| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/00208/и |
| Дугаар | 209/МА2025/00078 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 209/МА2025/00078
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/01533 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: *******гийн “*******аас цахилгааны төлбөр 459,228 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,250,000 төгрөг, эмульс 120,000 төгрөг, нийт 6,829,228 төгрөг гаргуулах” тухай,
******* ХХК-ийн “тээшний мөнгө төлсөн 3,612,000 төгрөг, олгох ёстой ашиг 12,750,000 төгрөг, сул зогсож хүү төлсөн 1,017,702 төгрөг, усны төлбөр 379,015 төгрөг, цахилгааны төлбөр 43600 төгрөг, нийт 17,802,317 төгрөг гаргуулах” тухай,
Сөрөг нэхэмжлэл: “Нэхэмжлэгч *******гоос тог таслуулсны улмаас учирсан хохирол 17,162,500 төгрөг гаргуулах” тухай
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 000 гэрчилгээтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг. 127 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний барилга, нэгж талбарын дугаартай, 000 тоот гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, Худалдааны 1-р гудамж, 348 м.кв талбай бүхий газрын хамт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн 1672 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн захирал *******д худалдсан. Гэрээг нотариатаар батлуулж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын гэрчилгээ шилжүүлэхээр өгсөн. Газрын гэрчилгээ гарахаар улсын бүртгэлийн газарт хандаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах юм.
******* ХХК нь дээрх гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөг, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг түүний эзэмшилд шилжүүлэх гэтэл уг үйлчилгээний барилгыг түрээсэлж байсан ******* нь барилгыг чөлөөлж өгөхгүй байна. *******ын түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч ийнхүү чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас уг барилгын өмчлөгч болон худалдан авагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Худалдан авагч миний бие ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд манай компани нь арьс, ширэн эдлэл хийдэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалсан тоног төхөөрөмжийн тал нь өнөөдрийн байдлаар буусан байхад байрлуулах газар байхгүй, хоногийн I хайрцгийг дунджаар 10,000 төгрөгөөр гаалийн агуулахад хадгалуулж, хохирч байна. Мөн худалдаж авсан барилгаа ашиглаж, арьс ширэн эдлэлээ хийх боломжгүй, маш их хэмжээний алдагдалд орж байна. Учир нь цагаан сарын үеийн худалдан авалтаар манай бүтээгдэхүүн жилийн орлогын 50 хувиас дээш хувийг хийдэг. Тухайлбал зөвхөн компанийн нэр дээр 2022 оны 2 дугаар сард 28,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ажлын байрыг чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас энэ хэмжээний борлуулалтын орлогыг алдахаар болоод байна. ХХК-иас захиалж авсан 30,000,000 төгрөгийн арьсаар бүтээгдэхүүн хийх боломжоо алдаж хохирч байна. Мөн сул зогсож байгаагийн улмаас сард 500,000 төгрөгийн банкны хүү төлж хохирч байна. ******* миний бие нь эдгээр хохирлыг жич нэхэмжилнэ.
Иймд дээрх үл хөдлөх хөрөнгөө, газрын хамт ******* миний өмчлөлөөс ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн боловч ******* хууль бусаар эзэмшиж, дураараа аашилж байгаагийн улмаас өмчөө захиран зарцуулах өмчлөгчийн эрх болон худалдан авагч ******* ХХК-ийн худалдан авсан эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгаа тул дээрх маргаан бүхий эд хөрөнгийг *******ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. / 1-р х.х 1-2 /
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...хариуцагч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 127 мкв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг эзэмшиж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байхдаа 2023 оны 12 сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 сарын 26-ны өдрийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөр 459,400 төгрөг, 91,800 төгрөг, 30,700 төгрөгийг 550 төгрөг нийт 582,450 төгрөг, 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөр 43,600 төгрөг, усны төлбөр 379,015.23 төгрөг буюу нийт 1,005,065 төгрөг төлөөгүй тул түүний өмнөөс уг төлбөрийг төлж барагдуулсан.
Мөн манай компани нь ХХКомпаниар зуучлуулан арьс ширэн эдлэлийн зориулалттай 14 төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар захиалж, 2023 оны 12 сарын 31-ний өдөр 47,550,000 төгрөг төлсөн. 2024 оны 01 сарын 16-ны өдөр уг төхөөрөмжүүд Улаанбаатар хотод ачигдаж ирсэн боловч зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хариуцагч ******* манай ажлын байрны төхөөрөмжүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод өгөөгүйн улмаас худалдаж авсан тоног төхөөмөмж ХХКомпанийн агуулахад төлбөртэй хадгалахаас өөр аргагүй болсон. Хэрвээ хариуцагч ******* нь үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгсөн бол манай компани хадгалалтын зардал төлж хохирохгүй байсан.
Хариуцагч ******* нь манай ажлын байрыг чөлөөлж өгсөн бол шинэ тоног төхөөрөмжөөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлого олох байсан. Тухайлбал манай компани нь өнгөрсөн жил цагаан сарын өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 42,500,000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан байдаг ба борлуулалтын 30% буюу 12,750,000 төгрөг компанийн цэвэр ашиг байдаг. Энэ жишгээр манай компани 2023.12.20-ны өдрөөс 2024 оны 02 сарын 06-ны өдрийн хооронд доор хаяж 12,750,000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан боловч олох ёстой орлогоо алдсан.
Иймд хариуцагч *******аас ус, цахилгааны төлбөр 1,005,065 төгрөг, төхөөрөмжийн хадгалалтын зардалд төлсөн 3,612,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 12,750,000 төгрөг буюу нийт 16,362,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. /1-р х.х 37/
1.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
******* ХХКомпани нь ажлын байрыг нэмэгдүүлэх, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр SME-23-01441 дугаар зээлийн гэрээгээр Жижиг дунд үйлдвэрийн газраас 196,548,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Зээл авахаар "Арьс ширэн урлал" төсөл бичиж өгсөн ба уг төсөлд 2024 оны 1 дүгээр сард 7,545,040 төгрөгийн, 2024 оны 2 дугаар сард 58,942,895 төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гаргасныг Жижиг дунд үйлдвэрийн газрын зээлийн ажилтнууд шалгаж, бодитой тооцоо байна гэж үзсэн учраас манай компанид зээл олгосон. Хариуцагч ******* нь манай ажлын байрыг чөлөөлж өгсөн бол шинэ тоног төхөөрөмжөөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сул зогсохгүйгээр дээрх төслийн дагуу ашиг орлого олох байсан. Гэтэл ******* ажлын байр чөлөөлж өгөөгүйн улмаас сул зогсож, 2023 оны 12 дугаар сарын зээлийн хүүд 2024 оны 01 сарын 19-ний өдөр 516,948 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын зээлийн хүүд 2024 оны 500,754 төгрөг, буюу нийт 1,017,702 төгрөг төлж хохирсон. Иймд сул зогсолтод хүү төлж хохирсон хохирол болох 1,017,702 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. /1-р х.х 53/
1.3. Нэхэмжлэгч *******, ******* ХХКомпани нар нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
Хариуцагч *******аас ус, цахилгааны төлбөр 1,005,065 төгрөг, төхөөрөмжийн хадгалалтын зардалд төлсөн 3,612,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 12,750,000 төгрөг буюу нийт 16,362,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын ус, цахилгааны төлбөр төлсөн 1,005,065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнээс 43,600 төгрөгийг ******* ХХК-ийн ******* төлсөн, 459,400 төгрөг, 91,800 төгрөг, 30,700 төгрөг, 550 төгрөг нийт ******* төлсөн, усны төлбөр 379,015.23 төгрөг одоо ч төлөгдөөгүй байна.
Иймд 582,450 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагад, үлдэх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгааг тодруулж байна... гэжээ. /1-р х.х 142/
1.4. Нэхэмжлэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа”
...******* бид 2 түрээсийн гэрээний хугацаанд сар бүр 1 сая төгрөг төлж, тог, усны хэрэглээг түрээслэгч төлж байхаар тохиролцон гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл ******* нь түрээсийн гэрээнд заасан хугацаанд мөнгөө бүрэн гүйцэт төлөөгүй хагас дутуу, хэл амтай төлж байсан. Жишээлбэл: 2022 оны 9-р сард төлбөр төлөөгүй, 10,11,12-р саруудад нийтдээ түрээсийн төлбөрөөс 1.700.000 төгрөгийг төлөөгүй, 2023 оны 1-12 сар хүртэлх нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс 5.255.000 төгрөгийг төлөөгүй, сүүлд 2024 оны 1-р сард төлбөр төлөгдөөгүй. Ингээд нийтдээ огт төлөгдөөгүй 6.995.000 төгрөгөөр намайг хохироосон. Үүнээс гадна би гэрэл борлуулах байгууллага дээр очиход тогны мөнгө төлөгдөөгүй байсан учир тухайн байгууллага тог таслалт хийж төлбөрийг ******* миний бие барагдуулсан. Би өөрөө тэтгэврийн зээлтэй түрээсийн мөнгөөр амь зуулгаа явуулдаг. Түүнчлэн ажлын байрны дулааны төлбөрөө хүртэл би өөрөө төлдөг, сүүлд ажлын байранд байсан 120,000 төгрөгийн солонгос эмульсийг аваад явсан байсан. Иймээс дээрх эмульсийн мөнгө болон тог усны төлбөр болох 1,000,000 сая төгрөгийг түрээсийн үлдэгдэл төлбөр 6.995.000 төгрөгтэй хамтад нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна... гэжээ. /1-р х.х 225 /
2. Хариуцагч ******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
... ******* миний бие 2019 оноос Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2-р бракыг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор иргэн *******той түрээсийн гэрээ байгуулан тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Түрээслэх хугацаандаа түрээсийн мөнгө, цахилгааны зардлыг цаг тухайд нь тогтмол төлж аливаа хүн болон албан байгууллага, аж ахуйн нэгжид өглөг авлагагүй байсаap ирсэн.
Түрээсийн хугацаа 2024 оны 04 сард дуусах байсан /2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай Дархан сумын 18-р баг хөтөл хороолол 14-14 тоотод байршилтай амины орон сууц галд өртөж юу ч үлдэлгүй шатсан. Онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 12-р сарын 06-ны өдрийн 23/042/23 тоот акт байгаа. Иргэн *******той байгуулсан түрээсийн гэрээ, бусад бичиг баримт бүгд шатсан. ******* бусдад худалдсан, байраа чөлөөлж өг гээд гэнэт ДЦТС-ын монтёр дагуулан ирж 12 дугаар сарын 26-нд тог салгуулсан. Бид тогоо салгуулахгүй гээд Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх станцад хүсэлт гомдол гаргасан боловч тухайн эзэмшигчийн гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу тог залгах, салгах асуудлыг шийдвэрлэдэг гээд тасалсан. Тог, цахилгаан 12 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд залгаагүй. Энэ хугацаанд бид Өнгөт хороололд түрээсийн байр олж нүүгээд орчихсон байсан.
Мөн бид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон маш их гомдолтой байгаагаа Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хариу захирамжийг ДСЦТС-д өгсөн.
Үүний дараа иргэн ******* өөрөө надтай утсаар холбогдон миний буруу эгч нь тогыг нь залгуулаад өгье та нар үйл ажиллагаагаа явуул гээд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцын дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн н.Болормаатай уулзан залгуулах хүсэлтээ гаргаж өгсөн. Хариуцагч буюу эзэмшигч нь хүсэлт гаргасны дагуу залгуулах боломжтой. Иргэн *******гийн хүсэлтийн дагуу ДСЦТС-аас 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тог залгаснаар манайх дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Би иргэн *******той түрээсийн гэрээг 2023 онд 1 жилийн хугацаатай байгуулсан. Манай үйл ажиллагаа 11 сараас 2 сар дуустал явагддаг болохоор 11 сард дуусах гэрээ байх боломжгүй. Бид үйл ажиллагаагаа явуулсан явуулаагүй ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бүтэн жилээр түрээсийн мөнгийг төлдөг.
2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хурлаар бид харилцан зөвшилцөөд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.
Манайх 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүрэн чөлөөлж, охин д хүлээлгэн өгсөн. ******* миний бие 2019 оноос Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2-р бракыг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор иргэн *******той түрээсийн гэрээ байгуулан тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Түрээслэх аливаа хүн болон албан байгууллага, аж ахуйн нэгжид өглөг авлагагүй байсаар хугацаандаа түрээсийн мөнгө, цахилгааны зардлыг цаг тухайд нь тогтмол төлж ирсэн.
Би иргэн *******той түрээсийн гэрээг 2023 оны 4 дүгээр сард 1 жилийн хугацаатай байгуулсан. Манай үйл ажиллагаа 11 дүгээр сараас 2 дугаар сарыг дуустал явагддаг болохоор 11 дүгээр сард дуусах гэрээ байх боломжгүй. Бид үйл ажиллагаагаа явуулсан, явуулаагүй ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бүтэн жилээр түрээсийн мөнгийг төлдөг. Манайх 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүрэн чөлөөлж, охин д хүлээлгэн өгсөн гэжээ. / 1-р х.х 29-30, 31 /
2.1. Хариуцагч ******* 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сард дуусах ёстой байсан. ******* өмнө нь надад үл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа гэдгээ хэлээд, эсвэл намайг үйл ажиллагаа явуулах өөр байр олоорой гээд Иргэний хуулийн 294.3-т заасан 3 сарын хугацааны өмнө мэдэгдэж миний явуулж буй үйл ажиллагаа доголдохгүй байх нөхцөлөөр хангасан бол өдийд ийм маргаан гарахгүй байх байсан.
Би бусдыг хохироосон биш, харин ч *******гоос болж хохирчихсон явж байна. Харин цахилгааны төлбөр төлөөгүй надаас мөнгө нэхээд байгаа бол цахилгааны төлбөрөө Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-нд төлөх болно. Бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ******* ХХК-ийн хүнийг таних ч үгүй ямар нэгэн байдлаар уулзаж ч байгаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 56-58 /
2.2. Хариуцагч ******* 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хорлоогийн шүүхэд өгөөд байгаа түрээсийн гэрээ нь банканд харуулахаар бэлдсэн хуурамч түрээсийн гэрээ учир түрээсийн төлбөр төлөхгүй. Эмульс намайг авсан гэж худлаа хэлж байна. Би тэр эмульсийг нь аваагүй, надад хэрэггүй. Харин миний хэрэглэсэн тогны мөнгийг ******* 380 тог салгуулахын тулд өөрөөсөө төлсөн. Тогны 582,450 төгрөгийг нь би төлнө.
Түрээсийн гэрээний тухайд гэвэл 2022 оны 10 дугаар сард иргэн ******* надтай "утсаар ярьж дахин байраа түрээсэлье чи орох уу" гэж санал болгосны дагуу бид харилцан тохиролцож түрээслэхээр болсон. Би 2022 оны 10, 11 дүгээр сард төлөх түрээсийн төлбөрийнхөө оронд засвар хийлгэсэн.
Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2-р брак байрны 00 өрөө, коридор, хана, тааз, цонхыг мэргэжлийн засалчин З.Сараа 900,000 төгрөгөөр засварласан. Иргэн 3.Сараагийн ХААН банкны тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн. Өмнө тавиулсан байсан 380Вт тогийг салгасан байсан тул ******* "би хүсэлт өгье чи зардлаа гаргаад 380Вт тавиулчих" гэсэн үндсэн дээр дахин хөөцөлдөж тавиулахаар 2022 оны 10 дугаар сарын 26-нд ДСЦТС-д хүсэлтээ өгсөн. Ингээд 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин 380Вт хүчдэлийн тог залгуулж бид ажлаа эхлүүлсэн.
Манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 12, 1, 2 сард буюу 3 сарын хугацаанд цагаан сарын хэвийн боовны үйл ажиллагааг явуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа 12, 1, 2 сард 1,000,000 төгрөг төлж, бусад саруудад үйл ажиллагаа явуулаагүй ч бид ажлын байраа хадгалах зорилгоор 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 сарын 500,000 төгрөгийн түрээс өгч байхаар ярьж тохиролцон гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан.
Миний амьдарч байсан хашаа байшин галд өртөж шатсаны улмаас *******той байгуулсан гэрээ минь шатсан. Гэтэл ******* намайг ажилтай байхад над дээр ирээд эгч нь банкнаас зээл авах гэсэн чинь түрээсийн гэрээ хэрэг болоод байна, энэ гэрээ дээр гарын үсэг зураад өгөөч, зөвхөн зээл авахад хэрэглэнэ гэж хэлээд нэг гэрээн дээр гарын үсэг зуруулаад явсан. Гэтэл зээл авахад зориулж хуурамчаар хийсэн гэрээгээ шүүхэд гаргаж өгч, надаас үндэслэлгүй илүү төлбөр нэхэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.
Миний ажил 12 дугаар сараас эхэлдэг байхад 11 дүгээр сард дуусах түрээсийн гэрээ би хэзээ ч байгуулахгүй. 2022 оны 10 дугаар сараас гэрээ байгуулахгүйгээр намайг оруулсан байж байгаад 2023 оны 4 сараас эхлэн 1 жилийн хугацаатай гэрээг бид байгуулсан байсан гэжээ. /2-р х.х 34 /
3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...******* миний бие иргэн *******той түрээсийн гэрээ байгуулж 2021 оны 12-р сарын 02-ноос эхлэн үйл ажиллагаа явуулсан. 2022 оны 06 дугаар сарын 22-нд түүний охин "бид өөр хүн оруулахаар болсон" гээд бидний өөрийн зардлаараа тавиулсан 380Вт хүчдэлийн тог цахилгааныг салгуулж бид байрнаас нь тоног төхөөрөмжөө зөөж байрыг нь суллаж өгсөн. 2022 оны 10 дугаар сард иргэн ******* надтай "утсаар ярьж дахин байраа түрээсэлье чи орох уу" гэж санал болгосны дагуу бид харилцан тохиролцож түрээслэхээр болсон. Би 2022 оны 10, 11 дүгээр сард төлөх түрээсийн төлбөрийнхөө оронд засвар хийлгэсэн. Өмнө тавиулсан байсан 380Вт тогийг салгасан байсан тул ******* "би хүсэлт өгье чи зардлаа гаргаад 380Вт тавиулчих" гэсэн үндсэн дээр дахин хөөцөлдөж тавиулахаар 2022 оны 10 дугаар сарын 26-нд ДСЦТС-д хүсэлтээ өгсөн. Ингээд 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин 380Вт хүчдэлийн тог залгуулж бид ажлаа эхлүүлсэн. Тэгээд түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байсан. 2023 оны 10-р сараас эхлэн 2 хүн дагуулж ирэн үзүүлж байсан. Байрыг минь сонирхож байгаа юм чи юу ч битгий яриарай, чамайг цагаан сар хүртэл ажиллуулна гэж хэлээд гарсан. Түүнээс хойш удалгүй ******* 2023 оны 12 дугаар сарын 13-нд надтай уулзаад түрээсээ авъя гээд ажлын байранд ирсэн. "Тэр улсууд худалдаж авахаа больсон чи зүгээр ажлаа явуул" гээд түрээсийн мөнгө 500,000 төгрөгийг өөрийн дансандаа аваад явсан.
Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед охин , ДСЦТС-ын 2 залуутай хамт ирж 380Вт, 220Вт тог цахилгааныг салгуулаад биднийг одоо гар гэж хөөсөн. Цахилгаан тасарснаас болж тэр өдрийн 15 зуурмаг бүгд исэж муудаад хаягдсан. Энэ бүгдийг манай ажилчид гэрчилнэ. Ингээд бид 12-р сарын 27-ны өдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулахын тулд Өнгөт хороололд " ХХК-ийн дэлгүүрийн байранд нүүн орсон. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:09 минутад ******* над руу утасдан наймаа буцсан хоёулаа тохиролцъё, би ДСЦТС орж тогийг чинь залгуулж өгье гээд өөрөө хөөцөлдөж 12 дугаар сарын 29-ний өдөр залгагдсан. Энэ үед манай ажилчид тарсан байсан. Учир нь манай үйлдвэр өглөө 10 цагийн үед 220Вт цахилгааныг залгуулсан. Харин 380Вт цахилгаан үдээс өглөө 05 цагаас зуурмагаа зуурч эхэлдэг боловч бүгд 380Вт хүчин чадлаар ажиллах шаардлагатай байдаг тул тухайн өдөр үйл ажиллагаагаа явуулж чадаагүй.
Манайх өдөрт 15 зуурмаг зуурдаг ба нэг зуурмагаас 90 ширхэг хэвийн боов гардаг. Нэг хэвийн боов 4500 төгрөгөөр зах зээл дээр борлуулалт хийгддэг. 1 өдрийн хохирол: 15*90=1350 ширхэг х 4500 төгрөг = 6,075,000 төгрөг. Хэвийн боов борлуулснаас олох ашиг: Орлого /6,075,000/ Зардал/2,379,167/ = 3,695,833.33 төгрөг 1 өдөрт олох цэвэр ашиг, 1 өдөрт олох цэвэр ашиг х 3 өдөр = 11,087,500 төгрөг /алдагдал/. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зуурсан гурил иссэн учраас бид 6,075,000 төгрөгийн хохирол амссан, харин 27, 28, 29-ний өдрүүдэд бидний үйл ажиллагаа хэвийн явуулсан бол 11,087,500 төгрөгийн ашиг олох байсан.
Түрээслүүлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөө авсан байсан боловч гэрээний үүргээ зөрчин манай үйл ажиллагааг санаатайгаар зогсоож 4 өдрийн нийт 17,162,500 төгрөгөөр бид хохирсон. Бидний үйл ажиллагаа нь улирлын чанартай учир бидэнд 1 өдөр алдахад маш их хохирол амсаж зуурсан гурил, сахар, тос, зэрэг бүх юмаар хохирсон. Иймд 4 өдрийн цахилгаан тасалснаас болж учирсан хохирол 17,162,500 төгрөгийг иргэн *******гоос нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /2-р х.х 41-42 /
4. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, хариу тайлбартаа:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ цахилгаан тасалснаас болж учирсан хохирол 17,162,500 төгрөг гаргуулна" гэжээ.
******* болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдвэрийн зориулалттай, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127 мкв талбай бүхий байрыг 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх талаар нэхэмжлэгч *******гийн зүгээс удаа дараа хариуцагчид амаар мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "*******" ХХКомпанийн захирал *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Ү- бүртгэлийн дугаартай, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******д худалдсан бөгөөд эд хөрөнгө хүлээлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байсан.
Хариуцагч ******* 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, хууль бусаар эзэмшиж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд *******ын үйл ажиллагаа явуулж байхдаа зарцуулсан цахилгааны өрийг төлж тогийг таслуулсан. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байсан эзэмшлийг нь таслан зогсоох, ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас гэм хорын хохирол төлөх нөхцөл байдал үүссэн тул арга буюу дээрх цахилгааныг таслуулсан байдаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т "Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гийн цахилгаан тасалсан үйлдэл нь хариуцагч *******ын өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас хийгдсэн ажиллагаа бөгөөд ******* нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн гэрээний хугацаа дууссан байхад үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /2-р х.х 69 /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* ХХК-ийн гаргасан *******ын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 1,459,228 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 5,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******аас 422,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгож, 17,379,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 17,162,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,960 төгрөг, нэхэмжлэгч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,870 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,763 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 38,297.65 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д, хариуцагч *******аас 13,328.46 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд: “10.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч ******* түрээсийн зүйл болох эд хөрөнгийг эзэмшиж. ашиглаж байсан талаар маргаагүй, түрээсийн төлбөртэй маргасан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна’ гэж дүгнэжээ.
...Талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч түрээслүүлэгч тухайн эд хөрөнгийг эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан тул үйл ажиллагаа эрхэлсэн, ашигласан хугацааны төлбөрөө төлөх үүрэгтэй байсан.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал байдгаас гадна шүүх талуудын маргаагүй үйл баримтад холбогдуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. / 2-р х.х 178-181/
7. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.3-т Иргэнийн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар *******, хариуцагч ******* нарын хооронд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Мөн энэ хэсэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ нэхэмжлэгч *******гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн.
б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.1-т нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч "*******" ХХК нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь дээрх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлтээсээ зөрүүтэй дүгнэлт хийхдээ хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдгийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл | нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул тэдний хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа анхнаасаа үүсээгүй байхад түрээсийн гэрээний харилцаа үүсэж, улмаар уг харилцаа үргэлжилж, дуусгавар болоогүй мэт дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.
в. Хэрвээ шүүх *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа бол уг түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон буюу нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч "*******" ХХК нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед дуусгавар болж, хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй байсныг шүүх анхаарч үзсэнгүй.
г. Улмаар анхан шатны шүүх ‘'Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч "*******" ХХК нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх ' эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.1-т "Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй." гэж заажээ. Гэрээний уг заалтаас дүгнэхэд "*******" ХХК-ийн худалдан авсан эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх үүргийг чөлөөлж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч "*******" ХХК-д хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэгүй байна. Учир нь: 4.1 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд энэ талаар зохигчид маргадаггүй ба ******* нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг ******* ХХК-д худалдахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулсны дараа хариуцагч ******* маргаан үүсгэж, шүүхэд “ Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө татаж авсыг баталсан шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг тул маргаан үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулах үед өмчлөлийн маргаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
д. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч "*******" ХХК нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.1-т заасны дагуу эрхийн зөрчилгүй, өмчлөлийн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлж хариуцагч *******ыг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг шаардсан боловч ******* нь дураараа аашилж үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүйн улмаас "*******" ХХК нь худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болсны улмаас "*******" ХХК-д хохирол учирсан нь тогтоогдсон.
е.Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүйн улмаас захиалсан тоног төхөөрөмжөө тээшинд хадгалуулсан 3,612,000 төгрөгийн зардал, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас авсан зээлийн хүүд төлсөн 1,017,702 төгрөг буюу нийт 4,629,702 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 495 дугаар зүйлийн 495.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр хариуцагч *******аас гаргуулах үндэслэлтэй байсан.
ё. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******аас 4,629,702 төгрөг гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. /2-р х.х 173-176/
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
10. Нэхэмжлэгч *******, ******* ХХКомпани нар нь *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХКомпани нь тоног төхөөрөмжийн хадгалалтын зардалд төлсөн 3,612,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 12,750,000 төгрөг, сул зогсож, зээлийн хүүд төлсөн 1,017,702 төгрөг, усны төлбөр 379,015 төгрөг, цахилгааны төлбөр 43600 төгрөг нийт 17,802,317 төгрөгийг *******аас гаргуулах гэж,
Нэхэмжлэгч ******* нь түрээсийн үлдэгдэл төлбөр 6,250,000 төгрөг, цахилгааны төлбөр 459,228 төгрөг, усны төлбөр 379,015 төгрөг, эмүльс 120,000 төгрөг, нийт 7,208,243 төгрөгийг *******аас гаргуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
11. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, цахилгаан таслуулсаны улмаас учирсан хохирол 17,162,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг *******д холбогдуулан гаргасан байна.
12. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн учир татгалзаж байна гэжээ.
13. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс судалж үзвэл:
14. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 165-166/
15. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, мөн өдрөө газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Худалдааны , тоот хаягт байрлах, 348 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 120,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 6, 11/
16. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус байрыг цахилгаан хангамжийн сүлжээнээс таслуулж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээлгэсэн нь Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/71 дугаар албан бичиг, хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан хангамжийн сүлжээнээс салгах болон сэргээлгэхийг хүссэн өргөдөл зэргээр тогтоогдож байна.
17. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 379,015 төгрөгийг ХК-д, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 43,600 төгрөгийг ДСЦТСХК-д тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 44, 2-р хх-ийн 33/
18. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин түрээсийн гэрээний хугацаа, төлбөр, *******гийн цахилгаан хязгаарласан үйлдэл, түрээслэсэн эд хөрөнгийг шаардсан хугацаанд чөлөөлж өгөөгүй *******ын үйлдэл зэрэг нь хууль ёсны эсэх, үүнээс үүдэн гарсан түрээсийн талбайн ашиглалтын зардал, хохирол төлбөрийн асуудал нь маргааны зүйл болжээ.
19. Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тогтоож, дараах байдлаар хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.
20. Нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
20.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн учир энэхүү шаардлагаасаа ******* ХХКомпанийн төлөөлөгч *******, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар татгалзсан талаар шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчөөгүй байна.
21. Нэхэмжлэгч ******* нь түрээсийн үлдэгдэл төлбөр 6,250,000 төгрөг, цахилгааны төлбөр 459,228 төгрөг, эмульс 120,000 төгрөг, нийт 6,829,228 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
21.1. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар брак 127.4 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн эд хөрөнгө байх бөгөөд тэрээр хариуцагч *******т өөрийн өмчлөлийн хөрөнгийг эзэмшил ашиглалтанд шилжүүлж, хариуцагч ******* нь түрээсийн төлбөрийг төлж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасан.
Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Хүчин төгөлдөр бус хэлцэл нь харилцан буцаах үр дагавартай ч хариуцагч ******* нь тухайн эд хөрөнгийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашигласан байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь түрээсийн төлбөр 6,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч ******* биелүүлээгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, тэдний хооронд байгуулагдсан гэрээ мөн хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүйгээс 318.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож, хариуцагчийг тухайн эд хөрөнгийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашигласан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492.1.1, 493.1, 493.6-д зааснаар хариуцагчаас үндэслэлгүй олж авсан эд хөрөнгө, орлого, үр шимийг шаардах эрх үүссэн гэж дүгнэн хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
22. “...түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул тэдний хооронд анхнаасаа түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байхад түрээсийн гэрээний харилцаа үүсэж, улмаар уг харилцаа үргэлжилж, дуусгавар болоогүй мэт дүгнэж хуулийн буруу хэрэглэсэн” гэх нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
23. Мөн шүүх хуралдаанд хариуцагч ******* нь цахилгааны төлбөр 459,228 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргажээ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийг шаардэх эрхтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлж, хариуцагч *******аас түүний хэрэглэсэн цахилгааны төлбөрт нэхэмжлэгч *******гийн төлсөн 459,228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
24. Нэхэмжлэгч ******* нь ажлын байранд байсан 120,000 төгрөгийн үнэ бүхий солонгос эмульсийн үнийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч шүүх хуралдаанд “...Эмульс байсан, тухайн үед намайг ав гэж хэлэхээр нь би аваагүй. Үүдэнд нь тавьчихсан байсан тул эмульс нь хөлдчихсөн байсан. ******* гуай хөлдчихсөн юм бол хаячих гэж хэлсэн...” гэх тайлбарыг гаргажээ.
******* нь эмульсний мөнгө 120,000 төгрөг гэж нэхэмжилж буй боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчид хүлээлгэж өгсөн талаар баримт байхгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нотлох баримт гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
25. ******* ХХК нь *******аас тээш хадгалсан 3,612,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,750,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1,017,702 төгрөг, усны төлбөр 379,015 төгрөг, цахилгааны төлбөр 43,600 төгрөг, нийт 17,802,317 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
25.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* нь усны төлбөр 379,015 төгрөг, цахилгааны төлбөр 43,600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.
Анхан шатны шүүх ******* ХХК-ийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн *******аас усны төлбөр 379,015 төгрөг, цахилгааны төлбөр 43,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
25.2 Нэхэмжлэлийн шаардлагаас тээш хадгалсан 3,612,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,750,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1,017,702 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч ******* ХХКоманийн хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч *******, ******* ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 4.1-т “худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-д шилжүүлэх үүргийг ******* хүлээсэн учир хариуцагч *******ийг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, түүнээс үүдэн нэхэмжлэгч ******* ХХК-д хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* болох нь баримтаар тогтоогдсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн зөрчилгүй эд хөрөнгө гэж үзэхээр байгаа хэдий ч ******* нь *******тай байгуулсан түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгож, эд хөрөнгийг шилжүүлж аваагүйн улмаас ******* ХХК-д учирсан хохирлыг ******* хариуцан төлөх үүрэггүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Дээрх байдлаас дүгнэвэл тээш хадгалсан 3,612,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,750,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1,017,702 төгрөгийг хариуцагч ******* хариуцан төлөх үүрэггүй, нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар хохирлоо шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
26. Хариуцагч ******* нь түрээслүүлэгч *******д холбогдуулан түрээсэлж байсан үл хөдлөх эд хөрөнгийн цахилгааны үүсгэврийг таслуулсны улмаас учирсан хохиролд зурамгын үнэ 6,075,000 төгрөг, олох байсан орлого 11,087,500 төгрөг, нийт 17,162,500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ЭБИБ ХХК-ийн 12,616,500 төгрөгийн орлогын баримт, 22,248,000 төгрөгийн зарлагын баримт, ЭБИБ ХХК-ийн хүрээ хэвийн боов, шанзтай еэвэн, бялуунд хийсэн шинжилгээний дүн, хэвийн боов үйлдвэрлэх технологийн тооцоо, 3-н гэрэл зургийн хамт гаргаж өгсөн байна.
Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ц.Хадбаатар, Ц.Болдбаатар, , Н.Эсэнжаргал, З.Сараа, Б.Хишигмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч ******* нь зуурмагны мөнгө 6,075,000 төгрөг, олох ёстой байсан орлого гэж 11,087,500 төгрөг тус тус гэж нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч *******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй, үндэслэлтэй байна.
27. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,025 төгрөгийг, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 100,900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН