Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 4904

 

2016 оны 08 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04904

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, . ...тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон ургийн овогт Н.Ү-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Архайтал ургийн овогт М.Х

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... байрны ..тоотод оршин суух, ... регистртэй, Ар Хайтель ургийн овогт, Л. М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /ШТҮД-0146/, өмгөөлөгч Г.А  /ШТҮД-0147/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Үшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М.Х нь өөрийн аав Л.М-ын хамт 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр над дээр ирж хоёулаа гуйж, харилцан ярилцаж тохиролцоод 140,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, хоёулаа гарын үсэг зурж зээлэн авсан. Үүнээсээ М.Х, Л.М нар нь цувуулан 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 122,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 18,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй намайг хохироож байна. Энэ зээлийг хариуцагч нарт өгөхийн тулд би банкнаас зээл авч байж өгсөн. Урьд өмнө нь энэ хүмүүст мөнгө зээлж байсан бөгөөд тухайн үед нь төлдөг л байсан. М.Х нь БНСУ руу явах болоод мөнгө хэрэг болоод байна гэж ээж аав хоёр нь надаас туслахыг хүсч, өөрсдөө надад баталгаа гаргаж өгсөн. Байраа зээлийн төлбөрт тооцож өгсөн гэж байгаа боловч уг байр нь банкны барьцаанд, 45,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг би энэ мөнгийг нь төлөөд авсан. Байрыг 56,000,000 төгрөгөөр тооцож өгөөгүй, энэ бол худлаа. 80,000,000 төгрөгийн зөрүү 45,000,000 төгрөг гэж тооцсон бөгөөд дээр нь 5,000,000 төгрөг нэмж өгснөөр 50,000,000 төгрөгөөр тооцсон. Бэлнээр бол 5,000,000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн. 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 2,700,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт

бэлнээр 10,500,000 төгрөг төлсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талууд зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, 140,000,000 төгрөгийг Н.Үзмээгээс Л.М, М.Хч нарт зээлүүлсэн байдаг. Үүнээс 122,000,000 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд аваад, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй байгаа учир хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хариуцагч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн байна. Хариуцагч талаас гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан гэж байна. Гэвч зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2015 оны 10 дугаар сарыг хүртэл цувуулж өгч байсан, мөн 2014 оны 12 дугаар сард болон 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдлийг хугацаа заан төлөх талаар баталгаа гаргаж өгсөн байгаа. Хэдийгээр Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байдаг боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар энэ хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иймд хариуцагч талаас гаргаж буй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би нэхэмжлэгч Н.Ү-тэй 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Түүнд зээлийн гэрээний дагуу 2012 оноос хойш Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө орон сууцыг 56,000,000 төгрөгт, мөн бэлэн мөнгөөр 8,000,000 төгрөг, БНСУ-д үйлдвэрлэгдсэн Старекс маркийн автомашин 6,000,000 төгрөг, Бонго-3 маркийн ачааны автомашин 11,500,000 төгрөг, Соната-6 маркийн автомашин 5,000,000 төгрөг, Муссо маркийн автомашин 8,500,000 төгрөг, Муссо маркийн автомашин 4,000,000 төгрөг, 40 тн контейнэр 2 ширхэг нийт 6,000,000 төгрөг, Портер маркийн ачааны автомашин 8,500,000 төгрөг, 2015 онд бэлэн мөнгөөр 1,500,000 төгрөг, тус ондоо бэлэн мөнгөөр 5,000,000 төгрөг, БНСУ-аас гахайн өөх хамтран оруулж ирсэн ашгийн 20,000,000 төгрөг, нийт 143,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу төлвөл зохих 140,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн гэрээ нь 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна. Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Н.Ү нь миний хүү М.Х-тэй эртний танил бөгөөд хамтарч бизнес хийдэг байсан ба 2012 онд Н.Ү-гийн зөвшөөрөлгүй газар болон объектын гэрчилгээг М.Х хөөцөлдөж гэрчилгээ гаргуулан Н.Ү-н нэр дээр банкнаас 140,000,000 төгрөгийн зээл авч бизнес хийж байх явцдаа БНСУ-д казино тоглож хамаг ажил нь бүтэлгүйтсэн. Би хүүгээ буруутайг ойлгоод өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцаа Н.Ү өгч байсан. Мөн удаа дараа БНСУ-аас машин тэрэг оруулж, төлбөрийн тооцоо хийж байсан ба одоо миний мэдэхийн тооцоо бараг дууссан байх ёстой. М.Х нь миний том хүү боловч тусдаа амьдралтай, насанд хүрсэн хүн учир энэ талаар надтай холбох ёсгүй. Анх 2012 оны 3 дугаар сард банкнаас 140,000,000 төгрөгийн зээл аваад тэр өдрөө миний хүүд хувиасаа зээлүүлж гэрээ хийсэн. Тэгэхэд нь би байлцсан бөгөөд гарын үсэг зурсан. Би өөрийн чадлаараа сэтгэл гаргаж өрнөөс төлөлцсөн ба одоо тэтгэвэрт байдаг бөгөөд бага хүүгийндээ 2 идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна. М.Х нь нас биед хүрсэн тусдаа амьдралтай хүн учраас надтай хамаагүй, одоогоор миний хүү бидэндтэй холбоогүй байгаа бөгөөд энэ талаар өөрт нь тооцоо судалгаа нь байгаа учир М.Х-тэй холбоотой, надад хамаагүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд зээлийг эргүүлэн төлөх хугацааг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусна гээд тодорхой заасан байгаа. Тэгэхээр зээлдүүлэгч нь зээл төлөх сүүлийн өдрөөс өмнө зээлдэгч нар төлөөгүй байсан бол энэ талаар шүүхэд хандах эрхтэй байсан. Үүнээс хойш 3 жилийг тоолж эхлэвэл 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Н.Ү ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа тоологдох болон зээл төлүүлэхийг шаардах талаар мэдэж байсан боловч 3 жилийн хугацаагаа санаатайгаар өнгөрүүлчихсэн бөгөөд тэрээр шаардлага гаргах боломж байсан, төлөхгүй байвал шууд шүүхэд хандах боломж түүнд байсан юм. Хариуцагч нарын хувьд Н.Ү юутай ч хохиролгүй болгоё гээд тодорхой хэмжээний бэлэн мөнгө, мөн байраа зарж, хамтран бизнес хийж, гахайн өөр оруулж ирээд, тэрнээсээ ашгаа хуваах гэх зэргээр тооцоо хийсэн боловч, тодорхой үнийн дүнд тохироогүйгээс ийм байдал үүсээд байна. Гэвч хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ү нь хариуцагч Л.М, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, төлвөл зохих тодорхой төлбөрийг орон сууц, автомашинууд болон хамтран бизнес хийж гахайн өөх оруулсны ашиг, мөн бэлэн мөнгө төлөх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Түүнчлэн, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзана гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Ү нь 140,000,000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүйгээр харилцан тохиролцсон байна. /хх 4/

Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний үнэ, нөхцөл, хугацаа болон хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 140,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргийн дагуу бэлнээр нийт 10,500,000 төгрөг, Старекс маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт, Портер маркийн автомашиныг 7,200,000 төгрөгт, Муссо маркийн автомашиныг 7,300,000 төгрөгт, хуучин Муссо маркийн автомашиныг 4,000,000 төгрөг, 40 тн контейнерийг 4,600,000 төгрөгт, Соната-6 маркийн автомашиныг 6,000,000 төгрөгт, Бонго маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгт, БНСУ-аас гахайн өөх оруулж ирснийг 25,900,000 төгрөг, Л.М-ын охиноор орчуулга хийлгэсний зардалд 500,000 төгрөг, нийт 128,000,000 төгрөгийн төлөлт хийсэн боловч үүнээс орон сууц шилжүүлэх үед гарсан зардлын тооцоо буюу 6,000,000 төгрөгийг хассанаар 122,000,000 төгрөгийн төлбөр шилжүүлэн, үлдэгдэл 18,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Л.М, н.О нарын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн баталгаа, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хэлцэл”, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хэлцэл” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Ү нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. /хх 16-19/

Зээлийн гэрээний хугацаанд сарын 1,8 хувийн хүү тооцохоор талууд харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүүгийн төлбөр шаардаагүй байна.

Харин хариуцагч Л.М өөрийн орон сууцаа зарж, тодорхой төлөлт хийсэн бөгөөд хүү М.Хүрэлсүх нь насанд хүрсэн, тусдаа амьдралтай учир зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцахгүй гэж, хариуцагч М.Хүрэлсүхийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан учир, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар зохигчдийн дунд хийгдсэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн боловч зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн үеэс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхийг шаардаж байсан, хариуцагч нар нь бэлнээр болон бусад эд хөрөнгөөр тооцон нийт 122,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар баталгааг бичгээр гаргасан зэрэг үйл баримтууд зохигчийн тайлбар болон зээлдэгч нарын бичсэн баталгаа, “Хэлцэл” зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 17, 18/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Зээлдэгч Л.М  2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталгаа, зээлдэгч Л.М, М.Х нар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хэлцэл”,  2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Хэлцэл” зэргийг хийж, зээлийн төлбөрийг барагдуулах хугацаа тогтоосон байх тул нэхэмжлэгчид шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүх дүгнэлээ.

Тийнхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, харин хугацааг дахин шинээр тоолох тул хариуцагч нарын сүүлд гаргасан баталгаа буюу 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс дахин тоологдох нь зөв байна.

Хариуцагч Л.М-ын хувьд Зээлийн гэрээний нэг тал буюу хамтран зээлдэгч мөн бөгөөд тэрээр гэрээг өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан учир гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... регистртэй, Архайтал овогт М.Х ... регистртэй, Ар Хайтель овогт Л.М нараас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Н Ү олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 248,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА