Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01763

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

73,983,150 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

27,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2015 онд ******* болон *******-тай хамтран ажиллаж, ******* аймагт хөл бөмбөгийн талбайн барилгын ажил гүйцэтгэсэн. Эхэндээ *******-ийн захирал ******* 70,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан ч төлбөрөө төлөөгүй. Улмаар уг ажил *******-ийн ажил болохыг мэдэж тус компанитай гэрээ байгуулан ажлаа үргэлжлүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 07 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нэмэлт ажил хийсэн. Гэсэн ч гэрээний төлбөрийг бүрэн авч чадаагүй, хариуцагч тал бараа материал нийлүүлээгүй, үүргээ биелүүлээгүй.

Иймд нэмэлт ажлын хөлс 48,890,000 төгрөг, хохирол 15,202,650 төгрөг, алданги 2,890,500 төгрөг, өмгөөллийн зардал 7,000,000 төгрөг, нийт 73,983,150 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Хуулийн ямар үндэслэл, ямар гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хөл бөмбөгийн талбайн гадна талбайн угсралт 420 м.кв, хөл бөмбөгийн талбайн бетон цутгалт 8,032 м.кв, хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг суулгалт 8,032 м.кв, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг, 320 хүний суудал угсралтыг бүрэн гүйцэтгэх ажлыг 70,000,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулж 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлын урьдчилгаанд 10,000,000 төгрөг авсан.

Гэтэл гэрээнд заасан ажлуудаа бүрэн гүйцэтгээгүй. хоёр ажлыг хагас дутуу хийгээд хоёрыг нь огт хийгээгүй явсан буюу гэрээний 3.5, 3.6-д заасан 21,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй. Нийтдээ *******-д 79,573,260 төгрөг төлсөн.

Бүх ажлыг хийж гүйцэтгэсний дараа олгогдох байсан 70,000,000 төгрөгийг 79,773,260 төгрөг болгож өгсөн байхад нэмэлт ажил гэж 37,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Гэрээнд нэмэлтээр хийх ажлын хэмжээ үнийг талууд урьдчилан тохиролцож, бичгээр нэмэлт гэрээ хийнэ гэж заасан ч нэмэлт ажил гүйцэтгэснээ баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. *******-ийн дутуу, чанаргүй хийсэн, огт хийгээгүй орхигдуулсан ажлуудыг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгөөр, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу 9,000,000 төгрөгөөр, нийт 27,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Иймд 27,000,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас нэмэлт ажлын хөлс 38,523,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,460,150 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн 27,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 350,565 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн ч ******* нь гэрээнээс татгалзсан гэж үзэх баримт хэрэгт байдаггүй. ******* нь гэрээнээс татгалзах санал гаргаж байгаагүй.

******* нь гэрээний 3.5, 3.6 дахь заалтаар тохиролцсон нийт 21,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа *******-аас гэрээнд заасан үнийн дүнгээс илүү буюу 79,773,260 төгрөг авсан.

******* нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүгнэлтийг гаргахдаа хайрга, дайрга, гараар тэгшилж нягтруулахдаа 1,242 куб хайргыг 7,764м2 талбайд тарааж тэгшлэн 114,000,900 төгрөгт хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн.

Хариуцагчаас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ тодорхой дурдаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 559 дугаартай магадлалаар гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Дээрх магадлалд шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан гэж дурдсан атал *******-аар дахин дүгнэлт гаргуулсан. Шүүх 2015 онд ******* нь ямар ажлыг хийж гүйцэтгэв гэдгийг геологи, геодезийн ямар шалгуур үзүүлэлтээр яаж тогтоосон гэдэг нь тодорхойгүй.

******* нь *******-ийн нэмэлтээр гүйцэтгэсэн ажил буюу талбайн тэгшилгээ хийсэн ажлын хэмжээг тодорхойлохдоо Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан мэргэжлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгээгүй.

Нэхэмжлэгч нь талбайн тэгшилгээний ажлыг нэмэлтээр хийсэн гэдгээ нотлоогүй. Шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудыг үнэлж дүгнээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч компани эвлэрье гэх саналыг удаа дараа тавьсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн миний бие нотлох баримт судлуулахдаа анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг мөн судлуулсан. Хариуцагч компанийн захирал ******* нь надад одоо нэгэнт цаг хугацаа өнгөрсөн учир та нар шүүхийн байгууллагаар явах нь ямар ч ашиггүй, тиймээс би ******* та хоёрт би мөнгө өгье, бусад хүмүүст мөнгө өгөх шаардлагагүй гэх санал тавьсан.

Хэрэв манай компани тухайн ажлыг хийгээгүй байсан бол хариуцагч талын зүгээс эвлэрье, мөнгө өгье гэх асуудлыг огт ярихгүй. Манай компани 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажил хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын хөлс 48,890,000 төгрөг, хохирол 15,202,650 төгрөг, алданги 2,890,500 төгрөг, өмгөөллийн зардал 7,000,000 төгрөг, нийт 73,983,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 27,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

2.1. Анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэнэ.

 

3. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь ******* аймгийн ****** хотын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн гадна 420м хашаа угсрах, хөлбөмбөгийн 8,030 м.кв талбайн бетон цутгаж хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг хийх, 320 хүний суудал угсралтын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, хариуцагч ажлын хөлс 70,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хөлбөмбөгийн талбайн 420м хашаа барих, 320 хүний сандал суурилуулах, гэрэлтүүлгийн шонгийн суурийн цутгалт хийх, 8,030 м.кв талбайд бетон цутгах ажлыг хийж гүйцэтгэж, 8,030 м.кв талбайд хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ш хийх, 320 хүний сандлын тавцан суурилуулах ажлыг гүйцэтгээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөд 60,781,360 төгрөг төлсөн.

 

3.2. ******* аймгийн ****** хотын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөлбөмбөгийн талбайн ажлыг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэхдээ хариуцагч ******* нь хөлбөмбөгийн талбайн ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хугацааны болон чанарын зөрчил гаргаж байсан болох нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/99, 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/145 тоот албан бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр.

 

4.1. Гэрээний хэрэгжилтийн хувьд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй, нөгөө талдаа хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ажлаа дутуу гүйцэтгэж орхисон, хариуцагч үүнтэй холбоотойгоор үлдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй учир талуудын хэн аль нь гэрээг цуцалжээ.

 

4.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр урьдчилан тохиролцоогүй байсан ч ажлын онцлогоос шалтгаалан ажлын үр дүнг бий болгоход шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгэгч гүйцэтгэж болох бөгөөд нэмэлт ажлын төлбөрийг шаардах эрхтэй байдаг.

Гэхдээ энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь үүссэн нөхцөл байдал, нэмэлт ажил, гарах зардлын талаар урьдчилж захиалагчид мэдэгдэх үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдоогүй. Гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэгт энэ талаар тусгагдаагүй.

Хэрэв захиалагчид мэдэгдэлгүй нэмэлт ажил хийсэн тохиолдолд үүний хөлсийг төлөх үүргийг захиалагч хүлээхгүй болно.

 

4.3. Түүнчлэн хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил дээр нэмэлтээр хөлбөмбөгийн талбайд хайрга дэвсэж тараах нягтаршуулах тэгшлэх ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсонгүй.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол хийсэн ажлын үр дүнг актаар баталгаажуулсан, гарсан зардал нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон байх ёстой байдаг. Түүнээс зөвхөн гэрчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр нэмэлт ажил хийгдсэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй юм.

Энэ үүднээс авч үзвэл нэхэмжлэгч нь нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

4.4. Шинжээч *******-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэд *******-ийг 1,284.1 м.куб хайргыг 7,884 м.куб талбайд тарааж тэгшлэн нягтаршуулсан буюу 38,523,000 төгрөгийн нэмэлт ажил хийсэн гэж дүгнэсэн.

Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбайн ажлаас ямар баримтад үндэслэн дурдагдаж буй ажлыг зөвхөн *******-ийн хийсэн нэмэлт ажилд тооцсон үндэслэлийг шинжээчийн дүгнэлтэд заагаагүй.

Өмнө дурдсанчлан ажил гүйцэтгэх гэрээний хийсэн ажлын хэмжээг тогтооход зайлшгүй ажлын актад үндэслэх ёстой тул эдгээр баримтад үндэслэн гараагүй шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлэхгүй.

Нэгэнт холбогдох анхан шатны баримт байхгүй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй болно.

 

4.5. Иймд нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн, энэ талаар захиалагчид мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн боловч тэрхүү ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд 27,000,000 төгрөгийн зардал гаргасан болохоо хариуцагч нотолж чадаагүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэж байна.

Үүнд холбогдуулан *******, ******* нартай байгуулсан гэрээг гаргаж өгсөн боловч гэрээг ******* байгуулсны зэрэгцээ гэрээний хүрээнд хийсэн ажлыг хүлээлцсэн баримтгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох 73,983,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэгч *******-д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ