| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06536/И |
| Дугаар | 4896 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 4896
| 2016 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/04896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, 1967 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ... регистртэй, Боржгон овогт Х.О-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн хошууч Ч.Тэнгис, гуравдагч этгээд Х.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны .. дугаар байрны ..тоотод оршин суух Х.О нь байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Х.О нь өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдсан боловч дахин согтууруулах зүйл байнга хэрэглэж эрүүлжүүлэгдэж байсан, ар гэрийнхээ эд хогшлыг ломбарданд тавих, олон хоног дараалан бусадтай нийлж архидан согтуурдаг учир архины албадан эмчилгээнд явуулахыг түүний хүү Э.Энхтайваны тус цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтийн дагуу шалгахад дээрх байдал тогтоогдсон. Иймд Х.О-г Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт зэргийг харгалзан үзэж түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.Ошүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би архи уудаг нь үнэн. 2016 оны 6 дугаар сард хүү маань намайг архи уулаа гээд цагдаа дуудаж эрүүлжүүлэгдэж байсан. Өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан боловч гараад л үргэлжлүүлээд уусан. Турк улсад оёдолчноор ажиллаж байгаад энэ цагаан сараар буцаж ирсэн. Одоогоор тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Хүү маань ажил хийдэг. Би сүүлийн 2 сарын хугацаанд тасралтгүй архи ууж байгаа. Найз залуутайгаа нийлж архи уудаг. Албадан эмчилгээнд бол явмааргүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны ... дугаар байрны 116 тоотод оршин суух хаягтай, 1967 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, .. регистртэй, Боржигин овогт Х.О-гархины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд Х.О нь бусадтай нийлж архидан согтуурч, ар гэрийн өмч хөрөнгийг барьцаалан архи болгож олон хоногоор үргжлүүлэн уух, сүүлийн 2 сарын турш тасралтгүй архидан согтуурсны улмаас түүний хүү Э.Э Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан байна.
Э.Э гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаснаар Х.Оийг олон удаа эрүүлжүүлэгдэж, өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байсныг тогтоосон байх бөгөөд тэрээр архинд донтох өвчтэй болох нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болох нь тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд дахин хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар ... регистртэй, Боржигин овогт Х.Ог албадан эмчлэх газарт явуулж, давтан эмчилгээ хийлгэсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА