| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2019/01031/И |
| Дугаар | 223/МА2025/00040 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 223/МА2025/00040
2025 11 20 223/МА2025/00040
Б.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 317/ШШ2025/01335 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ................. аймаг, ............... сум, ...........дугаар баг, ................. тоотод оршин суух, Б...... овогт Б....... Т...............,
Хариуцагч: ..........аймаг, ...........сум, ....... дүгээр баг, .............. тоотод оршин суух, О...... овогт Б......... С..........-д холбогдох,
Дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 53,770,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч С.С /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Миний бие нь Б.Стай 2019 онд танилцаж, үерхэж эхэлсэн. 2019 оноос хамт байр түрээсэлж, хамтран амьдарч эхэлсэн ба 2024 оны 11 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан. Хамтран амьдрах хугацаандаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй, дундаас хүүхэд төрөөгүй. Б.С нь 2020 онд Бүгд Найрамдах Солонгос улс руу 3 сарын хугацаатай явсан. Тухайн үед дэлхий нийтийг тархсан Ковид-19 цар тахал гарч Б.С Солонгос улсаас ирж чадахгүй байсаар 2022 оны хавар ирсэн. Хамтран амьдарч байх хугацаандаа өөрсдийн гэсэн орон байртай болъё гэж ярилцаж шийдээд Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байр, 05 тоотод байрлах 54м.кв орон сууцыг Ч.Хөхөө гэх хүнээс 1м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 54,000,000 төгрөгөөр худалдаж авсан.
Тус байрыг 50/50 хувь төлж авахаар ярилцаж 27,000,000 төгрөгийг тус тус гаргаж авахаар болсон. Ингээд урьдчилгаа төлбөр 27,000,000 төгрөгийг Б.С гаргаж, үлдэх 27,000,000 төгрөгийг миний бие нь 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөг хувааж төлж байхаар хувь лизингээр тохиролцож, орон сууцыг худалдаж авсан. Ч.Хөхөөтэй байрны төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа нэрийг Б.С болон миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Миний бие нь өөрийн хариуцах төлбөрийг сар бүр Б.Сын Хаан банкны 5721624843, 5756019992 тоот данснуудад шилжүүлж, Б.С нь цаашаа Ч.Хөхөө рүү шилжүүлэх замаар 25,000,000 төгрөгийн төлбөр болох 46,3 хувийг миний бие төлж барагдуулсан. 2023 онд өөрийн үлдэх 2,000,000 төгрөгийг төлж, тус орон сууцны нэрийг шилжүүлж авах гээд улсын бүртгэл дээр Б.Сын хамт ирж бүртгүүлэх гэсэн боловч Б.С надад 2,000,000 төгрөгийн хэрэг байхгүй. Би ээжтэйгээ хамт байрны нэрийг шилжүүлж авна гэхээр нь өөрсдөө нэрээ шилжүүлээд авчих гээд би яваад өгсөн. Харин тус орон сууц Б.С болон түүний ээж Д.Б нарын өмчлөлд бүртгэлтэй. Байрыг анх 2020 онд худалдаж авсны дараа тус байранд Б.Сын ээж амьдарч, би Улаанбаатар хотод ажил хийж, мөнгөө төлж дуусгасан.
Бид хоёр зан харилцааны улмаас 2024 оны 11 дүгээр сараас хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие Б.Стай хамтран амьдрах хугацаанд орон сууц худалдаж авсан ба өөрийн хөрөнгө мөнгийг төлж тус орон сууцнаас өөрт ногдох хэсгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. 2020 онд орон сууцыг 1м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар тус орон сууцны 1м.кв нь 1,800,000 төгрөг болсон ба нийт 97,200,000 төгрөг болж байрны үнэ цэнэ өсөн нэмэгдсэн гэж үзэж байна. Миний бие тус орон сууцны зах зээлийн хөрөнгийн үнэлгээ гаргаж шүүхэд хандах гэсэн боловч надад байрны өмчлөлийн гэрчилгээ, байрны зураг байхгүй орон сууцанд нэвтрэн орох эрх байхгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийлгэх боломжгүй байсан. Би тус орон сууцыг худалдан авах 46,3 хувь болох 25,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгө мөнгийг оруулсан ба орон сууцыг 97,200,000 төгрөг гэж үнэлж өөрт ноогдох 46,3 хувь болох 45,000,000 төгрөгийг авах хүсэлтэй байна.
Шинжээчээр орон сууцыг үнэлүүлэхэд 111,000,000 төгрөг болсон нь хэрэгт авагдсан үнэлгээнээс харагддаг. Хариуцагч талаас 17,000,000 төгрөгийг нь буцаагаад өгье гэж байна. Анх 52,000,000 төгрөгөөр худалдаж авсан байрны үнэ өсөөд 111,000,000 төгрөг болсон. Байр орон сууц авах гэж санаа, зорилгоор мөнгө шилжүүлж байгаа хүн түүний үр шимийг хүртэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн тайлбарын агуулга: “...Миний бие 2019 онд Б.Ттай танилцаж 2019 оны 5 дугаар сараас түрээсийн байранд хамтран амьдарч байгаад би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улс руу 3 сарын визээр гарсан. Энэ хүртэлх хугацааны байрны түрээсийн төлбөр тооцоо амьжиргааны зардал хоол хүнс, цахилгаан дулааны бүх тооцоог бүгдийг нь төлж байсан. Намайг Солонгос улс руу явах үед Ковид гарч хил хаагдсанаар би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн чиглэлийн онгоцоор буцаж ирсэн. Би Солонгос улсад байхдаа байрны урьдчилгааны мөнгөтэй болж, улмаар 2020 оны 10 дугаар сард өөрийн ээж Д.Бтэй ярилцаж түрээсийн байрны эзэн Ч.Хөхөө гэх хүнтэй ярилцаж түүний дүү Ч.Түмэндэмбэрэлээр дамжуулан манай ээж хувь лизингийн гэрээ хийж 53.3 м.кв байрыг 52,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа болох 25,000,000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 27 сарын хугацаанд төлж дуусгахаар гэрээ хийсэн юм. Энэ гэрээг хийхэд Б.Т огт оролцоогүй.
Худалдах, худалдан авах орон сууцны гэрээний дагуу төлбөрийг би 2020 оны 11 дүгээр сараас сар бүр 1,000,000 төгрөгийг хийж эхэлсэн. Б.Т нь “...байрны төлбөрт нэмэр болмоор байна, цаашид хамт амьдрах юм чинь...” хэмээн санал тавихаар нь би зөвшөөрч төлбөр мөнгө авахаар болж Солонгос улсаас буцаж ирсэн юм. Нэхэмжлэгч Б.Т нь мөнгийг миний ХААН банкны данс болох 5721624843 дугаартай дансанд шилжүүлсэн. Мөн 5756019992 гэх дансанд байрны мөнгөнөөс 900,000 төгрөг шилжүүлсэн. 5721624843 дансанд байрны мөнгө 16,690,000 төгрөг хийсэн, мөн Б.Т нь өөрийн виза карт алга болгочхоод миний данс руу 2,475,000 төгрөгийг оруулаад буцаагаад авсан. Мөн миний 5756019992 гэх дансыг бүтэн жил ашиглаж өөрийн 8,003,000 төгрөгийг оруулж өөрийн ажлын хэрэгсэл болох зүйлүүдийг авч байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Б.Т нь 5721624843 дансанд байрны мөнгө 16,690,000 төгрөг, 5756019992 дансанд 900,000 төгрөг нийт 17,600,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Б.Тын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Т гэр орондоо нэг ч нэмэр болохгүй, зурагт үзээд бэлэн юм дээр амьдарчхаад оруулсан мөнгөө хэд дахин нэмж нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 дансны тухай ярьсан. 1 дэх данс нь миний охины хэрэглэдэг данс, 2 дахь данс нь миний охины нэр дээр байдаг боловч өөрөө хэрэглэдэггүй, Б.Т өөрийн картаа хаячхаад миний охины хэрэглэдэггүй дансыг ашиглаж, ажлын мөнгөө оруулж, гаргаж хэрэглэж байсан. Б.Т хамт амьдарч байх хугацаандаа ямар байдалтай амьдарч байсан талаар би цухас дурдсан. Б.Т үр шим авах үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Т тухайн байранд амьдарснаас хойш юу ч хийгээгүй. Өөд нь татсан зүйл нэг ч байхгүй. Зүгээр л билэг тэмдэг шиг амьдарч ирсэн. Б.Т би явахдаа мөнгөө аваад явна гэдэг байдлаар ахуйн хэрэглээний зардалд нэг ч төгрөг өгөлгүй зөвхөн байранд мөнгө төлсөн нэртэй, одоо буцааж нэхэж байна. Хамт амьдарч байх хугацаандаа агсам согтуу тавьж, хүчирхийлэл үйлддэг, цаашид хамт амьдрах боломжгүй гэж мэдэгдсэн болохоор манай охин байрны гэрчилгээнд нэрийг нь оруулахаас татгалзсан.” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Саас 51,468,932 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2,302,036 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /362,950+155,286/ нийт 518,236 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Саас тэмдэгтийн хураамж 415,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Таас шинжээчийн зардал 418,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд, хариуцагч Б.Саас шинжээчийн зардал 800,000 төгрөгийг гаргуулж Ц.Энхжаргалын Хаан банкны МИ30000500 5630142045 тоот дансанд тус тус олгож,
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 317/ШЗ2025/001176 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Б.С, түүний хүүхэд Б.Сайн-Учрал нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт 2-р хороолол, 1-р байрны 05 тоотод байрлах, 53,03м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай Ү-1427002166 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамж энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 1, 108 дугаар зүйлийн 8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Саас 51,466,932 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2,302,036 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хэрэгт байгаа худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг нийт 52,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиоролцсон нотлох баримт байна. Энэ нотлох баримтад нэхэмжлэгчийн нэр огт дурдагдаагүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 001252554 тоот гэрчилгээнд Монгол Улсын иргэн Шарав овгийн Сэр-Од Сайн-Учрал НC10252302, Онход овгийн Бямбасүрэнгийн Сувд НЭ83063008 хоёрын өмч юм.
Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар өгсөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээнүүд байна. Гэтэл шүүх худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 52,000,000 төгрөгийн хэдэн төгрөг нь хариуцагч Б.Саас гарсан, хэдэн төгрөгийг нь нэхэмжлэгч Б.Таас гаргасныг талуудын мэтгэлцээнд тулгуурлан үнэлж тогтоогоогүй. Зөвхөн нэхэмжлэгч талын хэлсэн мөнгөн дүн болох 25,000,000 төгрөг гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч хэт нэг талын мэдүүлэгт тулгуурлаж байрны зах зээлийн мөнгөнөөс 51,466,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч энэ байрыг хоёр хүний дундын өмч гэж маргадаг ба хэрэгт авагдсан нотлох баримтаар Шарав овгийн Сэр-Одын Сайн-Учрал НС10252302 гэх хүн дээрх маргаж байгаа байрны өмчлөгчөөр албан ёсоор бүртгэгдсэн баримт хэрэгт байна. Улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн өмчлөгч Б.С өөрт ногдох хэсгээс охины өмнөөс Шарав овгийн Сэр-одын Сайн-Учралд дээрх байрны ногдох хэсэгт бэлэглэлийн гэрээ хийсэн баримт байна. Гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа ба энэ гэрээг үндэслэн Үл хөдлөх бүртгэлийн газар 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 001252554 тоот гэрчилгээнд охин С.Сайн-Учралыг өмчлөгчөөр тогтоож С.Сайн-Учралд өмчлөх эрх үүсэж байрыг хоёр хүний өмч болгосон байна. Одоо охин 15 нас 5-н сартай хойтон 16-н насанд хүрэх байхад энэ гэрээнд шүүхээс ямар ч дүгнэлт өгөөгүй нэг хүний өмчлөх эрхийг орхигдуулан шийдвэрлэсэн байна.
2. Хариуцагч Б.С нь Солонгос улсаас 2020 оны 10 дугаар сарын 21-ний 20,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг энэ хоёр өдөрт бөөнд нь нийт 25,000,000 төгрөг, Монголд ирээд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байрны үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721624843 данснаас худалдагч Хөхөөгийн 5077316066 дансанд нийт 27,000,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг өгч үл хөдлөхийн гэрчилгээ авсан байдаг. Б.Т 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Мөн хэсэг хугацааны дараа лизингээр машин авмаар байна гэхээр нь би хүү төлнө яах юм бэ? надаас мөнгө аваад буцаагаад өгчих гэсэн. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Солонгос улсад байхдаа түүнийг машин авна гэсэн гуйлтаар Б.Тын 5721549943 тоот дансанд утгыг машины төлбөр гэж 11,000,000 төгрөг шилжүүлсэн. Манай талаас дээрх шилжүүлсэн 11,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөг нь Б.Тт зээлүүлсэн 6,000,000 төгрөг учир миний мөнгө гэж мэтгэлцсэн.
Гэтэл нэхэмжлэгч үгүй би 2020 оны 10 дугаар 14-ний өдөр 4,000,000 мөн тэр өдрөө 2,500,000 төгрөгийг байр гэсэн утгаар шилжүүлсэн гээд шүүх дээр хэлэнгүүт шүүх зөвхөн нэг талын мэдүүлгийг үнэлж миний мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгөөгүй. Надаас машин авах гээд зээлсэн мөнгөө байрны мөнгө төлсөн гэх 25,000,000 төгрөгт оруулж тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ 6,000,000 төгрөг Б.Тын нэхэмжлээд байгаа болон төлсөн гээд байгаа 25,000,000 төгрөгт орж тооцогдохгүй харин миний төлсөн мөнгөнд орж тооцогдох ёстой. Б.Т нь надад 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Хөхөөд 2,000,000 төгрөг нийт 19,000,000 төгрөг өгсөн атлаа миний шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг нэмээд би байранд 25,000,000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа юм.
Харин би нийт 33,000,000 төгрөг төлсөн. Б.Т нь 19,000,000 төгрөг төлсөн. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн хэлснээр 25,000,000 төгрөг төлсөн гэж үзэж байрны мөнгөнөөс надаас 51,468,932 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Байнга ирж агсам тавьдаг, оруулсан мөнгөө авъя гэж нэхдэг, жирэмсэн үед миний хүүхэд биш гээд байхаар нь хүүхдээ 4-н сартай авхуулсан, дахин хүүхэд олоод савны гадуур жирэмслээд түүнээсээ үүдэлтэй түгжрэл болоод стом тавиулаад 79% группэд орсон. Б.Т байрандаа 4-н жил хамт амьдрах хугацаанд нэг ч төгрөг гэр орондоо зарцуулж үзээгүй урсгал зардалд багаар тооцоход 43,000,000 төгрөг зарцуулсан энэ мөнгийг 50/50 хувь хуваахад 24,650,000 төгрөг ногдоно. Чи яагаад надаас оруулсан 19,000,000 төгрөгөө авна гэж хэлдэг байж шүүхэд 45,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ? гээд асуухаар би өөрөө 45,000,000 төгрөг нэхье гэж бодоогүй, өмгөөлөгч би чамд 45,000,000 төгрөг гаргуулж өгье гэж хэлээд нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн үгнүүд нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг.
Үүнээс харахад өөрөө бол оруулсан мөнгөө л авах хүсэлтэй байсан байна. Нэхэмжлэгч миний 5721624843 тоот Хаан банкны дансанд 16,690,000 төгрөг, нөгөө Хаан банкны 5756019992 тоот дансанд 900,000 төгрөг нийт 17,000,000 төгрөг л хийсэн. Харин шүүх хурлын явцад Б.Т өөрийнхөө данснаас хоёр сарын мөнгө болох 2,000,000 төгрөгийг Хөхөөгийн дансанд шилжүүлсэн гэж нийлээд 19,000,000 төгрөг болно. Харин миний хийсэн 33,000,000 төгрөг Б.Тын хийсэн 19,000,000 төгрөгүүд нийлээд 52,000,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч 19,000,000 төгрөг, хариуцагч 33,000,000 төгрөг гаргасан байхад шүүх 46,3 хувиар бодох үндэслэлгүй. Мөн энэ байранд өөр хамтран өмчлөгч хууль ёсоор тогтоогдсон хариуцагч талаас охиндоо ногдох хэсгийг бэлэглэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хүний өмчлөх эрх рүү халдсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 317/ШШ2025/01335 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Б.Сыг 27,000,000 төгрөг гаргасан гэдэгтэй маргахгүй. Үлдэгдэл 25,000,000 төгрөгийг сар бүр 1,000,000 төгрөгөөр Б.Т төлж явсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар хангалттай нотлогдон тогтоогддог. Тиймээс зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслээд 51,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хуульд нийцэхгүй байна.
Мөн С.Сайн-Учралын эрх ашгийг зөрчсөн, өмчлөх эрхийг хөндсөн гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс С.Сайн-Учралын өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн эрх ашгийг нь хөндсөн зүйл байхгүй. Өмчлөлийн зүйлийг бид нарын нэр дээр шилжүүлж өгөөч, өмчлөлийн зүйлийг өөрчилж өгөөч гэх асуудал огт яригдаагүй. Б.Сын зүгээс тухайн байрны төлбөрийг төлсний дараа өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Дараа нь өөрийн охиндоо шилжүүлсэн баримт нь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаас харагддаг. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Б.С дундын өмчлөлд хамаарах зүйлийг охин С.Сайн-Учралдаа шилжүүлэхдээ Б.Тт мэдэгдээгүй, сануулга өгөөгүй. 11,000,000 төгрөг шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг “машины мөнгө” гэж яриад байгаа. Энэ үйл баримт анхан шатны шүүх дээр огт яригдаагүй, харин давж заалдах гомдол дээрээ бичсэн байсан. Б.Тын зүгээс шилжүүлсэн бүх мөнгийг байрны урьдчилгаа, байрны мөнгө гэх байдлаар гүйлгээний утгыг бичиж шилжүүлсэн үйл баримт хангалттай нотлогддог. Тийм учраас хариуцагч талын гаргаж байгаа гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Т хамт амьдарч байх хугацаандаа хэрэглээний зардалд мөнгө өгөөгүй, өгсөн мөнгө нь хэрэглээнд шингэх ёстой гэсэн тайлбар гаргаж байна. Гэвч хавтаст хэрэгт сард хэдэн төгрөгийн хэрэглээний зардал гарч байсан эсэх, хэдэн төгрөгийн хоол хүнсний зардал гарч байсан эсэхийг нотолсон баримт байхгүй. Хариуцагч Б.Сын шүүхэд өгсөн хариу тайлбар дээр ч хэрэглээний зардлуудыг төлөлцөөд явж байсан гэх үйл баримт тогтоогддог. Хариуцагчийн зүгээс хоёрдмол утгатай тайлбар гаргадаг. Нэг бол Б.Т байр авахад ямар ч мөнгө оруулаагүй гэж ярьдаг, эсхүл мөнгө өгсөн, өгсөн мөнгөө л авах ёстой гэж ярьдаг. 2021 онд байр авсан. Тухайн үеийн байрны ханш ямар байсан, өнөөдөр байрны ханш ямар болчихсон байгаа билээ, мөнгөний ханш хэдэн хувиар өөрчлөгдсөн зэрэг эдгээр өөрчлөлтүүдээс үүдэж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар үр шим хүртэх эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, оролцогчийн эрхийг хязгаарласан үйл баримт байхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан учраас хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагаа “...Би хариуцагч Б.Стай 2019 оноос 2024 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байр, 05 тоот 54м.кв талбайтай орон сууцны 1м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 54,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие нь 25,000,000 төгрөг болох 46.3 хувийн төлбөрийг төлсөн. Одоо уг орон сууцны зах зээлийн ханш өссөн тул шүүхийн шатанд шинжээч томилж, уг орон сууцны үнэлгээ 111,000,000 төгрөгийн 46.3 хувийг гаргуулна” гэсэн үндэслэлээр дэмжиж тайлбарласан.
Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...2019 онд Б.Ттай танилцаж хамтран амьдарсан. Маргаан бүхий Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байр, 05 тоот, 54м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр худалдан авахаар Д.Б болон Ч.Түмэндэмбэрэл нарын дунд гэрээ хэлцэл хийж 25,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгч, үлдэх 27,000,000 төгрөгийг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Б.Т уг мөнгөнөөс 5721624843 тоот дансанд 16,690,000 төгрөг, 5756019992 тоот дансанд 900,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ хамт амьдарч байх хугацаанд хэрэглээний болон орон сууцны арчилгааны зардалд мөнгө төлж байгаагүй. Түүний шилжүүлсэн мөнгийг энэ зардалд тооцож байгаа. Б.С орон сууцны бүх мөнгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.
Харин зохигчид 2019 онд танилцаж, 2019 оны 5 сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан, тухайн хугацаанд Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг Номт 1 дүгээр байр 05 тоот, 53.3 м.кв талбай орон сууцыг худалдан авсан, өмчлөгчөөр Б.С, С.Сайн-Учрал нар бүртгүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.
3. Хэрэгт авагдсан үйл баримтын талаар:
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Б.С нар 2019 онд танилцаж, 2019 оны 5 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан хугацаанд Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг Номт 1 дүгээр байр 05 тоот, 53.03 м.кв талбайтай орон сууцыг 52,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх орон сууцны гэрээг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б Ч.Түмэндэмбэрэлтэй байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.
Уг гэрээнд “...Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Номт 2-р хорооллын Нефтийн хотхон 1-р байрны 05 тоот, 53.3м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 52,000,000 төгрөгөөр зарах бөгөөд урьдчилсан байдлаар уг тооцооны 25,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5400029484 тоот дансанд шилжүүлнэ. Үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 27 сарын хугацаатай сар болгоны 25-27-ны өдрийн хооронд төлнө. Дээрх хугацаанд 2 тал харилцан үүргээ биелүүлж холбогдох тооцоогоо дуусгана. Хэрвээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлнэ. Төлбөрийг төлж дуусмагц 7 хоногийн дотор худалдах худалдан авах гэрээг хийж тооцоог дуусгавар болгоно...” гэж заасан байх ба хариуцагч Б.С орон сууцны урьдчилгаанд 25,000,000 төгрөг төлсөн байна. /1хх-ийн 117-119/
Мөн нэхэмжлэгч Б.Тын эзэмшлийн Хаан банк дахь 5721549943 тоот дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Б.Сын эзэмшлийн Хаан банкны 5721624843 тоот дансанд 10/06/2020-ны өдөр “хайрт нь” гэх утгаар 700,000 төгрөг, 10/14/2020-ны өдөр “Түвшинбаяр байр” гэх утгаар 4,000,000 төгрөг, 10/14/2020-ны өдөр “Түвшинбаяр байр” гэх утгаар 2,500,000 төгрөг, 12/25/2020-ны өдөр “хайр нь” гэх утгаар 500,000 төгрөг, 04/13/2021-ний өдөр “Зээл” гэх утгаар 600,000 төгрөг, мөн 04/13/2021-ны өдөр 5103001296 тоот данснаас “tvwshin bayr” гэх утгаар 1,000,000 төгрөг, 05/12/2021-ны өдөр “орлго” гэх утгаар 490,000 төгрөг, 05/15/2021-ны өдөр “орл” гэх утгаар 300,000 төгрөг, 07/27/2021-ны өдөр 5077316066 тоот дансанд “7 сар байрны лизинг” гэх утгаар 1,000,000 төгрөг, 08/26/2021-ний өдөр “байрны мөнгө 8 сар” гэх утгаар 800,000 төгрөг, 09/26/2021-ны өдөр “байрны мөнгө 9” гэх утгаар 900,000 төгрөг, 11/27/2021-ны өдөр “орлого” гэх утгаар 800,000 төгрөг, 12/25/2021-ны өдөр “будаг” гэх утгаар 1,000,000 төгрөг, 01/28/2022-ны өдөр “байрны мнг 1 сар” гэх утгаар 1,000,000 төгрөг, 03/02/2022-ны өдөр “байрны мнг” гэх утгаар 1,000,000 төгрөг, 03/27/2022-ны өдөр “байрны мнг 3” гэх утгаар 1,000,000 төгрөг, 04/26/2022-ны өдөр “байрны мнг” гэх утгаар 1,000,000 төгрөг, 05/28/2022-ны өдөр “байр” гэх утгаар 800,000 төгрөг, 06/27/2022-ны өдөр “hair” гэх утгаар 800,000 төгрөг, 08/02/2022-ны өдөр “hair” гэх утгаар 500,000 төгрөг, 08/17/2022-ны өдөр “bair” гэх утгаар 500,000 төгрөг, 08/29/2022-ны өдөр “bairni mng” гэх утгаар 1,000,000 төгрөг, 10/02/2022-ны өдөр “hh” гэх утгаар 1,000,000 төгрөг, 10/26/2022-ны өдөр 07:29 цагт “hair” гэх утгаар 1,590,000 төгрөг шилжүүлсэн боловч мөн өдрийн 07:44 цагт буцаагаад “орлого” гэх утгаар 590,000 төгрөг, мөн 5756019992 тоот дансанд 12/04/2022-ны өдөр “Bairni mong Tvshin bayra” гэх утгаар 900,000 төгрөгийг, нийт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. /1хх-ийн 6-59, 76-93/
4.Зохигч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар хууль буюу хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд өөрт ногдох хэсгээ салгаж авах тохиолдолд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т "Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу шаардах эрх үүснэ.
5.2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг Номт 1 дүгээр байр 05 тоот, 53.03 м.кв талбайтай орон сууцыг 52,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.Түмэндэмбэрэлтэй байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б.С, түүний охин С.Сайн-Учрал нар бүртгэлтэй байгаа ч нэхэмжлэгч Б.Т нь уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээнд заасан үнийн үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг Б.Стай хамтран амьдрах хугацаанд төлж байсан нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 6-59, 76-93 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэхээр байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж боловч үнийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Б.С урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг төлсөн байх ч нэхэмжлэгчийг үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлөөгүй болохыг дээрх хуульд заасны дагуу баримтаар няцаан үгүйсгээгүй байна.
6.Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-т зааснаар зааснаар талууд Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байр 05 тоот, 53.03 м.кв талбайтай орон сууцыг хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр өмчилсөн гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзлээ.
7.Түүнчлэн нэхэмжлэгч Б.Т нь дундаа хэсгээр өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлохдоо Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон үнэлгээг үндэслэн 116,136,000 төгрөгөөс 53,770,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлээс 51,468,932 төгрөгийг хангаж, 2,302,036 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Үндэслэх нь” хэсгийн 8-т “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран шинээр бий болгосон тул орон сууцыг худалдан авахад оруулсан мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ 46,3 хувийг өмчлөх эрхтэй тул зах зээлийн үнэлгээ тогтоосон хэмжээнээс өөр ногдох 46,3 хувийг гаргуулах тухай байх бөгөөд маргааны үйл баримтаас үзэхэд талууд 5 гаруй жил хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хуульд зааснаар хамтран өмчлөлийн эрх зохигчийн хэн алинд нь үүсэхгүй. Харин маргааны зүйл болж буй орон сууцыг бий болгоход талуудын оруулсан хөрөнгийн хувь хэмжээг нэхэмжлэгч өөрөө тухайлан нарийвчлан 46,3 хувь гэж тооцон тодорхойлсноор уг хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг орон сууцны 46,3 хувийг өмчлөхөөр шаардлага гаргасан гэж үзээд, зохигч энэхүү хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т нийцнэ...”,
10-т “...шинжээч Ц.Энхжаргалын үнэлсэн үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлээд 111,164,000 төгрөгийн 46,3 хувь болох 51,468,932 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,302,036 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын “...нэхэмжлэгч 19,000,000 төгрөг, хариуцагч 33,000,000 төгрөг гаргасан байхад шүүх зах зээлийн ханшаар үнийг тогтоож 46,3 хувиар бодсон нь үндэслэлгүй, орон сууцны үнэ өссөнийг үр шим гэж үзэхгүй, мөн энэ байранд өөр хамтран өмчлөгч хууль ёсоор тогтоогдсон, хариуцагч талаас охиндоо ногдох хэсгийг бэлэглэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хүний өмчлөх эрх рүү халдсан шийдвэр гаргасан, хариуцагчийн төлсөн мөнгө нь орон сууцны засвар үйлчилгээ, хоол унданд зарцуулагдсан, гомдолтой байна...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
9.Нэхэмжлэгч Б.Т нь өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийн талаар шаардлага гаргаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасны дагуу хариуцагч С.Сувдаас 51,468,932 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэхгүй байхаас гадна хариуцагч тал шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хүсэлт гаргаж маргасан зүйлгүй байна.
Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.С, түүний охин С.Сайн-Учрал нар бүртгэгдсэн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаж маргаагүй, зөвхөн өөрт ногдох хэсгийнхээ үнийг шаардсан тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 415,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 317/ШШ2025/01335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,295 /дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
Даргалагч ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
шүүгчид Г.Мөнхбат
А.Цэрэнханд