Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02110

 

 

 

******* улсын нийтийн өмчит *******

******* компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* улсын нийтийн өмчит ******* ******* компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********т холбогдох,

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг даалгах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Германы арбитраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ********-аас төлбөр 85,350,466.08 ам.доллар, зардал 856,450 евро гаргуулж, ******* компанид олгохоор шийдвэрлэсэн. Тус арбитрын шийдвэрт төлбөрийг ам.доллароор тооцохоор заасан. Энэ шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7691 дугаар захирамжаар баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгогдсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******** нь 72,925,260 ам.долларыг төлж, шүүхийн шийдвэрт заасан төлбөл зохих мөнгө бүрэн төлөгдөөгүй.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлаад арбитрын шийдвэрт заасан валютыг төгрөгт хувиргаад барагдуулсан гэж ойлгох нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх заалттай зөрчилдөж байна.

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл 8.6.1-д заасныг зөрчсөн. Үүнээс үзэхэд хариуцагч нь гуравдагч этгээдэд илт үйлчилж, давуу байдал олгож байгаа.

Иймд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/259 /А-270 дугаар хамтарсан тушаалаар Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам-ыг баталсан.

Тус журмын 2.5-д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж зохицуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр М********-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Уг үндэслэлээр дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргахгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тодорхой заасан.

2.2. Иргэний хуульд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлохоор заасны дагуу ******* компани нь итгэмжлэлээр ******* болон ******* нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ******* компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журам нь Нью-Йоркийн конвенцоор бус Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа тул арбитрын шийдвэрийн биелэлтийг төгрөг-өөр гүйцэтгэсэн нь үндэслэлтэй.

Мөнгөн төлбөрийн үүргийг төгрөгөөр гүйцэтгэхдээ гадаад валютын ханшийг арбитрын шийдвэр гарсан өдөр-ийн албан ханшаар тооцно. Энэ талаар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тодорхой заасан.

Хэрвээ арбитрын шийдвэр биелсний дараах ханшийн эрсдэлийг гэрээгээр зохицуулсан нь үнэн бол уг асуудал нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас тусдаа асуудал. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож, 23410775 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг ********&т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуульд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлохоор заасан. ******* компани нь итгэмжлэлээр ******* болон ******* нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон тул тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь итгэмжлэлд тодорхой заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

5.2. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/259, /A-270 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам", Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.

Төлбөр төлөгч нь төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр төлсөн ба хариуцагч нь тухайн төлбөрийг арбитрын шийдвэр гарсан өдрийн ханшаар хөрвүүлэн тооцоход шийдвэрт заагдсан 85,350,466.08 ам доллар болон 856,450 евро бүрэн төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгчид олгосон итгэмжлэлд тамга дарагдаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Итгэмжлэлээр зөвхөн арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байна.

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхгүй зохицуулалтын талаар анхан шатны шүүх энэ заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.3. Гадаад валютаар илэрхийлэгдсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ.

Бодитоор үүсээд буй ханшийн зөрүүг нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэх эсэх нь гэрээний үүргийн харилцаа бөгөөд энэ нь арбитрын шийдвэрийн үндсэн дээр үүссэн үүргийн харилцаанд хамаарахгүй. Тийм ч учраас ******* компани нь гуравдагч этгээдэд холбогдуулан ХБНГУ-ын арбитрт энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан ба арбитрын ажиллагаа одоо үргэлжилж байгаа.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь хуульд нийцүүлэн үйлдэгдсэн, итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд болон түүнтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн эрх олгогдсон. Төлөөлүүлэгч өөрөө уг итгэмжлэлийг үгүйсгээгүй тул гуравдагч этгээд, хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч, түүний дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн аливаа хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрх хязгаарлагдаагүй. Иймээс шийдвэр бүрэн биелээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар дуусгавар болгосон нь хууль зөрчсөн тул үүнд гомдол гаргах эрхтэй юм.

Арбитрын шийдвэрт заасан ам.доллар болон еврогийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад төлөгдсөнд тооцох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан бүрэн төлөгдсөн байх шаардлагыг хангахгүй. Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалт нь бэлэн мөнгө хүлээн авах үеийн зохицуулалт болохоос арбитрын шийдвэрийг ямар валютаар, ямар ханшаар биелүүлэхийг тогтоосон заалт биш.

Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 116 дугаар зүйл болон олон улсын гэрээ, конвенц баримтлах ёстой бөгөөд дотоодын зохицуулалтаар валютын ханшийг бууруулж тооцох боломжгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд нь хэн алины гаргасан гомдлыг дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* улсын нийтийн өмчит ******* ******* компани нь хариуцагч ********&т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн зүгээс арбитрын шийдвэрт заагдсан төлбөр төлж барагдсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

2.1. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

3. Герман улсын Арбитрын институтийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр М********-иас хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй төлбөрт 67,857,348.35 ам доллар, төлөгдөөгүй хүүд 10,449,648.01 ам доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6,612,524.43 ам доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430,946.01 ам доллар, нийт 85,350,466.8 ам.доллар, арбитрын зардалд 856,570.33 еврог тус тус гаргуулан ******* улсын нийтийн өмчит ******* компани *******-д олгохоор шийдвэрлэсэн.

 

3.1. Уг арбитрын шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/07691 дүгээр захирамжаар баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгосон.

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг эхлүүлсэн.

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч М******** 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 246,517,008,635 төгрөгийн төлбөр төлсөн.

Үүнийг төлбөр авагч ******* компани ******* руу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 72,925,260.49 ам.доллар болгож шилжүүлсэн байна.

 

3.3. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар буюу төлбөр төлөгдсөн үндэслэлээр дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгожээ.

 

3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

4. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид Монгол Улс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэгдэн орсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно гэж заасан байдаг.

Монгол улсын нэгдэн орсон 1958 оны Нью Йоркийн конвенцод гадаад улсын арбитрын шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагааны явцад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөгдсөн төлбөрийг гадаад валют руу хөрвүүлэх ханшийг хэрхэн тооцох талаар тусгайлан зохицуулаагүй байна.

Иймд уг асуудлыг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан.

Уг хэсгийн зохицуулалт нь агуулга нь зөвхөн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой харилцааг зохицуулахад чиглээгүй. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/259, /A-270 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам"-д мөн тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн зохицуулалтыг гадаад валютаар төлсөн төлбөрийн ханшийг төлбөр төлсөн өдөр бүрийн ханшаар тооцохоор заасан гэж өргөтгөж тайлбарлах боломжгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй болно.

 

4.2. Иймээс төлбөр төлөгчийн төлсөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлсөн төлбөрийг гадаад валютын ханш руу хөрвүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлох шаардлага үүсэж байна.

Герман улсын Арбитрын институтийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гарах үеийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ам.доллар 2,854 төгрөг, евро 3,319 төгрөг байжээ. Энэ ханшийн талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

Дээрх ханшаар тооцоход арбитрын шийдвэрт заасан төлбөр 85,350,466.8 ам.доллар нь 243,590,232,247 төгрөг, арбитрын зардал 856,570.33 евро нь 2,842,956,925 төгрөг, нийт 246,433,189,172 төгрөг болж байна. Харин төлбөр төлөгч нь 246,517,008,635 төгрөг төлсөн.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг төлсөн тул төлбөрийг биелүүлсэнд тооцно.

Иймд хариуцагч байгууллагын зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар буюу төлбөр төлөгдсөн үндэслэлээр дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй.

 

4.3. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцнэ.

 

4.4. Ханшийн эрсдэлтэй холбоотой нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авахгүй боломжгүй.

Энэ талаар анхан шатны шүүх гэрээний тал ам.долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартой харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдэлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэрэв арбитрын шийдвэр гарсны дараа гадаад валютын ханшаас шалтгаалж үүссэн хохирлын асуудал яригдаж байгаа бол энэ нь тусдаа шүүхийн маргаан болох учиртай.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг төлсөн тухай өдөр бүрийн ханшаар тооцох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчихийн зэрэгцээ шүүхээр тусдаа шийдвэрлэгдэх ёстой гадаад валютын ханшны өөрчлөлтийн улмаас учирсан хохирлын талаарх маргааныг шийдвэрлэсэн асуудал болох юм.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаарх гомдлыг хангахгүй.

 

5.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон.

Ингэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлжээ.

 

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд гомдол гаргах эрхтэй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********&т холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* улсын нийтийн өмчит ******* ******* компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тус тус төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.БАДРАХ