Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 0026

 

Р.Чулуунбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Р.Чулуунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Ж.Буяннэмэх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р.Чулуунбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Буяннэмэхэд холбогдох

55.380.000 /тавин таван сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их-Уул сумын иргэн Элбэг дэлгүүрийн эзэн Ж.Буяннэмэхтэй гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөг 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Дараа нь 2014 оны 01 сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл 5.000.000 төгрөг өдрийн 6 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Энэ мөнгөө одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд одоо хүүгийн хамт 55.270.000 /тавин таван сая хоёр зуун далан мянга/ төгрөг болсон юм. Үүн дээр Мөрөн сум орсны 2 удаагийн зардал 80.000 /наян мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 55.380.000 /тавин таван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг Ж.Буяннэмэхээс гаргуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 55.380.000 төгрөгийг Ж.Буяннэмэхээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлээ багасгаж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлсэн 15.000.000 төгрөг, үүний жилийн 5 хувийн хүү болох 750.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 5.000.000 төгрөг, жилийн 6 хувийн хүү болох 300.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Буяннэмэхийн данс руу шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн хамт нийт 23.050.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Буяннэмэх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Р.Чулуунбатаас миний бие бүтэн жилийн хугацаатай 15.000.000 төгрөгийг нэг дор ийм хэмжээтэй зээлдэж аваагүй. Гэхдээ миний бие Чулуунбатаас 5, 5 саяар мөнгө зээлдэн авч, хүү болон үндсэн мөнгийг хугацаанд нь өгч байсан. Тэгээд яагаад 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь Р.Чулуунбатад итгэсэн, бас бид нар гэр бүлийн харилцаатай байсан юм. Надаас аваагүй 15.000.000 төгрөгийг гэрээтэй гэдгээр шүүхэд хандаж нэхэмжлэх байсан бол би тэр гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй байсан. Ингэж 15.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн нь Р.Чулуунбатын далдын санаа хэрэгжсэн болохоос биш, би 15.000.000 төгрөг зээлдэн аваагүй болно. ... Нэхэмжлэл нь үнэн биш, гэрээн дээр үндэслэсэн байгаа тул нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Р.Чулуунбат Ж.Буяннэмэх надад огт мөнгө төлж байгаагүй гэж тайлбарладаг ч уг тайлбарыг няцаах үүднээс дансны хуулгаа харж Р.Чулуунбатад төлж байсан мөнгөө түүвэрлэж гаргасан. ... Би Р.Чулуунбатад нийт 5.420.000 төгрөгийг өгсөн гэжээ.

Хариуцагч Ж.Буяннэмэх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Миний бие иргэн Р.Чулуунбатаас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 15 сая төгрөг зээлж аваагүй юм. Гэтэл Р.Чулуунбат нь өөрийн санаачилгаар хуурамч гэрээ үйдсэн байдаг бөгөөд уг гэрээг хийгдсэн болохыг үнэмшүүлэхийн тулд Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч Пүрэв гэдэг хүнийг хууран мэхэлж 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уг гэрээг гэрчлүүлсэн нь сүүлд тодорхой болсон. Миний гарын үсэг хэрхэн зурагдсаныг би өөрөө хүртэл ойлгохгүй өдий хүрч байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат  сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Ж.Буяннэмэхийн гарын үсэг мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан учраас хүчин төгөлдөр гэрээ юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Ж.Буяннэмэхээс 6.610.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Чулуунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Р.Чулуунбат, хариуцагч Ж.Буяннэмэх нарын хооронд байгуулагдсан 15.000.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434.850 төгрөг, хариуцагч Ж.Буяннэмэхийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Буяннэмэхээс 6.610.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 120.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Чулуунбатад, нэхэмжлэгч Р.Чулуунбатаас хариуцагч Ж.Буяннэмэхийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Буяннэмэхэд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Чулуунбат би Ж.Буяннэмэхэд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд Ж.Буяннэмэх нь мөнгийг бэлнээр тоолж хүлээн аваад гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тэрнээс биш Ж.Буяннэмэх надаас мөнгө зээлж аваагүй бол гэрээнд огт гарын үсгээ зурахгүй. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш өнөөдрийг хүртэл энэ гэрээтэй холбоотой огт маргаан үүсгээгүй, намайг гэрээтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл өгөхөд надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй гэсэн санаа зорилго агуулж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг анхан шатны шүүх анхаараагүй хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэлээ. Ж.Буяннэмэх нь зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх намайг Ж.Буяннэмэхэд 15.000.000 төгрөгийг зээлээр өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. ... Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэлт хийж, зөвхөн нотлох баримтууд дээр тулгуурлан шийдвэр гаргах ёстой. Гэвч хариуцагчийн өгсөн “би гэрээнд гарын үсэг зурсан болохоос мөнгө аваагүй” гэх тайлбарыг нь үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

... Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4-т зааснаар “Мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу мөнгө шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй тогтоогдохгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. ... Мөн зээлдэгч мөнгө хүлээж аваагүй учир  уг зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж дүгнэсэн. Харин зээлдэгч Ж.Буяннэмэх нь мөнгө хүлээж аваагүй гэдгээ хэрхэн яаж нотолж байгаа нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байхад шүүгч хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Буяннэмэх давж заалдах гомдолдоо: ... Би Р.Чулуунбатаас 15.000.000 төгрөгийг аваагүй.Харин 5.000.000 төгрөгийг гэрээ хийж аваагүй бөгөөд увуулж, цувуулж авч байсан. Ингэхдээ 5.000.000 төгрөг бол хүрээгүй үүнээс бага нэг сая, хэд хэдэн зуугаар бол авч байсан ба нэг удаа данс руу 2.000.000 төгрөг хийж өгч байсан. Ингээд хүү алданги нийлээд 5.000.000 төгрөг болсон гэж Р.Чулуунбат надад хэлж зээлийн гэрээ гэгч баримт үйлдэж надаар гарын үсэг зуруулж байсан шиг санагдаж байна. Гэрээг нотариатаар хэрхэн яаж гэрчлэх болсныг манай сумын тамгын газрын дарга Пүрэвээ гуайн өгсөн гэрчийн мэдүүлгийг анхаарч үзнэ үү. Намайг өмгөөлүүлэх эрхээр хангалгүй шүүх хурал хийсэн. Ингэснээр би нэхэмжлэгчийн давуу эрхэнд унасан. Одоо надаас 6.610.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Чулуунбат нь Ж.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүргийн биелэлт болон замын зардал  55.380.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь зохигчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Чулуунбатын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг,  хариуцагч Ж.Буяннэмэхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат нь Ж.Буяннэмэхэд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг,  6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай тус тус  зээлдүүлсэн зээлийн гэрээний төлбөр болон замын зардалд нийт 55.380.000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 23.050.000 төгрөг /2013 оны 12 дугаар сарын 17-ны 15.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны  5.000.000 төгрөг, 2014 оны 04-р сарын 02-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, хүү/ болгосон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Р.Чулуунбат нь зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотолж, хариуцагч Ж.Буяннэмэхтэй  2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба хариуцагч Ж.Буяннэмэх  “...15.000.000 төгрөгийг нэг дор ийм  хэмжээтэй зээлдэж аваагүй,  ...харин 5.000.000 төгрөгийн тухайд урьд нь зээлж байсан мөнгөө бүгдийг нь тооцоод 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж байсан” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг” бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд” тооцогддог. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар  “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.

Нэхэмжлэгч Р.Чулуунбатын хариуцагч Ж.Буяннэмэхэд 15.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримт эргэлзээтэй, нэхэмжлэгч нь мөнгийг хэрхэн /бэлнээр, бэлэн бусаар г.м/ шилжүүлсэн нь тодорхойгүй, мөнгө шилжүүлснээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  15.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин 2014 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 04-р сарын 02-ны өдөр  2.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх шаардлагын хувьд хариуцагч нь 5.000.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, “...үндсэн мөнгө болон хүүг хугацаанд нь өгч байсан, 2.000.000 төгрөг нь 5.000.000 төгрөгт багтаж байгаа” гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул уг зээлийн гэрээ, түүний нөхцөл, хүүгийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох  баримтаа  шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй  бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй тул “...зээлдэгч Буяннэмэх нь мөнгө хүлээж аваагүй гэдгээ хэрхэн яаж нотлож байгаа нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байхад шүүгч хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг,  

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул “...өмгөөлөгч авах эрхийг зөрчиж дураараа аашилж өмгөөлөгчгүй шүүх хурал хийсэн, ...6610000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар “...гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх” тул нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  илүү төлсөн 33.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч Р.Чулуунбат, хариуцагч Ж.Буяннэмэх нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  1142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.150 /хоёр зуун дөчин мянга  нэг зуун тавь/ төгрөг, хариуцагч Ж.Буяннэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.710 /нэг зуун хорин мянга долоон зуун арван/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44-р зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Чулуунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 33.050 /гучин гурван мянга тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                     ШҮҮГЧИД                              М.ХҮРЭЛБААТАР

                                                      Т.ГАНБАТ