Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01559

 

Х.Игийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00999 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1658 дугаар магадлалтай,

Х.Ичихорлоогийн нэхэмжлэлтэй

“Т Б” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч "“Т Б”" ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Игийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Санхүүгийн газрын Статистик, мэдээллийн хэлтсийн тайлан мэдээний ажилтнаар ажиллаж байсан. "“Т Б”" ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хариуцаж байсан ажлаа өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байсан учраас цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Сүүлийн 8 улирлын турш ажлын үр дүнгээ 90 хувиас дээш үнэлүүлж байсан. "“Т Б”" ХХК-ийн удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлэх ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Х.Ид шалгалт авах талаар мэдэгдээгүй. Шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэл хангах боломжоор хангаагүй. Ажилтан мэргэжил. ур чадварын хувьд хийж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх талаар тогтоох ёстой байтал хийж байгаа ажилд нь огт хамааралгүй зүйл асуусан. Х.Игоос авсан шалгалт нь Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтний хөдөлмөрийн дотоод журам, "“Т Б”" ХХК-тай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүрэгтэй холбогдолгүй, гүйцэтгэж байсан ажил, албан тушаалтай огт хамааралгүй байсан. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир шалгалтын материал болон комиссын дүгнэлттэй танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мэргэжил ур чадварын комиссын дүгнэлтийг танилцуулаагүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Игийн ажлыг хүлээж авсан. Ажлыг ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш ямар нэгэн ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. "“Т Б”" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 тоот "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан "“Т Б”" ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд ажиллаж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас халсан байгаа. Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Игийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж тогтоосонд гомдолтой байна. Х.И нь 1.150.000 төгрөгийн үндсэн цалинтай. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 99 ажлын өдөр байгаа. Сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 53.488 төгрөг гэж гарсан. Ажилгүй байсан хугацааны 5.075.312 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гээд 2 хуудас үнэлгээ байх ёстой байтал хэргийн материалд ганцхан Санхүүгийн газрын захирлын үнэлгээ байгаа. Хэлтсийн захирлын үнэлгээ авагдаагүй байдаг. Үнэлэх үнэлгээний хуудасны дор тайлбар хэсэгт үнэлгээг тухайн газар хэлтсийн захирал тус бүрдээ өгнө, ерөнхий үнэлгээг нийлбэрээр гаргана, үнэлгээ өгөхдөө хувийн хэрэг, суурь мэдээлэл болгон ашиглана гэж тайлбарласан байдаг. Гэтэл Х.Ид газрын дарга нь үнэлгээ өгөхдөө ямар бичиг баримтыг ашиглаж энэ үнэлгээг өгсөн нь ойлгомжгүй байгаа. Мэдлэг ур чадварыг сорилго, даалгавар, үзүүлэн сургуулилтын үнэлгээгээр үнэлгээг авна гэж байсан мөртлөө дан ганц сорилгын шалгалт авсан байдаг. 2,3,8, 16, 17,19 гэх асуулт нь ажлын байрны тодорхойлолтыг хамарсан, бусад журам зааврыг хамарсан асуулт байна. Бусад асуулт нь Х.Игийн ажлын байрны тодорхойлолтод ач холбогдолгүй асуулт асуусан байх тул үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна гэжээ.

Хариуцагч “Т Б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: "...2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Т Б”ны гүйцэтгэх захирлын А352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам баталсан. Тус тушаалын 2 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох шалгалтын комисс байгуулах, комиссын бүрэлдэхүүнийг баталсан. 3 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох ажиллагаанд хамаарах эрдэмтдээс бүрдэх шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэ журмын хүрээнд хийгдсэн ажиллагаа нь “Т Б”ны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь 3 арга хэмжээнээс бүрдэх байсан. Тухайн журамд зааснаар “Т Б”ны ажилтны түвшин тогтоох ажиллагаа нь гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А352 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан түвшин тогтоох комиссын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байхаар заасны дагуу анхдугаар хуралдаан хийсэн. Түвшин тогтоох комиссын хуралдааны дэгийг батлах, оролцоо чанарын болон мэдлэг ур чадварын үнэлгээг гаргах журмыг баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр комисс хуралдаад 2 дугаар шийдвэр гаргасан. Түвшин тогтоох ажиллагааг ямар хүрээнд, хэрхэн яаж авах талаар гаргасан. Тухайн ажилтны ажлын байрны чиг үүргийн хүрээнд авахаар болсон. Энэ нь урьдчилсан сэдэв бэлдэж өгөх биш байгаа зүйлийг үзэх гэдэг зүйл байсан. Түвшин тогтоох ажиллагааны товыг гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд төв банкинд түвшин тогтоох шалгалт явуулахаар болсон. Комиссын 02/02 шийдвэрээр түвшин тогтоох ажиллагааны газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн авах талаар загвар хуудас баталсан. Газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх аргыг заасан. Газар, хэлтсийн захирлын үнэлгээг тавихад холбогдох бичиг баримт буюу ажилтны ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн үнэлгээ, ажилтан тус бүрээр гаргаж, газар хэлтсийн захирлыг мэдээллээр хангаж ажиллахыг комиссын гишүүн бөгөөд Хүний нөөцийн хэлтсийн захиралд даалгасан. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны хооронд үнэлгээ хийгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн түвшин тогтоох ажиллагаанд ажилтан тус бүрт мэдэгдэж, нэг бүрчлэн гарын үсэг зуруулсан. Үүнд Х.И гарын үсэг зурсан. Мэдээллийг тухайн үед мэдэгдэж ажилласан байгаа. Оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Зарыг хүргээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Үнэлж дүгнэх боломжоор хангаагүй гэж дурдсан байгаа. Урьдчилсан товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийг баталсан. Энэ дотор нэхэмжлэгчийн нэр байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр комиссын дарга нар удирдамж баталсан. Удирдамжийн дагуу тухайн ажиллагаанд хамрагдах ажилтнуудын газар хэлтэс тус бүрээр нь чадварын болон оролцоо чанарыг хэрхэн үнэлэхийг баталсан. Баталсан хавсралтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн харьяалагдах газар, хэлтсийн ажилтнуудаас оролцоо чанар болон мэдлэг ур чадварын шалгалт авах талаар урьдчилан мэдэгдсэн. Энэ мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Т Б”ны 9 давхрын танхимд мэдлэг ур чадварын түвшин тогтоох сорилын даалгаврыг гүйцэтгүүлэхээр байсан. Тухайн сорилын даалгавар нь задарсан гэх үндэслэлээр тэр товыг хойшлуулаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс авахаар болж, тэр танхимд байсан хүмүүст мэдэгдсэн. Энэ арга хэмжээнд нэхэмжлэгч өөрөө ирж оролцсон. Шалгалтын хүрээ, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бүх газар хэлтсийн захирлуудад албан бичиг явуулсан. Энэ 01 албан бичгээр түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын нэрсийн дагуу ажилтнуудыг хамруулах, тухайн ажилтныг тусгайлсан сэдвийн хүрээнд бэлтгэх зүйл байхгүй. Ажлын чиг үүрэг, хууль тогтоомжийн дагуу шалгалт авахаар байгаа. Тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ мэдэж байгаа талаар түвшинг тогтоож байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хийж байгаа ажилтай огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан гэдэг, Тухайн чиг үүрэгт хамаарах зүйлээр шалгалт авсан. Сорилго 30 асуулттай байгаа. Сорилын даалгавар нь 30 асуулттай, 1 асуулт 1 оноо байхаар байсан. Х.И нь нийт 10 асуултыг зөв хариулж, 10 хувиар үнэлэгдсэн. Оролцоо чанарын үзүүлэлтийг тухайн арга хэмжээний талаар хөндлөнгийн шинжээчийн баг буюу МУИС болон Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүний гаргаж өгсөн асуултын дагуу асуусан. Х.И нь “Т Б”ны Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн санхүү бүртгэл хариуцсан ажилтан байгаа. Тэр хүнээс санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, санхүүгийн тайлангийн төлөвлөлтүүд, татварын тайлангийн тайлбар, татварын талаар гарч буй асуудал зэрэг асуудлаар харилцан ярилцсан байдаг. Энэ шалгалтаар 16 оноогоор дүгнэгдсэн. Удирдлагын хороо нь хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэхээр болж хэлэлцүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны 7401, 7402 дугаар шийдвэр гарч, мэдлэг ур чадварын шалгалтад тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Түвшин тогтоох ажиллагаатай холбоотойгоор 19 орчим хүн ажлаас халагдсан. Эдгээрээс 14 ажилтан нь түвшин тогтоох дүнг зөвшөөрөхгүй, танилцахаар хандсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд түвшин тогтоох ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаагүй. Журамд заасны дагуу 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргахаар заасан. Гомдлыг 3 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Х.И нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Т Б”инд өргөдөл гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүлээн авсан ба банкинд олон жил ажилласныг нь харгалзан үзэж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 3 сарын тэтгэмж олгож өгнө үү гэж хандсан байдаг. Энэ хүсэлтийг нь газрын дарга хүлээж аваад хүний нөөцийн газар уламжилсан байдаг. Хүний нөөцийн газар энэ асуудлыг хүлээн авч 3 сарын тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Өөр ямар нэгэн хүсэлт, гомдол байдаггүй. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажлаас халах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан. Мэдэгдэх хуудас дотор банкны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж нэн даруй ажлыг хүлээн авах шаардлагатай нөхцөл байдал бий болсон гэж байдаг. Банкны бүх ажил цаасаар биш, цахим хэлбэрээр явагддаг. Мэдэгдэл авч байсан хүмүүс банкинд хохирол учруулсан тохиолдол гаргаж байсан юм байна лээ. Мэдэгдэл өгсөн ажилтнуудын ажлыг тухайн өдөр нь хүлээн авдаг. Энэ нь хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй. Мэдэгдэлд заасан хугацааны цалинг бүтэн олгосон байдаг. Х.Иг ажилласан гэж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Тэтгэмж олгосон талаар маргадаггүй. Дээрх процедур ажиллагаа хийгдсэний эцэст 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалаар Х.Итой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн. Х.Игийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00999 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 075 312 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Х.Игиин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.И нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд тэдгээриин төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1658 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00999 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зуйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.И нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1658 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Ажил олгогч “Т Б” ажилтан Х.Иг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг үндэслэн “Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 1. Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, 2. Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, 3. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн үнэлгээг үндэслэн гаргасан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. 1. Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: А.”Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна”, “Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-ын тайлбар хэсэгт: “Үнэлгээг тухайн газар, хэлтсийн захирал тус бүртээ өгөх ба нийлбэр дүнгийн дунджаар ерөнхий үнэлгээг тавина гэж заасан. Гэтэл ажилтан Х.Иг шууд харъяалах Статистик мэдээллийн хэлтсийн захирал ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар үнэлгээ өгөөгүй байдаг. Б. Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал хувийн хэрэг, дотоод ажлын ур дунг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын ур дунг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Санхүүгийн газрын захирлын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй. В. “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг, “Т Б”ны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот “Үнэлгээний хуудсын загвар баталж, үнэлгээ хийлгүүлэх тухай” шийдвэрийн хавсралтаар журмын 1.2.1-д “харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас”-ын загварыг тус тус баталсан. Гэтэл Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон “Үнэлгээний хуудсын загвар” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан. Үүнээс үзэхэд “Т Б” ажилтан Х.Иг ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Г. ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна” гэж заасан байхад “Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас”-аар “ажлын байранд тавигдах шаардлагын тохироц”, “гүйцэтгэлийн чанар”, “мэргэжлийн ур чадвар”, “хөдөлмөрийн сахилга бат /таслалт, хоцролт/”, “ачаалал даах чадвар”, “ажил хэрэгч, идэвхи санаачилгатай байдал”, “хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал”, “тусгай чадвар” гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Гэтэл Х.Игийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 5 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 12 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд “Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 12 төрлийн шаардлагад огт хамааралгүй болох нь баримтаар нотлогдсон. Д. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна. Гэтэл “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй байна. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх шаардлагатай. Ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагын талаар үнэлгээ өгсөн Санүүгийн газрын захирал Г.Хандцоож “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-д ороогүй, журамд заасан үнэлгээг журам батлагдахаас өмнө өгсөн, үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас энэхүү үнэлгээг үнэн зөв, бодитой хийгдэн үнэлгээ гэж үзэх боломжгүй. Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-д ороогүй учраас ажилтан Х.Иг ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гараагүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 2. Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.2-д “мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м хамаарна” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн. “Т Б”ны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Х.Игоос авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 8, 9, 10, 15, 16 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад нь Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн Тайлан мэдээний мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох нь ажилтан Х.Игийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. 3. Оролцоо чанарын, үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд ажилтан Х.Игоос нийт 10 асуулт асуух ёстой байсан. Асуулт тус бүр Маш муу-0, Муу-1, Дунд зэрэг-2, Сайн-3, Маш сайн-4 гэсэн үнэлгээтэй байна. Ажилтан нийт 10 асуултанд “Маш сайн-4” хариулсан тохиолдолд нийт авбал зохих 40 оноог авах ёстой байсан. Гэтэл Х.Игоос 10 асуулт асууж 40 хүртэл оноо өгөх байтал эхний этгээд нь 4 асуулт асууж 6 оноо, дараагийн этгээд нь 4 асуулт асууж 7 оноо өгсөн байна. Ажилтнаас 10 асуулт асууж 40 хүртэл оноогоор үнэлгээ өгөх байтал 4 асуулт асууж 7 оноо өгсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хууль бус бусаар ажлаас халсныг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй, 2 үнэлгээний хуудасны асуулт хэсгийн бичгийн хэв адилхан байхад давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.3-д “Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ” гэж заасан байхад ажилтан Х.Игийн оролцоо, чанарын үнэлгээг “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-д ороогүй этгээд өгсөн. Үнэлгээний хуудсанд зурагдсан гарын үсэг комиссын төлөөлөл болох С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нарын гарын үсэг болохыг “Т Б” Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-д заасны дагуу шүүхийн өмнө баримтаар нотлоогүй, оролцоо чанарын үнэлгээ тогтоох шалгалтыг комиссын төлөөлөл С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нар авсан гэсэн баримтыг хариуцагч шүүхэд нөхөж бүрдүүлж өгөөгүй. Энэ нь 2 үнэлгээний хуудасны асуулт хэсгийн бичгийн хэв нэг хүний гараар нөхөж бичигдсэн байдлаас тодорхой харагдана.

Хоёр. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Х.Игийн мэргэжил, ур чадварын түвшин үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Х.Иг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00999 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1658 дугаартай магадлалыг өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ. 

Нэхэмжлэгч Х.И нь хариуцагч ““Т Б”” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “ ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэх үндэслэлээр Санхүүгийн газрын статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Х.Итой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд заасан эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн хяналтын гомдолд заасан “...ажил олгогч шалгалт авах журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харьяалах хэлтсийн дарга, газрын даргын өгсөн үнэлгээний нийлбэр дунджаар гаргах ёстой байхад зөвхөн газрын даргын үнэлгээг баримталсан, санхүүгийн газрын захирал ямар баримтыг үндэслэж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй, газрын захирлын үнэлгээ шалгалт явагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байсан, үнэлгээний хуудас дахь шалгуур нь нэхэмжлэгчийн ажлын байранд тавигдах шаардлагатай хамааралгүй, журмын 1.2.2-д мэдлэг ур чадварын үнэлгээ нь сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт асуудал хамаарна гэж заасан байхад зөвхөн сорилгын шалгалт авсан, сорилгын асуултууд нь ажил үүрэгтэй хамааралгүй байсан, комиссын бүрэлдэхүүнд ороогүй этгээд үнэлгээ хийсэн...” гэх үндэслэлээр тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

“Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр нэхэмжлэгч Х.И нь 50.66 үнэлгээ авч мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн байх ба Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь тушаал, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан, уг комиссын дүгнэлт хүчинтэй, шүүх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулаагүй асуудлаар дүгнэлт хийх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00999 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1658 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА