| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2019/00007/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 05
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Алтансолонго
Шүүгдэгч К.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч И овогт К ийн Х д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1837000390002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД: , И овогт К ийн Х ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч К овогтой Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 52-82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед замын цагдаагийн албан хаагчийн шалгалтаар №0033474 дугаарын хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь тогтоогдож, хуурамч баримт бичиг буюу хуурамч жолоодох эрхийн үнэмлэх ашиглах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- шүүгдэгч К.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ах Заитаны Жанибекийн машины туслах жолоочоор явдаг байсан. Нэг рессэнд 50.000 төгрөг авдаг байсан. Тэгээд ах чамайг мэргэшсэн жолооч болгож өгнө гээд надаас 4 рессийн мөнгө суутгаж надад мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг 2018 оны 4 дүгээр сард авчирч өгсөн байх.
|
|
Сургалтанд сууж, шалгалт өгөөд тэнцсэн тохиолодолд үнэмлэх авдагыг мэднэ...” гэх мэдүүлэг,
- шүүгдэгч К.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би үнэмлэхийг авахдаа ямар нэгэн шалгалт өгөөгүй. Би 2018 оны 4 дүгээр сард Булган сумын Маусамханы Болотбек гэх хүнд 200.000 төгрөг өгөөд гаргуулж авсан юм. Би 2018 оны 3 дугаар сараас хойш 0033474 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг ашиглаж эхэлсэн. Тухайн 0033474 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхээр “Булган хөрс" ХХК-ны 53-85 ХОА улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл жолоодож байгаад тухайн машины хроп эвдрээд тээврийн хэрэгсэл жолоодохыг түр зогсоосон юм...” гэх мэдүүлэг,
- гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт эргуүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 52- 82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад уг машиныг К.Х нь жолоодож явсан бөгөөд бичиг баримтыг нь шалгахад жолооны үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэхтэй байсан ба жолооны үнэмлэхийг нь бэлэн бус торгуулийн төхөөрөмжөөр шалгахад мэргэшсэн жолооны үнэмлэхний мэдээлэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
- гэрч З.Жанибекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Болотбек нь мэргэшсэн жолооны үнэмлэх гаргах эрх бүхий хүн биш. Гэхдээ цаашаа таньж мэддэг хүнтэйгээ ярьж байгаад гаргуулсан байх...” гэх мэдүүлэг,
- гэрч Д.Балтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрх бүхий жолооны сургуулиуд хүнээ бүртгээд сургалтаа ороод дууссан үедээ манай байгууллагад хандаж онлайнаар би шалгалт аваад тэнцсэн тохиолдолд Автотээврийн Үндэсний төвөөс үнэмлэх олгодог...” гэх мэдүүлэг,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлтэд: “... 2. Адитгалын шинжилгээнд ирүүлсэн Х.Күнтуманы №0033474 гэсэн дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэх бичиг баримт нь хуурамч байна.
3. Адитгалын шинжилгээнд ирүүлсэн К.Х ы №0033474 гэсэн дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэх бичиг баримт нь хэт ягаан туяанд өдөөгдөөгүй хуулбарлан олшруулагч хэвлэгч хэрэгслийн хорны цэгчилсэн цацралтуудтай зэрэг шинж тэмдэгтэй байна" гэх дүгнэлт,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- эд зүйлийн үнэлгээ,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч К.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 52-82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ №0033474 дугаарын хуурамч мэргэшсэн жолоочийн үнэмлэх ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч К.Х ыг мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч К.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч К.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 1400000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны тугалтай үхэр битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №0033474 дугаартай С,Е ангилалын мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт К ийн Х ыг мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч К.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №0033474 дугаартай С,Е ангилалын мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 1400000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны тугалтай үхэр битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.