Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 5152

 

                                         

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 325 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ДП 89070211, Өөлд овогт Нямцогтын Нямдарийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7/3 дугаар байрны 64 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШД 77052908, Боржигон овогт Октябрийн Оюунчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 254 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Н.Нямдарь, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Н.Нямдарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би О.Оюунчимэгт 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 4 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд 1 сарын дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа дуусахад зээлсэн мөнгөө, хүүгийн хамт төлөөгүй зээлийн үлдэгдэл 2 730 000 төгрөг үлдсэн ба 2 730 000 төгрөгийг, сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан.О.Оюунчимэг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэхэд надад үндсэн зээл 2 730 000 төгрөг, зээлийн хүүтэй хамт 3 139 500 төгрөг төлөх ёстой байтал О.Оюунчимэг уг мөнгийг огт өгөхгүй байсан учир шүүхэд хандсан.Үүнээс хойш надад 600 000 төгрөг л буцааж өгсөн.Иймд одоо О.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2 530 000 төгрөг, алданги 724 300 төгрөг нийт 3 254 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

     Хариуцагч О.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:Би Н.Нямдариас анх 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн.Энэ хугацаанд үлдсэн мөнгө, хүү нийлээд 1 270 000 төгрөг төлсөн боловч зээл төлөх хугацаа дуусч уг зээлнээс 2 730 000 төгрөг үлдсэн.Н.Нямдарь үлдсэн мөнгө болох 2 730 000 төгрөг дээр дахин гэрээ хийхийг шаардсан.2016 оны 2 дугаар сарын 29-нд уулзахад хугацаа хэтрүүлсэн учир үлдэгдэл мөнгийг 15 хувийн хүүтэй болгосон гэж хэлсэн.Уг мөнгөнөөс 600 000 төгрөгийг Нямдарийн өөрийнх нь ХААН банкны данс руу шилжүүлсэн.Уг мөнгийг бизнесийн эргэлтэд зориулсан боловч нийгмийн хямралаас болж худалдан авах чадвар муудаж, мөн бие давхар болж төлөх боломжгүй болсон.Одоо ажилгүй гэртээ сууж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул Нямдариас авсан 600 000 төгрөгийг хасаад 2 130 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр 4 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2 430 000 төгрөг эргүүлж төлсөн, мөн 200 000 төгрөгийг эгчээрээ дамжуулж төлсөн, ингээд нийт 2 630 000 төгрөгийг эргүүлж төлсөн тул үлдэгдэл 1 370  000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй төлсөн байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нямдарь хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангийн нийт 3 254 300 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч О.Оюунчимэг нь Н.Нямдариас 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд үүнээс 1 270 000 төгрөгийг эргүүлэн төлж  2 730 000 төгрөг үлдсэн гэдэгт талууд маргахгүй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээнд зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн нөхцөлд хоногт тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги тооцож зээлдэгчид төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчид дээрх үлдэгдэл 2 730 000 төгрөг дээрээ 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй байх бөгөөд энэхүү хэлцлийг өмнөх 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэх үндэстэй байна.

 

Учир нь өмнөх зээлийн үлдэгдэл 2 730 000 төгрөг байсан, нөгөө талаар 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Н.Нямдарь дахин зээлдэгчид бодитоор мөнгө шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад зохигчид маргахгүй байна.

 

Зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийн хүүг 10 хувиар тохирсон байхад 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэлд зээлийн хүүг 15 хувь гэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг сунгах гэдэг нь тухайн зээлийн үлдэгдэл төлбөрийг эргүүлэн төлөх хугацааг сунгах ойлголт болохоос өмнөх гэрээнд зааснаас өөр нөхцлийг тохирох боломжгүй байдаг тул зээлийн хүүг 10 хувиар тооцож боломжтой байна.

 

Хариуцагч О.Оюунчимэг 2016 оны 2 дугаар сарын 29-нй өдрөөс хойш нийт 1 040 000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1 690 000 төгрөг байх бөгөөд үүн дээр зээлийн хүүгийг 273 000 төгрөг, алданги 918 500 төгрөгийг нэмээд нийт 2 944 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч Н.Нямдарь улсын тэмдэгтийн хураамжид 67 018 төгрөг төлөхөөс 87 820 төгрөг төлж илүү 20 802 төгрөг төлсөн байгааг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Октябрийн Оюунчимэгээс 2 944 500 /хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Нямцогтын Намдарьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 309 500 /гурван зуун есөн мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Оюунчимэгээс улсын  тэмдэгтийн хураамжийн 67 018 /жаран долоон мянга арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нямдарьд олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан Н.Нямдарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 820 төгрөгөөс  67 018 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20 802 /хорин мянга найман зуун хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргаж Н.Нямдарьд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН