| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0114/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/113 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч А.М
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.М-д холбогдох 1916002410137 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Н-н Н.М.
Шүүгдэгч Н.М-н 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоотод А.М-н нүүрэн тус газар нь төмөр таягаар цохиж хамар ясны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Н.М нь “...Гэмшиж байгаа. Санаандгүй зүйл болсон ... эмчилгээнд 50.000 төгрөг өгсөн ... Уучлалт гуйсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ганцаараа амьдардаг. Халамжийн сарын 174.000 төгрөгийн орлоготой. Группд байдаг, дахин Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай. Саяхан нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Миний энэ байдлыг харгалзан үзнэ үү?” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч А.М-н шүүх хуралдаанд өгсөн “...Манай аав бид хэд Зайварын мод руу зугаалганд яваад маргааш нь ирээд энэ хэд архи уусан. Би тоглоод ар нуруу руу нь кола асгахад над руу төмөр таягаа аваад шидсэн. Тэгээд хамраас цус гоожоод цагдаа, эмнэлэг дуудсан ... уучлал гуйгаад 50.000 төгрөг өгсөн ... одоо биед зовиур байхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай хүү М нь тоглоом хийгээд Н.М-н ар нуруу руу хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн кола ундаа асгасан гэсэн. Би асгаж байхыг нь хараагүй. Нэг мэдсэн Н.М төмөр таягаа аваад миний хүү М луу шидээд хамарт нь цохисон. Миний хүүгийн хамраас цус гараад би сандраад юу болж байна гэхэд М хамраа дараад хамар хугарчихлаа гээд байсан ... Эмнэлэгт хэвтээгүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хамрын хугарлаа эмчлүүлсэн. Эмнэлэгт үзүүлсэн картан дээр хийгэдсэн эмчилгээ нь бичигдсэн байгаа. Бүрэн эмчлэгдээгүй. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/,
Шүүгдэгч Н.М-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... С-н хүүхэд М миний толгой руу шанагатай ус асгаж тоглоод байхаар нь болиоч ахын дүү гэж хэд хэд гуйсан чинь болихгүй байхаар нь би гартаа байсан таягаа далайхад М гэрээсээ гараад гүйхээр нь араас нь таягаа шидсэн чинь М-н хамар орчим нь оносон ... “ гэсэн мэдүүлэг /ХХ60-61/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... С-н хүүхэд манай найз Н.М-н толгой дээр нь ус асгаад байсан тэгээд Н.М болиочээ яагаад байгаа юм гэж хэлээд таягаараа нүүр лүү нь цохиход хамран тус газар нь оносон..." гэсэн мэдүүлэг /ХХ28-29/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаартай “... 1. А.М-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ31-32/, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эмчийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /ХХ51-52/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М-н 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоотод нурууруу кола ундаа асгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч А.М-н нүүрэн тус газар нь төмөр таягаар санаатайгаар цохиж хамар ясны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс шүүгдэгч Н.М-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-д сануулсугай.
5. Шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА