| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2209000000343 |
| Дугаар | 164 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 164
Б.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаар захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаар магадлалтай, Б.У-т холбогдох 2209000000343 дугаартай хэргийг шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ... овогтой У.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.У-т холбогдох эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У гаргасан гомдолдоо “... Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Л.Мажигсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж” хохирогч Р.М- 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө эмнэлгээс зугтаж, дахин эмнэлэгт ирсэн гэх баримт бичгийг нуун далдалж, мөн 2022 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч Р.М- 2 дугаар сарын 11-ний орой 22 цагт ээж Б-гаа ярьсан утасны дугаарын У-ын утасны дугаар байсан гэж худлаа хэлж гэм буруугийн хурал зарлуулсан.
Дээрх прокурорын хууль зөрчсөн ажиллагаа нь миний эрх зүйн байдлыг илт дордуулж яллахаас өөр аргагүй байдалд хүрсэнд маш их гомдолтой байна.
Б.У миний бие 2209000000343 дугаартай хэрэгт зайлшгүй шалгуулах шаардлагатай зүйлүүд маш их байгаа тул 60 хоногийн хугацаа хэтэрхий богино учраас мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийхэд хангалтгүй хугацаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаан” гэж заажээ.
Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс эрхэм шүүгч та бүхэн анхан шатны шүүхийн 1702 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн хэргийн бодит байдлыг тогтоолгон өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн агуулгаар гарсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 82 дугаар тогтоолоор яллагдагч Б.У-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлүүдэд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний оройн 20 цаг 18 минутаас 2022 оны 02 дугаар сарын 12-ны 01 цаг 15 минут хүртэлх хугацаанд амь хохирогч Р.М-, гэрч Б.Б, Т.Т нар хаана байсан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирээд буцсан зэрэг асуудлыг зайлшгүй тогтоох үндэслэл заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, шинжилгээ хийх шаардлагатай бол заавал завсарлага авна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 82 дугаар тогтоол хүчин төгөлдөр учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон. Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан шинэлэг зохицуулалтын нэг болох анхан шатны шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хоёр хувааж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, үндсэн шүүх хуралдаан гэж заагласантай холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих буюу нотлох баримтын хүрэлцээ, хангалттай байдалтай холбоотой асуудлыг үндсэн шүүх хуралдаанаар хэлэлцэх бус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас цаг алдалгүй прокурорт буцаах замаар хэлэлцэх тусгайлсан үе шатыг бий болгосон нь энэхүү өөрчлөлтийн гол үзэл баримтлал юм. Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” тухай заалтыг хүчингүй болгосон.
Үүнээс үзэхэд хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрсөн заалтыг хэвээр үлдээж, харин бусад шатны шүүх хуралдаанаас “хэргийг прокурорт буцаах” заалтыг хориглохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж хоёрдмол салаа утгагүй, тодорхой илэрхийлж, хатуу хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүхээс Б.У-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн, хууль зөрчиж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Харин үндсэн шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдал, хэргийн үйл баримт, бодит байдлыг сэргээн дүрслэхэд нотлох баримтын хүрэлцээ, хангалттай байдал хүрэлцэхүйц бус байна, эсхүл шүүгдэгчид сонсгосон ялыг хүндрүүлэх шаардлагатай гэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалган гүйцэтгүүлэх журмыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай тогтоолыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “ ... эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан. Ийнхүү хууль зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаартай шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж нэгдмэл жишиг тогтоох зорилгоор Б.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүйн дээр хууль хэрэглээний буруу жишиг тогтоосон хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх дээд хяналтыг хэрэгжүүлдэг онцгой бүрэн эрхтэй болно.
Улсын дээд шүүх нь хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх жишгийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шүүхийн хэрэглэх хуулийг албан ёсоор тайлбарлаж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, хууль хэрэглээг гаргасан шийдвэрт нь тулгуурлан өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх хуулиар олгогдсон бөгөөд энэхүү заавал биелэгдэх императив шинжтэй шийдвэрийг бүх шатны шүүх хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүргийг холбогдох хуулиар хүлээлгэсэн болно.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Б.У-т холбогдох хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “... мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт биш хийсэн бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр 2 шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ.
Энэхүү шийдвэрийн дагуу анхан шатны шүүх Б.Ут холбогдох хэргийг урьдчилсан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байтал давж заалдах шатны шүүхээс уг захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй алдаатай шийдэл төдийгүй хууль хэрэглээний буруу жишиг гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотлох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангаж чадаагүйгээс гадна хэргийн бодит байдал тогтоогдохгүй байж болзошгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Цаашид хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шалтгаан, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний дүгнэлтийн агуулгыг сайтар судалж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл гэм буруугийн шүүх хуралдааны аль үе шатнаас хэлэлцэхийг нягталж байвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ