| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01924/и |
| Дугаар | 209/МА2025/00077 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 209/МА2025/00077
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01686 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: 51,000,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 20,000,000 төгрөг гаргуулах тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай ******* ХХК болон хариуцагч ******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 23/05 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай ******* ХХК нь Т.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч *******д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь бүрэн, тууштай хамгаалж ажиллах, ******* нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг манай компанид төлөх үүргийг тус тус хүлээсэн ба урьдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, Т.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан болно. Тодруулбал, Т.*******ийн олгосон итгэмжлэлийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 642,982,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн.
Гэвч хариуцагч ийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Манай компанийн зүгээс уг захирамж гарсан даруйд яаралтай арга хэмжээ авч, хариуцагч ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Ийнхүү ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, Дээрх албан бичгийг үндэслэн дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Нэхэмжлэлийн шаардлагаас 540,000,000 төгрөгийг 2023.10.30-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгийг, 2023.11.30-ны өдрийн дотор 200,000,000 төгрөгийг, 2024.01.15-ны өдрийн дотор 240,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. 102,982,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэсэн. Тус тайлбартай танилцаад *******д нэн даруй мэдэгдэхэд түүний зүгээс ...102,982,500 төгрөгөөс татгалзах, үлдэх 540,000,000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх хариуг бидэнд 2023.09.11-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн.
Иймд бидний зүгээс үйлчлүүлэгчээс ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хариуцагч ийн 540,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн хариуцагч ******* нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус тус гарсан.
Манай компанийн зүгээс 2023.04.04-ний өдрийн 23/05 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргуулсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүгчийн захирамж гаргуулан шүүхийн шатанд өмгөөлөгчийн оролцох ажиллагааг бүрэн дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж өгсөн.
Иймд бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч Т.*******ийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь 2023.04.04-ний өдрийн 23/05 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 3-т ...Үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.1-т заасан ажлыг гүйцэтгэснээр буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөх талд шилжүүлнэ гэж зааж өгсөн. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний дээрх зохицуулалтыг зөрчиж, төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрээд байна.
Хариуцагч ******* нь *******эс нэхэмжилсэн 540,000,000 төгрөгийг бэлэн мөнгө болон бартерийн эд хөрөнгөнүүдээр тохиролцож, бүрэн хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон мэдээлэл бидэнд ирсэн. Тодруулбал, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, ******* нь нэхэмжилсэн төлбөрийг бүрэн хүлээн авсан байх тул манай компанийн зүгээс Т.*******ийг гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг шаардах эрхтэй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 5 дахь хэсэгт ...үйлчлүүлэгч нь зөвлөхийн үйл ажиллагааны хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө гэж зааж өгсөн тул дээрх төлбөрөөс алданги тооцох үндэслэлтэй байна.
Тооцоолбол, 2023.09.25-ны өдрөөс 2024.11.07-ны өдрийг хүртэл 409 хоног байх бөгөөд 34,000,000*0.5%=170,000 (нэг зуун далан мянган төгрөг) өдөрт бодогдох алданги болох бөгөөд 409*170,000=69,530,000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйл 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгсөн байх тул алданги 34,000,000 төгрөгийн 50 хувь 17,000,000 төгрөг байхаар байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагч *******эс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-4 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
а. 2023.01.13-ны өдөр №23/01 дугаартай, 2023.04.04-ний өдөр №23/05 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэрээний нийтлэг үндэслэлд: *******д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн гэрээний 2.1 мэргэжлийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана. 2.2-д Зөвлөх нь хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаална гэж.
б. 2023.01.1З-ны өдөр хэдэн тоот нь тодорхойгүй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт гэж байгуулж 3,000,000 байхаар талууд тохиролцов гэсэн ба гэрээг *******тай байгуулсан байдаг. Гэрээнд *******ийг төлөөлж оролцоно гэж. Гэтэл нэхэмжлэлийг гаргахдаа *******эд холбогдуулан гаргаж. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч хэн болох нь тодорхой бус байна.
в. Өмгөөллийн байгууллагын иргэн ******* надтай байгуулсан гэрээ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн байна. Талууд анх гэрээ хийхдээ мэргэжлийн ёс зүйн дүрмийг мөрдөнө, хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаална гэсэн зорилгоо тодорхойлсон атал эсрэг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийнхээ сул дорой, хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан, Мөлжлөгийн шинж чанартай хэлцэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. / х.х 67 /
3. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Өмгөөллийн ланд мэнь консалтиннг ХХК-ийн захирал өмгөөлөгч Ганхөлөг нь ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-д Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, мөн хуулийн 34.4.3-д Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх гэсэн хуулийг тус тус зөрчсөн. Өмгөөлөгчийн ёс зүйд баримтлах зарчим болон цээрлэх ёстой, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй нэмэлт буюу өндөр хөлс нэхэхийг цээрлэх гэсэн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хэлцэл хийсэн нь иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах биш харин үйлчлүүлэгчийнхээ эсрэг хууль бус үйлдэл хийж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн үйлдэл гаргаж байна.
Хариуцагч өмгөөллийн Ландмэнь консалтинг ХХН нь 2023 оны 01 сарын 13-нд №23/01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтыг тус тус ******* надтай байгуулж, 3,000,000 төгрөгийг нийт ажлын хөлс байхаар тохиролцоод Хаан банкны 5007661649 тоот дансаар шилжүүлж авсан. Мөнгө аваад тус гэрээний 1.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээний хугацаа мөн өдрөөр дуусгавар болсон гэж тайлбарласан. Төлбөрөө авсны дараа уулзаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй 2 сар гаруй хугацаанд холбогдоогүй.
Хэсэг хугацааны дараа 2023 оны 04 сарын 04-ний өдөр дуудаж уулзаад №23/05 дугаар гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус дахин байгуулна гэж тулган шаардсан. 20 сая төгрөг олж өг, би чиний хариуцагч болох эс авах авлагыг авч өгье, надад эхлээд төлбөрөө төл тэгж байж хэрэг маргааныг чинь шийдвэрлүүлнэ гэж шантаачилж дарамталсан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, үүнд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус байхаар хуульд заажээ.
******* ХХК (РД:) захирал , хууль зүйн туслалцаа үзүүлэх нэртэй байгуулсан 2023 оны 04 сарын 04-ний өдрийн №23/05 дугаар гэрээг хийхдээ ******* миний хуулийн мэдлэггүй, сул дорой, аргаа барсан байдлыг ашиглан, хууран мэхэлж хийсэн мөлжлөгийн шинж чанартай хэлцэл бөгөөд зан суртахууны хэм хэмжээнд илт харшилсан хэлцэл ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн.
Өмгөөлөл гэдэг нь үйлчлүүлэгчдээ мэргэжлийн эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль дээдлэн, шударга ёсыг сахин, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хүнлэг энэрэнгүй байж хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө үйлчлэх ёстой гэсэн үндсэн зорилготой гэж, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр мөнгө хүүлж ашиг олох, үйлчлүүлэгчээсээ өндөр хөлс шаардахыг хориглоно гэж өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд заасан байхад дүрмээ зөрчин шунахай, хүн чанаргүй үйлдэл хийж дарамталж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Энэ үйлдлийнх нь талаар ч МӨХ мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан ба өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь түдгэлзүүлсэн гэсэн хариу ирсэн.
Миний бие иргэн тэй өөрөө ярилцаад бид хоорондоо эвлэрээд ээдрээ төвөггүйгээр маргаанаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2023 оны 09 сарын 25-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 101/ШШ2023/04155 дугаартай захирамж гарсан. Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хуралд оролцоогүй болно. ******* надад Өмгөөллийн ландмэнь консалтинг ХХК нь эрх зүйн туслалцаа тууштай үзүүлээгүй, ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, 34.3.1-ээс 34.3.19-д заасан эрх эдлэхээр хуульчилсан байна. Гэтэл эдгээр эрхийг хэрэгжүүлэх шаардлага гаралгүйгээр шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тодорхой ажил үйлчилгээ, үйл ажиллагаа хийгдээгүй эрх зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгч Ганхөлөг ажиллах шаардлага гараагүй.
Гэтэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан эсрэг үйлдэл хийж, нэхэмжлэл гаргасан нь миний эрх зүйн байдлыг дордуулж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Би жирийн үйлдвэрийн ажилтан хүн, ажил хийсэн орлогоороо амьдардаг, бөөрний өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Эрүүл мэнд, ахуй амьдралын хувьд хүрэлцээ муутэй, хоёр хүүхдэд тэтгэвэр төлдөг, тэтгэврийн насны ээжтэйгээ амьдардаг юм. Миний эрх ашиг маш их зөрчигдөж, эдийн засгийн дарамтнаас гарч чадахгүй өрнөөс өрний хооронд амьдарч байна. Учир нь нэхэмжлэгч ******* ХХК нь чиний асуудлыг шүүх шийдвэрлэхээс өмнө хохиролгүй болгож, мөнгийг чинь авч өгнө 20,000,000 төгрөг олж өг гэснээр би өр тавьж, мөнгө олж өгсөн.
******* ХХК нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй байхаар холбогдох хууль нь зохицуулсан байдаг байхад удаа дараа дарамталж хуулиа дээдлэхгүй зөрчиж байна. Улмаар зөрчиж хийсэн хэлцлээ ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжих байдлаар 23,000,000 төгрөг авсан атал түүнээс алданги тооцож нийт гэрээний үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөг гаргуулахаар их хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний агуулгаараа зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл тул 2023 оны 04 сарын 04-ний өдрийн №23015 дугаар гэрээ болон мөн өдрийн гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* ХХК-ийн захирал Ганхөлөгөөс 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 123-125 /
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, хариу тайлбартаа:
... Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг өмгөөллийн хөлсөнд хамааралгүй нэмэлт хөлс гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023.04.04-ний өдрийн 23/05 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргийг бүрэн биелүүлж дууссан байтал хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул ийнхүү шүүхэд хандсан болно. Түүнчлэн дээр дурдсан гэрээнүүдийг талууд өөрсдийн сайн дурын хүсэл зорилгын илэрхийллийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болохыг дурдах нь зүйтэй. Тодруулбал, хариуцагч нь манай компанитай гэрээ байгуулах иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байсан бөгөөд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г уншиж танилцаж тухайн гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.
Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй төлбөр нь нэмэлт өндөр төлбөр бус Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний төлбөр буюу өмгөөллийн хөлс болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 71 /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч *******эс 51,000,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн 2023 оны 4 сарын 4-ний өдрийн №23/05 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй нэмэлт буюу өндөр хөлс авсан 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 412950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 257950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-гээр манай ХХК-ийн хүлээсэн үүргийг буруу тодорхойлсны улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан.
...анхан шатны шүүхийн зүгээс ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хохирол төлбөр бүрэн барагдуулах үүрэг оролцох агуулгаар үндэслэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний зорилго, зорилт, тухайн гэрээгээр хүлээсэн үүргийг буруу тодорхойлсон. Цаашлаад эрх зүйн зөвлөгөө өгөх манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харгалзан үзэлгүйгээр төлбөр барагдуулах үүрэгтэй гэх агуулгаар дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
б. ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй ...хохирол төлбөр барагдуулсан... гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн хариуцагч нь хохирол төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүлээхгүйгээр үлдэгдэл төлбөрийг төлөх л агуулга бүхий зохицуулалт юм. Талууд анхнаасаа энэ агуулгаар хавсралтын 3-дахь заалтыг харилцан тохиролцож үйлдсэн бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээний зорилгоор нотлогдож байгаа билээ.
Гэвч дотроо 2 агуулга бүхий өгүүлбэрийг нэг утга санааг илэрхийлж буй мэтээр хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.
в. ...анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч Т.*******ийн илтэд тогтворгүй байнга өөрчлөгдөж буй хариу тайлбарууд, мөн Т.*******ийн шүүх хуралдаан дээр гаргасан ....хохирол төлбөрөөс төлөгдсөн... гэх тайлбарыг, гэрч ийн "...Т.*******ийн төлбөрт тооцон газар болон объект шилжүүлж өгсөн. Төлбөр бүрэн төлөгдөж дууссан..."гэх агуулга бүхий гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид болон бусад этгээдэд төлөх төлбөрийн үүргээс зугтааж *******эс төлбөртөө авсан газар болон объектыг өөрийн нэр дээр бус ах дүү, хамаатан садан гэх хүмүүсийн нэр дээр авсан гэж хардаж байгаа болно.
Дээр дурдсанчлан хариуцагч Т.*******ийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Т.*******ийн төлбөр бүрэн төлөгдсөн болох нь нотлогдон тогтоогддог билээ.
Иймд нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2-р х.х 13-15 /
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд гаргасан татгалзал, хариу тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.02-ны өдрийн 307/ШШ2025/01686 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.
Нэхэмжлэгч Өмгөөллийн Ландмэнь консалтинг ХХК-ийн /рд:/буюу захирал , иргэн ******* надад иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор өмгөөллийн хөлс 23,0 сая төгрөгийг дансаар авсан.
Хөлс авснаас хойш өмгөөлөгчийн туслалцаагүйгээр миний шүүхэд хандсан маргаан эвлэрсэн ба төлбөр төлөгч тэй би өөрөө ярилцаад хэрэг маргааныг төвөггүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зохицуулсан байна. Харин өмгөөллийн компани мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.1-ээс 34.3.19-д заасан эрхийг огт хэрэгжүүлээгүй юм.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3-д ...өмгөөлөгч ёс зүйн хэм хэмжээг чанд сахих үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх тухай заасан байна.
Гэтэл тус ХХК буюу өмгөөлөгч нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хөлсөнд шүүхийн шийдвэрээр хангагдсан үнийн дүнгийн 10 хувиар тооцож төлбөр төлөхөөр тохирсон, 2023.04.04 ны 23/05 гэрээний дагуу тооцно гэж Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн жишгээр хүү алданги тооцож, нэмж 51,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж, санхүүгийн дарамтанд оруулсан жудаггүй үйлдэл гаргаж төөрөгдүүлсэн.
Гэрээний нэг тал буюу үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн мэдлэггүй туршлагагүй байдлыг ашиглан төөрөгдүүлэх замаар хийсэн ба хэлцэл нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, мөн гэрээнд байх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй, тэгш эрхийн зарчим алдагдсан гэрээгээр дахин дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна
Хууль зөрчин хийсэн хэлцэл нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалаагүй харин үйлчлүүлэгчийнхээ эсрэг хууль бус үйлдэл хийж, өөрт олгогдсон давуу байдлаа ашиглан, нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү /2-р х.х 28-29/
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
10. ХХК нь *******д холбогдуулан өмгөөллийн хөлс, алдангийн хамт 51,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр өмгөөллийн хөлс болон алданги 51,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж, талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарахгүй, ...талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж тус тус дүгнэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэрхгүй болгож шийдвэрлэсэн байна.
12. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч ...талуудын хооронд байгуулсэн гэрээний 2 агуулга бүхий өгүүлбэрийг нэг утга санааг илэрхийлж буй мэтээр хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс судлан үзвэл:
13. Өмгөөллийн Ландмэнь Консалтинг ХХК, ******* нар нь харилцан тохиролцож 2023 оны 4 сарын 04-ний өдөр 23/05 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Т.*******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч *******д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр, гэрээний хугацааг 2023 оны 4 сарын 4-ний өдрөөс гэрээний маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болох, тус гэрээний хавсралтаар гэрээний нийт ажлын хөлс нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувь байхаар, ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлыг гүйцэтгэснээр буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөхөд шилжүүлэхээр, хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцжээ./1-р хх-ийн 9-11/
14. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж эрх зүйн харилцаа болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн байна.
15. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* 20,000,000 төгрөгийн урьдчилгааг төлж, ХХК нь Т.*******ийн олгосон итгэмжлэлийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *******д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 642,982,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. /1-р хх-ийн 15-18/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/15632 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Дархан-уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 135/ШШ2023/01019 дугаартай шийдвэрээр ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 21-22/
Нэхэмжлэгч нар нь хариуцагч ийн хаяг тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 540,000,000 төгрөгийг 2023.10.30-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгийг, 2023.11.30-ны өдрийн дотор 200,000,000 төгрөгийг, 2024.01.15-ны өдрийн дотор 240,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. 102,982,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Уг тайлбарын талаар *******д мэдэгдэхэд тэрээр 540,000,000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх хариуг цахимаар ирүүлсэн. /1-р хх-ийн 23/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04155 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 24-26/
Улмаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 101/ШЗ2023/26092 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн хэдий ч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, төлбөрийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна. /1-р хх-ийн 27-28, 227-231/
16. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үүргийн биелэлтийн хангах талаар маргасан байна.
17. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заажээ.
18. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-т гэрээний зорилго нь Т.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч *******д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд оршино гэжээ.
Дээрх өгүүлбэрийн агуулга нь талууд гэрээний зорилгоо тодорхойлсон гэж үзэх ба зорилго гэдэг нь талуудын ирээдүйд хүрэх эрмэлзэл, бодлого гэж тайлбарлах ба өөрөөр хэлбэл хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлснээр ирээдүйд бий болох ажлын үр дүн гэж үзэхээр байна.
19. Гэрээний хавсралтын 3-т ...үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.1-т заасан ажлыг гүйцэтгэснээр буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөхөд шилжүүлнэ гэж заасан.
Дээрх өгүүлбэрийн бүтэц, найруулга нь хоёр нөхцлийг буюу холбоосоор холбосон, аль нэг нөхцлийг биелэсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон гэж ойлгогдох ба өөрөөр хэлбэл тухайн өгүүлбэр нь эсвэл утгатай холбогдсон хоёр өөр нөхцлийг илэрхийлсэн гэж үзэхээр байгаа хэдий ч гэрээний зорилгоо тодорхойлсноор үр дүнд хүрсэн, гэрээгээр хүлээсэн үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.
20. Дээр дурдагдсан хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйл баримтаас үзвэл талууд шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн төлөгдсөнөөр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил дуусгавар болохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Тодруулбал Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаагаас үзвэл гэрээний зорилгоо тодорхойлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл талууд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хэмжээ хязгаарыг гэрээний хавсралтын 3-т зааснаар тохирсон гэж үзнэ.
21. Нэхэмжлэгч талын гэрээний хавсралтын 3-т заасан ...хохирол төлбөр барагдуулсан... гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн хариуцагч нь хохирол төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүлээхгүйгээр үлдэгдэл төлбөрийг төлөх агуулга бүхий зохицуулалт юм гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
22. Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шүүхийн шийдвэрт дурдсан төлбөр бүрэн барагдаж, хариуцагч Т.*******ийн хохирол бүрэн барагдсан гэж тайлбар гаргаж маргасан боловч энэ нь гэрч ийн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 9 сарын 15-ны өдрийн 04-264/21409 дугаартай албан бичгээр үгүйсгэгдэж байна. /1-р хх-ийн 208-210, 227-228/
23. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
24. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
25.Зохигчид сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлд давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 413,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН