| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00815/и |
| Дугаар | 209/МА2025/00081 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 209/МА2025/00081
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
*******,
*******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...миний бие Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан. Олон жил үр бүтээлтэй ажилласан гэж Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, ******* тоот 2 өрөө орон сууцыг өгсөн.
Нэхэмжлэгч нь гэр бүлгүй ганцаараа амьдардаг байсан учраас ******* болон түүний гэр бүлийн хүмүүс орон нутгаас шилжиж ирээд таны байранд хамт түр байя гэсэн агуулгаар байрыг нь хөлсөлж хамт амьдарч эхэлсэн. Уг байрыг 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 тоот тогтоолоор өмч хувьчлалаар хувьчилж авсан.
Тухайн үед миний бие гадуур бичиг цаасны ажил хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг сайн ойлгохгүй учир орон сууцаа хувьчилж авах үед *******, ******* нар надад тусалж, албан байгууллагуудаар хамт явж, гэрчилгээг гарахад авчирч өгсөн. Тухайн үед надад туслаад хамт явж байна гэж ойлгож байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгэн дээр өөрсдийн нэрээ оруулсан байсныг мэдээгүй.
...Сүүлийн үед намайг гадуурхаж орон гэрээс минь хөөж эхэлсэн тул найзынхаа хүүхдэд хэлж, гэрчилгээгээ үзүүлэхэд миний байрны хамтран өмчлөгчөөр гэр бүлээрээ орсон байна гэсэн. Миний бие гэр оронгүй байраа алдах хэмжээнд хүрч байна. Иймд ДА гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн 3 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс *******, *******, *******, ******* нарын нэрийг хасаж өгнө үү гэжээ. / 1-р х.х 3 /
2.Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Нэхэмжлэгч ******* нь намайг бага байхын манайхаар орж гарч, идэж ууж гүйж байж бидэнтэй хуурай ах дүүс болсон. 1997 онд Дархан-Уул аймгийн Орхон сумаас шилжиж ирээд байр хөлсөж суух газар өгч байхад таарч цуг амьдрахыг санал болгож бид хамт амьдарч эхэлсэн. Уг байрыг 1998 онд хувьчлахад бид нарыг өөрсдийн нэр дээр ав гэхэд бид тийм зүйл юу гэж байж болох уу гэхэд ******* ах өөрөө санал тавьж хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Уг байрыг нэхэмжлэгчийн эхнэр Баасансүрэн нь 1990 оны дундуур салахдаа тэр үеийн ханш 80,000 төгрөгөөр зарчхаад явсан байсныг найз Цог миний ах Атар нар хөөцөлдөж тухайн мөнгө 80,000 төгрөгийг төлж буцаан авсан.
Бид цуг амьдрах 27 жилий хугацаанд уг байрыг зарах болон барьцаанд тавих талаар бодож байгаагүй. 27 жилийн хугацаанд бид 4 удаагийн бүрэн засвар хийхдээ ******* ахаас нэг ч төгрөг гаргуулаагүй. Мөн байрны тог, ус, дулаан, орцны засвар, үйлчлэгчийн мөнгийг бүрэн төлдөг байсан. 27 жилийн жилийн хугацаанд нэхэмжлэгчийн хоол ундыг бүрэн дааж байсан.
2018 оны өвөл тархиндаа харвалт өгч хэвтэрт ороход нь ******* болон ******* нар нь өтгөн шингэнийг нь зөөж, хоол цайг нь аманд нь хийж өгч, эмнэлгээр явж байж хөл дээр нь босгосон. Эм тариаг нь өөрөөс нь нэг ч төгрөг гаргалгүй авч хийлгэж байсан. харвалт өгснөөс хойш үе үед байраа зарна гэх болсон ба 2023 оноос байраа зарна гэрч эрчимтээ ярих болж янз бүрийн хүнээр утсаар яриулж байраа суллаж өг 27 жил амьдрахдаа нэг ч удаа засвар хийгээгүй балгас болгосон гэж дарамтлуулах болсон. Бидэнтэй амьдрах хугацаанд энэ хүний ах, дүү, хамаатан садан гэж хүн ирж байгаагүй. харин энэ нэхэмжлэл дээр байгаа гэж өөрийнх дугаар биш. Ямар хүн болохыг гайхаж байна. Дугаараар нь хайж үзэхэд үл хөдлөх хөрөнгө зуучилж зардаг хүн бололтой.
Бид ******* ахыг орон гэрээс нь хөөж, тууж, гадуурхаж элдэв ааш гаргаагүй. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд бидний хийж өгсөн хоол, цайг идэж уухаа байж 00-ын өрөө рүү асгахаар нь асуухад танай хоолыг идэхгүй, хортой хоол хийж өгдөг. Идвэл хордож үхнэ гэх болсноор жаахан ам мурийсан. *******г өөрийнх нь иргэний үнэмлэхийг хулгайлж бичиг баримтыг нь ашиглаж банкнаас мөнгийг нь авсан гэж хулгайд сэрдэх болсон. Бид бие биедээ тус дэмтэй амьдарч байсан гэж бодож явсан гэжээ. / 1-р х.х 18-19 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан “Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Би мах комбинатад олон жил сантехникчээр ажилласан учир надад энэ байрыг улс өгсөн. Би гадуур бичиг цаас хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг сайн ойлгохгүй гэдгээ хэлдэг бөгөөд нэхэмжлэлдээ энэ талаар бичсэн. Эдгээр хүмүүсийн нэр орсон гэдгийг 2024 оны 1 сард мэдэж учир байдлыг найзынхаа хүүхдээр тайлбарлуулсан тулдаа шүүхэд хандаж нэхэмжлэл өгсөн.
Тэр зээл авсан тухайд бол нэг удаа Тунгалаг орж ирээд энэ бичгэн дээр гарын үсэг зураад өг гэхэд нь зурсан гэдгээ шүүхэд хэлсэн. Зээлийг би аваагүй бас ашиглаагүй, зээл авсан гэдгийг ч мэдээгүй, шүүхээс л мэдсэн. Тэгэхэд 2 удаа зээл авсан байна.
Хариуцагч *******, *******, Г.Адьяа, ******* нартай ах дүү садан төрлийн ямар ч холбоо байхгүй. Би ганц охинтой. Охин даа тусалж чадаагүй нь түмэн үнэн. Одоо би 70 настай, бие муу хэд наслах вэ, ганц охиндоо үлдээх зүйл бол энэ байр. Үхэхээсээ өмнө улсаас надад зориулж өгсөн энэ байраа охиндоо өгөөд амар тайван нойрсмоор байна.
Эдгээр хүмүүсийг би байрандаа үнэ төлбөргүй хүний ёсоор суулгаж байсан нь маш буруу зүйл болжээ гээд энэ хар толгойгоо цохиод сууж байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс нь намайг үхэхээр миний энэ байрыг авахаар санаархаж байгааг 70 нас гарсан үедээ ойлголоо. /2-р х.х 28 /
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-д “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
б. Шүүх ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7-д “Өмнө дурдсанчлан 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд орон сууцыг хувьчлан авахаар сууц эзэмших эрхийн бичиг \ордер\-ийн эзэмшигч ******* бус хариуцагч ******* өөрийн нэрээр өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг эзэмших эрхтэй гишүүдээр *******, *******, *******, Г.Адьяа, ******* нарыг бичсэн, түүний дагуу 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлсэн мэдүүлэгт зурагдсан ******* гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь ЕГ0125\2040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.” гэж маш зөв дүгнэлт хийсэн.
г. Дархан”Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.09.17-ны өдрийн 209\МА2024\00078 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 10-д “ ... Нэхэмжлэгч ******* нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэн дээр гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээдүүд болох хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг зөвшөөрч байсан эсэх, зөвшөөрсөн бол ямар үндэслэлээр зөвшөөрч байсан эсэх, мөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэн дээр хариуцагч нарын нэр бүртгэгдсэн байсныг хэзээ мэдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн жинхэнэ байдал, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.” маш тодорхой хянаж үзсэнийг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй.
д. Нэхэмжлэгч ******* хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг зөвшөөрч байгаагүй бөгөөд энэ нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ЕГ0125\2040 дугаартай дүгнэлтэд “ Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Ү-3 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн 5 дугаарт хуудаст байх 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг\иргэн\ гэсэн 1 хуудас баримтын доод хэсэгт мэдүүлэг гаргасан” гэсний ард байх гарын үсэг .... нь харьцуулах загварын *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтээр давхар нотлогддог.
е. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 1 дүгээр сард өөрийнх нь байранд хариуцагч нар нэрээ оруулсан байсныг мэдсэн бөгөөд өөрийнх нь багын найзын хүүхэд энэ талаар тайлбарлаж өгсөн гэдгээ анхан шатны шүүх дээр мэдүүлдэг.
ё. Нэхэмжлэгч ******* нь одоо нас өндөр 70 настай бөгөөд ганц охинтой. Өөрийнх хүсэл бол улсаас өгсөн энэ байрыг ганц охиндоо өвлүүлж үлдээх хүсэлтэй гэдгээ байнга л хэлдэг.
ж. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2001.01.19-ны өдөр хариуцагч ******* нь 200.000 төгрөгт барьцаалж зээл авсан байх тухайн № дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний гарын үсэг зурсан тул тэр үеэс мэдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ******* нь нэг удаа ******* орж ирээд энэ дээр гарын үсэг зур гээд нэг цаасан дээр зуруулсан гэдэг бөгөөд байр барьцаалж зээл авах талаар юу ч хэлээгүй. Мөн хариуцагч нар болох энэ 4 хүн байрны хамтран өмчлөгчөөр байдаг талаар энэ олон жилийн хугацаанд юу ч хэлж байгаагүй гэдгийг байнга л хэлж мэдүүлдэг.
з. Энэ талаар өөрөө дэлгэрэнгүй бичсэн гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. / 2-р х.х 26-27 /
6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
8. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэргээс судлан үзэхэд:
9. Нэхэмжлэгч ******* нь Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, , тоот 2 өрөө орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж байгаад 1998 онд хувьчлан авч, тус орон сууцны хамтран өмчлөгчөөр *******, *******, *******, *******, ******* нар бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Харин хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшиж байсан орон сууцаа анх хувьчилж авах үед нь *******ийн өөрийнх нь амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бид нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х 3, 26-29, 129-133/
10. Өмч хөрөнгөтэй байх нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн нэг бөгөөд түүнчлэн орон сууц нь хүний нэн хэрэгцээт, зайлшгүй амьдралын баталгаа амьжиргааны эрх үүсвэр байдаг.
Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь Иргэний хуульд заасан үндэслэлээр үүсэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болдог. Мөн өмчлөх эрхийг хуульд тусгайлан заасан үндэслэлээр хязгаарладаг.
Талуудын маргааны зүйл нь ямар учраас хариуцагч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч байсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны асуудал байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хариуцагч нар орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон шалтгаан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч байсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь маргааны зүйл болж байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
11. 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасны дагуу сууц хувьчлан авах тухай өргөдлийг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч, эсхүл ...гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн гаргах эрхтэй, 3 дахь хэсэгт заасны дагуу “өргөдөлд ... гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах хүсэлтээ бичиж, өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он, сар, өдрөө бичнэ.” гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч *******, *******, *******, ******* нь нэхэмжлэгч *******тэй садан төрлийн холбоогүй, гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээд болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хувийн хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч *******тэй гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээд болох ******* нь 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, тус орон сууцыг хувьчилж авах асуудлыг шийдвэрлүүлж, өөрийн гэр бүлийн гишүүд болох *******, *******, ******* нарыг хамтран өмчлөх эрхтэй этгээд гэж бүртгүүлж, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
12. Иргэний хуульд заасны дагуу иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хуулийн дагуу, эсвэл хэлцлийн үндсэн дээр үүсэх бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж маргаж байгаа боловч хариуцагч *******ийн тайлбар холбогдох нотлох баримтаар нотлогдсонгүй.
Учир нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Ү-3 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн 5 дугаар хуудаст байх 1998 оны 12 дугаар 16-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /иргэн/ гэсэн 1 хуудас баримтын доод хэсэгт мэдүүлэг гаргасан гэсний ард байх гарын үсэг ... *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.” гэжээ. /1 х.х-226-250, 2 х.х-1-2/
13. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч болон түүний гэр бүлийн гишүүд орон сууцыг хувьчлан авах эрхтэй байхаар зохицуулсан байна.
Гэтэл нэхэмжлэгч *******тэй гэр бүлийн хамааралгүй этгээдүүд болох *******, *******, *******, ******* нар орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байх тул хариуцагч нарыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, хуулийн дагуу шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагч *******, *******, *******, ******* нарыг орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж, холбогдох бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
14. Анхан шатны шүүхийн зүгээс маргаан бүхий орон сууцыг 2001 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хариуцагч ******* нь 200,000 төгрөгт барьцаалж зээл авсан байх ба тухайн №4500008-0 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний ...эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн эд хөрөнгө дундаа хамтран өмчлөгчид гэсэн хэсэгт нэхэмжлэгч ******* нь гарын үсэг зурсан байх тул энэ үед нэхэмжлэгч нь хариуцагч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэдгийг мэдэж байсан гэж үзнэ, 2001 оноос эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн боловч, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь “... татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс 2024 онд өөрийн өмчлөлийн байрыг охиндоо шилжүүлэх гэхэд байрны гэрчилгээнд хариуцагч нарын нэр бичигдсэн байсныг мэдсэн, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ одоо болтол солиулаагүй, цэнхэр өнгийн гэрчилгээний нүүрэн хэсэгт нь миний нэр байгааг харж байсан болохоос дотор талд нь хариуцагч нарын нэр бичигдсэн байгааг анзаарч хараагүй, 2001 онд барьцааны гэрээн дээр гарын үсэг зурж байгаа гэж мэдээгүй, нэг цаасан дээр л гарын үсэг зуруулсан гэж тайлбарласныг хариуцагч нар няцааж чадаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч хариуцагч *******, *******, *******, ******* нарын нэрийг хасаж, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ