| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06230/И |
| Дугаар | 4924 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 4924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ...оотод оршин суух, ...регистртэй, Боржигин ургийн овогт Б.У-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж . тоотод байрлах, “Бичил глобус групп” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х /ШТҮД-162217/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие “Бичил глобус групп” ХХК-д анх 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаасаа халагдсан болно. Ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02593 тоот шүүхийн шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсныг хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч давж заалдах шатны шүүх хурал болсны маргааш ажлын бус цагаар намайг дуудаж уулзаад, “ажилд авах тушаал чинь бэлэн болчихосон, захирлаар гарын үсэг зуруулах дутуу байгаа, маргааш эргээд ярья” гэсэн. Тэгээд маргааш нь намайг ажил дээр дуудаад 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 64/16 тоот ажилд эгүүлэн томилсон тушаалыг надад өгөөд, тэр өдрөө би ажилласан. Мөн нэг дэх өдөр хэвийн ажлаа хийгээд байж байтал ажил тарах үеэр хүний нөөцийн менежер Б.Х надад 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67/2016 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал өгсөн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, дүр үзүүлж ажилд авсан тушаал гаргангуутаа эргээд нэг өдрийн дараа ажлаас халсан тушаал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авсан тушаал гарах хүртэл хугацаанд миний бие ажиллаагүй, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа болно. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.У нь “Бичил глобус групп” ХХК-д анх 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргасан. Тус дүүргийн шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02593 тоот шүүхийн шийдвэрээр Б.У-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсныг хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч Давж заалдах шатны шүүх хурал болсноос хойш 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлын бус цагаар дуудаж уулзаад ажилд авах тушаал чинь бэлэн болчихсон, захирлаар гарын үсэг зуруулах дутуу байгаа, маргааш эргээд яръя гэж хэлсэн байдаг. Ингээд маргааш нь нэхэмжлэгчийг дуудаад 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 64/16 тоот ажилд эгүүлэн томилсон тушаалыг өгөөд тэр өдрөө ажиллуулсан. Нэг дэх өдөр нэхэмжлэгч хэвийн ажлаа хийгээд байж байхад нь ажил тарах үеэр хүний нөөцийн менежер Б.Х 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67/2016 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал өгсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн дүр үзүүлж ажилд авсан тушаал гаргангуутаа эргээд нэг өдрийн дараа ажлаас халсан тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авсан тушаал гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгч ажиллаагүй, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа. Иймд нэхэмжлэгч Б.У-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилогдох, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин болох 54,575 төгрөгөөр тооцоод 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 41 ажлын хоног 2,237,575 төгрөг. Ажилгүй байсан бүх хугацаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ажилд авах тушаал гарах хүртэлх хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 61 ажлын хоног бөгөөд үүнийг 1 өдрийн цалин 54,575 төгрөгөөр үржүүлэхээр 3,329,075 төгрөг нийт 5,566,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч “Бичил глобус групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02593 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.У-г “Бичил глобус групп” ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажлаас үндэслэлгүйгээр халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, уг ажилд нь эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 64/16 тоот тушаал гарган Б.У-г ажилд нь эгүүлэн томилсон болно. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн татварын албанд “Бичил глобус групп” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаа хүргүүлж, 7 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулсан байдаг. Нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэх шаардлагатай гэж компанийн хүний нөөцийн менежер Б.Х нь Б.У хэлж сануулсан боловч нийгмийн даатгалын дэвтрээ авчирч нягтлан бодогчоор бичүүлээгүй байдаг. Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн нягтлан бодогч нь Б.У 3,088,547 төгрөг хүлээлгэн өгч, зарлагын баримтанд гарын үсэг зуруулсан учраас бид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1203 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд “Бичил глобус групп” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж Б.У-г ажилд нь эгүүлэн томилсон. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна”, 72.6-д “цаг хуагцааг тоолохдоо хуанлийн жилийг 12 сараар, хагас жилийг 6 сараар, улирлыг 3 сараар, хоногийг 24 цагаар тоолно”, 73 дугаар зүйлийн 73.1-д “жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна” гэж тус тус заасны дагуу Б.У-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан байдаг. Иймд тус компанийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67/2016 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь Иргэний хуульд заасан хугацаа тоолох журамд нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл бүхий, хууль ёсны тушаал мөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон. Хуулийн үндэслэл бүхий тушаал гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “Бичил глобус групп” ХХК-д холбогдуулан, түүнийг ажлаас халсан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67/2016 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, олговорт нийт 5,566,650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Бичил глобус групп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлан маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Б.У гомдлоо 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар Б.У-ийн гомдлын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02593 дугаар шийдвэрээр түүнийг “Бичил глобус групп” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 3,367,709 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэн, хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1203 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх 6-9, 21-23/
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалын дагуу ажил олгогч “Бичил глобус групп” ХХК нь нэхэмжлэгч Б.У-ийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 64/16 дугаар тушаалаар Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилсон байх боловч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 67/2016 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 3, 4/
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үндсэн ажилтан болгон жинхэлсэн боловч хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу анх байгуулагдсан хугацаагаар буюу 2 сарын хугацаатайгаар гэрээ сунгагдан, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.У-ийг хуучин ажил олгогчтой шүүхдэлцэж байгаад ажлаас халагдсан учир ийм ажилтныг цаашид ажиллуулах боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
“Бичил глобус групп” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67/2016 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, Б.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа, цаашид сунгагдахгүй болсон...” гэж заасан бөгөөд тийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тодорхой үндэслэл дурдалгүйгээр зөвхөн гэрээний хугацаа дууссан гэж дүгнэсэн, түүнчлэн хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.У-т танилцуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч болон ажилтан нь харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулснаар хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Ажил олгогч “Бичил глобус групп” ХХК нь ажилтан Б.У-ийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалын дагуу Хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоохдоо дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түүний цалин хөлсийг ажилд томилох тухай тушаалд тусгаагүй боловч өмнө авч байсан цалин өөрчлөгдөөгүй гэж зохигчид тайлбарлана.
Хэрэв хуульд заасан хэлбэрийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтласан байвал зохих бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.
Гэтэл хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Б.У-ийг өмнөх ажил олгогчтой шүүхдэлцэж байсан албан хаагчтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх тайлбар нь ажил олгогчоос гаргасан тушаалд дурдагдаагүй, ямар үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байх тул Б.У-ийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэн, түүнийг “Бичил глобус групп” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Мөн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тушаалд хэдэн төгрөгийн цалинтай ажиллах талаар дурдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнөх цалинд өөрчлөлт ороогүй гэж тайлбарлах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Б.У-ийн нэг өдрийн дундаж цалин болох 54,575 төгрөгийг түүний ажилгүй байсан хугацааны буюу 41 ажлын хоногийн цалин 2,237,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан байсан бүх хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан байх тул 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилох хүртэл буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 61 хоногийн 3,329,075 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах нь зөв байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.У-ийг “Бичил глобус групп” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Б.Ууганчимэгийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход, түүний нэг өдрийн дундаж цалин 54,575 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 41 хоногийн хугацааны цалин нийт 2,237,575 төгрөг, мөн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш түүнийг ажилд нь эгүүлэн томилсон 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 61 хоногийн хугацааны цалинд 3,329,075 төгрөг, нийт 5,566,650 төгрөгийг хариуцагч “Бичил глобус групп” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир Б.У-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ийг “Бичил глобус групп” ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,566,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “Бичил глобус групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 718,414 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА