Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2016/00000/И |
Дугаар | 4891 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 4891
2016 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2016/04891 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, ..дугаар байрны ..тоотод оршин суух, ...регистртэй, Хатигин ургийн овогт Ү.О-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол...дүгээр байрны ...тоотод түр оршин суух, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, .. дугаар байрны .. тоот хаягт бүртгэлтэй, Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн, ... дугаар бүхий Иргэний үнэмлэхтэй, Т. Ла-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн /ШТҮД:-0469/, хариуцагч Т.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Казакстан улсын иргэн Т.Л нь 201 5 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Англи улсын виз мэдүүлэхэд 10,000,000 төгрөгний хэрэг байна, удахгүй виз мэдүүлсний дараа буцаагаад өгнө гэж туслахыг хүссэн. Олон удаа гуйсан учир би итгээд 10,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Л-гийн Хаан банкны тоот дансанд ХХБ-наас шилжүүлэн өгсөн. Гэтэл Т.Л надаас авсан мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд нэхэхэд “мөнгөө авна гэж битгий мөрөөд, тэр цагдаадаа өг, мал авгай минь” гэх мэтээр доромжилж, хаяг утсаа солин зугтаад байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тухайн үед миний миний хадгаламжид мөнгө байгаа боловч хугацаатай хийчихсэн учраас хугацаанаас нь өмнө авч болохгүй байна гэж Т.Л хэлэхэд надад хадгаламж барьцаалсан зээл авч болдог гэсэн бөгөөд би түүнийг нь зөвшөөрөөд түүний 2 хүүхдийг дагуулж яваад банкнаас 30,000,000 төгрөг авч өгсөн. Үүнээс 20,000,000 төгрөгийг нь Т.Л-ийн хадгаламжийн данс руу шилжүүлж, үлдсэн 10,000,000 төгрөгийг харилцах данс руу нь шилжүүлсэн. Т.Л надаас зээлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн учир би шүүхэд өгөөгүй үлдсэн 10,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Миний хадгаламжид байсан мөнгийг барьцаалж, надаас Т.Л мөнгө зээлсэн атлаа Т.Э гэдэг хүнд мөнгө өгөх учиргүй. Т.Э бид хоёрын гэр бүл салалтын асуудал энд ямар ч хамаагүй. Ү.О гэдэг хүнээс мөнгө зээлсэн бол Ү.О л зээлээ төлөх ёстой. Тийм учраас Т.Л зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т.Л нь Ү.О-с 30,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Т.Л гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ маргаанд Ү.О-ийн хадгаламж гэр бүлийн мөнгө мөн эсэх нь огт хамаагүй. Энэ хүний хувийн хадгаламжийг барьцаалж байгаад 30,000,000 төгрөг зээлээд, 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Гэр бүлийн асуудал нь энэ зээлийн маргаантай огт хамааралгүй юм. Мөн Ү.О-ийн хадгаламж дахь 90,000,000 төгрөг хэний мөнгө байх нь зээлдэгч Т.Л-д огт хамаагүй. Тэрээр Ү.О-ээс зээлж авсан мөнгөний үлдэгдэл 10,000,000 төгрөгөө төлөөгүй учир үүргээ биелүүлж төлж барагдуулах ёстой гэв.
Хариуцагч Т.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Т.Л нь иргэн Ү.О-ээс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг биш 30,000,000 төгрөг авсан гэдэг нь үнэн. Надаас нэхэмжлээд байгаа 10,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ах Т.Э гаргаж өгсөн. Ү.О 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцаан өгч, хамт Худалдаа хөгжлийн банкинд тушаасан болно. Би Ү.Оюунчимэгээс зээлсэн мөнгийг өөрт нь өгч болох эсэхийг ахаасаа асуухад “Ү.О-ийн дансанд байгаа бүх мөнгө миний мөнгө, зүгээр түүний хадгаламжинд байдаг юм” гэж хэлсэн. Тиймээс би Т.Э ахад 11,000,000 төгрөг өгсөн. Т.Э бол одоогоор Ү.О-ийн албан ёсны нөхөр нь бөгөөд энэ бол цэвэр гэр бүлийн маргаан юм. Ү.Оюунчимэг амьдралдаа ажил хийж үзээгүй хүн. Бүх гэр бүлийнх нь мөнгө бол миний ах Т.Э олдог байсан, зөвхөн Ү.О-ийн дансанд байсан мөнгө учраас би Т.Э ахад мөнгийг өгсөн болно. Тэгэхээр Ү.О хадгаламжинд байгаа мөнгөө хаанаас яаж бий болгосон мөнгө вэ гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардаж байна. Т.Эк ахын данснаас 90,000,000 төгрөг шилжсэн гэдгийг би баттай хэлж чадна. Одоо тэдний гэр бүл салах шатандаа Хан-Уул дүүргийн шүүхэд явж байгаа болохоор Ү.О-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.О нь хариуцагч Т.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Л нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлж авснаас 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн болохыг хүлээн зөвшөөрөх боловч Ү.О ийн нөхөр, өөрийн төрсөн ах Т.Э гэгчид 11,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ү.О нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 2015/0007/000371/0101 тоот “Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ” байгуулан 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэйгээр зээлж, тухайн өдрөө хариуцагч Т.Л шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ү.О-ийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлцлийн хэлбэрээр хийгдсэн, зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч Ү.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч Т.Л гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. /хх 11, 12, 15, 27-29, 33/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 30,000,000 төгрөгийг хариуцагч Т.Л шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Хариуцагч Т.Л гэрээгэ эр хүлээсэн үүргийнхээ дагуу 20,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд зээлдэгчид буцаан шилжүүлсэн боловч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Ү.О-т буцаан төлөөгүй, харин нэхэмжлэгчийн нөхөр Т.Э гэгчид 11,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан, “Мөнгө хүлээлцсэн баримт”-ыг нотлох баримтаар гаргасан байна. /хх 31/
Т.Л чиргэн Т.Э 11,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр өгснийг баталгаажуулан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн баримт” үйлдсэн боловч уг төлбөр нь Ү.О болон Т.Л нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны дагуу төлвөл зохих төлбөр мөн болох нь тогтоогдохгүй, энэ талаар зээлдүүлэгч Ү.О хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч Т.Л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн /.../ Т.Л 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хатигин овогт Ү.О-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА