| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05529/и |
| Дугаар | 5193 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 5193
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 106 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ВЮ 79030224, Отгоныхон овогт Оюуны Должингийн хүсэлттэй
Талийгч Х.Хашболорыг цагдаагийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх, чиг үүргээ гүйцэтгэн хэрэгжүүлэх явцдаа амь насаа алдсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Должин, түүний өмгөөлөгч А.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
О.Должин шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний нөхөр Х.Хашболор Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтэнээр ажиллаж байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан ба тухайн өдөр ажлын өдөр байсан.Тухайн өдөр Эрүүгийн Цагдаагийн Газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга үүрэг өгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст нэр бүхий офицерүүдийн хамт цагдаагийн хэлтсийн бүтэц зохион байгуулалт өөрчлөлттэй холбогдуулан тамга гардуулах үйл ажиллагаанд оролцуулахаар явуулсан байсан.Тамга тэмдэгийг 13 цагийн үед гардуулан өгч цаашаа Гаалийн Ерөнхий Газрын харъяаны амралтанд байгаа алба хаагчдыг удирдан зохион байгуулах гэсэн даргын үүргийн дагуу очоо бусдын гарт амь насаа алдсан.Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд зааснаар нийтээр амрах тэмдэглэлт баярын өдөр биш бөгөөд Засгийн газрын тогтоолоор амралтын өдөр болгон зохицуулаагүй, ажлын байран дээрээ үүргээ гүйцэтгэж байсан ажилтан албан хаагчийг үүрэг даалгавар өгч, өөрсдийн гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд ажил үүргийг гүйцэтгүүлж байсан.Иймд миний нөхөр Х.Хашболор нь Цагдаагийн алба хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлж байх явцдаа амь насаа алдсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Өмгөөлөгч А.Содхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талийгч Х.Хашболорын нэр төрийг нь сэргээлгэж, ажлаа хийж явж байгаад амь насаа алдсан гэдгийг тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуанлийн өдрөөс тооцоход ажлын өдөр байсан.Х.Хашболор согтуугаар амралтын газар амь насаа алдсан гэж яригдсан байдаг.2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нийтийн амралтын өдөр биш баасан гариг ажлын өдөр байсан.Х.Хашболор ээлжийн амралтаа эдэлж байсан юм байхгүй.Зохион байгуулалт хэлтсийн дарга Батдэлгэр үүрэг өгч Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст нэр бүхий офицеруудын хамт цагдаагийн хэлтсийн бүтэц зохион байгуулалт өөрчлөлтэй холбогдуулан тамга гардуулах үйл ажиллагаанд оролцуулахаар явуулсан байдаг.Налайх дүүрэгт тамга тэмдэг хүлээлгэж өгч гэж цаашаа салхинд гарсан зүйл байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
О.Должин нь талийгч Х.Хашболорыг цагдаагийн албан хаагчийн ажил үүрэг болон чиг үүргээ гүйцэтгэн хэрэгжүүлэх явцдаа амь насаа алдсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Энэхүү эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэжээгчээ алдсны тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна.
О.Должингийн нөхөр Х.Хашболор нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Горхи Мэлхий Хад” гэдэг амралтын газарт хамт олноороо амарч байхдаа бусдын гарт амь насаа алдсан болох нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 337 дугаартай магадлалаар нотлогдож байна.
Тухайн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нь хуанлийн тооллолоор ажлын өдөр байсан хэдий ч Эрүүгийн Цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийнхэн хамт олноороо амралтын газарт амарч байсан цаг хугацаанд талийгч Х.Хашболорыг Цагдаагийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэж явсан байна гэж үзэх боломжгүй байх тул О.Должингийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан О.Должингийн талийгч Х.Хашболорыг цагдаагийн албан хаагчийн ажил үүрэг болон чиг үүргээ гүйцэтгэн хэрэгжүүлэх явцдаа амь насаа алдсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, түүний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН