв. Мөрөн дээр цас орж далдалсан байв. машины копут хэсэг зүүн зүг рүү харж замын баруун талд 4 дугуйн дээрээ зогсож байв. Машины урд хэргийн газрын хөрсөн дээр машины хагарсан шил байв. Машины арын цонхны жижиг шил машинаас хойд зүгт унасан байв” гэжээ /хх-3-5/
- Осол гарсан замын нөхцөл байдал болон автомашины онхолдож унасан байдлыг харуулсан 11 кадр гэрэл зургууд /х.х-4-5/
- Хохирогч Б.Аийн “Би 2019.05.11-ний өдөр ажлаасаа буугаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот өөрийн ажлын залуу Баатарсүрэнгийн машинд сууж явсан. Дундговь аймгийн төв өнгөрөөд явж байтал миний нойр хүрээд хэсэг үүрэглэсэн юм. Тэгтэл гэнэт машин онхолдож, хэсэг ухаан балартаад сэргэхэд машин 4-н дугуйн дээрээ босчихсон байсан. Машины арын шил нь хажуугийн шилтэй хагарсан байсан. Ослын улмаас миний биед хүзүүний сэртэн яс хугарсан, толгой хавдсан гэмтэл учирсан өөр гэмтэл учраагүй. Би унтахаасаа өмнө машин хурд хэмжигчийг харахад 50 км цагийн хурдтай явж байсан. Э.Б нь одоог хүртэл зарцуулсан эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг, ажилгүй байх хугацааны цалинг өгнө гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-37/
- Гэрч Д.Бы “Би 2019.05.11-ний өдөр ажлаасаа буугаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот өөрийн ажлын залуу Баатарсүрэнгийн машинд сууж явсан. Биднийг явах замд цасан шуурга шуурч зам халтиргаатай мөстэй байсан. Унтаж явахад машинд байсан хүмүүс орлилдоод байхаар нь сэртэл онхолдож байсан. Яах ийхийн зуургүй машин нэг хөлбөрөөд 4-н дугуйн дээрээ тогтсон. Ослын улмаас миний зүүн гарын мөр хэсэг зөөлөн эдийн гэмтэл учирсан. Өөр гэмтэл учраагүй. Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны 1 сарын цалингаа нэхэмжилнэ“ гэх мэдүүлэг /хх-40/
- Шинжээчийн 2019.05.13-ны өдрийн №5902 тоот “Б.Аийн биед хүзүүний 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн зовхи, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-58/
- Шинжээчийн 2019.05.17-ны өдрийн №5889 тоот “Д.Бы биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-62/
- Гэрч Р.Ууганбаатарын “Би 2019.05.11-ний өдөр ажлаас буугаад хамт ажилладаг Э.Бгийн машинд Д.Ганпүрэв, Б.Батболд, Л.Баттулга, Б.А, Д.Б нарын хамт суугаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 11 цаг өнгөрч байхад гарч Улаанбаатар хотруу явсан. Бид Э.Бгийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота Ноах маркийн 46-36 УБВ улсын дугаартай машинтай гарсан. Машиныг Э.Б жолоодож явсан. 2019.05.11-ний өдөр биднийг Өмнөговь аймгаас гарах үед цаг агаар гайгүй байсан боловч явж байхад цаг агаар муудаж цастай, зам гөлөөнтэй болсон. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум орох гээд гар утсаараа тоглоод явж байтал машин шарвах шиг болтол машин хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогсчихсон байсан, юу болсныг ч мэдээгүй нэг л мэдэхэд осол болчихсон байсан. Ослын дараа машинд байсан хүмүүс бүгд суудалдаа сууцгааж байсан. Б.А эгчийн толгой нь өвдөж байна гэсэн, Д.Бы мөр нь өвдөөд байна гэж хэлсэн, бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зүгээр байна гэсэн. Хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй, их л удаан явж байсан, осол болох үед гадаа хүчтэй цасан шуурга тавьж, замын гадаргуу цасанд хучигдаж мөстсөн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Машин бүрэн, бүтэн, хэвийн ажиллагаатай байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл, догол ажиглагдаагүй, яагаад осол болсон талаар надад мэдэх зүйл алга, халтиргаан дээр л уначихсан байх. Миний биед учирсан гэмтэл, зовиур байхгүй, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-43/
- Гэрч Б.Батболдын “Би 2019.05.11-ний өдөр ажлаас буугаад хамт ажилладаг Э.Бгийн машинд Д.Ганпүрэв, Р.Ууганбаатар, Л.Баттулга, Б.А, Д.Б нарын хамт суугаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 11 цаг өнгөрч байхад гарч Улаанбаатар хотруу явсан. Бид Э.Бгийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота Ноах маркийн 46-36 УБВ улсын дугаартай машинтай гарсан. 2019.05.11-ний өдөр биднийг Өмнөговь аймгаас гарах үед цаг агаар гайгүй байсан боловч явах замд цаг агаар муудаж цас орж зам гөлөөнтэй болсон. Би замдаа унтаж яваад нэг сэртэл машин шарвах шиг болоод онхолдож 1 удаа хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогсчихсон байсан, машин халтригаан дээр шарваад онхолдсон. Ослын дараа машинд байсан хүмүүс бүгд суудалдаа сууцгааж байсан. Машины голын суудал дээр сууж явсан Б.А эгчийн толгой нь өвдөж байна гэсэн, хажууд нь сууж байсан Д.Бы мөр нь өвдөөд байна гэж хэлсэн, бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зүгээр байна гэсэн. Б.А, Д.Б нарыг замын машинд суулгаж Дундговь аймгийн төврүү эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Машины зүүн гар талын урд дугуйны хий гарчихсан байхаар нь сольж тавиад хөдөлж Дэлгэрцогт сумын төв орж буудал хайж байгаад буудалд орсон. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Би осол болох үед машины хамгийн ар талын суудлын голд сууж явсан. Миний биед учирсан гэмтэл, зовиур байхгүй учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлэг /хх-44/
- Гэрч Д.Ганпүрэвийн “Би 2019.05.11-ний өдөр ажлаас буугаад хамт ажилладаг Э.Бгийн машинд Б.Батболд, Р.Ууганбаатар, Л.Баттулга, Б.А, Д.Б нарын хамт суугаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 11 цаг өнгөрч байхад гарч Улаанбаатар хотруу явсан. Бид Э.Бгийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Тоёота Ноах” маркийн 46-36 УБВ улсын дугаартай машинтай гарсан. Би замдаа унтаж яваад нэг сэртэл машин замын баруун талруу замаас гараад далийж байсан, далийсан чигээрээ хэсэг явж байгаад онхолдож 1 удаа хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогсчихсон, машин халтиргаан дээр шарваад онхолдсон. Ослын дараа машинд байсан хүмүүс бүгд суудалдаа сууцгааж байсан, машины голын суудал дээр миний хажууд сууж явсан Б.А эгчийн толгой нь өвдөж байна гэсэн, хажууд нь сууж байсан Д.Бы мөр нь өвдөөд байна гэж хэлсэн, бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зүгээр байна гэсэн. Осол нь оройны 19 цаг өнгөрч байхад болсон. Машин бүрэн, бүтэн, хэвийн ажиллагаатай байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл, догол ажиглагдаагүй, Ослын дараа машины урд талын нэг дугуй хийгүй байсан, бага зэрэг тосол гоожиж байсан. Машин зүүн зүгт харчихсан, замын баруун талд байсан. Миний биед учирсан гэмтэл, зовиур байхгүй учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-45/
- Гэрч Л.Баттулгын “Би 2019.05.11-ний өдөр Өмнөновь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот орохоор хамт ажилладаг Э.Б ахын Тоёота Ноах маркийн машинд ажлынхныхаа хамтаар буюу Р.Ууганбаатар, Б.Батболд, Б.А, Д.Б, Д.Ганпүрэв нарын хамт явж байсан юм. Машиныг Э.Б ах өөрөө жолоодож, би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж, машины голын суудал дээр Б.А, Д.Б, Д.Ганпүрэв нар сууж явсан. Арын суудал дээр Р.Ууганбаатар, Б.Батболд нар сууж явсан юм. Бид Дундговь аймгийн төвд хоол идчихээд цааш хөдөлсөн, тэр өдөр гадаа цаг агаар цасан шуургатай, замын гадаргуу мөстсөн, халтиргаатай байсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум орох гээд явж байтал машин гэнэт шарваж, бөгсөө шидэж хажуугаараа гулсаж 20-30 м зайг туулж нэг бүтэн эргэж онхолдоод 4-н дугуйн дээрээ буусан. Осол болох үед Э.Б ах өөрөө машин жолоодож явсан, осол болох үед Э.Б ахад машин дотор байсан хүмүүсээс хэн нэгэн саад учруулаагүй, халтиргаан дээр гулсаад л осол болсон. Машин 40-50 км/ц-ийн хурдтай явж байсан. Ослын дараа Д.Бы гар нь өвдөөд байна гэсэн, Б.А эгчийн толгой нь хавдсан байсан, бусад хүмүүс зүгээр байна гэж байсан, гэхдээ хүмүүс шоконд орсон байдалтай байсан. Би Дэлгэрцогт сумын төв ороод шууд автобусанд сууж Улаанбаатар хотруу явсан юм. Өвдөлт, зовиур ч байхгүй. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-46/
Мөрдөгчийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн тогтоолоор /х.х-82/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 5 сарын 11-ний өдөр Тоёота Ноах маркийн 46-36 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал замын хажуу руу онхолдсон зам тээврийн ослын хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын тасгийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч дараахь дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:
- Замын цагдаагийн тасгийн 2019.05.17-ны өдрийн 25 тоот дүгнэлтэд “ Тоёота ноах маркийн 46-36 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт зөрчсөн байна. Уг осол нь Тоёота ноах маркийн 46-36 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Бгийн буруутай үйлдлээс үүдэн зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /хх-83/
Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, ямар объект болон материалд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4.1.5, 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч Э.Б 2019.06.10-ны өдөр /хх-84/, хохирогч Б.А 2019.05.28-ний өдөр /хх-85/ тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэн аль нь маргаагүй ба зам тээврийн осол хэрхэн гарсан талаар дүрслэн мэдүүлсэн хохирогч Б.А, гэрч Д.Б Д.Ганпүрэв, Л.Баттулга, Р.Ууганбаатар, Б.Батболд нарын мэдүүлэг, яллагдагч Э.Бгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зурагтай тохирч байгаа зэргийг харгалзан дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийг шүүх нотлох баримтаар тооцлоо.
Дээр дурьдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2019 оны 5 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг, ”Төгсийн хонхор” гэх газарт 46-36 УБВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан Б.Аийн бие махбодид хүндэвтэр, Д.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч Б.А, гэрч Р.Ууганбаатар, Б.Батболд, Б.А, Д.Б, Д.Ганпүрэв, Л.Баттулга нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-37, 40, 43-46, 2, 58, 62,/
Шүүгдэгч Э.Б нь “В”, “С”, “М” ангиллын жолоодох эрхтэй болох нь жолоочийн 465588 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай, цас орж, цасан шуурга шуурч байсан болох нь хэргийн газрын үзлэг, Дундговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн тодорхойлолт зэрэг баримтаар /х.х-3-5, 106/ тогтоогдсон болно.
Жолооч Э.Б нь тухайн тохиолдолд замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж чадаагүй зам тээврийн осол гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих” гэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөний дүрмийг жолооч, зорчигч нарын хэн аль нь сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Э.Бгийн жолоодож явсан автомашины зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй, жолооч хамгаалах бүс хэрэглэх шаардлага тавиагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ гэсний “б/”-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалт мөн дүрмийн 6.1-д Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ гэсний ”а/”-д “хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэх заалтыг тус тус зөрчсөн байна. Энэхүү хайхрамжгүй үйлдэл нь зам тээврийн ослоос шалтгаалан учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар болгоомжгүй гэмт хэрэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас иргэн Б.Аийн бие махбодид хүндэвтэр, Д.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч Б.А нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэсэн гэх 400000 төгрөгийн баримт /хх-29/, “Э.Бтэй эвлэрсэн, гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-124/, мөн түүнд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “эмчилгээ хийлгэсэн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин гээд нийт 1350000 төгрөгийг хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. Иргэний нэхэмжлэгч Д.Баас “ажилгүй байсан хугацааны буюу сарын цалин 900000 төгрөгийг хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Э.Б нь хариуцан арилгах үүрэгтэй ба хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Д.Б нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, гэм хорыг арилгахыг шүүгдэгч Э.Бгээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөх үүрэгтэй. Хэргийн баримтаас /хх-107-108/ үзэхэд хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Д.Б нар нь тогтмол цалинтай ажил эрхэлдэг иргэд байх бөгөөд хөдөлмөрийн чадвараа хэдий хир хугацаатай алдсан, тухайн хугацаанд ямар хэмжээтэй цалин хөлс дутуу авсан эсэх нь тодорхойгүй, Э.Б хэдэн төгрөг төлсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар тодорхой тооцоо хийх бололцоогүй байна.
Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тухайн гэмтлийг эмчлэхэд шаардлагатай гэх зардалд хохирогч Б.Ат 2019 оны 5 сарын 12-ноос 6 сарын 18-ны хооронд 1350000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 2019 оны 6 сарын 14-нөөс 25-ны хооронд нийт 900000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хүлээн авсан /хх-122, 124/ гэж мэдэгдсэн байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хангаж холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Б.Аийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа, хохирогч “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.Аийн гэмтлийн зэрэг “хүндэвтэр” байгааг харгалзан үзэж, мөн холбогдох иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхисон тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь шүүхээс өмнөх шатанд өөрийн санаачилгаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул өнөөдрийн байдлаар Э.Б нь бусад төлөх төлбөргүй болжээ.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргалаа.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо, сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд гомдолгүй, эвлэрсэн гэх хүсэлт бичгээр гаргасан ба хохирогч Б.А нь нийт 1350000 төгрөг хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч Д.Б нь 900000 төгрөг хүлээн авсан гэж шүүхэд мэдэгдсэнийг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 11, 13 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Д.Б нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Д.Б нар нь өөрсдийн эрүүл мэнд, гэм хор учирсантай холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Э.Бгийн болон өөрсдийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шүүгдэгч Э.Бгээс гаргаж өгсөн депозит дансны хуулга, гүйгээний мэдэгдэл, шилжүүлгийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг /7 хуудас/ баримтыг шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн 1922001400080 тоот хэрэгт хавсаргасугай.
ДАРГАЛАГЧ С.С