Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2025/00076

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/01386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хор учруулсны хохиролд 4,275,000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь *******ид холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 4,275,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* нь “...намайг замыг хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж торгосон шийтгэлийг шүүхээс хүчингүй болгосон. Мөн цагдаагийн байгууллага шалгах үед байхгүй байсан камерын бичлэгээр нэхэмжлэгч ******* нь өөрөө буруутай болох нь харагддаг. Иймээс намайг буруутай гэж тогтоосон шийдвэр байхгүй, буруугүй тул хохирол төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.
           4. Анхан шатны шүүх хариуцагч *******ийн гэм буруутай үйлдэл нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч *******ээс шаардах эрхтэй гэж дүгнэн хохирол 4,275,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

5. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч “ ...хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр шийдвэр гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс судалж үзвэл:

6. Хариуцагч ******* нь Т/Camry-50 маркийн 00-94 ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 сарын 10-ны өдрийн магадалгаагаар тогтоогджээ.

7. Дээрх зөрчлийн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 2025/ЗШ/517 дугаартай шийтгэврээр *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, 10.14-д заасныг зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан ******* ДАУ улсын дугаартай Т/Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч *******т 3,995,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон, шүүхээс тогтоосон дээрх үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зөрчлийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн байна.

 Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг зөрчиж, шийтгэл оногдуулсан гэж үзээд *******ид оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

8. Дээрх шийтгэвэрт нэхэмжлэгч *******ыг өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байна.

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******ийн гэм буруутай үйлдэл нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “...*******ид шийтгэл оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийтгэврийн тогтоох хэсэгт хохирлыг нэхэмжлэх талаар заагаагүй, гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас зөрчлийн хэргийг шалгуулахаар хүсэлт өгсөн” гэж  тайлбарласан.

10.а/ Шийтгэврийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч *******ыг өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг заагаагүй байгаа ч  үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэсэн, тогтоох хэсэгт заагаагүй гэдгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлаж болохгүй юм.

10.б/ Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 2025/ЗШ/517 дугаартай шийтгэврээр ******* гэм буруутай болох нь тогтоогдсон улмаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, хуульд заасан хугацаа хэтрүүлж ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгосон нь гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

10.в/ Хариуцагч зөрчлийн хэргийг дахин шалгуулахаар хүсэлт гаргасан нь дээрх шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй харин зөрчлийн хэргийг дахин шалгаж гэм буруугийн асуудлыг өөрөөр шийдвэрлэсэн тохиолдолд  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно.

11. Иймд  дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759. 2, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/01386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 83,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН          

                                        ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ