| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/00724/и |
| Дугаар | 209/МА2025/00079 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 209/МА2025/00079
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01684 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий газрын 800 м.кв газрыг чөлөөлүүлэх” тухай,
Сөрөг нэхэмжлэл: “Дархан-Уул аймаг, Хонгор сумын, 1 дүгээр багт, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээнээс/ *******ын нэрийг хасуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 тоот захирамжаар Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд амралт зуслангийн зориулалтаар нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн 2 га газрыг 15 жилийн хугацаатай иргэн *******тай хамтран эзэмшихээр 000 тоот гэрчилгээг Газрын тухай хуульд зааснаар гаргуулан авч эзэмшиж хамтран ажиллаж байсан юм. Гэтэл 2017 оны 4 дүгээр сараас хойш ******* нь энэ газар чамд хамаагүй гэж уурлан ойртуулахаа больж хоёулаа муудалцахад намайг зодож хөнгөн гэмтэл учруулж Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хүртэл шалгагдсан. Энэ газар дээр ******* нь ганцаараа байшин барьж 2 га газрыг ганцаараа эзэмшиж Газрын тухай хуулийг зөрчиж байгаа талаар Хонгор сумын Засаг дарга, газрын даамалд хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрч байна.
Тухайн үедээ хамтарч ажиллаж байхдаа би банкны зээлийн төлөлт цахилгааны кабелийн утсыг өөрийн зардлаар Улаанбаатар хотоос авчрах болон хамтран ажиллах үеийн цэвэр ашиг 37,940,000 төгрөгийн 50 хувь гээд орлого, зарлага, ашиг гээд 29,348,000 төгрөгийн зардал авах тооцоо гарч байсан юм.
******* нь надтай уулзахгүй, дураараа авирлан, эзэмшлийн газар дээр байшин барьсан байх тул одоо өөрийн газраа чөлөөлүүлж өөрөө байшин барих хүсэлтэй байна. Энэ газар нь 2 га газар бөгөөд үүнээс анх хоорондоо зөвшилцөн 400 м.кв газарт нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн багш нарт байшин барьж борлуулсан тул *******аас чөлөөлүүлж өөрөө эзэмших хүсэлтэй байна. Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд амралт зуслангийн зориулалтаар нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн газраас 800 м.кв газрыг *******аас чөлөөлүүлж, миний газар эзэмших эрхийг хангах арга хэмжээ авч өгнө үү гэжээ. / х.х 1 /
1.2. Нэхэмжлэгч ******* 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
Би иргэн *******тай Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар Зулзагын голд амралтын зориулалтаар 20,000 м.кв буюу 2 га газар эзэмшихээр гэрчилгээ гаргуулж авсан боловч хоорондын маргаанаас болж байшин барих ажлаа дуусгаж чадалгүй явж, ******* ганцаараа үлдэж миний эзэмшлийн газар дээр өөрийн юм шиг дураараа аашилж, газрыг бараг дуустал нь байшин барьсныг үзлэг хийсэн хүмүүстэй очиж үзлээ. ******* нь газар байвал ав гэж байгаа боловч жорлон хогийн сав байрласан муу газраа ав гэчхээд суурь тавигдсан газруудыг авах гэхээр өгөхгүй гэж дураар авирлаж байгаа тул хоорондоо эвлэрэн хэлэлцэх ямар ч боломжгүй байна.
Иймд өөрийн эзэмшлийн 8000 м.кв чөлөөлүүлж авч, байшин барих хүсэлтэй байна. ******* тэр өөрийн барьж ашиг олсон байшингаа нүүлгээд явна уу?, нураана уу? надад хамаагүй юм. Би шүүхэд газраа авахаар нэхэмжлэл гаргасан тул дэмжиж байна. Би шүүхэд 8000 м.кв газраа авахаар нэхэмжлэл гаргасан тул дэмжиж байна. Урьд нь гаргасан нэхэмжлэлдээ 800 м.кв газар гэж буруу бичсэнээ залруулж байна гэжээ. / х.х 104 /
1.3. Нэхэмжлэгч ******* 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...3500 м.кв газрыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ. / х.х 193 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
******* миний бие 2016 оны 05 дугаар сард Зулзагын голд байрлах 2 га газрыг 50,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа тухай олж мэдсэн. Би өөрөө цахилгааны мэргэжилтэй, Солонгос улсад 11 жил барилга дээр ажиллаж, амьдарч, далайн эрэг дээр зуслангийн байр барьж байсан туршлагатай байсан тул уг газрыг авч, хувийн зуслангийн хотхон барих санаа төрсөн. Энэ санаагаа дунд сургуульд хамт сурч байсан *******од хэлж бид хамтарч ажиллахаар болсон. ******* бид хоёр уг газрыг хамтран худалдан авч, хувийн зуслангийн хотхон барих ажлыг хамтарч хийх, газар худалдаж авах зардал болон зуслангийн хотхон барих зардлыг тэнцүү гаргах, олсон ашгаа тэнцүү хуваахаар харилцан тохиролцсон.
Хамтын ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эхний элжинд 20,000 м.кв газрыг худалдаж авах санхүүжилтийг банкны зээлээр шийдвэрлэхээр болоход ******* нь “надад чам шиг бизнес байхгүй, барьцаа хөрөнгө ч байхгүй, чи яаж ийж байгаад зээл бүтээчих, надад удахгүй ажлын хөлс орж ирэхээр би газрын үнийн 50 хувь буюу өөрт ноогдох зээл, хүүгээ найдвартай төлнө” гэсэн. Манай гэр бүл Дархан их дэлгүүрт спорт барааны 2 лангуу ажиллуулдаг бөгөөд энэхүү бизнестээ “Хас банк” ХХК-аас байнга зээл авдаг найдвартай зээлдэгч байсан тул “Хас банк” ХХК-аас би зээл авах боломжтой байсан. Гэтэл Дархан их дэлгүүрийн 2 лангуу, бараа, өөрийн тоёота пажеро жийп маркийн машиныг барьцаанд тавих гэтэл барьцаа хангалтгүй байсан тул би өөрийн эгч Ж.Эрдэнэчимэгийн 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлж, банканд барьцаалахаар гуйсан. Манай эгч байраа барьцаалж, зээл авч том хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байсан учир ******* нь ажлын хөлс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ороод ирэхээр байрыг чинь хангалттай авч өгнө гэж амлаж байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эгчийн зээлийн үлдэгдэл 2,256,200 төгрөгийг төлж зээлийг нь хааж, байрыг нь барьцаанаас чөлөөлсөн.
Уг улсын бүртгэлийн Ү- дугаартай байр эгчийн нөхөр , түүний ээж нарын нэр дээр байсан. Зээл авахын тулд ******* бид хоёр байрны хамтран өмчлөгч 80 гарсан хөгшнийг дерэвиньд байх гэрээс нь авчирч гарын үсгийг нь зуруулсан бөгөөд ах говьд ажиллаж байсан ба өөрсдөө зохицуулаад байрыг барьцаанд тавьж болно гэсний дагуу зээлийн барьцааны гэрээнд ын өмнөөс ******* өөрийн гарын үсэг зурж байснаа мартаагүй байх гэж бодож байна.
Ингээд эгчийнхээ байрыг барьцаалж, би өөрийн эхнэр Ж.Эрдэнэцэцэгийн хамт “Хас банк” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № дугаар зээлийн гэрээгээр № дугаар 50,000,000 төгрөгийн зээл авснаас 48,000,000 төгрөгийг нь ******* бид хоёр хамт явж Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р багт ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 20000 м.кв газрын эзэмших эрхийг худалдаж авсан. Уг 2 га газар дээр нь 8х6 хэмжээтэй зуны байшинтай хамт хүлээж авсан газартаа зуслангийн байшингууд барих ажил маань 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сар гартал ажилчдын цалин, барилгын материал, банкны хүү, ажилчдын хоол унд, бензин тос гээд бүх зардлыг миний зүгээс гаргаж байсан ч ******* нь 2016 оны 05 дугаар сараас 10 дугаар сар хүртэл манай гэрт амьдрахдаа хамтын үйл ажиллагаанд нэг ч төгрөг гаргаж байгаагүй бөгөөд удахгүй мөнгө орж ирнэ гээд яваад байдаг байсан. Байрыг нь барьцаалж зээл авсан эгчийн хүүхэд тэр жилдээ төлбөр байхгүй улмаас сургуульдаа явж чадаагүй. Ингээд би *******од хандан “ер нь хоёулаа больё, чи барилгын ажилд ч туслахгүй, мөнгө ч гаргахгүй, би өөрөө л 100 хувь бүх юмаа төлж байгаа юм чинь" гэхэд ******* нь "би чиний газарт шунаагүй, удахгүй ажлын хөлс орж ирнэ, түр хүлээж байгаач" гэдэг байсан.
Газрын гэрчилгээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бид хоёрын нэр дээр гарсан бөгөөд тухайн өдрөөс хойш ******* нь шал өөр хүн шиг болсон. Үргэлж Улаанбаатар хот руу хэзээ ирэх нь мэдэгдэхгүй яваад өгнө, “банкны хүү боллоо, ******* оо мөнгө чинь орж ирсэн үү?” гэхэд “одоо хотоос гарлаа” гэж хэлээд маргааш нь хоосон мөнгөгүй ирдэг, энэ бүхнээс болж бид үргэлж маргаантай байсан.
Ингэж явсаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал Зоригтбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Заавал хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шаардлага тавьсан тул би өөрийн " ХХК-ийн нэр дээр хамтран ажиллах гэрээг хийж, гэрээндээ *******ын нэрийг оруулж байснаас харахад би хамтран ажиллах гэрээгээ мөрдөж ажиллаж байсан нь харагдана. Хамтран ажиллах гэрээний дагуу эхний ээлжид Анагаах ухааны их сургуулийн 18 нэр бүхий багш нартай Зулзагын голын амралтын бүсэд байрлах нийт 3,800 м.кв талбай бүхий газар, түүн дээр баригдах өвөл зуны зуслангийн зориулалттай 14х15м газрын эзэмшил дээр 4х5м хэмжээтэй байшинг Канад технологиор барьж өгөхөөр цаашид нэмж захиалга авахаар тохиролцож, хурлаар орж гэрээг албан ёсоор байгуулсан.
Гэрээний заалтад гэрээний төлбөр тооцоо эцэслэн дууссан тохиолдолд (газрыг хувь хүний эзэмшилд шилжүүлнэ) гэж заасан ба уг гэрээнд ******* бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан.
Дээрх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулсан иргэдээс сард 300,000 төгрөг орж ирэхээр болсон. Гэтэл ******* надад "дундын данс нээе" гэдэг санал тавихад би зөвшөөрсөн бөгөөд энэ мөнгийг хэн ч авч болохгүй, зөвхөн ажилчдын байранд зориулагдана гэж тохироод дансаа нээсэн. Гэтэл дундын данснаас ******* нь мөнгө аваад байсан тул “яагаад дундын данснаас мөнгө аваад байгаа юм бэ?” гэж уурласан. Энэ байдлаараа ******* нь дундын данснаас мөнгө аваад байвал хавар яаж энэ хүмүүсийн байрыг барина даа гэж бодсон тул би Анагаах ухааны багш нартай яриад “одоо миний данс руу хийж байгаарай” гэж тохиролцсоноос хойш багш нарын урьдчилгаа мөнгө болох 300,000 төгрөг миний данс руу ордог болсон. Хэдийгээр байшин барихад ажилчдын цалин, барилгын материал, хоол унд, бензин тос, цахилгаан гэх мэт урсгал зардал, төлбөр мөнгөний боломж муутай байсан ч гэсэн би өөрөөсөө нэмж мөнгө гаргах, бусдаас зээл авах гэх мэтээр өөрийн боломжоо бүрэн ашиглаж, хоосон газар дээр цахилгаан татах, худаг гаргах ажлыг шууд өөрийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, гэрээний дагуу ажилчдын байрыг хугацаанд нь нэр төртэй хүлээлгэж өгсөн.
Гэтэл ******* нь яриад байсан ажлын хөлсөө авчхаад 25 сая төгрөгөө өгөлгүйгээр, өөртөө жип машин, айпон гар утас аваад нэг хэсэг зугтаагаад алга болсноо буцаж ирээд “Улаанбаатар хотод удахгүй байр зараад мөнгөө өгнөө” гэдэг болсон. Нэг өдөр намайг барилгын материал татахаар Дархан яваад ирэх хооронд Зулзагын байшинд хийх дээврийн шифрийг ******* ачаад явсан байхаар нь *******оос асуухад 8-р бригадад өвөлждөг н.Монход өгсөн гэсэн. Би түүний зааж өгсөн н.Монх гэх хүнээс дээврийн шифрийг авъя гэхэд би *******оос авах өрөндөө авсан гээд өвөлжөөгөө дээвэрлэсэн байсан. Мөн ******* нь бид хоёрын цонх авахаар бартерын гэрээ хийсэн “Цонх констракшн” ХХК-ийн н.Алтансүхээс 600,000 төгрөгийн үнэ бүхий вакум цонх аваад “Полиглот” ХХК-ийн н.Нараа гэх хүнд өгсөн байсныг би дараа жил нь мэдэж, *******ын өмнөөс тус цонхны мөнгийг нь төлж байсан. Мөн банкны зээл, хүүгийн сар бүрийн 2,808,264.94 төгрөгийг сар бүр ээлжилж төлөхгүй би ганцаараа төлж байсан тул хэрүүл, зодоон хийж байж *******оор 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ганц удаа хүү төлүүлсэн. Үүнээс хойш ******* Улаанбаатар явж, би үргэлжлүүлээд зээлээ ганцаараа төлөөд үлдсэн.
Зээлээс гадна худаг гаргах, цахилгааны шугам татах, барилгын материал, ажилчдын цалин, хоол, цахилгаан, бензин тос зэрэг бүх зардлыг би ганцаараа гаргасан.
Гэтэл 2017 оны 04 сараас би ганцаараа ажлаа хийж байтал ******* нь хоёр хүн дагуулаад ирчихсэн анагаахын ажилчдын захиалгын дагуу баригдаж байгаа байшинг зарах гээд манай ажилчдын хажууд яриад байхаар нь би “гэрээ хийсэн хүмүүсийн байшинг чи яахаараа өөр хүнд давхар зарж залилан хийх гээд байгаа юм" гэснээс болж бидний дунд маргаан үүсэж, бид хоёр барьцалдаж авснаас хойш ******* нь барилгын талбайд 9 жил биеэр ирээгүй. Энэ 9 жилийн хугацаанд ядаж газрын 25,000,000 төгрөгөө бариад ирсэн бол хамтарч ажиллах боломж бүрэн байсан.
Учир нь ус байхгүй, тог байхгүй, хотын төвөөс алслагдсан газарт, барилгын ажил хийнэ гэдэг үнэхээр хүнд байсан бөгөөд анхнаасаа хамтарч ажиллана гэж тохиролцчихоод ямар ч үйлчилгээ үзүүлэлгүй, мөнгө гаргалгүй хаяж явсны улмаас банкны зээл төлөх, захиалгын хотхоноо барьж хүлээлгэж өгөх маш хүнд ажлыг ганцаараа хийх болсон. Энэ ажлын ачаалал манай гэр бүлд хүндээр тусаж, эхнэр үргэлж уурладаг, өглөө 7 цагт ажлаа эхэлж, шөнө 4-5 цаг хүртэл ажилладаг байсан.
Би нартай, салхитай, бороотой, шуургатай үед ганцаараа л барилгын ажил, хэрэглээний зардал гэх мэт зүйлсдээ ганцаараа л шаналж байсан бөгөөд ******* нь надад хамтран ажиллана гэж худал хэлж, газрын гэрчилгээнд нэрээ оруулснаас бус энэ бүх хугацаанд гэртээ тайван амарч байсан. Ажлаа хийж байх үед ч захиалга өгсөн Анагаах ухааны багш нар “та чинь яахаараа ганцаараа ажиллаж байдаг юм бэ? хоёр хүн хамтарч байгаа гэсэн атлаа ганцаараа л ажиллаад байх юм, хугацаанд нь ашиглалтад оруулж чадах юм уу?” гэж үргэлж санаа зовж байсан.
Энэ хугацаанд би “Хас банк” ХХК-ийн зээлээ 2 жилийн хугацаанд графикийн дагуу төлж, дээр нь эгчийнхээ байрыг барьцаалсан хэвээрээ байсан тул хүүхдийнх нь 2 жилийн сургалтын төлбөрийг төлсөн.
******* бид хоёр хамтарч ажиллаж эхэлсэн болон *******ын зуслангийн байр барих хамтын ажиллагаанд огт оролцоогүй, намайг хаяж явсан, улмаар зуслангийн байшингуудын газрын гэрчилгээг өгөхөөс зайлсхийж, зугтаагаад захиалагч нарыг хохироож байгаа талаар зуслангийн хотхоныг эхнээс нь дуустал нь хамт ажилласан н.Сансар, н.Галхүү нарын ажилчдаас гадна Дархан-Уул аймаг дахь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал Д.Зоригтбаатар болон байшин бариулсан багш нар бүгд гэрчилнэ.
Би *******ыг “хүрээд ир, газрыг нь захиалагч нарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэе” гэж дууддаг байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй байснаа гэнэт дээр нь зуслангийн байшин барьсан газраа чөлөөлүүлж авна гэж нэхэмжилж байгаа нь шударга биш байна. Энэ нэхэмжлэлийн улмаас захиалгаар байшин бариулсан олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Газрын асуудлыг шийдэж өгнө гэж *******ын амлаж байсныг н.Нямсүрэн багш гэрчилнэ.
Дээрх байдлаар газар худалдаж авч, газрын гэрчилгээ нь дээр *******ын нэр орсон нь бид хоёрын хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн ба хамтран ажиллах гэрээгээр тохирсон газрын болон бусад бүх зардлын 50 хувийг хариуцах үүргээ, хамтын үйл ажиллагаанд биечлэн орох үүргийнхээ алийг нь ч ******* биелүүлээгүйгээс бөгөөд зөвхөн хулгай хийх зэргээр хохирол учруулж байсан тул ******* нь хамтын үйл ажиллагаанаас ашиг авах, газраас өөрт ногдох хэсгээ шаардах ямар ч эрхгүй хүн тул газрын гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргах болно.
Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 29-30 /
3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
... зуслангийн хотхон байгуулахаар хамтран ажиллахаар тохирсон бөгөөд хамтын ажиллагааны зардал, ашгийг тэнцүү хэмжээгээ гарган хуваарилахаар харилцан тохиролцсон. Хотхон барих хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор нэгж талбарын ******* дугаар бүхий 20,000 м.кв газрын эзэмших эрхийг худалдаж авсан. Гэтэл ******* өөрт ногдох 50 хувийн хураамжаа төлөөгүй, түүнчлэн зуслангийн хотхон байгуулахад гарсан зардалд мөн нэг ч төгрөг гаргаагүй тул хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгөөс *******од оногдох хэсэг байхгүй юм. ******* нь хамтын үйл ажиллагаанд биеэр оролцоогүй, хамтын ажиллагааны хураамж төлөөгүй буюу хамтын үйл ажиллагааны зардалд нэг ч төгрөг гаргаагүй, үүргээ биелүүлээгүй тул би ганцаараа зуслангийн хотхон барьж дуусгасан.
Иймд Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р багт ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 20000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэлээс /гэрчилгээ/-ээс *******ын нэрийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. / х.х 32-34 /
4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, хариу тайлбартаа:
а. 2016 онд Хонгор сумын Засаг даргын захирамжтай Зулзагын гол дахь 15 жилийн хугацаатай эзэмшлийн 20,000 м.кв газар дээр байшин барьж *******тай хамтран ажиллахаар тохиролцон "Алтрах" ХХК-аас 48,000,000 төгрөгөөр газрыг нь объектын хамт худалдан авч, авсан барилгаа буулгаж хуучин материалуудыг нь ашиглан 15 ширхэг зуслангийн жижиг байшин барьж түүнийгээ худалдан борлуулж, ашиг орлого олж тэнцүү байдлаар хуваан авна гэж анх тохиролцон ажлаа эхэлсэн билээ. 2016 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 4 байшинг барьж 15,000,000 төгрөгөөр зарахаар төлөвлөсөн боловч мөнгөний шаардлагаар эхний байшинг 8,000,000 төгрөгөөр зарж урьдчилгаа 6,500,000 төгрөг аваад 3,000,000 төгрөгийг банкны зээлд үлдсэн 3,000,000 төгрөгийг ажилчдын цалинд өгсөн. Үлдэгдэл мөнгө 1,500,000 төгрөгийг ******* авсан юм. Дараагийн 3 байшинг нэг бүрийг 15,000,000 төгрөгөөр зарж борлуулахад 45,000,000 төгрөгийг нь ******* мөн авсан. Үлдсэн 10 байшингийн торхыг босгоод ажлаа үргэлжлүүлэх гэхэд эдийн засгийн боломж байхгүй болсон тул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нартай зуслангийн байр 7,200,000 төгрөгөөр бариулах гэрээ хийж сар бүр 300,000 төгрөгийг хамтын эзэмшлийн дансандаа хийж байхаар тохиролцсон юм.
Гэвч ажиллаж байх хугацаанд зээлийн төлөлт хийх материал авах зэрэг асуудал гарсан тул би өөрийн 45-52 УБН улсын дугаартай машинаа барьцаалж "Бэрс капитал" ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай 3,000,000 төгрөг зээлж зээлийн хүү 525,000 төгрөгийн хамт 3,525,000 төгрөгийг төлж дуусгасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6 сарын хугацаагаар мөн банкнаас 6 сарын хугацаатай 4,000,000 төгрөг зээлж зээлийн хүү 697,000 төгрөг нийт 4,697,000 төгрөгийг тус тус 2 удаагийн зээлийн төлбөр 8,212,000 төгрөгийг би өөрийн мөнгөөрөө төлж машинаа авч байсан юм.
Ашгийн мөнгөнөөс орж ирэхээр барьцаанаас машинаа авах тухай ярихад ******* “чи машинаа авч яадаг юм бэ? хая хая” гээд байсан учраас би арга буюу бусдаас мөнгө зээлж машинаа барьцаанаас авч байсан юм. Улаанбаатар хотоос кабелийн утсыг өөрийн зардлаар тээвэрлэж авчрахад 2,175,000 төгрөгийн зардал гарч байсан. Би 15 байшингийн суурь торх модыг бүгдийг бэлдсэн байсан тул *******аас торхны модны зардал гараагүй гэж мэдэж байгаа бөгөөд 15 байшингаас нэг байшинг 8,000,000 төгрөгөөр 3 байшинг 45,000,000 төгрөгөөр, багш нарын 10 байшинг нэг бүрийг 7,200,000 төгрөгөөр тооцоход 125,000,000 төгрөгөөр байшингууд зарж борлуулагдсан гэж үзэж байна. Энэ бүх мөнгийг бүгдийг нь ******* өөрийн дансаар шилжүүлж авсан надад ямар ч ашиг орлого гэж өгөөгүй тул банкны зээл, газрын төлбөрийг ******* хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
2017 онд Улаанбаатар хотоос ирээд ажлаа эхлэх гэтэл чамайг оролцуулахгүй гээд тэдний гэрт хоёулаа зодолдоод дараа нь ажлын байран дээр Зулзагын голд очиж зодолдоод хоёр тийшээ болцгоосон. Цагдаагийн газарт миний бие гомдол гаргаж шалгуулсан прокурорын тогтоол байгаа болно. Ажилчид *******ын хамт ажиллахаар үлдсэн энэ байшингийн ажил одоо болтол дуусаагүй гэж үзэж байгаа. Ажлаа дуусаад хүмүүсийн гэрчилгээ гаргахаар дуудах байх гэж хүлээж байлаа. Гэтэл энэ хавраас л өөрөө утасдаад хүмүүсийн гэрчилгээ гаргах тухай ярьж эхэлсэн юм.
б.Би өөрийн эзэмшлийн газрын талаар жил бүр Хонгор сумын газрын албаны байцаагчаас очиж асуухад та хоёрын эзэмшилд хэвээр гэдэг байсан юм. 2018 онд газрыг өөрийн нэр дээр болгох талаар өргөдөл гаргахад газрын албанаас боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Мөн 2024 онд өргөдөл гаргахад хариу ирүүлээгүй юм.
Гэтэл 2023 оны 5 дугаар сард ******* өөрийн нэр дээр газрын гэрчилгээг дангаар болгосон байна. Улаанбаатар хотод байшин барих ажил хийж байсан болохоор тэр бүр ирж чадахгүй байсан тул *******ыг Хонгор сумын газрын албатай хуйвалдсаныг мэдээгүй юм. Энэ хүмүүсийг цагдаад өгч шалгуулна гэж бодож байна.
Миний эзэмших эрхээ шаардах эрх Иргэний хуульд зааснаар дуусаагүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 631 тоот тогтоолоор миний эрх зөрчигдөж эхэлсэн нь тогтоогдож байгаа мөн 2018 онд би газрын албанд хандаж өргөдөл гаргасан нь шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жилээр тооцогдож байгаа бөгөөд 2016 онд эхэлсэн 15 байшингийн ажил одоо болтол дуусаагүй хүмүүстэй тооцоо хийж дуусаагүй гэрчилгээг гаргуулах ажил үлдсэн гэж үзэж байна.
в. ******* нь 2023 оны 5 сард миний эзэмших эрхийг зөрчиж Газрын гэрчилгээг зөвхөн өөрийн нэр дээр гаргуулж авсан байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар энэ үеэс эхлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг тоолуулах хүсэлтэй байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг анхаарч үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 71 /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 3,500 м.кв газрыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээ/-ээс *******ын нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анх 2016 онд хоёр хүний хамтран эзэмших нөхцөлтэйгөөр 2 га газрыг худалдаж авсан байдаг.
... ******* бид 2 муудалцсанаас хойш ******* нь сураггүй алга болоод 2019 оны зун над руу утасдсан тэгэхдээ “нэг га газраа авъя” гэж ярьсан хариуд нь би чи 1 га газраа авч болно 25,000,000 төгрөгөө банкны хүүтэйгээ дээр нь дэд бүтцийн зардал өгөөд авч болно, учир нь энэ газрыг би худалдаж авсан чи сайн мэдэж байгаа хамтарч ажиллана гэж гэрээ байгуулчхаад элдэв шалтаг шалтгаан хэлээд мөнгө байхгүй гээд зугтаад явсан, би чамд газраасаа өгөхгүй авмаар байвал шүүхэд хандаад ав” гэсэн тэгээд сураггүй алга болсон.
Би гэрээний дагуу ажлаа хийж 2020 онд хүлээлгэн өгөөд барьцаанд байсан газрын гэрчилгээг буцааж авсан. Энэ хугацаанд банкны хүүгээ төлж эгчийнхээ байрыг авч өгсөн мөн эгчийн хүүгийн хоёр жилийн сургалтын төлбөрийг би төлсөн. 2025 оны 4 сард би ******* руу утасдаж “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зуслангийн байрны газрын гэрчилгээг гаргаж өгөх хэрэгтэй байна, багш нар цуглаад уулзъя гэж байна, гэрээний дагуу байшин бүрийн газрын гэрчилгээг гаргаж өгөх ёстой, гэрээнд газрыг эзэмшүүлнэ гэж заасан байгаа” гэхэд ******* нь зугтаад ирэхгүй байснаа, өөрт ногдох газраа авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, би сөрөг нэхэмжлэл мөн адил гаргасан.
Тус сөрөг нэхэмжлэлд хамтран эзэмшигч *******ын нэрийг газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хасуулах гэж гаргасан.
Газрыг анх худалдаж авах, барьцаа тавих, зээл төлөх, барилга барих, татвар төлөх бүхий л зардлыг ******* би дангаар гаргасан. Хамтран эзэмшигч ******* нь хөрөнгө, урсгал зардал, банкны хүүгийн төлбөрт оролцоогүй, мөн гэрээний ажлыг гүйцэтгэхэд ч оролцоогүй бөгөөд гэрээний дагуу байшин баригдаж дууссан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, ажилчдын амралтын байрны газар тус бүрийн нэр лүү нь шилжүүлэх ажил хийгдэх шатандаа байгаа. ******* нь 8 жилийн турш ямар ч оролцоогүй, хариуцлагагүй байсан, татвар, тог, тог үйлчилгээний төлбөрийг би дангаараа төлсөн. Одоо уг газрыг шилжүүлэн өгөхөд хамтран эзэмшигчийн нэр байснаар барьцаа, гэрээ, татвар, шилжилт бүгд саатаж байна.
Хамтран эзэмшигч ******* нь 10 жилийн хугацаанд ямар ч санхүүгийн оролцоо, ажлын хариуцлага хүлээгээгүй тул түүнд дээрх 2 га газраас эзэмших эрх байхгүй.
Багш, ажилчдын худалдан авах гэрээг шүүхэд хавсаргасан байгаа нийт 26 гэрээг өгсөн одоо энэ газар дээр цэвэр усны шугам, бохирын шугам, цахилгааны 220-380 в шугам, цахилгааны бүрэн автомат шитүүд, эко жорлон хийгдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 213-216 /
7. Хариуцагчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
а. ...анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болон банкны зээлийн төлбөрийг хооронд нь ялгаж салгалгүйгээр “Дээрх нотлох баримтаас дүгнэхэд маргаан бүхий газрын "Алтрах" ХХК-аас 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсон, дээрх төлбөрийн 45,000,000 төгрөгийг хариуцагч *******, 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлсөн нь тогтоогджээ." гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Учир нь газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу зохигчид '‘Алтрах" ХХК-д 48,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн гэрээний дагуу *******, хамтран зээлдэгч Ж.Эрдэнэцэцэг нар 50,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг Хас банкны өмнө хүлээсэн. Цаг хугацааны хувьд газрыг худалдаж авснаас хойш ******* нь 3,000,000 төгрөгийг *******ын нэр дээрх эзэмшлийн данс руу шилжүүлсэн тул газар худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 48,000,000 төгрөгийг ******* дангаараа төлж ******* нэг ч төгрөг төлөөгүй болохыг нотолно.
Хэрвээ анхан шатны шүүх *******оос зээлийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг газрын үнэнд оруулан тооцож байгаа бол *******ын зээлийн хүүд төлсөн мөн зээл авахад зарцуулсан мөнгийг газрын үнэнд оруулан тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд маргаан бүхий газрын үнийг зохигчдын хэн алиных нь гаргасан зардлаар тооцох тохиолдолд хамтран ажиллах харилцааг зохицуулсан иргэний хуулийн заалтын дагуу маргааныг шийдвэрлэхээр байна.
б. Талууд хамтран ажиллах талаар тохиролцож, газар худалдаж авсан талаар маргахгүй байгаа тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ." гэж зааснаар зуслангийн хотхоны төсөл хэрэгжүүлэх зорилгоор талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний хүрээнд 20,000 м.кв газрыг 48,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т “ Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг талууд төлсөн хураамжийн хэмжээгээр дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар газар худалдаж авахад талууд тэнцүү хэмжээгээр хураамж төлөх үүрэгтэй.
Иймд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор зээлийг авах болон төлөхөд зохигчдын хэн нь хэдэн төгрөгийн зардал гаргасныг бүрэн тооцсоны үндсэн дээр талуудын хураамжийн хэмжээг бодитой гарна.
в. ...маргаан бүхий газрыг худалдаж авахад 48,000,000 төгрөг төлсөн боловч уг Хас банкны 50,000,000 төгрөгийг төлөхийн тулд ******* нь барьцаа хөрөнгө чөлөөлөхөд 2,256,200 төгрөг, Хас банкны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59,294,951 төгрөг, нийт 61,551,151 төгрөгийн зардал гаргаж, ******* зээл, хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөгийн зардал гаргаж, талууд нийтдээ 62,294,951.39 төгрөгийн зардал гаргасан байна. Харин зээлийн төлбөрийг төлөхөд ******* 59,294,951.39 төгрөг, ******* 3,000,000 төгрөг гаргасан буюу газар худалдаж авахад гарсан нийт зардлын 95.18 хувийг *******, 4.82 хувийг ******* гаргасан байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т "Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна." гэж зааснаар газар худалдаж авахад талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлбэл *******од 963 м.кв газар *******т 19.037 м.кв газар оногдож байна.
г. Хэрвээ хамтран ажилласан газар дээр баригдсан байшин, газарт байгуулсан худаг, цэвэр усны, бохирын шугам, цахилгааны автомат шит, газар доогуур холбосон цахилгааны шугамын хөрөнгө оруулалтыг тооцвол ******* 529,994,540 төгрөгийн зардал гаргасан тооцоог нотлох баримтын хамт гаргаж өгсөн бөгөөд уг хөрөнгө оруулалтын талаар нэхэмжлэгч тал маргахгүй хүлээн зөвшөөрдөг. ******* оруулсан 539,994,540 төгрөгийн хөрөнгө оруулалтыг *******ын оруулсан 3,000,000 хөрөнгө оруулалттай харьцуулбал ******* 99,5 хувийн, ******* 0,5 хувийн хураамж төлсөн байна.
д. Гэвч зохигчид зөвхөн газар худалдаж авсан талаар маргалдаж хамтран ажилласан бусад асуудлаар маргалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсанаар газар эзэмших эрхийг 48,000,000 төгрөгөөр худалдаж авахад нэхэмжлэгч М.Ганболд мөнгө төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
е. Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн талаар талууд маргалдаж байгаа болох нь газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хариу өгөх мэдэгдэл”, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогддог.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.", 183.2-т "Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа эггээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно." гэж зааснаар хариуцагч ******* нь “Мөнгө төлөөгүй ******* улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй” гэж маргаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
ё. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын нэрийг маргаан бүхий газрын улсын бүртгэлээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. / х.х 208-212 /
8. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Анхан шатны шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
11. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 800 м2 газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8000 м.кв газар чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүх хуралдаан дээр 3500 м.кв газрыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,
хариуцагч ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигч нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ. / х.х 1-2, 32-34, 71,104, 193 /
Хэргээс үзвэл:
12. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах “Алтрах” ХХК-ийн эзэмшлийн амралт, зуслангийн зориулалттай 2 га газрыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн дагуу зохигч болох *******, ******* нар нь шилжүүлэн авч, 15 /арван тав/ жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн байна. / х.х 78-89 /
13. Зохигч нь дээрх газрын эзэмших эрхийг “Алтрах” ХХК-аас 48,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар маргаагүй боловч харин хэн, хэдэн төгрөг төлсөн талаар маргасан.
Нэхэмжлэгч *******ын зүгээс газар эзэмших эрхийн үнийг төлөхөд 3,000,000 төгрөг, газар эзэмших эрх шилжүүлэн авах үйл ажиллагаанд 4,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж,
хариуцагч *******ын зүгээс газар эзэмших эрхийн үнэд төлсөн 48,000,000 төгрөгийг дангаараа гаргасан, *******ын төлсөн 3,000,000 төгрөг нь зээлийн хүүд төлөгдсөн, ******* нь 3,000,000 төгрөгөөс өөр зардал гаргаагүй гэж маргажээ.
14. Нэхэмжлэгч *******ын зүгээс “Бэрс капитал” ХХК-аас 2016 оны 10 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 7 сая төгрөг зээлсэн талаарх баримтыг ирүүлсэн боловч дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. / х.х 187-188 /
Хариуцагч *******ын зүгээс “Хас банк” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, -01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, дугаартай зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн. / х.х 37-52 /
Эдгээр нотлох баримтаас дүгнэхэд маргаж буй газрын эзэмших эрхийн үнийг төлөх үед нэхэмжлэгч ******* нь 3,000,000 төгрөг төлөөгүй, харин 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлж авснаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь *******ын “Хас банк “ХХК-ийн дугаартай зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
15. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн дагуу зохигч болох *******, ******* нар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах “Алтрах” ХХК-ийн эзэмшлийн амралт, зуслангийн зориулалттай 2 га газрыг эзэмших эрхтэй болсон байх тул хариуцагч *******ыг хууль бусаар газар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт хийж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
16. Газар эзэмших эрхийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохигч нь маргаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсныхаа дараа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль, “Ворлд бренд монголиа” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний 2.1-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Зулзагын голын амралтын бүсэд байрлах нийт 3800 м.кв талбай бүхий газар, түүн дээр баригдах өвөл, зуны амралт-зуслангийн зориулалттай 14х15м газрын эзэмшил болон 400х500 мм хэмжээтэй Канад технологиор байшингуудыг барина гэж гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон бөгөөд уг гэрээг сургуулийн захирал Д.Зоригтбаатар, Ворлд бренд монголиа ХХК-ийн дэд захирал ******* нар баталж, захиалагч талыг төлөөлж М.Оюун, гүйцэтгэгч талыг төлөөлж ******* нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. / х.х 53 /
Талуудын хооронд үүссэн энэхүү харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, уг гэрээний хүрээнд *******, ******* нар нь ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд орсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
17. Анхан шатны шүүхээс зохигчийн маргаж буй газар дээр үзлэг хийхэд 30 гаруй байшин баригдсан болох нь тогтоогджээ.
Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмших эрхийн гэрчилгээнээс нэхэмжлэгч *******ын нэрийг хасуулах гэж тодорхойлсон бөгөөд уг газрын эзэмших эрхийг анх худалдан авахад хэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнээс хамаарч уг газрын аль хэсгийг хэн, хэдэн хувиар эзэмших ёстой байсан гэдгийг тогтоохгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнээс эзэмшигчийн нэрийг хасах үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
18. Шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч *******ын зүгээс маргаж буй газрын эзэмших эрхийг анх худалдан авахад хэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнээс хамаарч уг газрын аль хэсгийг хэн, хэдэн хувиар эзэмших ёстой байсан гэдэг талаар шаардлага гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.
Харин зохигч нь маргаж буй газар эзэмших эрхийг худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч, газрын хэдэн хувийг хэн эзэмших боломжтой талаар маргахад энэхүү шийдвэр, магадлал хамааралгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ