Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 31

 

 

 

Б.Баяртөгст холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

  226/2017/0017/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Ялтан: Б.Баяртөгс нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Баяртөгсийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000020 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” баг хөдөө хэсэг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгс /РД: СУ77011675/

Б.Баяртөгс нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сард болон 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд иргэн Б.Барссайханы өмчлөлийн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг унаж ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Түмэн” гэх газраас иргэн Э.Хосбаярын эм хонь 19, хуц 1, хурга 12, ямаа 13, ишиг 8 буюу нийт 53 тооны бог мал хулгайлж, 4236000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Б.Баяртөгсийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны  5 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгсийг давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсөөс 250.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 02 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгст оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг эзэмшигч Б.Барссайханд буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баяртөгс нь давж заалдах гомдолдоо: Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Эхнэр маань надаас салсан. Одоо бага насны 3 хүүхэд маань миний асрамжинд байдаг. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба  үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Тухайн хэрэгт тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдал буюу Б.Баяртөгс нь Э.Хосбаярын 11 бог малыг хэдийд, яаж хулгайлсан нь тодорхойгүй, олон тооны мал хулгайлсан байхад яллах дүгнэлтэд тусгаагүй орхигдуулж, мөрдөн байцаалтыг гүйцэт биш хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн  прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Баяртөгст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                       ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

                                                                                          Б.СҮХГОМБО