Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2026/0064

 

Б.Х***ийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх

нарийн бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид:                   Д.Батбаатар    

                                      М.Батсуурь

                                      Ц.Цогт

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0041 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0194 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Х***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн, хариуцагч Б.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, Б.О*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2026/0218 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Б.Х***ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр “Б.Х***ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Б.Х*** нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

2.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоолоор тус зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болгож өөрчилсөн.

2.3.Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дугаар “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтад дурдсан төрийн захиргааны албан хаагчдыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн байх бөгөөд Б.Х***ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/*** дүгээр “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” тушаалын хавсралтад дурдсанаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтээр, Б/*** дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалын хавсралтад дурдсанаар Б.Х***ийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс сул орон тоо нөхөх хүртэл хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болсон ч урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр байхад намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж үзэн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан. Албан тушаал бууруулж, уг албан тушаалд томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй, мэдэгдэл өгөөгүй. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хувийн хэргээ авч танилцахад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой тушаалаар намайг чөлөөлсөн байх боловч, ямар албан тушаалд томилсон тухай шийдвэр байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байхад намайг томилолгүйгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, дахин хууль бус шийдвэр гаргасан ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд (хэлтсийн дарга-эрхэлсэн түшмэл, газрын дарга-тэргүүн түшмэл) шилжих тохиолдолд заавал тусгай шалгалт авах”-аар хуульчилсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх ...” шаардлага тавигдсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж авсан. Б.Х***т төрийн албаны тусгай шалгалт өгч хуулийн дагуу томилогдох мэдэгдлийг гардуулан өгч, тайлбарласан, сул орон тооны тусгай шалгалтын бүртгэлийн талаар мэдэгдсэн боловч сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй. Нэхэмжлэгчийг эрхэлсэн түшмэлийн ангилал дотор нь тус газрын ахлах референтээр томилсон нь үндэслэлтэй.Хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн ...” гэжээ. 

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0041 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг баримтлан Б.Х***ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Х***т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргах үүргийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“... нэхэмжлэгчийн эрхэлж байсан албаны даргын албан тушаалын ангилал төрийн захиргааны эрхэлсэн түшмэл АА-4 ангиллаас газрын даргын албан тушаалын төрийн захиргааны тэргүүн түшмэл АА-3 ангилал болж өөрчлөгдсөнд үндэслэл бүхий шалтгаан тогтоогдсонгүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт нийцээгүй ..., шүүхийн захиргааны удирдлагын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн чиг үүрэг хэвээр, бүтцэд мэргэжилтний 2 орон тоо нэмэгдсэнээс өөрөөр өөрчлөлт хийгдээгүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албаны даргын албан тушаалын чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдсан, .... зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албаны даргын орон тоо хасагдсан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар нэхэмжлэгчийг ахлах референтийн ажлын байранд томилсон нь эрх зүйн байдлыг нь дордуулсны дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх баталгааг зөрчсөн.

5.2.Нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацаа, тэр дундаа эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар тушаалаар томилогдон ажилласан (АА-5 эрхэлсэн түшмэл) Дотоод аудитын албаны аудитын ахлах референтээр ажилласан хугацааг, тухайн албан тушаалаас жирэмсний болон амаржсаны чөлөө эдэлсэн хугацааг оруулан, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацаанаас тооцох нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасанд нийцнэ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь зохицуулалтын төрийн алба хаасан хугацааны тусгай шаардлагын 50 хувийг хангасан албан хаагчийг дэвшүүлэх, томилох асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц төрийн алба хаасан хугацааны шалгуурыг биш, уг шалгуураас гадна хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгийн үнэлгээ, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйд тулгуурлан шийдвэрлэхээр байх тул нэхэмжлэлийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

5.3.Төрийн жинхэнэ албан хаагч ямар албан тушаалд томилогдсоноо мэдэх, уг шийдвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, хариуцагч албан тушаал бууруулан томилсон шийдвэрээ танилцуулаагүй, мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Шийдвэрээ танилцуулаагүйгээс уг шийдвэрт гомдол гаргах эрхээр хангаагүй, ... гомдол шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн ...” гэх зэргээр дүгнэжээ.  

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0194 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, шийдвэр гаргах үүргийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүлээлгэж” гэх байдлаар хангаж шийдвэрлэсэн.

7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт ... Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхой заагаагүйгээс шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх, нэхэмжлэгчийн эрх бодитоор сэргэх эсэх нь тодорхойгүй үлдээд байна ...

7.3.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцээгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзах” үндэслэл нь тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн” нөхцөлд хэрэглэгдэхээр тусгайлан хуульчилсан. Гэтэл шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” талаар дүгнэсэн хэр нь уг нөхцөл хангагдсан тохиолдолд “уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...

7.4.Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэрхэн биелүүлэх нь ч мөн ойлгомжгүй байгаа” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

11.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх хууль зүйн асуудал нь:

-Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн дагуу нэхэмжлэгчийг албаны даргаас газрын даргын албан тушаалд шалгалтгүйгээр шууд томилох боломжтой эсэх,

- Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг хэрхэн ойлгох, уг маргааны үйл баримтад хэрэглэгдэх эсэх тухай байна.     

12.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

13.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны *** дугаар тогтоолоор тус зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа нэхэмжлэгч Б.Х***ийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болгож өөрчилсөн, үүнтэй холбоотойгоор албаны дарга нь газрын дарга болж албан тушаалын ангилал, зэрэглэл нь “төрийн захиргааны эрхэлсэн түшмэл” АА-4-өөс “төрийн захиргааны тэргүүн түшмэл” АА-3 болж дээшлэн, тавигдах шаардлага нь нэмэгджээ.

14.Энэхүү үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн” үндэслэлд хамаарч байгаа боловч нэхэмжлэгчийн эрхэлж байсан “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэх хуулиар тодорхойлсон нөхцөлд шууд утгаараа хамаарахгүй байна.

15.Учир нь, хэдийгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн боловч тухайн албан тушаалын ангилал, зэрэглэл нь дээшилж, тавигдах тусгай шаардлага нь өөрчлөгдсөн. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар “... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд ... авна” гэсэн зохицуулалт үйлчилнэ.

16.Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын “сул орон тоо” гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу сонгон шалгаруулалтын журмаар тухайн орон тоог нөхөхөөр заасан, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар ““сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгоно; энэхүү хуулийн тодорхойлолтод маргааны үйл баримт шууд хамаарахгүй боловч, “албан тушаалын ангилал хооронд шилжихэд” тусгай шалгалт авахаар хуульчилжээ.

17.Дээрх хуулийн системчлэлээс үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэснийг “зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс болж албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн, зарим нэг чиг үүрэг нэмэгдсэн, эсхүл хасагдсан боловч үндсэн ажил, үүрэг нь хэвээр хадгалагдсан байхаас гадна өөрчлөгдсөн албан тушаалын ангилал, зэрэглэл, тавигдах шаардлага нь өмнө нь эрхэлж байсан албан тушаалтай адил буюу өөрчлөгдөөгүй тохиолдолд тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулна” гэж тайлбарлахаар байна. Ийнхүү тайлбарлах нь төрийн албаны чадахуйн зарчим, шаардлага хангасан төрийн албан хаагчдад удирдах албан тушаалд өрсөлдөх тэгш боломжийг олгох хуулийн зорилго, агуулгад ч мөн нийцнэ.

18.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж, 26.4-т “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг баталжээ.

19.Уг журмын 4.2-т “... Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэснээс өөрөөр шалгалтгүйгээр шатлан дэвшүүлэх боломжийг зохицуулаагүй байна.

20.Гэтэл анхан шатны шүүх “уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг хэрэглэгдэхгүй” гэж хуулийг буруу тайлбарласан, давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүй нь алдаа болжээ.

21.Иймд “нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу газрын даргын албан тушаалд (шалгалтгүйгээр) шууд томилогдох ёстой байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

22.Харин хариуцагч “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга”-ын албан тушаалд өрсөлдөх боломжийг нэхэмжлэгч болон бусад шаардлага хангасан албан хаагчдад олгох, тусгай шалгалтыг зохих журмын дагуу явуулахтай холбоотой хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх ёстой.

23.Нэхэмжлэгчийг албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын үнэлгээ хариуцсан ахлах референтээр (ахлах түшмэл, АА-5) томилсон маргаан бүхий 2024 оны Б/*** дүгээр тушаал хууль бус, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасанд хамаарахгүй үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь хууль бус юм.

24.Гэвч хоёр шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж ахлах референтээр томилсон тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон ч, газрын даргын албан тушаалд шууд томилох боломжгүй гэж дүгнэн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч ямар ажил, албан тушаал эрхлэх нь тодорхойгүй үлджээ.

25.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь ажлын албаны бүтэц, орон тоог боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулахдаа нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл (төрийн захиргааны “эрхэлсэн түшмэл” АА-4)-ийг байхгүй болгож, зөвхөн “тэргүүн түшмэл” АА-3 болон “ахлах түшмэл” АА-5 гэсэн ангилал, зэрэглэлийн албан тушаалыг бий болгосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Аливаа захиргааны байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын баталгааг хангах, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хориглолтыг зөрчихгүй байх үүрэгтэй.  

26.Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс өмнө нь эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, бусад нэмэлт баталгааг бууруулахгүйгээр, ажил мэргэжлийнх нь дагуу адилтгахуйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах байдлаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0041 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0194 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргах үүргийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүлээлгэж, ...” гэснийг “... нэхэмжлэгч Б.Х***ийг эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, бусад нэмэлт баталгааг бууруулахгүйгээр ажил, мэргэжлийнх нь дагуу адилтгах албан тушаалд томилохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгаж, ...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                        Д.БАТБААТАР

                                                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                                                    Г.БАНЗРАГЧ