Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 4902

 

2016 оны 08 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04902

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Нисора цамхаг... тоотод байрлах, ... регистртэй, “Есөн шижир” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол Ард Аюушийн гудамж, ... тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон ургийн овогт Э.Х холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Х нь 201 5 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай компаниас З.... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй Benz C-180 маркийн... улсын дугаартай авто машиныхаа эзэмших эрхийг  манай компанийн нэр дээр шилжүүлж, барьцаалан 5,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Э.Х зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардахад машинаа зараад төлнө гэсээр хүүгээ төлөөгүй гэрээний хугацааг 365 хоног хэтрүүлсэн. Иймд зээлдэгч Э.Х-с нийт 6,245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Х холбогдох иргэний хэргийн оролцогчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүн болох 6,245,000 төгрөгийн 2 сарын хугацаанд 2 хувааж буюу 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,245,000 /таван сая хоёр зуун дөчин таван мянган/ төгрөг төлж барагдуулна. Дээрх графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь хариуцагч Э.Х холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ0500150684 тоот барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Есөн шижир” ХХК нь зээлдэгч Э.Х 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, зээлийн барьцаанд хариуцагч Э.Х-йн өмчлөлийн  Benz C-180 маркийн ... улсын дугаартай автомашиныг барьцаалсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасанд нийцэх бөгөөд гэрээний талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн нөхцөл болон гэрээний үнэ, хугацааны талаар хэн аль нь маргаагүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,245,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,245,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь боломжтой байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Х холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,245,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,245,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 58,875 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 58,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    А.САРАНТУЯА