Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 4891

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/04891

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 17 дугаар байрны 14 тоотод оршин суух, ЧМ70090507 регистртэй, Хатигин ургийн овогт Үнэнбаяр овогтой Оюунчимэгийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны 23 тоотод түр оршин суух, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 15 дугаар байрны 120 тоот хаягт бүртгэлтэй, Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн, 0190379 дугаар бүхий Иргэний үнэмлэхтэй, Тажбекед овогтой Лайлаад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн /ШТҮД:-0469/, хариуцагч Т.Лайлаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Казакстан улсын иргэн Т.Лайлаа нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Англи улсын виз мэдүүлэхэд 10,000,000 төгрөгний хэрэг байна, удахгүй виз мэдүүлсний дараа буцаагаад өгнө гэж туслахыг хүссэн. Олон удаа гуйсан учир би итгээд 10,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Лайлаагийн Хаан банкны 5064222322 тоот дансанд ХХБ-наас шилжүүлэн өгсөн. Гэтэл Т.Лайлаа надаас авсан мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд нэхэхэд “мөнгөө авна гэж битгий мөрөөд, тэр цагдаадаа өг, мал авгай минь” гэх мэтээр доромжилж, хаяг утсаа солин зугтаад байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед миний миний хадгаламжид мөнгө байгаа боловч хугацаатай хийчихсэн учраас хугацаанаас нь өмнө авч болохгүй байна гэж Т.Лайлаад хэлэхэд надад хадгаламж барьцаалсан зээл авч болдог гэсэн бөгөөд би түүнийг нь зөвшөөрөөд түүний 2 хүүхдийг дагуулж яваад банкнаас 30,000,000 төгрөг авч өгсөн. Үүнээс 20,000,000 төгрөгийг нь Т.Лайлаагийн хадгаламжийн данс руу шилжүүлж, үлдсэн 10,000,000 төгрөгийг харилцах данс руу нь шилжүүлсэн. Т.Лайлаа надаас зээлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн учир би шүүхэд өгөөгүй үлдсэн 10,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Миний хадгаламжид байсан мөнгийг барьцаалж, надаас Т.Лайлаа мөнгө зээлсэн атлаа Т.Эрмек гэдэг хүнд мөнгө өгөх учиргүй. Т.Эрмек бид хоёрын гэр бүл салалтын асуудал энд ямар ч хамаагүй. Ү.Оюунчимэг гэдэг хүнээс мөнгө зээлсэн бол Ү.Оюунчимэгт л зээлээ төлөх ёстой. Тийм учраас Т.Лайлаагаас зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т.Лайлаа нь Ү.Оюунчимэгээс 30,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Т.Лайлаагаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ маргаанд Ү.Оюунчимэгийн хадгаламж гэр бүлийн мөнгө мөн эсэх нь огт хамаагүй. Энэ хүний хувийн хадгаламжийг барьцаалж байгаад 30,000,000 төгрөг зээлээд, 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Гэр бүлийн асуудал нь энэ зээлийн маргаантай огт хамааралгүй юм. Мөн Ү.Оюунчимэгийн хадгаламж дахь 90,000,000 төгрөг хэний мөнгө байх нь зээлдэгч Т.Лайлаад огт хамаагүй. Тэрээр Ү.Оюунчимэгээс зээлж авсан мөнгөний үлдэгдэл 10,000,000 төгрөгөө төлөөгүй учир үүргээ биелүүлж төлж барагдуулах ёстой гэв.

Хариуцагч Т.Лайлаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Лайлаа нь иргэн Ү.Оюунчимэгээс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг биш 30,000,000 төгрөг авсан гэдэг нь үнэн. Надаас нэхэмжлээд байгаа 10,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ах Т.Эрмект гаргаж өгсөн. Ү.Оюунчимэгт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцаан өгч, хамт Худалдаа хөгжлийн банкинд тушаасан болно. Би Ү.Оюунчимэгээс зээлсэн мөнгийг өөрт нь өгч болох эсэхийг ахаасаа асуухад “Ү.Оюунчимэгийн дансанд байгаа бүх мөнгө миний мөнгө, зүгээр түүний хадгаламжинд байдаг юм” гэж хэлсэн. Тиймээс би Т.Эрмек ахад 11,000,000 төгрөг өгсөн. Т.Эрмек бол одоогоор Ү.Оюунчимэгийн албан ёсны нөхөр нь бөгөөд энэ бол цэвэр гэр бүлийн маргаан юм. Ү.Оюунчимэг амьдралдаа ажил хийж үзээгүй хүн. Бүх гэр бүлийнх нь мөнгө бол миний ах Т.Эрмек олдог байсан, зөвхөн Ү.Оюунчимэгийн дансанд байсан мөнгө учраас би Т.Эрмек ахад мөнгийг өгсөн болно. Тэгэхээр Ү.Оюунчимэг хадгаламжинд байгаа мөнгөө хаанаас яаж бий болгосон мөнгө вэ гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардаж байна. Т.Эрмек ахын данснаас 90,000,000 төгрөг шилжсэн гэдгийг би баттай хэлж чадна. Одоо тэдний гэр бүл салах шатандаа Хан-Уул дүүргийн шүүхэд явж байгаа болохоор Ү.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч Т.Лайлаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Лайлаа нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлж авснаас 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн болохыг хүлээн зөвшөөрөх боловч Ү.Оюунчимэгийн нөхөр, өөрийн төрсөн ах Т.Эрмек гэгчид 11,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 2015/0007/000371/0101 тоот “Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ” байгуулан 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэйгээр зээлж, тухайн өдрөө хариуцагч Т.Лайлаад шилжүүлэн өгсөн болох нь  зохигчдын тайлбар, мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ү.Оюунчимэгийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлцлийн хэлбэрээр хийгдсэн, зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч Т.Лайлаагаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. /хх 11, 12, 15, 27-29, 33/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 30,000,000 төгрөгийг хариуцагч Т.Лайлаад шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Хариуцагч Т.Лайлаа гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 20,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд зээлдэгчид буцаан шилжүүлсэн боловч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Ү.Оюунчимэгт буцаан төлөөгүй, харин нэхэмжлэгчийн нөхөр Т.Эрмек гэгчид 11,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан, “Мөнгө хүлээлцсэн баримт”-ыг нотлох баримтаар гаргасан байна. /хх 31/

Т.Лайлаагаас иргэн Т.Эрмект 11,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр өгснийг баталгаажуулан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн баримт” үйлдсэн боловч уг төлбөр нь Ү.Оюунчимэг болон Т.Лайлаа нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны дагуу төлвөл зохих төлбөр мөн болох нь тогтоогдохгүй, энэ талаар зээлдүүлэгч Ү.Оюунчимэг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч Т.Лайлааг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн /ИҮД:0190379/ Тажбекед овогтой Лайлаагаас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хатигин овогт Үнэнбаярын Оюунчимэгт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА