Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2025/00074

 

    *******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  09 дүгээр сарын 15-ны өдрийн 307/ШШ2025/01542 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээнээс татгалзаж, 82,500,000 төгрөгийг гаргуулах” тухай,

Сөрөг нэхэмжлэл: “Гэрээний 236,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

*******, ******* нар нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ханжаргалан тоот хаягт байрлалтай нэгж талбарын ******* дугаартай, 461 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 200,000,000 төгрөгөөр, 0 дугаартай гэрээгээр тухайн газар дээр байрлах бүртгэлийн Ү-******* дугаартай 158 мкв талбайтай авто засварын зориулалттай объектыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгасан.

Тухай өдрөө буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр *******гийн ХААН банкны дугаартай данснаас *******ын ХААН банкны дугаартай дансанд 60,000,000 төгрөгийг, М.Пунсалбал нь татвар төлөх мөнгөгүй гэсэн тул 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 21,850,000 төгрөгийн үнэ бүхий 180 ширхэг авто машины дугуйг 20,000,000 төгрөгт тооцон *******д өгсөн.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөх үлдэгдэл 237,500,000 төгрөгийг дээрх газрын болон авто засварын зориулалттай объектын эрхийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дээр нэр бүрэн шилжүүлмэгц өгөхөөр тохирсон байсан.

Ингээд 2 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж байгаагаа *******д эхлээд дуут шуудангаар /мессенжер войс/ мэдэгдэж, дараа нь цаг агаарын хүнд нөхцөл үүсч Баянчандмань орчимд зам хаасны улмаас цааш явах боломжгүй тул эндээсээ буцлаа, цаг агаарын нөхцөл хэвийн болмогц очъё гэж видео дуудлагаар хэлэхэд тухайн нөхцөлд үүссэн байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг агаарын аюултай нөхцөл байдлыг ******* нь үл тоомсорлож дургүйцлээ илэрхийлж, хараалын үг хэрэглэн зүй бусаар харьцсан. Ингэхдээ ******* нь гэрээ цуцлах саналыг анх гаргаж, гэрээний төлбөрт авсан дээрх дүн бүхий төлбөрийг буцааж шилжүүлэх тухай мэдэгдэж дансны дугаараа илгээхийг шаардсан.

*******ын гэрээнээс татгалзаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч дансны дугаараа даруй илгээсэн боловч төлбөрийг буцаан шилжүүлээгүй. Түүнээс хойш гэрээний татгалзалтай холбоотойгоор заавал шүүхээр шийдвэрлэлгүй, авсан өгснөө буцаах тухай удаа дараа ярилцаж, харилцсан боловч үр дүнд хүрээгүй.*******гийн хувьд ч *******ын гаргасан илт дээрэнгүй зүй бус харьцааны улмаас болон ******* гэрээнээс татгалзаж буйгаа анхлан мэдэгдсэнээр цаашид энэ гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй, итгэл үнэмшилгүй болсон.

Иймд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 0, 0 дугаар гэрээг цуцалж, 62,000,000 төгрөгийн 180 ширхэг автомашины дугуйг буцаан гаргуулах. Хэрэв дугуйг биет байдлаар гаргуулах боломжгүй бол дугуйны үнэ 20,000,000 төгрөг, нийт  82,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

1.1. Нэхэмжлэгч талаас 2025.06.03-ны өдрийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 0, 0 дугаар гэрээнээс татгалзаж, 62,000,000 төгрөгийн 180 ширхэг автомашины дугуйг буцаан гаргуулах. Хэрэв дугуйг биет байдлаар гаргуулах боломжгүй бол дугуйны үнэ 20,000,000 төгрөг, нийт  82,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Анх фейбүүк дээрх граш түрээслэнэ гэх зарын дагуу Приус центр авто засварын газар ажиллуулдаг гэх *******гийн туслахтай чатаар холбогдоод 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн грашаа үзүүлж, 350 сая төгрөгөөс доош буулгаж 320 сая төгрөгөөс 20 сая төгрөгт нь 180 ширхэг автомашины дугуй, үлдэгдэл 300 сая төгрөгийг өөрийн ХААН банкны дансанд авахаар тохиролцсон.

...Ингээд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээ /Өмчлөлийн газар/, 0 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг тус тус байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд тухайн өдрөө би худалдаж буй эд хөрөнгөө хүлээлгэн өгч түлхүүрийг нь гардуулсан. Энэ өдөр татварын шимтгэлд 2.5 сая төгрөг, урьдчилгаа төлбөр 60 сая төгрөгийг авч 20 сая төгрөгт тооцсон 180ш дугуйгаа Улаанбаатар хотын Амгалан салбараас нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр очиж авсан.

Ийнхүү гэрээгээ баталгаажуулсны дараа 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газрын кадастр зураг гаргаад *******тай ярьтал цасаар шуураад зам муу байна цаашаагаа явж болохооргүй болчихлоо би Баянчандманиас буцлаа чи өөрөө улсын бүртгэл рүү очоод нэрээ шилжүүлчих гэсэн. Ингээд би улсын бүртгэл дээр очиход худалдан авч буй тал заавал өөрийн биеэр байж хурууны хээгээ уншуулж баталгаажуулдаг, эсхүл та итгэмжлэл аваад нэрээ шилжүүлэх боломжтой гэдэг хариуг өгсөн. Тэгээд улсын бүртгэлийн газраас гарч ирээд *******тай яриад би ганцаараа бол шилжүүлж болохгүй юм байна, та нэг туслахдаа итгэмжлэл хийгээд маргааш наашаа явуулчих, эсхүл энд байгаа хүнд итгэмжлэл хийж өгөөд нэр усаа шилжүүлээд дуусгая гэхэд тэрээр маргаашдаа бол худлаа зам муу байгаа болохоор нэг мөр дараа долоо хоногтоо больё гэсэн. Ингээд ахиад төлбөр мөнгө 7 хоног хүлээгдэх болчхоод миний дараа дараагийн ажил амжихгүй болох гээд байсан тул би газрын кадастрын нэр тань дээр шилжчихсэн болохоор та газрын үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд газрын төлбөр тооцоогоо дуусгая гэхэд ******* нь үгүй нэг мөсөн үл хөдлөхийн гэрчилгээ шилжүүлсний дараа төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн. Тухайн үед орын хоногтоо миний худалдсан хөрөнгөний төлбөр надад ороод ирнэ гэж тооцон дараа дараагийн ажлаа төлөвлөсөн байсан тул та гэрээний үүргээ биелүүлээд төлбөрөө төлчхөөчдээ миний дараагийн ажил бүтэхгүй болчих гээд байна гээд бидний дунд үл ойлголцол үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэгвэл наймаа буцъя гээд урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхсэн. Уг нь автозам буу бол вагоноор зорчих, Дарханд байгаа хүнд итгэмжлэл хийж өгөх, эсхүл цасан шуурга зогссон үед зорчих гэх мэт олон арга байсан ч нэхэмжлэгчийн үгээс би дараа 7 хоногоос очно, намайг хүлээгээд байж бай гэсэн илт бүдүүлэг, дээрэнгүй хандлага гаргасан.

Би үл хөдлөх хөрөнгөө зарахын тулд засварын газарт байсан дугуй эд зүйлээ шилжүүлж зөөх, зөөсөн дугуйгаа борлуулах контэйнэр, сав худалдан авах бусад бараагаа хэт хямд үнээр борлуулах, анх авсан үнээ буулган буцаах гэх мэтээр үл хөдлөх хөрөнгөө суллах бүхий л арга хэмжээг авсан. Үүн дээр нэмээд БНХАУ-аас 2 машин өргөгч лифт, дугуй, бусад бараа эд зүйлс захиалан дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөх үед хашаанд байсан агуулахыг маань хэрэггүй хэмээн үзээд нураачихсан атлаа гэнэт л бидний хооронд үүссэн үл ойлголцлоос шалтгаалж наймаагаа буцаая гэж урьдчилгаа төлбөрөө үндэслэлгүйгээр шаардаж эхэлсэн. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд миний худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг гэрээ байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, газрын нэр худалдан авагч шилжсэний дараа төлбөрийг төлнө гэсэн заалт огт байхгүй. Гэсэн хэдий ч би хариуцагчийн боломж бололцоог харгалзан төлбөр төлөх хугацааг хойшлуулан хүлээж байсан боловч хариуцагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй нөхцөлийг надад тулгасан. Үл хөдлөх хөрөнгийн нэр шилжихэд ч дан ганц хариуцагчийн зүгээс шалтгаалсан асуудал бөгөөд би өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж гүйцэтгэсэн, гэрчилгээ гаргуулахад зөвхөн тэр хүн хурууны хээгээ дарахад л хангалттай байсан боловч гагцхүү хариуцагч нь ирж амжихгүйгээс болж миний дараачийн төлөвлөсөн ажил удааширч, би алдагдал хүлээх гээд байсан тул арга буюу гэрээний үүргээ биелүүлээч гэж шаардсан. Би тухайн авто засвараа нээн ажиллуулахын тулд 5 жил БНСУ-д гэрээгээ ажиллан мөнгө хурааж, өөрийн орон сууцаа зарж борлуулан байж нээсэн. Гэтэл худалдан авч байна гэж хүчин төгөлдөр гэрээ байгуулчхаад одоо болохоор болилоо гээд намайг граш ч үгүй, дараагийн бизнес ч үгүй болгож нэг ёсондоо миний 10 жил хөлсөө дуслуулж бий болгосон эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хохироож байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа гэрээний хувьд гэрээг бичгээр байгуулах нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д шаардсан ба энэ хэлбэрийн шаардлагыг талууд зөрчөөгүй, тухайлбал гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.

Худалдан-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд гэрээнд зааснаар худалдаж буй үл хөдлөх хөрөнгө, газрын үнийг гэрээ байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, газрын нэр худалдан авагч талд шилжүүлсний дараа төлбөрийг төлнө гэсэн заалт огт байхгүй тул хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсаныг буруутгах боломжгүй.

Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлэн өгсөн учир нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчаас хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийн түлхүүр, холбогдох баримтыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байна.

Худалдан авагч талын гэрээгээр тохиролцсон үүргээ зохих хугацаандаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан худалдагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардсанаас үүдэн үүссэн үл ойлголцсоныг худалдагч тал гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв ийнхүү татгалзсан бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу яваглаагүй гэрээний татгалзал нь хүчин төгөлдөр бус байна. Дээрх байдлаар үүссэн ялимгүй бухимдлыг хариуцагчийн үнэн санаанаасаа гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчээс шалтгаалсан үүргээ зохих ёсоор, заасан хугацаанд нь гүйцэтгээгүй үйлдэлд хариуцагчийн ялимгүй бухимдсан үйлдэл нь гэрээнээс татгалзах санал биш байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /  х.х 31-33 /

3. Хариуцагч *******аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :

...Худалдан авч байна гэж хүчин төгөлдөр гэрээ байгуулчхаад одоо болохоор болилоо гээд намайг граш ч үгүй, дараагийн бизнес ч үгүй болгож нэг ёсондоо миний 10 жил хөлсөө дуслуулж бий болгосон эд хөрөнгийг үнэгүйдүүлж намайг хохироож байна.

Иймд нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 236,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 37-39/

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

...Гэрээ байгуулахтай холбоотой зардал, цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулаад явж байхад *******ын гаргасан илт дээрэнгүй зүй бус харьцааны улмаас мөн ******* гэрээнээс татгалзаж буйгаа анхлан, удаа дараа мэдэгдсэнээр *******гийн хувьд цаашид энэ гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч *******гийн хувьд үр дүнгүй хөрөнгө зарцуулагдаж хохирсон. Хариуцагч ******* нь өөрөө гэрээнээс эхэлж татгалзсан. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. /х.х 70-71/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 82,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчийн гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,650 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,340,450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 640,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Гэрээнээс татгалзах журмыг Монгол Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Талуудын хооронд 2025.03.24-ний өдрийн 0 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ /Өмчлөлийн газар/, 0 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө / гэрээг тус тус байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн өдрөө худалдаж буй эд хөрөнгөө хүлээлгэн өгч тус үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулсан байдаг.

Ийнхүү гэрээгээ баталгаажуулсны дараа 2025.03.26-ны өдөр газрын кадастр нэхэмжлэгч *******гийн нэр дээр гарсан тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******тай ярьж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлье гэтэл “цасаар шуураад зам муу байна цаашаагаа явж болохооргүй болчихлоо би Баянчандманиас буцлаа чи өөрөө улсын бүртгэл рүү очоод нэрээ шилжүүлчих” гэсэн. Ингээд хариуцагч нь улсын бүртгэл дээр очиход худалдан авч буй тал заавал өөрийн биеэр байж хурууны хээгээ уншуулж баталгаажуулдаг, эсхүл та итгэмжлэл аваад нэрээ шилжүүлэх боломжтой гэдэг хариуг өгсөн. ... Тухайн үед ойрын хоногтоо миний худалдсан хөрөнгөний төлбөр надад ороод ирнэ гэж тооцон дараа дараагийн ажлаа төлөвлөсөн байсан тул та гэрээний үүргээ биелүүлээд төлбөрөө төлчхөөч дээ миний дараагийн ажил бүтэхгүй болчих гээд байна гээд бидний дунд үл ойлголцол үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэгвэл наймаа буцъя гээд урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхсэн. Уг нь авто зам муу бол вагоноор зорчих, Дарханд байгаа хүнд итгэмжлэл хийж өгөх, эсхүл цасан шуурга зогссон үед зорчих гэх мэт олон арга байсан ч нэхэмжлэгчийн зүгээс би дараа 7 хоногоос очно, намайг хүлээгээд байж бай гэсэн илт бүдүүлэг, дээрэнгүй хандлага гаргасан байдаг.

Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтаар хариуцагчийг гэрээнээс татгалзах санал гаргаж, нэхэмжлэгч хүлээн авсан мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2016.09.05-ны өдрийн 03 дугаар гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” тайлбар зөвлөмжид “гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт нь зайлшгүй хэрэглэвэл зохих хууль байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, харин гэрээг цуцлах журмын талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй алдаа гаргажээ.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Гэрээг баталгаатай байлгах зорилгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү, бухимдал зэргийг гэрээг цуцлах тухай санал гаргасан гэж үзэхгүй байхаар буюу гэрээг цуцлахад хуульд заасан журмыг баримталсан байхыг зайлшгүй шаардана гэж тайлбарласан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрээг цуцлах журам буюу гэрээний нэг тал гэрээг цуцлах саналаа нөгөө талдаа мэдэгдэнэ /тодорхой үйлдлээр/, гэрээг цуцлах санал гаргаагүй тал нь гэрээг цуцлах хугацааг тогтооно гэх мэт хуульд заасан журмыг баримталсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн гэрээнээс татгалзсан татгалзал нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

б. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн талаар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс 2025.09.05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгч нь гадаад улсад байгаа, хэрэгт ач холбогдол бүхий баримт буюу талуудын хоорондын харилцан ярианы бичлэгийг шүүхэд гаргаж өгнө, сая нэхэмжлэгчээс авч баримтаар өгч амжсангүй, ийм учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг гаргасан.

Угтаа ИХШХШтХ-ийн 105-р зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно“ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг гадаадад байгаа талаар болон тухайн баримтыг урьд гаргаж өгч чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт өгөөгүй боловч шүүхээс тухайн баримтыг гаргуулахаар шүүх хуралдааны явцад огт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргасан баримтгүй хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэсэн нь талуудыг шүүх хуралдаан тэгш эрхтэй оролцох боломжийг алдагдуулан хэт нэг талыг барьж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд шүүгчийн хэт нэг талыг барьсан энэхүү үйлдэл нь шүүхийн шийдвэрт хамгийн их нөлөөлсөн.

...Худалдан авагч 2 талын гэрээгээр тохиролцсон үүргээ зохих хугацаандаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан худалдагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардсанаас үүдэн үүссэн үл ойлголцсоныг худалдагч тал гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв ийнхүү татгалзсан бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдаагүй гэрээний татгалзал нь хүчин төгөлдөр бус байна. Дээрх байдлаар үүссэн ялимгүй бухимдлыг хариуцагчийн үнэн санаанаасаа гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх боломжгүй юм.

в. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын зарим үндэслэл дээр ямар нэгэн дүгнэлт огт хийгээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргааныг бүрэн дүүрэн үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй байна.

...гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний дагуу худалдан авагч эд хөрөнгийг биет байдлаар хүлээн авч өөрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бодитой үйл баримтыг хэлж, нотлох баримт фото зургийг гаргаж өгсөн, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч энэ үйл баримттай мөн маргаагүй гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ын дээрх үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон үйл явдал нотлох баримтад ямар нэгэн няцаасан эсвэл зөвтгөсөн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан байна. Гэсэн атлаа гэрээнээс татгалзсан гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ бодит байдал дээр өмчлөх эрхийн гэрчилгээгүй ч гэсэн нураагдаж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон өөрийн хувийн газар дээр байгаа тодорхой үнэ цэнэ бүхий хүний хувийн өмчийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй шийдвэр гаргасан атлаа, цаг агаар муу байна гэх шалтгаанаар шалтаглан дээрэнгүй, ёс зүйгүй, харилцаа хандлага гаргасан нэхэмжлэгч *******гийн ярьж үйл баримт болох цаг агаар, гэрээний татгалзлын талаар ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Цаг агаарын нөхцөл байдал түүний давагдашгүй хүчин зүйл, аюултай үзэгдэл зэрэг нь албан ёсны эрх бүхий байгууллагын тодорхойлолт, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллагаас гаргасан нотлох баримт дээр тулгуурлан тогтоогдох үйл баримт болохоос нэхэмжлэгчийн жолоочоос авсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог үйл баримт биш гэдгийг эрх биш шүүгч ойлгох учиртай. Иймд шүүх хуульд заавал хэрэглэхээр зохицуулсан журмыг хэрэглэлгүйгээр, хэт нэг талыг барьж хэргийг хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 154-158 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

8. ******* нь *******д холбогдуулан гэрээг цуцалж, 85,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзаж, 82,500,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

9.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээнээс татгалзаагүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхийг шаардаж гэрээний үлдэгдэл төлбөр 236,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас  гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байна.

  10. Анхан шатны шүүх “...2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үйл баримтыг гэрээнээс татгалзах болсон үндэслэл шалтгаан болсон байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан талуудын хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 0, 0 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, хариуцагчаас 85,200,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ын гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11. Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдолдоо: “...талууд гэрээнээс татгалзах талаар хуульд заасан журмыг баримталсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, ...шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын нотлох баримт гаргаж ирүүлэх саналыг хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг тодруулахгүйгээр шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан нь талуудыг тэгш эрхтэй оролцох боломжийг алдагдуулсан, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

...гэрээнд төлбөрийг 2025-3-24-ний өдөр төлөхөөр тохирсон бөгөөд эд хөрөнгийг шилжүүлсний дараа төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй тул худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардсныг буруутгах боломжгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсанаас үүдэн гарсан хоорондын үл ойлголцлыг худалдагч тал гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх боломжгүй.

...шүүх хариуцагчийн гаргасан татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй. ...ямар шалтгааны улмаас тайлбар татгалзлыг үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй....

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

12. Зохигч талуудын хооронд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 0 дугаар, 0 дугаар гэрээнүүдийг бичгээр байгуулсан бөгөөд 0 дугаартай гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалангийн тоот, 461 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 200,000,000 төгрөгөөр *******д худалдахаар,

0 дугаартай гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалангийн тоот, 158,0 мкв талбай бүхий авто засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцсон байна. /хх-6-9/

Талууд дээрх байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч ******* нь бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалангийн тоот, 461 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлж, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 180 ширхэг автомашины дугуйг 20,000,000 төгрөгт тооцож, түүний эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 60,000,000 төгрөгийг, хариуцагчийн төлөх ёстой байсан гэх татварын хураамж 2,500,000 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 82,500,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

13. Зохигч талууд дээрх үйл баримт болон үл хөдлөх хөрөнгө /газар, авто засварын зориулалттай барилга/ худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин талууд гэрээнээс татгалзсан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

14.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

15.Талууд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэр шилжүүлэхээр тохирсон боловч нэхэмжлэгч ******* нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн учраас Дархан-Уул аймагт очих боломжгүй болсон талаар хариуцагч *******д мэдэгдэж, уг шалтгааны улмаас талуудын хооронд маргаан үүсчээ. 

Улмаар хариуцагч ******* нь гэрээнээс татгалзах /наймаа буцах/ санал гаргасныг  нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрч дансны дугаараа илгээсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын фейсбүүк чатаар 2025 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд харьцсан зурвас /2025.06.23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/, тэд хоорондоо фейсбүүк чатаар холбогдсон ярианы бичлэг /2025.09.15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/, гэрч С.Даваасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

16. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн, энэ нөхцөл байдлыг тогтоосон албан ёсны баримт байхгүй гэх хариуцагч талын татгалзал дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

17. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл үл хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа анх хариуцагч ******* мэдэгдсэнийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрч, түүний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан хийх данс явуулахыг шаардсаны дагуу дансны дугаараа илгээж байгаа нь гэрээнээс татгалзах саналыг шууд хүлээн авч байгаа хэлбэр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч *******г гэрээнээс татгалзах хугацаа тогтоогоогүй гэж буруутгах боломжгүй байна.

Тодруулбал хариуцагч ******* нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг *******гаас шаардахад тэрээр эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлсний дараа төлнө гэж татгалзсаны улмаас ******* нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 0, 0 дугаартай гэрээнүүдээс татгалзах саналыг анх гаргасан, үүнийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. 

18. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал ”гэрээнээс татгалзах “гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, харин гэрээнээс татгалзахад үүсэх үр дагавраа нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /х.х 139-145/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Гэрээнээс татгалзсанаар гэрээт харилцаа нь харилцан буцаан олгох харилцаа болж өөрчлөгдөх бөгөөд хүлээн авсан гэрээний гүйцэтгэлийг гэрээний талд буцаан олгох үр дагавар бий болно.

Үүний улмаас гэрээний талууд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул хариуцагч *******ын гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 19. Хариуцагч *******аас 82,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

            20. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  09 дүгээр сарын 15-ны өдрийн 307/ШШ2025/01542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,340,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.         

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                        

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН