Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02069

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/06923 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, 70 хувийн хувьцаа, түүнтэй холбогдох эрхийг буцаан өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******-ийн 70 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7 мянган ширхэг хувьцаа, түүнтэй холбогдох эрхийг ******* худалдсан ч хувьцааны үнэ 7,000,000 төгрөг төлөгдөөгүй.

******* үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа хэлж, эсвэл эрхээ буцаан шилжүүлж өгөхийг шаардаж байсан.

Иймд хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, 70 хувийн хувьцаа, түүнтэй холбогдох эрхийг буцаан өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээ байгуулсан өдөр *******ад бэлнээр 50,000,000 төгрөг өгсөн. Төлбөр төлөгдсөнөөр компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохоор харилцан тохиролцож, энэхүү хэлцлийг хийсэн.

Үүнээс хойш 5 жил өнгөрсөн байхад гэнэт хувьцааны үнэ шилжүүлж өгөөгүй мэтээр шаардаж гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэж заасныг зөрчин хэт нэг талын эрх ашгийг барьж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг нэг мөр ойлгомжтой хэрэглээгүй.

Мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч миний хүсэл зоригийг огт авч хэлэлцээгүй үйлдэл болсон. Учир нь би гэрээний үүрэг болох хувьцааны төлбөрөө төл гэж шаардаагүй зөвхөн байгуулсан гэрээгээ цуцалж, шилжүүлэн өгсөн хувьцаагаа буцаан авъя гэж шаардсан. Гэтэл шүүх өөр хууль хэрэглэн буруу шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээг байгуулах үед төлбөр бүрэн төлөгдсөн байсан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөр төлөгдсөн, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшиж байсан ********-ийн 70 хувийн хувьцааг 7,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдаж, үүний дагуу холбогдох эрхийг шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* 70 хувь, ******* 30 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн байна.

Энэ харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

3.1. Харин анхан шатны шүүхээс талуудын маргаж буй гэрээний үнэ төлөгдсөн эсэхийг зөв дүгнэж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

Зохигчийн байгуулсан гэрээний 2.1, 2.2-т ********-ийн 70 хувийн хувьцааг 7,000,000 төгрөгөөр худалдаж буй талаар заасан. Харин гэрээний 4.1, 4.2-т хувьцаа худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд худалдагч нь холбогдох баримт бичгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

Ийнхүү гэрээ байгуулсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ********-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* гаргаж, 70 хувийн хувьцааг ******* шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар ********-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр *******, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* нар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус бүртгэгдсэн.

 

3.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан.

Талуудын байгуулсан гэрээнд төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй тул уг нөхцөлийг гэрээний агуулгаар тайлбарлах шаардлагатай болж байна.

Энэ үүднээс авч үзвэл гэрээний 2.1, 2.2, 4.1, 4.2 дахь заалт, компанийн хувьцаа шилжсэн үйл явц зэргээр худалдан авагч төлбөрийг төлсөн тохиолдолд худалдагч нь компанийн хувьцааг шилжүүлэх буюу талууд нэгэн зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тохиролцоо хийгдсэн гэж дүгнэх үндэстэй.

Үүнээс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********-ийн 70 хувийн хувьцааг *******оос *******ад шилжүүлэхээр байгуулсан хэлцэлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний өр авлагыг төлбөр тооцоонд оруулж дурдаагүй.

Иймээс хариуцагчийг хувьцааны үнэ 7,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэв. Үүнтэй холбогдуулаад төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

3.3. Хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөхдөө анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээ байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч нь төлбөрийг төлж, нэхэмжлэгч нь хувьцааг шилжүүлсэн учир энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна.

Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй.

 

3.4. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, гэрээний төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчид гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардах эрх үүсээгүй тул шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулаад шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/06923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ