Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         05              21                                          2019/ШЦТ/154                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн О.Шт холбогдох эрүүгийн 1834008310434 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад эрэн хайх салбарт аврагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 890523 дугаарын регистртэй, Х овгийн О.Ш

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Митсубиши айртрек 4513 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг салдаг уулзвар дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш:

...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байгаа, мөн гэм буруу дээр маргаагүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834008310434 дугаартай хэрэгт хохирогч С.Нарантуяагийн /хх-ийн 10-11, 134 дүгээр хуудас/, хохирогч Э.Нандин-Эрдэнийн /хх-ийн 132-133 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Нандин-Эрдэнийн /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхзаяагийн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Э.Нандин-Эрдэнийн /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч О.Шын /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12864 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12909 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, замын цагдаагийн газар /хх-ийн 3 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/, хохирогч С.Нарантуяагийн хохирлын баримтууд /хх-ийн 91-94, 135-136 дугаар хуудас/, шүүгдэгч О.Шын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-41, 47-54, 57-59, 61-62 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг салдаг уулзвар дээр “Митсубиши айртрек” маркийн 45-13 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Нарантуяагийн ...О.Шын машинд сууж яваад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үүрийн 04 цаг 00 минут өнгөрч байхад автомашин юунаас болсон юм. Унтаж байхад гэнэт эргэлдэж эхэлсэн. Тэгээд сэртэл машин бүтэн эргэж байснаа шууд хажуу талаараа онхолдоод 3 эргэж дугуйн дээрээ зогссон... ...тухайн үед анхны цас орж хүйтэрсэн, зам хялмаатай... ...Мөн зам эргэлттэй байсан юм... ...хагалгаанд ороогүй байгаа. Нэмж өгөх хохирлын баримт байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлэгт өвдөгний үений зураг авахуулахад 300.000 төгрөг гарсныг нэхэмжилж байна. Хагалгаа хийхэд таван сая төгрөг шаардлагатай. Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна.../хх-ийн 10-11, 134 дүгээр хуудас/, 

хохирогч Э.Нандин-Эрдэнийн ...Булган аймгийн Хялгант сумын Атар багаас Улаанбаатар хот руу О.Шын эзэмшлийн митцубуши маркийн автомашинтай хойд талд нь суугаад явсан юм. 2018 оны 10 дугаар сарын 22-ны үүрийн 04 цаг 00 минутын орчим машин гулгаад эсрэг урсгал руу эргэж орсон. Машин онхолдож өнхрөөд 4 дугуйн дээрээ зогссон. Ослын улмаас тархиндаа хөнгөн доргилт авсан...  Би өмнө хэргийн талаар гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр тодорхой ярьсан тул нэмж хэлэх зүйл алга байна... /хх-ийн 15-16, 19, 132-133 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхзаяагийн ...Булган аймагт очиж аяллаа хийчхээд буцахдаа Нандин-Эрдэнэ, Нарантуяа бид нар О.Шын машинд сууж Булган аймгийн Хялгант сумаас оройхон гарсан. Тэгээд 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө шөнийн 03 цаг өнгөрч байхад Төв аймгийн Жаргалант сум руу салдаг уулзварын тэнд ирж биеэ засацгаасан. Тэгээд хөдөлж яваад удалгүй машин зам дээр гулгаж эргээд замын хажуу тал руу онхолдсон... ...тухайн үед шөнийн цаг байсан учраас машин гэрлээ асаагаад явж байсан. Зам халтиргаатай байснаас өөр үзэгдэх орчин зүгээр байсан. Уг машины жолооч О.Ш өөрөө жолоо барьж явсан бөгөөд би км заалтыг хараагүй. Гэхдээ удаан явж байсан. Би жолоочийн дэргэд сууж явсан. Жолоо барьж явсан О.Ш болон би бүсээ зүүчихсэн явж байсан. Ард суусан хоёроос Нандин-Эрдэнэ бүс зүүсэн байсан. Харин Нарантуяа гадна талаараа мишок нөмөрсөн байсан учир бүсээ зүүсэн эсэхийг анзаараагүй... ...манай жолооч болон бид нар архи уугаагүй зүгээр байсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч О.Шын ...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 00 минутад өнгөрч байхад Булган аймгийн Хялгант сумаас Улаанбаатар хот чиглэлтэй гарсан юм. Тухайн үед машинаа нэг хэсэг барьж байгаад Мөнхзаяад өгч өөрөө нэг хэсэг унтсан. Тэгээд Жаргалантын салдаг уулзвар дээр зогсоод бие засчхаад тэгээд Мөнхзаяагаас жолоогоо авсан. Тэгээд хөдөлж яваад удаагүй машин эргэлт дээр хурд хасахад гулгахаар нь үрүүлээ дараад эсрэг урсгал руу орж замын хажуу руу онхолдсон. Өөр зүйл болоогүй... /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12864 дугаартай ...С.Нарантуяагийн биед баруун эгэмний далд хугарал, тархи доргилт, баруун дал, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12909 дугаартай ...Э.Нандин-Эрдэнийн биед тархи доргилт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай ...хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Мицубуши Эйртрик маркийн 45-13 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн..., ...зам тээврийн осол болох шалтгаан болсон байна гэж үзсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 3 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/, хохирогч С.Нарантуяагийн хохирлын баримтууд /хх-ийн 91-94, 135-136 дугаар хуудас/, шүүгдэгч О.Шын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-41, 47-54, 57-59, 61-62 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.Шын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг салдаг уулзвар дээр “Митсубиши айртрек” маркийн 45-13 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтад заасан “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврий хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” Гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба үйлдэл хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Шыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Шын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нарантуяа нь шүүгдэгч О.Шаас баримтаар болон баримтгүй 5.106.000 /таван сая нэг зуун зургаан мянга/ төгрөг нэхэмжилдэг ба шүүгдэгч О.Ш нь дээрх хохирлыг төлсөн болох нь хохирогч С.Нарантуяагийн хавтас хэргийн 10-11, 134 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг, 53 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Нарантуяагийн хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, мөн хохирол төлөгдсөн тухай баталгаа зэргээр тогтоогдож байна.

 

Харин шүүхийн хуралдаанд шинээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн цаашид гарах эмчилгээний зардал, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн гарсан эмчилгээний зардал, нийт 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Үүнээс шүүх баримтаар нэхэмжилсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч О.Шаас гаргуулж, хохирогч С.Нарантуяад олгож, харин 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргаж өгсөн баримт нь хангалтгүй дутуу байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч Э.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгч О.Шаас “МТТour” аяллын компанид аялахаар урьдчилгаа болгон өгсөн 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардал 218.000 /хоёр зуун арван найман мянга/ төгрөг, нийт 1.918.000 /нэг сая есөн зуун арван найман мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь дээрх хохирлыг төлсөн болох нь хохирогч Э.Нандин-Эрдэнийн хавтас хэргийн 132 дугар хуудсанд авагдсан мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Шыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Э.Нандин-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Шт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Э.Нандин-Эрдэнэд учруулсан хохирлоо төлснийг, мөн хохирогч С.Нарантуяад учруулсан хохирлоо анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн баримтын хэмжээнд төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Э.Нандин-Эрдэнэд төлөх төлбөргүйг, хохирогч Э.Нандин-Эрдэнэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч С.Нарантуяад шүүхийн өмнөх шатанд гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлоо төлснийг, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

              36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                     зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн О.Шыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн О.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн О.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

     

4. Шүүгдэгч Х овгийн О.Шт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Х овгийн О.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Э.Нандин-Эрдэнэд төлөх төлбөргүйг, хохирогч Э.Нандин-Эрдэнэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч С.Нарантуяад шүүхийн өмнөх шатанд гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлоо төлснийг, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн О.Шаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ЧБ87080262 дугаарын регистртэй, Боржигин овгийн Сосорбарамын Нарантуяад олгосугай.

 

7. Хохирогч С.Нарантуяа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн О.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн О.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН