Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 639

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ

шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Отгонтэнгэр овогт Алтантулгын А.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014610753 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр capын 09-ний өдөр Улаанбаатар төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хойд эцэг, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1087 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Отгонтэнгэр овогт Алтантулгын А.О /РД: УК99090968/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.О нь 2019 сны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны 1087 тоот гэртээ өөрийн төрсөн дүү А.Бат-Цэндийг оройтож ирлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч А.Батцэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед гаднаас гэрт орж ирэхэд хойд эцэг Л.Эрдэнэбаатар, ээж С.Алтантулга, эгч А.О нар байсан ба эгч намайг хаагуур тэнээд байгаа юм бэ гээд загнаад байсан. Тэгэхээр нь би хичээлээ хийгээд тараад ирлээ гэж хэлсэн чинь өөдөөс дуугарлаа гээд миний толгой руу цохиод миний үснээс зулгаагаад орон дээр унагаачихаад дээрээс хөлөөрөө жийгээд байсан. Би ч гэсэн адилхан эгч А.Оын үснээс зулгаасан. Тэгээд хойд эцэг Л.Эрдэнэбаатар дундуур ороод салгахад би эгч А.Оыг түлхсэн чинь ээж С.Алтантулга хажуунаас эгчийг өмөөрөөд миний нуруун тус газар 2-3 удаа цохиж, эгчийнхээ өөдөөс гар далайлаа гээд байсан. Тэгээд би гомдоод гэрээс зугтааж гараад Давхар дэлгүүр лүү ороход миний араас хойд эцэг Л.Эрдэнэбаатар гарч ирж бид хоёр дэлгүүрээс хамтдаа цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ангийн охин Гэрэлмаатай маргалдаад баруун бугуй, баруун нүдний дээд зовхинд хумсны зулгаралт үүссэн байсан Харин тархины доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хазагдсан шархыг эгч А.О үүсгэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

гэрч Л.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...дунд охин болох Батцэнд гаднаас орж ирсэн. Тэгээд эгч нь болох А.О нь чи тэнэлээ гээд загнаад байх шиг байсан. Харин дунд охин хичээлээ хийж байгаад ирсэн гэж гэж хэлэхэд А.О нь дүүгээ зодсон. Тухайн үед би гадаа байсан эргээд гэртээ ороод ирэхэд дагавар охин А.О нь дүү Батцэндийг зодож байсан тухайн үед ээж нь байсан болохоор би юм хэлээгүй. Тэгээд дагавар охин А.О нь дүүгээ толгой, нуруу, гээд зодож байхад Батцэнд түлхсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5808 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн: ...А.Батцэндийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хазагдсан шарх, баруун бугуй, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 29х/,

А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Хойд эцэг Л.Эрдэнэбаатар, ээж С.Алтантулга нар Нарантуул зах дээр наймаа хийдэг юм. 2019 оны 5 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед хойд эцэг Л.Эрдэнэбаатар, ээж С.Алтантулга нар гэрт ирээд дүү А.Батцэнд ирээгүй болохоор санаа зовж байсан юм. Тэгсэн аав ээжийн Е заас А.Батцэнд орж ирэхээр нь би уурлаад "хаагуур тэнээд байгаа юм бэ" гээд загнасан чинь А.Батцэнд миний өөдөөс "хичээлээ хийгээд тараад ирлээ ш дээ гэж хэлэхээр нь би толгой руу нь цохисон юм. Тэгээд сүүлдээ бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад миний өөдөөс шор шор хийгээд байхаар нь би ганц хашраах санаатай үснээс зулгаагаад орон дээр унагаачихаад дээрээс дарсан юм. Миний үснээс ч нь гэсэн А.Батцэнд зулгаасан. Тэгсэн хойд эцэг Л.Эрдэнэбаатар дундуур ороод салгаж, миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь хажуунаас ээж C.Aлтантулга "эгчийнхээ өөдөөс хэрүүл хийлээ" гээд нуруу луу нь гараараа цохисон. Тэгсэн гэрээс гараад гүйхэд хойд эцэг Л.Эрлэнэбаатар араас нь гараад явсан. Тэгсэн цагдаад дуудлага өгсөн байна лээ. Би тэгнэ гэж огт бодоогүй. Ер нь манай дүү А.Батцэнд айлын бага болоод тэрүү их дураараа, хүний үгэнд ордоггүй, гомдохоорос гэрээсээ гараад зугтаадаг хүүхэд байгаа юм. Тухайн үед би дүүдээ санаа зовоод л хаагуур тэнээд ирж байгаа юм бэ гэж хэлэхэд өөдөөс хэрүүл үүсгээд байхаар нь эгч нь юм болохоор толгой руу нь цохисон чинь сүүлдээ бие биенийхээ үснээс зулгачихаад шарандаа дүүгийнхээ үснээс зулгаагаад цохичихсон юм. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А.Батцэндийн тархины доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хазагдсан шархыг би үүсгэсэн нь үнэн. Тухайн үед намайг хазсан юм. Тэгэхээр нь би бас адилхан хазсан юм. Одоо миний хазсан газар нь эдгэрсэн, сорви байхгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би дүүгийнхээ биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Цаашид дахин ийм асуудал үүсгэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.Оыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Отгонтэнгэр овогт Алтантулгын А.Оыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Оыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Оыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ