Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганбаяр,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1938006450348 дугаартай хэргийг  2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Э-, 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газар чонын үргээлгэнд явж байхдаа өөрийн барьж явсан галт зэвсгээс сум алдаж, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газар чонын үргээлгэнд явж байхдаа өөрийн барьж явсан галт зэвсгээс сум алдаж, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006450348 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үе найз Ц.Энхбат, С.Энхбат, Б.Э- нарын хамтаар Жаргалант сумын 4 дүгээр баг ХХХ гэх газарлуу чонын ан хийхээр явсан юм. Уг газарт очоод Ц.Энхбат, С.Энхбат хоёр сууринд суухаар болоод Б.Э- бид хоёр чоно үргээхээр явсан. Б.Э- бид хоёр чоно үргээх гээд явж байхад Б.Э- өөрийн барьж явсан буунаас сум алдаад миний нуруун тус газарт оносон. Би бууны суманд оногдоод шууд газарт унасан. Унаад орилоод байж байхад Б.Э- хоёр Энхбатыг дуудаж авчирсан. Тухайн үед Б.Э- миний баруун гар талд надаас 1 метр орчимын зайтай явж байгаад сум алдаж, алдсан сум нь намайг оносон. Тэрнээс биш Б.Э- бид хоёрын дунд маргалдаж, муудалцсан зүйл огт байхгүй. Б.Э- найз маань санамсаргүй байдлаар сум алдсан. Тэгээд найзууд маань намайг шууд Мөрөн сумруу оруулж ирээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Би нэгдсэн эмнэлэгт үзүүлээд нуруун дахь сумаа авахуулсан. Миний нуруу руу орсон сум нь яс болон шөрмөс дайраагүй байна гэж  эмч нь хэлж байсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал маань хэвийн өвдөж, зовиурлах зүйл огт байхгүй байгаа…Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн огт байхгүй…Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Гэрч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Урд шөнө нь манай хот руу чоно орсон юм. Тэрийг үргээх зорилготой Б.Э-, Баадгай /Б.Б-/, С.Энхбат бид  дөрөв ХХХ гэх газар луу явсан юм. Б.Э-, Баадгай хоёр үргээж, С.Энхбат бид хоёр отож сууж байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Б.Э- бид хоёрыг “хүрээд ирээч” гэж орилсон. Тэгэхээр нь С.Энхбат бид 2 очсон чинь Б.Э- би “буу алдчихлаа” гээд Баадгайг бүсээр нь бэлхүүс хэсгээр боосон байдалтай байсан. Тэгэхээр нь би С.Энхбат, Б.Э-, нартай ярьж байгаад Мөрөн сум руу явсан. Мөрөн суманд ирээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед яг яаж байгаад буу алдсан болохыг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Гэрч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Э-, Баадгай, Энхбат нарын хамт Жаргалант сумын ХХХ гэх газар анд явж үргээлэг хийсэн юм. Хотонд чоно ороод байхаар нь бид хэд нийлж явсан юм. Ц.Энхбат бид хоёр сууринд суухаар үлдээд, Н Б.Э-, Б.Б- хоёр үргээж өгөхөөр явсан. Тэгээд бид хоёрыг сууж байхад Б.Э- нь бид хоёрыг дуудаж, “хүрээд ирээч” гэж орилоод байсан. Тэгэхээр нь бид хоёр очиход Б.Э- нь “буу алдчихлаа” гэж байсан. Б.Б- нь бэлхүүсээр нь бүсээр боосон байдалтай байсан. Бүсийг нь сөхөж үзэхэд бага зэрэг цус шүүрсэн, сум орсон мөр нь жижиг нүх хэлбэртэй харагдаж байсан. Яг яаж байгаад тийм зүйл болсон эсэхийг нь бол Ц.Энхбат бид хоёр хараагүй. Б.Э- “санаандгүй сум алдсан” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ шууд Мөрөн сум яваад нэгдсэн эмнэлэгт хүрч ирж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би санамсар болгоомжгүйгээр найз Б.Б-ынхаа биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр найз Б.Б-, Ц.Энхбат, С.Энхбат нарын хамтаар Жаргалант сумын 4 дүгээр баг ХХХ гэх газарт чонын анд явсан юм...Тэгээд Б.Б-тай хамт үргээлэг хийгээд чимээ гаргаад алхаж байхдаа би өөрийн гартаа барьж явсан ТОЗ-8 маркийн буунаасаа санамсаргүй байдлаар сум алдаж, найз Б.Б-ынхаа нуруун тус газарт оносон. Найз Б.Б- маань суманд оногдоод л газарт уначихсан. Түүнийг унасан байхад би нөгөө хоёроосоо тусламж гуйж дуудсан. Удалгүй тэр хоёр гүйгээд ирсэн. Тэгээд найзуудтайгаа ярилцаж байгаад Б.Б-ыг шууд аймгийн төв рүү авч явж үзүүлэхээр болоод авч явж үзүүлсэн. Найз Б.Б-ыгаа нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд “хөнгөн шархадсан байна, яс, судас дайраагүй байна” гэж хэлж байсан.Тухайн үед санамсаргүй байдлаас болж сум алдсан, тэрнээс биш найз Б.Б-тайгаа маргалдаж, муудалцсан зүйл огт байхгүй...Тухайн үед миний барьж явсан Тоз-8 маркийн буу нь миний ааваас надад ирсэн буу байгаа юм. Тухайн буунд маань ямар нэгэн бичиг баримт гэх зүйл байхгүй...Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        9 дүгээр сарын 12-ны өдрийн 469 дугаартай: ...Б.Б-ын биед ууцны зөөлөн эдэд буудагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 0.5 см-ээс багагүй калибрын голчтой хушуут сумтай, бянтат бууны нэг удаагийн ойрын зайн буудалтаар үүсгэгдсэн байна. Б.Б-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6-7-р тал/

Галт зэвсгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р тал/

Хохирогч Б.Б-ын шүүгдэгч Б.Э-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 44-   45-р тал/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХ аймгийн Х сумын ХХХ багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газар чонын үргээлгэнд явж байхдаа өөрийн барьж явсан галт зэвсгээс сум алдаж, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан.  Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий  шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Э-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн галт зэвсгийн тухай хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, галт зэвсгийн тооллого, бүртгэл цагдаагийн байгууллагаас бүрэн хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

              Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “эмчилгээний зардал бүрэн төлөгдөж, эдгэрсэн” тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.            

Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Э- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42.5 см-ийн урт ... дугаартай гол төмөртэй, ... дугаартай замагтай, 68.5 см урт модон хуйтай, Тоз-8 маркийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938006450348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938006450348 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 42.5 см-ийн урт ... дугаартай гол төмөртэй, ... дугаартай замагтай, 68.5 см урт модон хуйтай, Тоз-8 маркийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн 1938006450348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР