| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05436/и |
| Дугаар | 5293 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 5293
|
|
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 8 байрны 98 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УП 89020321, Наранчимэгийн Саруултуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, WW центр 10 давхарт байрлах, регистрийн дугаар 5108233, Нано Интернейшнл ХХКомпанид холбогдох
Цалин, ээлжийн амралтын мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж, илүү цагийн цалин, алданги зэрэгт 5 204 404 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй,
Торгуулийн болон стикер хэвлүүлсэн зардалд 1 333 500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Саруултуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаад тайлбарлахдаа:Н.Саруултуяа “Нано Интернэшнл” ХХК-ийн гадаад харилцаа, бренд менежерийн албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон бөгөөд түүнд ажил үүргийн хуваарийг “Нано интернэшнл” ХХК-ийн зүгээс гарын үсэг зуруулж танилцуулаагүй, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, компанийн хэмжээнд зарим албан тушаалтанд сул зогсолт зарласан.2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 83 тоот сул зогсолт зарлах тухай тушаал гаргаж нэхэмжлэгчийг тодорхойгүй хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг даалгаж, сул зогсолт зарласан байдаг.Н.Саруултуяаг хүүхдийн сүүний заавар, найрлагын стикэр мэдээллийг буруу хэвлэн нааж, дэлгүүрт худалдаанд гаргаж, түүний улмаас хэрэглэгчээс ирсэн гомдлыг шийдвэрлээгүй хүндрүүлж, мэргэжлийн хяналтын ажилтантай зүй бусаар харьцсан гэсэн үндэслэлээр сул зогсолт зарласан гэдэг.Үүнийг сул зогсолт гэж үзэхгүй байгаа учраас 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажлын ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно гэж заасан байдаг.Тиймээс сул зогсолт зарлах үндэслэлгүй, хууль бус тушаал гаргаж ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзэж байна.Ажил үүргээ гүйцэтгүүлээгүй улмаас авах ёстой байсан цалин 1 581 395 төрөгийг нэхэмжилж байгаа.Улмаар Н.Саруултуяа удаа дараа тушаалаа нэхсэн боловч тушаалыг гаргаж өгөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын 189 тоот тушаалыг өгсөн.2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг өгөөгүй.Мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй байгаа.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд ажилласан хугацааны ээлжийн амралтын олговроо авах эрхтэй.Эрүүл мэнд нийгэм хамгаалалын сайдын 2000 оны тушаал дээр нэг сард ногдох хоногоор нь ажилласан хугацааг тооцож ээлжийн амралтыг олгодог.Н.Саруултуяа 8 сар ажилласан учраас нэг сард ногдох ээлжийн амралтын хоног нь 1,25 хоногоор тооцож нийт 10 хоногийн ээлжийн амралтын олговор 465 116 төгрөгийг нэхэмжилж байгаа.Мөн 8 сарын турш 85 цаг илүү ажилласан тул илүү цагаар ажилласан үеийн цалинд 964 095 төгрөг нэхэмжилнэ.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсан тэтгэмжийг ажлаас халагдсан өдөр өгөх үүрэгтэй.Гэтэл тушаал дээр 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоод 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тушаалаа гаргасан байдаг.Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажилтан нийгмийн даатгалд даатгуулсаныхаа төлөө ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд энэ тэтгэмжийг авах боломжгүй болсон.Учир нь Нийгмийн Даатгалын тухай хуулиар ажлаас халагдснаас хойш 14 хоногийн дотор тушаалыг нийгмийн даатгалын байгууллагад өгч, хөөцөлдөх эрхтэй байдаг.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруутай үйлдлээс даатгагчид хохирол гарах юм бол хохирлыг ажил олгогчоос гаргуулна гэж заасны дагуу нэхэмжилж байгаа.Энэ мөнгө бол 1 590 697 төгрөг болж байгаа, 76 хоногоор тооцоод 1-5 жил ажилласан гэдэг утгаараа 45 хувиар тогтоох ёстой байсан.Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас 76 хоног нь бүтэн олгогддог.Иймээс 76 хоногийн цалинг 45 хувиар тооцож гаргасан үнийн дүн байгаа.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн бол захиргааны хариуцлага ногдуулахаар заасан байдаг.Хариуцагч хөдөлмөрийн хуулийг удаа дараа зөрчсөн байгаа учир захиргааны хариуцлага ногдуулж өгнө үү гэж хүсч байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй бол хоногийн 0,3 хувиар алданги оногдуулна гэж заасны дагуу 48 хоногийн алданги 603 101 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Сарангоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Н.Саруултуяа нь манай компанид 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний бренд менежерийн албан тушаалд томилогдон ажилласан.Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа ээлжийн амралтын мөнгийг манайх хүлээн зөвшөөрч байгаа.Үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь Н.Саруултуяа манай компанид нийт 8 сар ажилласан бөгөөд авч байсан цалин нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа, 8 сарын дундаж цалин хөлсийг дундаж хоногтоо хуваагаад нэг хоногийн цалин гарсан.Тэр тоог амралтын хоног болох 10 хоногтоо хуваагаад 361 077 төгрөг гарч байгаа бөгөөд үүнээс хувь хүний орлогын албан татвар төлөөд гарт олгох 299 472 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.Нэхэмжлэгч 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 8 хоног ажилласан бөгөөд түүнээс хойш ажлын байрандаа ажиллаагүй, компанийн зүгээс ажилтны буруугаас сул зогсолт зарласан.Ажилтан ямар зөрчил гаргасан бэ гэхээр манай компани эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн оруулж ирдэг бөгөөд сүүний заавар найрлага буюу стикер мэдээллийг буруу нааснаас болоод хэрэглэгч Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан.Үүнийг Н.Саруултуяа удирдлагадаа мэдэгдээгүйгээс болж нөгөө хүн нь Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан.Иргэний гомдлын дагуу манай компани дээр шалгалт орсон учир шалгалт хийж дуусах хүртэлх хугацаагаар Н.Саруултуяад цалингүй сул зогсолтыг зарласан байгаа.Н.Саруултуяа 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх санал гаргасан.Ажлаа хүлээлгэж өгөөд тойрох хуудас зурагдаж дууссаны дараагаар ажлаас чөлөөлөх тушаал гардаг байгаа.Н.Саруултуяа өөрөө ажил дээр ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй сар гаруй хугацаа болсон.Хэрэгт авагдсан тойрох хуудаснаас харахад хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурагдсан байгаа учир тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан.Нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зуруулж дуусаагүй учраас тушаалыг гаргаагүй.Тиймээс ажилгүйдлийн тэтгэмжийг өгөх боломжгүй.Нөхөн бичилтийн хувьд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны бичилт хийж өгч болно.Хоёрдугаар сард бодогдсон цалингаас нь гуравдугаар сард ээлжийн амралтын олговороос нь бодоод бичилт хийгдсэн байгаа, ажлын шаардлагаар илүү цагаар ажиллуулсан, өдөр болон илүү цагаар ажиллуулж байгаагүй, 8 сард 75 цаг илүү ажиллуулсан мөнгийг өгнө гэв.
Хариуцагч Нано Интернэйшнл ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Х.Сарангоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Саруултуяа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болох сүүний заавар, найрлага агуулсан стикер буюу мэдээллийг буруу хэвлэн нааж дэлгүүр, эмийн сангаар сүүг худалдаанд гаргасан.Хэрэглэгчээс сүүний найрлага, зааврын талаар буруу, ташаа мэдээлснээс хүүхдийн амь насанд аюул учирч болох нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар ирсэн гомдлыг тэр даруйд шийдвэрлээгүй асуудлыг хүндрүүлсэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай зүй бусаар харьцсан.Иймд Н.Саруултуяа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сүүний найрлага, зааврын талаар буруу ташаа мэдээлэл наасан тул мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 0096444 дугаар шийтгэврээр 960 000 төгрөгийн торгуулийг ногдуулсан.Мөн эхийн сүү орлуулагч сүүний заавар, найрлага агуулсан алдаатай стикер буюу мэдээллийг дахин хэвлүүлэхэд 375 500 төгрөгийн зардал гарсан тул Н.Саруултуяагаас 1 333 500 төгрөгийг гаргуулна гэв.
Нэхэмжлэгч Н.Саруултуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Н.Саруултуяаг ажилд ороход ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарь танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний заавар, найрлага агуулсан стикер хэвлэх ажил нь Н.Саруултуяагийн ажил үүрэг биш.Нөгөө талаар тус бүтээгдэхүүний зааврыг гүйцэтгэх захирал баталгаажуулан хяналт тавьж, эх болон хэвлэлийн агуулга, тоо ширхэгийг баталдаг.Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.Н.Саруултуяа хэвлэлийн эх бэлтгэж байгаагүй, энэ ажил үүргийг дизайнер хийж гүйцэтгэдэг.Нано Интернэйшнл ХХКомпанид хэрэглэгчээс шууд гомдол ирээгүй бөгөөд уг гомдол нь үйлдвэрээс гаргасан техникийн алдааны улмаас хэрэглэгч мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан байдаг бөгөөд энэ гомдол Н.Саруултуяагийн ажил үүрэгтэй холбоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Саруултуяа хариуцагч Нано Интернейшнл ХХКомпанид холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1 581 395 төгрөг, ээлжийн амралтын олговорын 465 116 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийн 1 590 697 төгрөг, илүү цагаар ажиллуулсан үеийн цалин 964 095 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хугацаанд нь олгоогүй цалин, олговорын алдангид 603 101 төгрөг нийт 5 204 404 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч Нано Интернейшнл ХХКомпани нь торгуулийн болон стикер дахин хэвлүүлсэн зардлын 1 333 500 төгрөгийг Н.Саруултуяагаас гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр Н.Саруултуяагийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч Нано Интернейшнл ХХКомпанийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нано Интернейшнл ХХКомпанийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 189 тоот тушаалаар тус компанид бренд менежер албан тушаалтай Н.Саруултуяаг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн байна.
Нано Интернейшнл ХХКомпанийн захирлын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Сул зогсолт зарлах тухай” 83 тоот тушаалд “Бренд менежер ажилтай Н.Саруултуяа нь тусгай үйлчилгээтэй хүүхдийн сүүнүүдийн заавар, найрлага агуулсан стикерийн мэдээллийг буруу хэвлэн нааж худалдаанд гаргаж, түүний улмаас хэрэглэгчээс ирсэн гомдлыг шийдвэрлээгүй хүндрүүлж, мэргэжлийн хяналтын ажилтантай зүй бусаар харилцан, компанийн болон бренд бүтээгдэхүүний нэр хүндэд ноцтой хохирол учруулсан үйлдлүүдийг дараалан гаргасан тул сул зогсолт зарласугай, ажилтан Н.Саруултуяад зарлаж буй цалингүй сул зогсолтыг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарласугай” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй” гэж заасан байх бөгөөд Нано Интернейшнл ХХКомпани Н.Саруултуяаг тусгай үйлчилгээтэй хүүхдийн сүүнүүдийн заавар, найрлага агуулсан стикерийн мэдээллийг буруу хэвлэн нааж худалдаанд гаргаж, түүний улмаас хэрэглэгчээс ирсэн гомдлыг шийдвэрлээгүй хүндрүүлж, мэргэжлийн хяналтын ажилтантай зүй бусаар харилцан, компанийн болон бренд бүтээгдэхүүний нэр хүндэд ноцтой хохирол учруулсан үйлдлүүдийг дараалан гаргасан гэх үндэслэлээр түүний ажлыг нь хийлгэхгүй сул зогсолт зарласан гэж тайлбарлаж байх боловч дээрх үйл баримтыг сул зогсолт гэж үзэх боломжгүй байх бөгөөд Нано Интернейшнл ХХКомпанийн хүсэл зоригийн дагуу Н.Саруултуяаг ажил хийлгэхгүй арга хэмжээ авсан байна.
Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн хөдөлмөрийн гэрээнд сул зогсолтын талаар дурдаж тохироогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.
Н.Саруултуяа хүүхдийн сүүнүүдийн заавар, найрлага агуулсан стикерийн мэдээллийг буруу хэвлэн нааж худалдаанд гаргаж, түүний улмаас хэрэглэгчээс ирсэн гомдлыг шийдвэрлээгүй хүндрүүлж, мэргэжлийн хяналтын ажилтантай зүй бусаар харилцан, компанийн болон бренд бүтээгдэхүүний нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэх үйлдлүүд нь баримтаар нотлогдоогүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2015 оны 11, 12 дугаар сарын цалин, 2016 оны 1 дүгээр цалингийн нийлбэр 2 466 667 төгрөгийг 3 сард хуваахад 822 222 төгрөг гарч байгаа нь нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин бөгөөд үүнийг 21 хоногт хуваахад гарч байгаа 39 153 төгрөг нь түүний 1 өдрийн дундаж цалин юм.Үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын 34 хоногоор бодоход 1 331 202 төгрөг болж байгааг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т ”Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж заасан байна.
Ээлжийн амралт олгох зааврын дагуу нэхэмжлэгчийн ажилласан 8 сарын цалингийн нийлбэр 7 448 991 төгрөгийг 8 сард хувааж 931 123 төгрөгийг ажлын 21 өдрийн тоонд хуваахад 44 339 төгрөг болж байна.Үүнийг үндсэн амралтын 10 хоногоор бодож 443 390 төгрөгөөр тооцож гаргах нь үндэстэй байна.
Нэхэмжлэгч Н.Саруултуяа тухайн байгууллагад 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажилд орж, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байгаад талууд маргахгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх нь дахин үүснэ” гэж заасан байх тул Н.Саруултуяад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ажил олгогч байгууллага нь ажилтаныхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад нь шилжүүлж, дэвтэрт бичилт хийж өгөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Саруултуяаг 75 цагийн илүү цагаар ажиллуулсан гэдгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байх нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн дүн 39 153 төгрөгийг нэг өдрийн ажлын үргэлжлэх 8 цагт хувааж 4894 төгрөгийг 75 цагаар үржүүлж нийт 367 050 төгрөгийг илүү цагаар ажилласан үеийн цалинд тооцох үндэстэй байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин болон ээлжийн амралтын олговрыг зохих хугацаанд нь өгөөгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож авах үндэстэй байх тул хариуцагч байгууллагаас 6424 төгрөгийн алдангийг гаргуулахаар байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний заавар, найрлага агуулсан стикер хэвлэх, наах ажил Н.Саруутуяагийн ажил үүрэгт хамаарахгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарийг ирүүлээгүй байна.
Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 02-03-270/20 дугаартай дүгнэлтэд “Nutrilon гипоаллергенный” нэр төрлийн хүүхдийн сүүн тэжээлийн хаяг шошго нь савласан бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC1:2007 стандартын шаардлагыг хангахгүй байна гэжээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах 009644 дугаар шийтгэврийн хуудсанд “...Монос эмийн санд худалдаалж байсан бүтээгдэхүүний хаяг шошгыг зөрчилтэй орчуулсан дотоод хяналт тавиагүй” гэжээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 0001289 дугаартай зөрчлийн тухай тэмдэглэлд “Монос эмийн санд худалдаалж байсан хүүхдийн сүүн тэжээлийн орчуулсан хаяг, шошго алдаатай байсан” гэх үндэслэлээо хариуцагч Нано Интернэшнл ХХКомпанийг 969 000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Нэхэмжлэгч Н.Саруултуяа ажил үүргийн хувьд хүүхдийн сүүн тэжээлийн хаяг, шошгыг орчуулах үүрэгтэй болох нь нотлогдоогүй байхад тухайн байгууллагыг торгосон 960 000 төгрөг болон стикерийг дахин хэвлүүлсэн зардлын 373 500 төгрөгийг Н.Саруултуяа хариуцах үндэсгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 794 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 286 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас гаргаж шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээнд ногдох 49 319 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 55 дугаар зүйлийн 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Нано Интернейшнл ХХКомпаниас 2 141 642 /хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Н.Саруултуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 465 641 /нэг сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар баримтлан Нано Интернейшнл ХХКомпаниас 6424 /зургаан мянга дөрвөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Н.Саруултуяад олгосугай.
3.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийн 1 590 697 /нэг сая таван зуун ерэн мянга зургаан зуун ерэн долоон/ төгрөг гаргуулахыг хүссэн Н.Саруултуяагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Н.Саруултуяагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрүүдэд бичилт хийхийг Нано Интернейшнл ХХКомпанид даалгасугай.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан Н.Саруултуяагаас 1 333 500 /нэг сая гурван зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулахыг хүссэн Нано Интернейшнл ХХКомпанийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 82 794 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 36 286 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 49 319 /дөчин есөн мянга гурван зуун арван есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Саруултуяад олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН