Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр,

       Д.Баярмаа нарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Бадамцэцэг,

ялтан Я.Батсуурь /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,

ялтан Г.Дэнзэн /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

ялтан Г.Түмэнхүү,

ялтан Г.Түмэнхүү, Г.Дэнзэн нарын өмгөөлөгч Л.Жавзмаа,

ялтан Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам,

ялтан Д.Баярмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга,

иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбат,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Дэнзэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Л.Жавзмаа, ялтан Я.Батсуурь, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, ялтан Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх, ялтан Д.Баярмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох 2014250007486 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цагаанчууд овгийн Галсангийн Дэнзэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ буюу 2010 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 802-1105 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕЭ87123074/

 

2. Дарханхүүд овгийн Яйчилын Батсуурь, 1963 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дипломатч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхэд, ач нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 57-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Алтан гадас одонтой. /регистрийн дугаар: УК63043012/

 

З. Намир овгийн Гонгоржавын Түмэнхүү, 1971 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 2; эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦД71052070/

 

4. Хаяду овгийн Тогтохбазарын Төгсбаяр, 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хууль эрх зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31-130 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕЮ72111531/

 

5. Хонгор овгийн Доржпүрэвийн Баярмаа, 1969 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сөүл роял каунти хотхоны 310-101 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕК69061961/

 

Г.Дэнзэн:

Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 150 тонны даацтай автопүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэрээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135,292,300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүнг өсгөж 199,792,300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан, уг санхүүжилтыг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авсан атлаа 62,676,000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй автопүүг Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ахласан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсын төсвийн хөрөнгийн 137,116,300 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,

Монгол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн “Эрдэнэс таван толгой” ХК-аас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлж, нарийн бичгийн даргаар өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хааж “Говь повер” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан, улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаанд “Эрдэнэс таван толгой” ХК-аас 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэн авсан,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосон байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулан, Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч,

Г.Дэнзэн нь төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

Я.Батсуурь:

“Эрдэнэс таван толгой” ХК-аас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэнгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн нарийн бичгийн даргаар  Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилж, улмаар Г.Түмэнхүүгийн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар зохион байгуулж сонгон шалгаруулсан “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж гэрээний урьдчилгаанд 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01/706 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн атал “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагийн гэрээг цуцалсантай холбогдуулан гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлөхийг шаардсан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг томилон оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан зэрэг үйлдлээр Г.Дэнзэнгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Г.Түмэнхүү:

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Г.Улзмаагийн төрсөн дүү, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн хамаарал бүхий, эхнэр Г.Уянгынхаа нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-д давуу байдал олгож, уг сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж боловсруулан, тендерийн урилгыг гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй “Говь нирун” ХХК, “Далайн хилэнц” ХХК, “Зууны мөрөөдөл” ХХК, “Хар-Арслан” ХХК-д тус тус хүргүүлж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Ёл Ази” ХХК, “Тахидаг хайрхан” ХХК-д хүргүүлээгүй атлаа хүргүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэх зэргээр тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулах ажлыг зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин “Говь повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулснаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Говь повер” ХХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж гэрээний урьдчилгаанд 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж, Г.Дэнзэнгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Т.Төгсбаяр:

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж гэрээг цуцалсантай холбогдуулан “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаагийн гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7,413,055,365 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргасан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаартай итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаарагийн хамт оролцохдоо “Говь повер” ХХК-ийн хууль бус 7,413,055,365 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,328,916,262 төгрөгийг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч, үлдэх 4,835,164,509 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус “Эрдэнэс таван толгой” ХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус Эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан зэрэг үйлдлээр Г.Дэнзэнгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

 

Д.Баярмаа нь:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нартай бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянга, өөрийн төрсөн дүү Д.Баярхүү нарын нэрээр иргэн Д.Дашдондогоос Г.Дэнзэнгийн хамт худалдан авч, “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү нарын дэмжлэгтэйгээр хууль бусаар шалгарч, улмаар 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэн хүлээн авсан,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “Эрдэнэс таван толгой” ХК цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж, дээрх гэрээ нь цуцлагдсан байхад “Говь повер” ХХК-д гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7,413,055,365 төгрөгийн алдагдал хүлээсэн мэтээр шүүхэд хууль бус нэхэмжлэл гарган “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаар итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нараар нэхэмжлэлийн 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч, үлдэх 4,835,164,509 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрүүлсэн хууль бус эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан үйлдлүүдээр Г.Дэнзэнгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

Я.Батсуурь, Г.Түмэнхүү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

            Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн З6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлыг урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдэж, удирдан зохион байгуулсан гэм буруутайд,

Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Д.Баярмаа нарыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Т.Төгсбаярыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хажигчаар, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял,

Я.Батсуурьт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял,

Г.Түмэнхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял,

Т.Төгсбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял,

Д.Баярмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмаа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч Г.Дэнзэнгийн цагдан хоригдсон 274 хоног, Я.Батсуурийн цагдан хоригдсон 57 хоног, Г.Түмэнхүүгийн цагдан хоригдсон 40 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар цагдан хоригдоогүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яамны төрийн сангийн газарт, 2,767,582,254.50 төгрөг гаргуулж “Эрдэнэс таван толгой” ХК-д, Д.Баярмаагаас 2,767,582,254.50 төгрөг гаргуулж “Эрдэнэс таван толгой” ХК-д тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК нь банкны зээлийн хүүгийн алдагдал, харуул хамгаалалтын зардал нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисныг дурдаж,

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Г.Дэнзэнгийн D0007179 дугаартай дипломат паспорт, Е1401928 дугаартай гадаад паспорт, Я.Батсуурийн D00000711 дугаартай дипломат паспорт, Г.Түмэнхүүгийн А0025955 дугаартай албан паспорт, Д.Баярмаагийн Е1353125 дугаартай гадаад паспорт зэргийг буцаан олгож,

Г.Дэнзэнгийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Я.Батсуурийн “Maslino” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Г.Түмэнхүүгийн автомашинаас хураагдсан 40 gb багтаамжтай “Seagate” загварын хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн “construction Mongolia 2013” гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан “Ари 2013” гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банк дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас 5217 хуудастай, Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан нэгжлэгийн явцад хуулбарлаж авсан материал болон видео бичлэг бүхий 2 ширхэг компакт диск, (2015.02.25 УБЕГ-ХЭБГ) “Говь повер” материал гэсэн хаяг бүхий цэнхэр өнгийн сиди 1 ширхэг, (2015.02.25 УБЕГ-ХЭБГ) (бичлэг) “Говь повер” гэсэн хаяг бүхий шар өнгийн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

“Говь повер” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,Ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий метал гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,Ltd (гэрээний) УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,Ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Говь повер” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг буцаан олгож,

Мөрдөн байцаагчийн тогтоолоор Г.Дэнзэнгийн 28-22 УБҮ улсын дугаартай “Лексус-470” загварын автомашин, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Их Монгол улсын гудамж, Кристалл хотхон 802-1105 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц,

Д.Баярмаагийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр гудамж хд-40 дүгээр байр 1 тоот зогсоол, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 49 дүгээр байрны зоорийн давхар 03 тоот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Роял Каунти”, Тэнгэр Рашааны гудамжны 310-101 тоот орон сууц, тус байрны 23, 24 дүгээр авто зогсоол, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамжны 6а байрны 51 тоот орон сууц, зоорийн давхар 22 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжны 38 тоот хувийн сууц зэргийг битүүмжилсэн болохыг дурдаж,

Я.Батсуурийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 51б байрны зоорийн давхрын 71, 87 тоот зогсоолууд, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Стадион Оргил”, М.Гандигийн гудамж 57 дугаар байрны 31, 32 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ЗЗа-22 тоот орон сууц битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Түмэнхүүд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 cap хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар, Т.Төгсбаярт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож, тэдэнд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Дэнзэн давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Би Монгол төрийн бодлого, Компанийн тухай хууль, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрэмд туссан ТУЗ-ийн даргын эрх, үүргээ баримтлан нэг ч гажуудал гаргалгүй ажиллаж, өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажлыг хийсэн болохоос “гэмт хэрэг” зохион байгуулаагүй, надад тийм бодит эрх мэдэл ч байгаагүй.

Харин төрд бугшсан тодорхой албан тушаалтнуудын улсыг хохироосон хууль бус олон үйл ажиллагааг илчилж, өнөөдөр бохир улс төрийн захиалгат хэргийн золиос болж хохирлоо. Намайг хэрэгт холбогдуулсан асуудал бол шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Монгол ардын намын шаардлагад байсан “17 тэрбумын” гэх хэрэг байсан.

Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохоо дараах үндэслэлүүдээр нотолж байна.

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн хөрөнгөөр Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд худалдан авахаар төсөвлөгдсөн хөрөнгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн цагаатгагдаж буй байдал:

1. Би хууль зөрчиж тендер зарлан “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж заасан. Гэрч Н.Энхболд “Г.Дэнзэнгийн эгчийг нь мэдэхгүй”, гэрч Г.Улзмаа “ийм тендерт орсон гэж мэдээгүй” гэж мэдүүлдэг. Дээрх хуулийн заалт болон гэрчүүдийн мэдүүлгээр Г.Улзмаа нь уг тендерт оролцох гэсэн “сонирхогч” этгээд биш гэдэг нь харагдаж байна. Мөн тухайн тендерт оролцож байгаа компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийн талаар тендерт хавсрагддаггүй бөгөөд “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Энхболд гарын үсэг зурж материал ирүүлсэн байсан.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ”, 50.1.4 дэх хэсэгт “тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж тухайн тендерт шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасан. Г.Улзмаа нь “Эн Ай Ди Би” ХХК-д ажилдаггүй, тус компаниас цалин, урамшуулал авч байгаагүй, тендерт оролцож байгааг нь мэдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 50.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг тухайн албан тушаалаас нь халах сахилгын шийтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээлгэнэ” гэж заасны дагуу намайг буруутгаж байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулсан бус, дээрх хэсэгт заасныг зөрчсөн захиргааны зөрчил гэж үзэхээр байна.

Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтад уг пүүний ажлын төсөвт өртөг нь 200,000,000 төгрөг гэсэн. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Гантөмөр Үнэлгээний хорооны дарга руу Тендерийн баримт бичиг хүргүүлэх тухай 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1/31 тоот албан бичигт уг пүүний техникийн тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Мөн яг үүнтэй ижил автопүүг 2013 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд “Ган хэмжүүр” ХХК нь 179,400,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Гаалийн ерөнхий газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хүргүүлсэн 01/4616 дугаартай албан бичигт “Замын-Үүд боомтод 150 тонны даацтай иж бүрэн электрон автопүү нийлүүлж суурилуулах 4212010 тоот тендерт, оролцогчдоос ... 248,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн байна” гэжээ. Үүгээр 150 тонны даацтай автопүүг суурилуулан ашиглалтад оруулахад 2010 онд 248,000,000 төгрөг байсан байх боломжтойг нотлон харуулж байна.

Төрийн сангаас “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү байршуулах ажлын санхүүлжилт” хэлбэрээр 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 67,646,150 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 112,166,920 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19,979,230 төгрөг тус тус “Эн Ай Ди Би” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн баримт, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхболдын гарын үсэг бүхий нэхэмжлэл зэргээр дээрх мөнгийг Н.Энхболд гэж хүн авсан нь нотлогдож байна. “Эн Ай Ди Би” ХХК нь ажилчиддаа хэдэн төгрөгийн цалин өгсөн материал, тээврийн зардал нь хэд гарсан, ямар хэмжээний ашиг олсон гэдгийг би мэдэх ямар ч боломж байхгүй. Гэтэл Авлигатай тэмцэх газар нь “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилуулан, тус компанийн ажилтан Б.Энхболд гэж хүний гаргасан “150 тонны пүүг суурилуулах зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 62,676,000 төгрөгт тогтоогдсон” гэж дүгнэлт гаргуулж байгаа үйлдэл нь “Эн Ай Ди Би” ХХК-ийн дотоод хэрэг, оюуны бүтээлийн үнэлэмж, олох ашиг зэрэгт бүдүүлгээр халдаж байгаа хэрэг бөгөөд ийм зүйл зах зээлийн эдийн засагтай улсад байж боломжгүй ойлголт юм.

“Голден пэйж аудит” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн б/15 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр уг пүүг 62,676,000 төгрөгөөр үнэлснийг 2013 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба 62,676,000 төгрөгөөр үнэлэн төрийн өмчид шилжүүлэн авсан гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтыг зөрчсөн. Харин Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба нь 2013 онд уг пүүг яг хэдэн төгрөгөөр үнэлэн төрийн өмчид шилжүүлэн авсныг тогтоогоогүй.

Гэрч, сэжигтэн Н.Энхболд нь “уг пүүний ажлыг тодорхой зардлаар хийж гүйцэтгэсэн, илүү гарсан мөнгөө Г.Дэнзэнд өгсөн” гэж мэдүүлдэг боловч үүнийгээ нотолсон баримт, нотолгоо байдаггүй.

Мөн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх бүхий албан тушаалтнууд мэдүүлэхдээ уг авто пүүг тус байгууллагын өмч гэдэг. Уг пүүтэй холбоотой асуудал нь Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон “Эн Ай Ди Би” ХХК гэсэн байгуулагуудын хоорондын эрх зүйн харилцаа байсаар байтал намайг улсад хохирол учруулсан гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх бүхнийг харгалзан үзэж шийтгэх тогтоолын Г.Дэнзэнгээс Сангийн яамны төрийн сангийн газарт 137,116,300 төгрөгийг гаргуулж олгуулах” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. “Говь повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, “Эрдэнэс таван толгой” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн цагаатгагдаж буй байдал:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2 дахь хэсэгт заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 46.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Дараах этгээд захиалагч байна: 4.1.2 дахь хэсэгт “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуульд заасан захиалагч биш харин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал нь захиалагч мөн гэдгийг хуулиар тогтоосон байна. Иймд намайг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасан “тендерт оролцогч нь захиалагчаас хараат бус байх” заалтыг зөрчсөн гэж үзсэн нь дээрх хуулийн заалтаар няцаагдаж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрмийн 9 дүгээр хэсэгт ТУЗ, ТУЗ-ийн даргын эрх үүргийг заасан. ТУЗ-ийн даргын албаны бүрэн эрхэд компанийн дотоод худалдан авалтад оролцох шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Би “Говь повер” ХХК-тай огт хамааралгүй бөгөөд миний эхнэр Т.Уянга нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш, Д.Баярмаатай хамтран компанийг худалдан аваагүй, хувьцаа эзэмшигчид нь Ч.Уянга, Д.Баярхүү нар бөгөөд гүйцэтгэх захирал нь Д.Баярмаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан гэрч М.Баяржаргалантын мэдүүлгээр намайг буруутгасан боловч тэрээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Ч.Уянга нар нэмэгдэх тухай өөрчлөлтийг “LES” программ дээр бүртгэсэн байдаг нь түүний мэдүүлэг бүрэн няцаагдаж байна. Түүнчлэн би М.Баяржаргалант гэж хүнийг огт танихгүй бөгөөд өөрөө ч намайг танихгүй гэж мэдүүлдэг.

Мөн хэлтэст ажиллаж байсан гэрч Я.Батцоожийн мэдүүлгээр намайг буруутгасан боловч Я.Батцоож нь “Г.Дэнзэн нь өөрийн 9911... дугаараас ярьсан гэх боловч утсаар ярьсан гэх харилцан ярианд компанийн нэр огт яригдаагүй, уг утасны яриа болсон эсэхийг магадлаж тогтоогоогүй, Я.Батцоож нь 9911... гээд миний утасны дугаарыг мэддэггүй зэрэг нь гэрч Я.Батцоож нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйгээс гадна утасны яриа яг болсон эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Мөн гэрч М.Баяржаргалант мэдүүлэхдээ “Я.Батцоож ирээд чи явахгүй байж байгаарай нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна. Пүрэвдорж дарга яриад байна гэж хэлсэн... гэдэг. Үүгээр би Я.Батцоожийн гэрчийн мэдүүлэг бүрэн няцаагдаж байна.

Мөн хэлтэст ажиллаж байсан Б.Батмөнхийн гэрчийн мэдүүлгээр намайг буруутгасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архивын хувийн хэргийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно” гэж заасан. Б.Батмөнх нь “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг архиваас татаж авч үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагч Г.Уянга гэж эмэгтэй бүртгэлтэй байсан гэж мэдүүлдэг боловч дээрх хуулийн заалт болон үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэлээр түүний мэдүүлэг бүрэн няцаагдаж байна.

Гэрч Б.Чимэддоржийн мэдүүлгээр буруутгасан боловч тэрээр “ЛЕС” программ дахь мэдээлэл болон цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл хоёр өөр үүсгэн байгуулагч буюу хоёр өөр овогтой Уянгын нэр харагдсан гэдэг. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд цахим архив гэсэн нэр томъёо байхгүй.

Улсын ерөнхий бүртгэлийн газрын бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Пүрэвжаргал болон Г.Хүчитбаатар нарын ийн гэрчийн мэдүүлгээр намайг буруутгасан. Эдгээр хүмүүс нь “Говь повер” ХХК-ийн хувь нийлүүлэгч Уянгатай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсан гэдэг боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт бичгэн хэлбэрийн баримт нь эх сурвалж болно гэж заасан. Бичгэн хэлбэрээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Ч.Уянга, Д.Баярхүү нар тул тэдний мэдүүлэг бүрэн няцаагдаж байна.

Тус хэлтэст ажиллаж байсан Г.Ганаагийн мэдүүлгээр намайг буруутгасан. Гэрч Г.Ганаа нь “Цахим архивын программд “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидээр Г.Уянга, Д.Баярхүү нарыг сканнердаж оруулсан” гэх боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төв архивын газарт хадгалагдаж байгаа цаасан архивт “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Ч.Уянга, Д.Баярхүү нар байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архивын хувийн хэргийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно” гэсэн заалтаар түүний мэдүүлэг бүрэн няцаагдаж байна.

Нотариатч байсан Б.Энхээгийн гэрчийн мэдүүлгээр намайг буруутгасан. Тэрээр “2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэн авах тухай хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчлээгүй” гэдэг боловч 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэн авсан тухай “хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний эх хувь хавтаст хэрэгт авагдаагүй, түүнийг гэрчилсэн гэх нотариатч Ц.Энхбадралын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн хэлтсийн шинжээч, гэрч Х.Баярмаагийн “нотариатч Энхбадралын 2013 оны 1 дүгээр сард хийгдсэн бүртгэлийн дэвтэрт сольж хийгдсэн үйлдэл байхгүй. Тэнд байгаа хүмүүсийн гарын үсэг тохирч байна” гэх мэдүүлэг, нотариатч Ц.Энхбадрал нь 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Говь повер” ХХК-н хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэн авах тухай хувьцаа худалдах, худалдан авах компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчлээгүй нь мөн л нотлогдож байна.

Гэрч Н.Одонтуяагийн мэдүүлгээр намайг буруутгасан. Тэрээр “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэн авсан тухай хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар баримтаас харахад манай нотариатын газраас гэрчлүүлсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд биш” гэдэг боловч нотариатч Ц.Энхбадрал нь 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэн авах тухай хувьцаа худалдах, худалдан авах компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчлээгүй нь мөн л нотлогддог.

Ц.Дашдондогийн гэрчийн мэдүүлгээр намайг буруутгасан боловч “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх шийдвэрт зурагдсан Ц.Дашдондогийн гарын үсэг нь түүнийх мөн гэж нотлон тогтоосон криминалистикийн шинжилгээ байдаггүй. Үүгээр гэрч Ц.Дашдондогийн мэдүүлэг няцаагдаж байна.

Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлээр намайг буруутгасан. Уг тэмдэглэлд “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар байгаа тул буруутгах биш харин ч цагаатгах талын тэмдэглэл юм.

Цахим архивын программ бүхий албаны комьпютерт агуулагдаж буй мэдээллээс “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дэх материалын цахим хувиудад үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэлээр намайг буруутгасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно” гэж заасан. “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дэх бичгэн мэдээлэл нь тус компанийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар байдаг.

Нотариатч Б.Энхээгийн 2013 оны 1 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр намайг буруутгасан боловч Кримналистикийн хэлтсийн шинжээч Х.Баярмаагийн “нотариатч Энхбадралын 2013 оны 1 дүгээр сард хийгдсэн бүртгэлийн дэвтэрт сольж хийгдсэн үйлдэл байхгүй. Тэнд байгаа хүмүүсийн гарын үсэг тохирч байна” гэх мэдүүлгээр нотариатч Ц.Энхбадрал нь 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Г.Уянга шилжүүлэн авах тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчлээгүй нь үүгээр нотлогддог.

Криминалистикийн шинжээчийн №1119 дүгээр дүгнэлтээр намайг буруутгасан боловч уг дүгнэлт нь 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлсэн “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” нь эх хувь бөгөөд түүн дээр УБЕГ-ын улсын бүртгэгч тамгаа дарсаныг баталсан дүгнэлт учраас намайг буруутгах биш цагаатгах дүгнэлт.

Криминалистикийн шинжээчдийн №2852 дугаартай дүгнэлтээр намайг буруутгасан. Уг дүгнэлт нь шинжээчийн №1119 дүгээр дүгнэлтийг дахин баталж өгсөн дүгнэлт гэдгээр няцаагдаж байна.

Ийнхүү намайг “Говь повер” ХХК-ийг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Д.Баярмаатай хамтран худалдан авахдаа түүний дүү Д.Баярхүү, өөрийн эхнэр Г.Уянга нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үйлдлийг нотлон тогтоосон гэх шүүхийн дүгнэлт бүрэн няцаагдаж байгаагаас гадна дараах нотлох баримтуудаар цагаатгагдаж байна. Үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржоос УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр руу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан 1/3523 дугаар албан бичигт “УБ-05 маягт, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд Д.Баярхүү, Ч.Уянга нар нь “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болно” гэх албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Архивын хэлтсийн дарга С.Оюунгэрэлийн АТГ-руу хүргүүлсэн албан бичигт “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар, АТГ-ын мөрдөн байцаагч нарын манай гэрт хийсэн нэгжлэгээр хураагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 918427 дугаар албан бичигт “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар” гэдэг, мөн нэгжлэгээр хураагдсан Г.Уянгын хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа зэрэг албан бичгүүдээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар гэдэг нь нотлогддог.

Гэрч Ч.Уянга нь “Говь повер” ХХК-ийн 60 хувийг эзэмшиж байсан гэж мэдүүлээд байхад түүний мэдүүлгийг огт авч үзэхгүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан хэрэг юм. Би Д.Баярмаатай хамтран “Говь повер” ХХК-ийг худалдаж аваагүй. Надад тус компанийг худалдан авах мөнгө ч байхгүй. Ямар ч оролцоо байхгүй. Гэрч БНХАУ-ын иргэн Дин Сүн Жин мэдүүлэхдээ “Г.Дэнзэнг танихгүй. Баярмаа манай компанийг худалдан авсан гэдэг..., Үүгээр “Говь повер” ХХК-ийг Д.Баярмаа ганцаараа авсан нь нотлогддог.

Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлсэн “Хувьцаа худалдах, худалдах авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх цаас нь эх хувь биш сканнердсан цаас байдаг. Ийм нотлох баримтын шаардлага хангахгүй цаасаар намайг буруутгасан. Уг “гэрээ” гэх цаасан дээр миний эхнэр Г.Уянгын зурагдсан гэх гарын үсэг нь АТГ-ын мөрдөн байцаагчдын манай гэрт үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэлд зурагдсан миний эхнэр Г.Уянгын гарын үсэгнээс зөрдөг. Миний эхнэр Г.Уянгын гарын үсгийг мөн, биш эсэхийг криминалистикийн шинжилгээ хийж тогтоогоогүй...

“Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Баярхүү, Ч.Уянга нар болохыг нотолсон баримтуудыг шүүх дүгнэлтэндээ авч хэлэлцээгүй. Иймд Г.Дэнзэн нь “Говь повер” ХХК-ийг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Д.Баярмаатай хамтран худалдан авсан гэх үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

4. “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Д.Баярхүү, Ч.Уянга нар байж байгаад 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигч нь 100 хувь Д.Баярхүү болж гүйцэтгэх захирлаар Д.Баярмаа нь өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн байдаг. “Говь повер” ХХК-ийн хариуцах, мөнгийг захиран зарцуулсан хууль ёсны эрх бүхий этгээд нь Д.Баярхүү, Д.Баярмаа нар гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулга, бусад баримтаар тодорхой харагдаж байна. Түүнчлэн “Говь повер” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Уянга “Эрдэнэс таван толгой” ХК 2013 оны 1 дүгээр сараас 6 дугаар сард “Говь повер” ХХК-иас ямар ч үйлчилгээ аваагүй. 6,543,392,637 төгрөгийг “Говь повер” ХХК-иас нэхэмжилж байна” гэсэн. Мөн иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбатаас “5,3 тэрбум төгрөгийн асуудлыг иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэснийг хүлээн авч иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүле” гэсэн байдаг. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс Таван толгой” ХК нь хохирлоо “Говь повер” ХХК-иас нэхэмжилсээр байтал уг мөнгийг захиран зарцуулаагүй надаар хэдэн зуун жил төлж баршгүй мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

            5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шалгах тухай шийдвэр гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг эрс доройтуулсан, шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон.

Г.Дэнзэнг төрийн захиргааны албан хаагчийнх нь хувьд төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат гишүүн, даргаар томилж байжээ... гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь би 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд төрийн захиргааны албан хаагч байгаагүй... 2008 оны 10 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сарын хоорондох хугацаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан боловч уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “төрийн, улс төрийн” албан тушаал болохоос биш төрийн захиргааны албан тушаал байгаагүй.

Иймээс 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, даргаар томилохдоо төрийн захиргааны албан хаагчийнх нь хувьд томилоогүй гэдэг нь дээрх хуулийн заалтуудаар нотлогдож байна.

Иймд надад холбогдсон эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Я.Батсуурь давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

... “Говь повер” ХХК-ийн тендерийн асуудал нь будлиантай байсан гэсэн асуудлын хувьд Сангийн яамны мэргэжилтэн З.Энхболдоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг нь энэ тендерийг Сангийн яамнаас бүрэлдэхүүн гарч шалгаад маргаантай асуудал байхгүй, “Говь повер” ХХК-тай гэрээ байгуулж болно гэж тус яамын Төрийн нарийн бичгийн дарга Ганцог нь албан бичгээр зөвшөөрсөн байдаг /тендерийн материаллаас үзнэ үү/. Мөн энэ тендер шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн. Түүнээс гадна АТГ тус тендерийг Үнэлгээний хорооны гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Миний бие тендерийн захиалагчийн хувьд зөвхөн үнэлгээний хороог томилсноос өөрөөр тендерт оролцоогүй /хууль нь ийм зохицуулалттай/. Өмнөх Үнэлгээний хороо нь тендерийн зараа бүх сонин, цахим хуудаст буруу тавьж хугацаа алдаж нүүрсний экспорт саатуулсан. Зарыг засч залруулан дахин хэвлэлд тавих, улмаар тендерийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага үүссэн. Уг нь чухал тендер учир эхлээд Үнэлгээний хороог Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захирал Д.Батзориг өөрөө даргалж байсан юм. Гэтэл ийм ноцтой алдаа гаргасан учир Д.Батзориг захирал өөрөө саналаараа огцорч оронд нь шинээр Үнэлгээний хороо байгуулах санал тэрээр тавьсан. Ер нь Үнэлгээний хороог байгуулах болон өөрчлөх асуудлыг хариуцсан газар нь буюу дээрх Худалдан авах, ханган нийлүүлэлтийн газрын захирлын саналаар шийддэг журамтай... Миний бие Үнэлгээний хороо байгуулах, өөрчлөх талаар тус газраас оруулж ирсэн саналыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Захирал Д.Батзоригийн саналын дагуу хариуцлага алдсан хүмүүст хариуцлага хүлээлгэж Үнэлгээний хороог өөрчилсөн. Дараа нь алдаа гаргасан Санчир, Эрдэнэбилэг, Батхүү нарыг ажлаас нь чөлөөлсөн /Алдаатай зар, ажлаас халсан тушаалыг шүүх дээр тавьж хавтаст хэрэгт хавсаргасан болно/.

Тендерийг буруу зарлаж нүүрсний экспорт саатуулах ноцтой алдааг гаргаснаа Үнэлгээний хорооны дарга нь ухамсарлаж өөрсдөө огцорсон асуудлыг ийнхүү мушгин гуйвуулан намайг яллаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Тендерийн хуулийн дагуу би захиалагчийн хувьд зөвхөн Үнэлгээний хороог байгуулах үүргээ л биелүүлсэн. Тухайн үед би Г.Дэнзэн, Г.Түмэнхүү нар болон “Говь повер” ХХК-тай нэгдмэл ашиг сонирхолтой болохыг огт мэдээгүй. Энэ тухай мөрдөн байцаалтын явцад 2015 онд мэдсэн.

Намайг зөвхөн “Говь повер” ХХК-тай “эвлэрсэн” гэх асуудлаар буруутгаж ялласан. Би анхнаасаа эвлэрэхийн эсрэг байр суурьтай, үүссэн маргааныг компанидаа яаж ашигтайгаар шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг хуульчид, захирлуудтайгаа зөвлөлдсөн. “Говь повер” ХХК-д төлбөр огт төлөлгүй уснаас хуурай гаргах боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн. Харин тэдний нэхэж буй алданги, хохирол гэх 2-3 тэрбум төгрөгийг зүгээр төлснөөс, тэдний одоо байгаа гаалийн хяналтын талбайг үнэлүүлж, хамгийн хямдаар, шүүхээр шийдүүлж авах эсвэл шинээр баригдах төмөр зам дээрээ ашиглах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм... Гэтэл манай хуульчид зөвшөөрөл авалгүй бие даан эвлэрсэн... тэд надад хэлэлгүй, бие дааж эвлэрэх шийдвэр гаргасан нь надад эргэлзээ, хардлага төрүүлдэг. Шүүхээс гарч ирээд эвлэрсэн тухай надад мэдэгдсэн тул... сахилгын арга хэмжээ авсан... Энэ эвлэрэл бол надад огт хамаагүй, хуульчдын бие дааж гаргасан шийдвэр. Би энэ асуудалд зөвхөн итгэмжлэл олгосноос өөрөөр оролцоогүй...

Намайг “Говь повер” ХХК-тай 17,7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж буруутгаж байна. Тендерийн хуулийн дагуу Үнэлгээний хороо нэгэнт шалгаруулалт хийсэн бол захиалагч /би/ тухайн шалгарсан компанитай заавал гэрээ байгуулах үүрэгтэй. Харин энэ удаа “Говь повер” ХХК-тай байгуулах гэрээг Сангийн яамаар шалгуулж Төрийн нарийн бичгийн дарга нь зөвшөөрөл бичгээр авч байж байгуулсан. Энэ гэрээ огт хэрэгжээгүй. Гэтэл шүүхийн тогтоолд намайг “Гэрээний хэрэгжилтэд тавих үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан.

Намайг буруутгаж буй энэ бүх үндэслэлгүй баримт нь шүүх хуралдааны явцад няцаагдсан учир улсын яллагч шүүх хурлын явцад намайг яллах дүгнэлтэд тусгагдаагүй “Алтанговь Транс” ХХК-тай холбогдох асуудлаар нэмж шинээр буруутгаж эхэлсэн. Тендерт, шүүхээр заргалдаж бас ялагдсан. “Алтанговь Транс” ХХК-ийн захирлуудын “Говь повер” ХХК бол чадамжгүй, “Алтанговь Транс” тендерт ялах байсан” гэдэг яриаг прокурор шүүх дээр гаргаж ирсэн. Тендерт ялагдаж маш их гомдол, өс хонзон өвөрлөж яваа “Алтанговь Транс” ХХК-ийн захирал Жаргалсайханы үгээр намайг буруутгаж яллаж байгаа нь хуулийн үндэслэлгүй, ёс зүйгүй асуудал юм.

“Алтанговь Транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн /лиценз/ хугацаа дууссан байсныг анхаарах хэрэгтэй. Гаалийн ерөнхий газар “Цагаан хад” дахь бүх талбайг жил бүр маш нарийн шалгаж 1 жилийн хугацаатай лиценз олгодог. “Алтан говь Транс” ХХК шаардлага хангаагүй учир линцензгүй байсан гэсэн үг. Ийнхүү “Говь повер” ХХК нь лицензтэй, “Алтан говь Транс” ХХК нь лицензгүй байхад прокурор “Алтан говь Транс” ХХК-ийг тендерт ялах байсан гэж байгааг ойлгоход бэрх юм.

Харин намайг энэ хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг дараах баримтууд нотолно.

Миний бие компаний гүйцэтгэх захирлын хувьд “Говь повер” ХХК-тай үүссэн энэхүү маргааныг шүүхээр битгий хэл ТУЗ-өөрөө ч хэлэлцүүлэлгүй компаний тухай хуулийн дагуу бие дааж буюу их хэмжээний хэлцэл биш учир гүйцэтгэх захирал шийдэх эрхтэй байсан. Харин ямар нэг шунахайн сэдэл өвөрлөөгүй, “Говь повер” ХХК-иар давуу байдал олгох санаа зорилгогүй байсан учир шүүхээр шийдвэрлүүлсэн нь надад анхнаасаа гэмт хэрэг үйлдэх субъектив сэдэл байгаагүйг нотолж байна.

Түүнчлэн “Говь повер” ХХК-д давуу байдал олгох ямар нэг санаа зорилго байсан бол гэрээг цуцлахгүй гаалийн хяналтын үйлчилгээг авах байсан. Гэрээг цуцалсан нь надад гэмт хэрэг үйлдэх субъектив санаа сэдэл байгаагүйг давхар нотолж байгаа юм.

“Говь повер” ХХК-ийн эд хөрөнгийг 3 удаа үнэлүүлж 7 тэрбум төгрөгөөс 5,5 тэрбум төгрөг болгож шүүх дээр очсон хойно нь өөрийн албан хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дахин үнэлүүлж дүгнэлт гаргуулсан нь “Говь повер” ХХК-д давуу байдал олгох санаа сэдэлгүй байсныг давхар нотолно.

Үнэлгээний хороонд нөлөөлөөгүйг тэд бүгд 100 хувь нотолсон. “Говь повер” ХХК-тай эвлэрэх чиглэл өгөөгүйг гэрчүүд бүрэн нотолсон. Харин өмнөх бүх шүүхийн маргаанд нэг хуульч оруулдаг байсан бол “Говь повер” ХХК-ийн шүүх хуралд анх удаа 2 хуульч томилсон нь тэднийг ямар нэг гадны нөлөөнд автуулахгүйн тулд авсан арга хэмжээ байсан бөгөөд энэ нь миний бие асуудлыг шударгаар шийдүүлэх зорилго эрмэлзэлтэй байсныг нотолж байгаа юм.

Мөн миний бие холбогдох асуудлаар хэн нэг этгээдэд ямар нэг хохирол учруулаагүй болохыг анхан шатны шүүх тогтоосон.

Энэхүү шүүхийн тогтоолын 80-85 дугаар хуудаст намайг яллаж буй үндэслэлүүд нь бүгд намайг гэм буруутайг биш харин энэ хэрэгт оролцоогүй, гэм буруугүй, хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн болохыг бүрэн нотолж байгааг нягталж үзнэ үү.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна...” гэжээ.

 

Ялтан Г.Дэнзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх 3 хүсэлт байна.

1. Манай гэрээс хураасан 19,500 евро, 300 доллар, 2,000,000 төгрөг байдаг. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд хураасан атлаа шүүхийн тогтоолд яаж шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй. Тийм учир уг мөнгийг хууль ёсны эзэмшигч болох надад буцааж олгохыг хүсч байна. Миний орон сууцыг битүүмжилсэн. 1 дүгээр хороололд байдаг орон сууцанд миний эцэг, эгч нар амьдардаг. Баянзүрх дүүрэгт байдаг орон сууцанд эхнэр, хүүхдүүд минь амьдардаг. Мөн автомашиныг минь битүүмжилсэн. Эдгээр эд хөрөнгө нь гэмт хэргийн улмаас олсон орлого биш учир битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2. Надаас 2,767,000,000 төгрөг гаргуулж “Эрдэнэс таван толгой” ХК-д олгуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Учир нь би энэ мөнгийг аваагүй, хэрэглээгүй учир надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь энэ талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярьсан байгаа.

3. 2013 оны хэрэгт “иргэн Д.Баярмаатай хамтран компани худалдан авсан” гэх үйлдэл, “Я.Батсууриар тушаал гаргуулсан” гэдэг үйлдлүүлдийг огт нотлоогүй. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Чулуунбаатарын Уянга, Д.Баярхүү гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт байсаар байтал шүүх анхаарч үзээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлд “Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзсэнгүй. Иймд шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй. Гэрэлхүүгийн Уянга, Чулуунбаатарын Уянга гэсэн дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн хуулбарласан цаасаар буюу нотлох баримтын шаардлага хангахгүй Г.Уянга гэсэн цаасаар намайг буруутгасан нь үндэслэлгүй. Энэ хэрэг анх иргэний журмаар шйидвэрлэгдэж байгаад сүүлд нь эрүүгийн хэрэг болоод, одоо захиргааны хэрэг болж хувирч байна. Учир нь намайг төрийн захиргааны албан хаагч мөн эсэх асуудал яригдаж байна. Миний хийсэн энэ тайлбарыг харгалзан үзэж, хэргийг үнэн бодитой шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэлэхдээ “Шүүгдэгч нар гэм буруугүй” гэж дүгнэснийг анхан шатны шүүх огт анхаарч үзсэнгүй. Энэ бүхнийг харгалзан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Ялтан Я.Батсуурь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давж заалдах гомдлыг гаргахдаа шийтгэх тогтоолын надад холбогдолтой хэсэг болох 80-85 дугаар хуудсыг харж байгаад гаргасан. Үүнд тендерийн Үнэлгээний хороог өөрчилсөн, 17,7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, гэрээний хяналт тавиагүй, эвлэрлийн гэрээ байгуулахад дэмжих байдлаар оролцсон гэх 3 үндэслэлээр 3 гарын үсэгтэй баримт бичгүүдээр намайг буруутгасан байсан. Гэтэл илтгэгч шүүгч хэргийг танилцуулахдаа урьдчилгаа 700,000,000 төгрөг олгосонд намайг буруутгаж байгаа мэтээр 2 зүйл нэмээд хэлчихлээ. Энэ ямар учиртайг ойлгохгүй байна... Энэ урьдчилгаа төлбөр болох 700,000,000 төгрөгийн асуудал надад үнэхээр хамааралгүй. Урьдчилгаа олгох тухай заалтыг хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд тодорхой заасан байсан. Энэ гэрээг Тендерийн хуулийн дагуу хийсэн. Энэ нь манай “Эрдэнэс таван толгой” ХК-д асар их ач холбогдолтой эд хөрөнгө байсан. Үүнийг манайх ашиглах гэтэл Авлигатай тэмцэх газрынхан эд мөрийн баримт учир хэрэглэж болохгүй гээд хэрэглүүлээгүй. Тэгсэн ч үүнийг цаашид шинээр байгуулагдах гаалийн хяналтын талбай дээрээ ч ашиглаж болно. Мөн төмөр зам байгуулах ажилдаа ч ашиглаж болно. Тэр ковшууд одоо 3-4 тэрбум төгрөгийн ажил хийчихсэн байгаа. Гэтэл үүнд намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээний хороог өөрчилсөн үйлдлийн тухайд гомдолдоо тодорхой тайлбарласан. Үнэлгээний хороог шинэчилж байгуулахад саналыг нь харъяа газар нь оруулсан. Гэрээ байгуулсан гэж буруутгаж болохгүй. Энэ гэрээг заавал байгуулах ёстой байсан. Хэрэв шалгарсан байгууллагатай гэрээ байгуулахгүй бол би өөрөө бурууддаг юм. Захиалагч нь заавал гэрээ байгуулах үүрэгтэй тул энэ үүргийнхээ дагуу гэрээ байгуулсан. Харин хэрэгжээгүй гэрээнд хяналт тавиагүй гэж намайг буруутгаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, утгагүй, уялдаа холбоо, хууль зүйн үндэслэлгүй байна. Миний энэ 3 үйлдэлд 31 нотлох баримт гаргасан юм байна лээ. Энэ баримтууд бүгд няцаагдаж байгаа. Энэ талаар миний өмгөөлөгч нар тайлбарлах байх. “Эрдэнэс таван толгой” ХК асар их хэмжээний ашиг олсон. Өнөөдрийн хувьд 25,000,000 тонн нүүрс олборлосон байгаа. Үүнээс 250,000,000 долларын ашиг “Эрдэнэс таван толгой” ХК олсон.  Гэтэл намайг буруутгаж байгаад би гомдолтой байна. Миний хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Би Монгол Улсын төрд 30 жил тасралтгүй, шударгаар ажиллаж байгаа хүн. Би Улсын Их Хурлын гишүүн, байнгын хороонд ажилласан. Энэ хугацаанд нэг ч удаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Дандаа албан тушаалаараа магтагдан ажиллаж байсан. Миний хөдөлмөрийг улсаас үнэлж “Алтангадас” одонгоор шагнасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2010 онд намайг шагнаж байсан. Миний бие их муудаж байна. Би 4 сар гаруй шоронд цагдан хоригдлоо. Би сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа төдийг нойр хүрдэггүй, эцэж, тураад хүнд байдалтай байна. Миний эх 80 нас гарсан өндөр настай хүн байдаг. Энэ хэргээс болж бие нь муудаж хэвтэрт орсон. Ар гэрийн хувьд маш хүнд байдалтай байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. Үнэхээр намайг буруутай гэж үзвэл надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Ялтан Т.Төгсбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Энэ эрүүгийн хэрэгт намайг хамжигчаар оролцсон гэж буруутгаж байгаа боловч яг ямар байдлаар хэрхэн, хамжигчаар оролцсон гэж үзэж байгааг тогтоосон зүйл байгаагүй... “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хуулийн хэлтэст тус компанид холбоотой асуудлаар үүссэн аливаа хэрэг маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хоёр хуульчийг томилдог бөгөөд хэргийг хариуцсан нэг хуульч нь голлон хянан шалгаж ажилладаг жишиг тогтсон билээ. Иргэний хэргийг хариуцан шалгаж байсан хуульч нь Ш.Бадмаараг байсан “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийн ажиллагаанд намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд Ш.Бадмаараг ээлжийн амралтаа авах үед мэдсэн. Хуульч Ш.Бадмаарагийг амралттай үед миний бие иргэний хэргийн холбогдох зарим нэгэн материалыг шүүхэд өгөхөөс өөр үйл ажиллагаа хийгээгүй, тиймээс хэргийн талаар бүрэн мэдээлэл надад байгаагүй юм. Тэр хэргийн шүүх хүрал болохоос өмнө 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 сарын 9-ний өдрийн хооронд би зэлжийн амралтаа авсан, ажилдаа ороод удаагүй байхад буюу шүүх хурал болох өдрийн өглөө захирал Я.Батсуурь хуульч Ш.Бадмаарагийн хамт хуралд орохыг шаардсаны дагуу тус шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон. Шүүх хуралдааны эхэнд талууд эвлэрэх боломжгүй гэж үзэж эвлэрэхээс татгалзаж байсан. Энэ хэрэг нь миний хариуцсан хэрэг биш, хэргийн талаар тодорхой мэдээлэл байгаагүй учир би шүүх хуралдааны явцад нэг ч тайлбар хийгээгүй. Харин иргэний хэргийг хариуцаж байсан хуульч Ш.Бадмаараг компаниа төлөөлөн бүх асуудлаар тайлбар гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч алданги, олох ёстой байсан орлогоосоо татгалзаж, хуульч Ш.Бадмаараг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тайлбар гаргаснаар шүүгч эвлэрэх боломжтой юм байна гээд хуралд оролцож байсан бидний итгэмжлэлийг шалгаад эвлэрэх асуудлаар санал солилц гэсэн. Ингээд эвлэрэх процесс явагдаж хуульч Ш.Бадмаараг нөгөө талын өмгөөлөгч Одончимэг нар ярилцаж эвлэрлийн гэрээг бичиж, гарын үсэг зурсан бөгөөд шүүгч захирамж гарган баталгаажуулсан. “Говь повер” ХХК-тай холбоотой иргэний хэрэгт удирдлага ямар чиглэлийг хуульч Ш.Бадмаарагт өгч байсан гаалийн хяналтын талбайг яагаад шилжүүлэн авах болсон талаар мэдээлэл надад байгаагүй... Эвлэрлийг баталсан учир “Говь повер” ХХК-тай эвлэрэх процессыг би хууль ёсны гэж ойлгож гарын үсэг зурсан юм. Энэ бүхэн Ш.Бадмаараг, Я.Батсуурийн мэдүүлэг, иргэний хэргийн материалууд, “Говь повер” ХХК-ийн өмгөөлөгч У.Мөнхбатын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байгаа болно. Миний бие иргэний хэргийн ажиллагааны явцад “Говь повер” ХХК-д давуу байдал олгох санаа зорилго, үгсэн хуйвалдах, санаа зорилго нэгтгэсэн үйлдэл байгаагүй бөгөөд эвлэрлийн гэрээ нь зөвхөн дан ганц бидний үйлдлээс хамаараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар шүүх тухайн гэрээ “хууль зөрчөөгүй”, “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” эсэх асуудлыг хянан үзсэний дээр шүүгчийн захирамжаар баталгаажсан, хууль ёсны үйлдэл байсан гэж үзэж байна.

2. Г.Дэнзэн, Я.Батсуурь нар гэмт хэрэг үйлдсэн эсэх, хэрвээ тэднийг хэрэг үйлдэж байгаа бол тэдэнд туслаж байгаа эсэхээ огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Шүүхийн тогтоолд намайг буруутай болохыг нотолж байгаа гэж үзсэн бүх баримтуудад би энэ гэмт хэргийг үйлдэхийг мэдэж байсан, түүнд нь мэдсээр байж санаатайгаар оролцсон гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй юм. Гэсэн атал ямар ч нотлох баримтгүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна...

Миний хувьд Г.Дэнзэн болон “Говь повер” ХХК-тай холбоогүй, Г.Дэнзэн, Д.Баярмаа нарыг огт танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй билээ. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Ялтан Д.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Тендерт хууль бусаар шалгарсан тухайд тендерт би өөрөө шалгарах боломжгүй, тендер зарласан этгээд шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдийн шийдвэрээр гүйцэтгэгчийг шалгаруулдаг атал би өөрөө тендерт шалгарсан мэтээр буруутгаж буйд гомдолтой байна. Тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны 5 гишүүний 100 хувийн саналаар “Говь повер” ХХК тендерт шалгарсан, яллагч Үнэлгээний хорооны 4 гишүүн тус компанийг аливаа субъектив санаагүйгээр шалгаруулсан хэмээн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Сангийн яамнаас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоогоогүй, Үнэлгээний хорооны аль нэг гишүүнд огт нөлөөлөөгүй атал Үнэлгээний хорооны 1 гишүүнийг буюу Г.Түмэнхүүг хууль бусаар “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан хэмээн буруутгаж, улмаар намайг миний огт танихгүй Г.Түмэнхүүтэй бүлэглэн тендерт хууль бусаар шалгарсан хэмээн дүгнэж буруутгасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Тодруулбал, олонхийн саналаар шийдвэр гаргадаг Үнэлгээний хорооны 4 гишүүн гэм буруугүй байхад ганц гишүүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, “Говь повер” ХХК тендерт хууль бусаар шалгарсан гэх дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлгүй болсон гэж үзэж, туйлын гомдолтой байна.

17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэхийн тухайд Үнэлгээний хороо тендерт ялагчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор “Говь повер” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хооронд Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Нэгэнт тендер зарласан компани өөрийн мөрддөг хууль тогтоомж, дүрэм журмынхаа дагуу тендерт ялагчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал нь гэрээ байгуулсан байтал намайг үүнд буруутгаж буйд гомдолтой байна. Би гэрээ байгуулахын тулд хэн нэгэн албан тушаалтад огт нөлөөлөөгүй, мөрдөн байцаалтын шатанд ийнхүү нөлөөлсөн байдлыг тогтоогоогүй, нотлоогүй атал намайг ийнхүү буруутгасаныг эс зөвшөөрч, гомдолтой байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-нд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа тус компаниас 5,535,164,509 төгрөг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэхийн тухайд шүүх гэрээний зохицуулалтыг эрх зүйн талаас нь үнэлж дүгнэлгүйгээр ийнхүү дүгнэж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бодит байдал дээр “Говь повер” ХХК нь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх бүрэн хүчин чадалтай компани. Гэтэл “Эрдэнэс таван толгой” ХК нь гэрээ байгуулмагцаа ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгийн шаардлагаар “Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд нэмэлт тохижуулалт, тоног төхөөрөмж тавихыг шаардсанаар шаардлагыг нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, “Гаалийн хяналтын бүсийг жишиг талбай” болгосон. Жишээлбэл, Ул нүүрс дэвсэж тэгшилсэн ба үүнд ажиллах хүч, техник, бусад зардлыг тооцохгүйгээр зөвхөн исэлдсэн нүүрсийг л “Эрдэнэс таван толгой” ХК-аас өөрөөс нь худалдан авч, үнэнд нь 700,000,000 төгрөг төлсөн. Ийнхүү худалдан авсан гэрээ авагдсан байдаг ба иргэний хариуцагчийн төлөөлөгч мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн гаалийн хяналтын бүсийн талбай руу орох, гарах 2 зам бий болгож, замыг зассан.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн шаардлагаар бид БНХАУ-д тусгай захиалга хийж, 40 метрийн урттай 200 тонны 2 ширхэг, 150 тонны 1 ширхэг пүүг нэмэгдэл үнэтэйгээр хийлгэж, суурилуулж өгсөн. Өнөөдөр ч Монгол Улсад 40 метрийн урттай пүү суурилагдаагүй. Тухайн үед зах зээлийн үнэлгээ нь 120 сая төгрөг байсан техникийг оруулж ирсэн. “Эрдэнэс таван толгой” ХК техникийг маань бүрэн ашиглаж, ашиг олж буй нь шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. “Говь повер” ХХК нь гэрээнд заасан гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлээгүй хэдий ч “Эрдэнэс таван толгой” ХК гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлсэн байдаг ба энэ нь ямар нэг гэмт үйлдэл биш гэж үзэж байна. Дээр дурдсанчлан “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-тай байгуулсан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ авна хэмээн биднээс шаардан дээр дурдсан нэмэлт тохижуулалтыг хийлгэсний дараа гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан тул манай компани Чингэлтэй дүүргийн шүүхэд гэрээ цуцалснаас учирсан хохиролд тэдний шаардлагаар хийсэн нэмэлт тохижолт, хөрөнгө оруулалтын зардлыг шаардан нэхэмжлэл гаргасан ба хэргийг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулж, “Гаалийн хяналтын бүсийг жишиг талбайг бүх эд хөрөнгийн хамт “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлж, тэдгээрийн үнэ 5,535,164,509 төгрөгийг авсан нь хэрэгт авагдсан бүхий л баримтаар нотлогдсон.

Гэтэл шүүх “Говь повер” ХХК-иас хөрөнгө шилүүлэгдсэн байдлыг үл харгалзан намайг 5,535,164,509 төгрөгийг завшсан хэмээн буруутгасан нь бодит байдал болон баримтад үндэслээгүй, хууль ёсны биш шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Би төрийн албан хаагч биш атал намайг төрийн албан хаагч мэтээр буруутгаж, төрийн албан хаагчид оногдуулбал зохих төрийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ял оногдуулсан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эд хөрөнгийн итгэмжлэн хариуцсан этгээд биш атал ийнхүү дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан ял оногдуулсанд гомдолтой байна.

2. Шүүх надаас 2,767,582,254 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан бүх баримтаар “Говь повер” ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн иж бүрэн, “жишиг” талбай, эд хөрөнгө “Эрдэнэс таван толгой” ХК-д, “Эрдэнэс таван толгой” ХК-иас тус иж бүрэн, “жишиг” талбай, эд хөрөнгийн үнэ 5,535,164,509 төгрөг “Говь повер” ХХК-нд шилжсэн нь нотлогддог... “Говь повер” ХХК-ийг иргэний хариуцагчаар оруулсан атлаа компанийн хариуцлагыг хувь хүнд хүлээлгэсэн нь үндэслэлгүй тул туйлын гомдолтой байна.

Дээр дурдсанчлан “Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн иж бүрэн, “жишиг” талбай, эд хөрөнгө “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжсэн нь нотлогдсоор атал үүнийг үл тоон 5,535,164,509 төгрөг завшсан гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв, шударгаар, хууль зүйн дагуу үнэлээгүй, хувийн аж ахуйн нэгжийн эрхийг хэт дордуулсан хэмээн гомдолтой байна.

Компани хоорондын үүссэн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн байхад шүүхийн тус шийдвэрийг үндэслэлгүйгээр, илт зохион байгуулалттайгаар хүчингүй болгож, тус иргэний маргаан бүхий асуудлыг эрүүгийн хэрэг болгон шийдвэрлэж улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлээ иргэний журмаар гаргасан, тус журмаар шийдвэрлүүлье гэсээр байтал, иргэний журмаар шийдвэрлэвэл компани хоорондын өр төлбөрийн асуудал үнэн зөв шийдвэрлэгдэхээр байхад тэдгээрийг үл харгалзан хууль зүйн тодорхой үндэслэл заалгүйгээр надаас 2,767,582,254 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул гомдолтой байна.

Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хавтас хэргээс үзэхэд Я.Батсуурийг чухам ямар үндэслэл, нотлох баримтад үндэслэн Г.Дэнзэн нарын үйлдсэн гэх эрүүгийн хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнээд байгаа нь туйлын ойлгомжгүй төдийгүй энэ талаарх, холбоотой гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэтэл шийтгэх тогтоолд “Я.Батсуурь нь гэмт хэргийг гардан үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гээд хавтаст хэрэгт авагдсан 31 гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг жагсаан бичсэн байдаг. Дээрх Я.Батсуурь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нотлох баримтууд нь түүнийг харин ч энэ гэмт хэрэгт оролцоогүй болохыг хангалттай нотолж байна.

 Шинжээчийн №1119 дугаартай дүгнэлт нь улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатийн дардас зэрэгт хэв загварын шинжилгээ хийсэн, 40-р хх-72-78 талд авагдсан тэмдэглэл нь “Говь повер” ХХК нь тендерт оролцохоор ямар баримт бичиг бүрдүүлж ирүүлсэнтэй холбоотой, 13-р хх-224 талд авагдсан “тендер шалгаруулалтын урилга, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар” зэрэг нь баримт тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой гэх мэтээр Я.Батсуурьтай огт холбоогүй, түүний оролцож байгаагүй үйл баримттай холбоотой нотлох баримтууд. Мөн зарим гэрчийн мэдүүлгээс Я.Батсуурийн оролцоогүй, гэм буруугүй болохыг нотолсон хэсгийг уг нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдахдаа санаатайгаар хасч бичжээ. Тухайлбал гэрч Ш.Бадмаарагийн тайлбар, мэдүүлэгт “компанийн удирдлагын зүгээс эвлэрэх талаар ямар нэг чиглэл өгөөгүй” гэж тодорхой мэдүүлсэн. Гэрч Б.Батзаяагийн мэдүүлэгт “Миний санаж байгаагаар “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийг  шүүхэд  өгч  төлбөр  нэхэмжилж байгаа талаар мэдээллийг захирал Я.Батсуурь өгч байсан” гэсэн атал энэ талаар мэдүүлгийн хэсгийг шийтгэх тогтоолд хасч бичсэн.

Түүнчлэн “Говь повер” ХХК нь шүүхэд хандан “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргасантай холбоотой асуудлаар гүйцэтгэх захирал Я.Батсуурь бие даан шийдвэр гаргах эрхтэй бөгөөд уг асуудалтай холбоотойгоор компанийн ТУЗ-өөс ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй байсан болох нь тогтоогдсон, түүнийг энэ үндэслэлээр буруутган яллаагүй /мөрдөн байцаалт эхлэх үед ингэж яллаж байгаад мөрдөн байцаагчийн тогтоолоор хүчингүй болгож өөрчилсөн/ байдаг.

Гэтэл  тус компанийн ТУЗ-ийн гишүүд болох Ч.Сайнбаяр, Ж.Батболд, Б.Шинэбаатар, Б.Батзаяа, Н.Энхтуяа, Д Түмэнжаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Чулуунхүү нарын хүмүүсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэрэгт хамааралгүй мэдүүлгүүдийг Я.Батсуурийн буруутай үйлдлийг нотолсон нотлох баримт байдлаар шийтгэх тогтоолд хүч оруулан ташаа байдлаар бичсэн. Хамгийн сонирхолтой нь Я.Батсуурийн гэм буруутай болохыг нотолж байна гэж шүүхээс үзсэн Тендерийн үнэлгээний хорооны 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №3 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан зэрэг нотлох баримтууд нь тухайн асуудлаар үнэлгээний хороо хуулийн дагуу шийдвэр гаргасан, уг асуудалд Я.Батсуурийг хууль бусаар нөлөөлөөгүй, оролцоогүй болохыг нотолсон нотлох баримт.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж тодорхойлсон. Гэтэл шийтгэх тогтоолд Я.Батсуурийн үйлдсэн гэх хэргийг тодорхойлохдоо прокурорын яллах дүгнэлтэд огт дурдаагүй “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, иргэний хэргийн шүүхээр   хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр төрийн өмчийн хөрөнгөнөөс нөхөн төлбөр гаргуулах, “Говь повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгч гэсэн үйлдлүүдийг шинээр нэмж тодорхойлсон.

Дээрх шүүхийн дүгнэлтэд хавтаст хэргийн ямар ч нотлох баримтад бичигдээгүй 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хэлцэл /гэрээнд ч ийм үнийн дүн байхгүй/ гэх зүйлийг
зохион бичсэн төдийгүй шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдон тогтоогдоогүй, харин ч няцаагдсан гүйцэтгэх захирал Я.Батсуурь нь шүүх хуралдаанд оролцсон хуульч нарт эвлэрэх чиглэл өгч гэж баримт нотолгоогүйгээр тулган бичжээ.

Шийтгэх тогтоолд Я.Батсуурийг гэм буруутай гэж үзсэн үйлдэл, нотолгооны талаар дараах тайлбар, няцаалтыг гаргаж байна. Үүнд:  

Тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн, Худалдан авах ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Түмэнхүү, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэсэн гэх тухайд ямар нэг асуудал дээр тодорхой хүмүүс хамтран ажиллахын тулд ядаж л нэг нэгнийгээ таньж мэддэг, харилцан туслах гэсэн ашиг сонирхолтой, хоорондоо нэгдсэн байх ёстой. Хэрэв ингэж яллах гэж байгаа бол энэ энгийн холбоог ядаж прокурор, мөрдөн байцаагч, шүүх тогтоосон байх шаардлагатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “... хоёр буюу түүнээс дээш этгээд... гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж тодорхойлсон байдаг бөгөөд шийтгэх тогтоолд уг заалтыг журамлан хэрэглэсэн байна. Гэтэл Я.Батсуурь нь эдгээр шүүгдэгч нартай дээрх гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдсэн болохыг тодорхойлсон нотлох баримт байтугай сэжигтэй байж болохуйц үг өгүүлбэрч хавтаст хэрэгт авагдаагүй. Зарим нь бүр нэг нэгийгээ үзэж хараа ч үгүй огт уулзаж байгаа ч үгүй хүмүүс байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий  35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ” гэж тодорхойлсон заалтыг прокурорын яллах дүгнэлтэд журамласан байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай тогтоолд “гүйцэтгэгч” гэдэгт тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийн явдал бөгөөд гэмт үйлдлийн арга, зэвсэг хэрэгслийг сонгосон байна” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гүйцэтгэгч буюу хамтран оролцогч этгээдүүд нь өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй болохыг урьдчилан мэдсэн атлаа санаатайгаар нэгдэж, зориуд хүсэж үйлдсэн байх ёстой. Гэтэл Я.Батсуурь нь тухайн үед “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийг тус компаниас зарласан “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт өөрсдийн хамаарал бүхий компаниудыг оролцуулж улмаар “Говь повер” ХХК шалгаруулахаар урьдчилан тохиролцсон байж болзошгүй гэх асуудлын талаар огт мэдээгүй, уг асуудалд хамтран оролцоогүй, түүнд тийм шаардлага ч байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна.

Хууль, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийн тухайд Я.Батсуурьт ямар хууль тогтоомжоор олгогдсон, яг ямар эрх мэдлийн  талаар шийтгэх тогтоолд дурьдаад байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд зааснаар... Я.Батсуурь... “хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэсэн 2 үйлдлийн аль нэгд хамаарах, идэвхтэй үйлдэл хийсэн байх ёстой ба нөгөө талаас прокурор, мөрдөн байцаагч, шүүх үүнийг нь тогтоосон, тэр нь энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ёстой гэж ойлгогдохоор байна. Гэтэл үүнийг нарийн шалгаж тогтоогоогүй. Ер нь Я.Батсуурийн “хийсэн байж болзошгүй” гэх хэнд, ямар хохирол учруулсан, ямар үйлдлийг нь “бусдын эд хөрөнгийг завшсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт, аль үйлдлийг нь “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллаж байгаа нь туйлын ойлгомжгүй байгаа бөгөөд яллагдагчаар татах тогтоол болон ял өөрчлөн сонсгосон тогтоолууд, прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар тодорхой дурьдаагүй, байхгүй.

Өөрөөр хэлбэл Я.Батсуурийн ямар гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлсэн болохыг өмгөөлөгчийн хувьд огт ойлгохгүй байна.

Г.Дэнзэнгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан хууль бусаар сонгон шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн нарийн бичгийн даргаар Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон гэх тухайд ийм зохион байгуулалтай үйлдэлд Я.Батсуурь оролцоогүй гэдэг нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан, бидний гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Яагаад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бидний гаргаж өгсөн нотлох баримтууд чухал ач холбогдолтой байсан гэвэл Я.Батсуурийг буруутгах нэг гол үндэслэл болох “үнэлгээний хороог өөрчлөн томилох” тушаал гаргах шалтгаан болсон тендер шалгаруулалтын зар хэвлэгдсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-ны дугааруудыг мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Эдгээр нотлох баримтыг шүүхэд бид нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх үнэлгээний хороог өөрчилсөн нь шийтгэх тогтоолд зааснаас огт өөр шалтгаантай буюу тендерийн хорооны гишүүд нь “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-нуудын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаарт тендерийн урилгыг хэвлүүлэхдээ алдаа гаргаж, хоёр өөр тендерийн нэр, агуулгыг хооронд нь холилдуулж буруу бичиж гаргаснаас маргаан үүсэж, тендерийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай болсноос шалтгаалсан. Тэгээд ч тухайн үед Г.Түмэнхүү нь Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч гэдгийг Я.Батсуурь огт мэддэггүй байсан бөгөөд тухайн үнэлгээний хороонд шинээр орж ажилласан хүмүүсийг тэрээр өөрөө сонгож нэр заан оруулсан зүйл огт байхгүй бөгөөд худалдан авах ажиллагааны газраас тендерийн хорооны гишүүдийг өөрчилсөн тушаалыг төлөвлөн оруулж ирж гарын үсэг зуруулсан байдаг.

Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн шалтгааны талаар гэрч Д.Батзориг, С.Ганболд нар тодорхой тайлбар, мэдүүлэг өгсөн төдийгүй 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1 дугаартай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тус үнэлгээний дарга С.Ганболд “Доорх алдаа шатгааны улмаас тендерийн хороог шинэчлэн байгуулсан талаар маш тодорхой тайлбарласан байна.

2013 онд тус компаниас зарласан “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны гишүүд болон уг тендерийн баримт бичиг, гэрээний төслийг боловсруулж улмаар өөрсдөө үнэн зөв гэж гарын үсэг зурж баталгаажуулж, гэрээг гүйцэтгэх захирал Я.Батсууриар батлуулсан нэр бүхий хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэж прокурор үзсэн. Ийм нөхцөлд Я.Батсуурийг уг тендерийн хууль бус гэх шалгаруулалтад хэрхэн хамаатуулаад байгаа нь туйлын ойлгомжгүй.

Үнэлгээний хорооны гишүүн Г.Түмэнхүүгийн зохион байгуулсан үйлдлийг мэдээгүй байхад тэдний боловсруулсан гэрээг батламжилсан гүйцэтгэх захирлыг шууд мэдэж оролцсон гэж буруутгах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл дээрх тендерийг “хуулийн дагуу явуулсан” гэж гарын үсэг зурсан үнэлгээний хорооны дарга, гишүүд нь уг үйл ажиллагааны үнэн зөв болохыг гүйцэтгэх захирлын өмнө хариуцах ёстой, хуулийн зохицуулалт ч ийм байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Я.Батсуурийн хувьд компаниас зарласан бүхий л тендерийн материалын үнэн зөвийг биечлэн хянах үүрэг хүлээхгүй бөгөөд тийм боломж, эрх ч байхгүй. Гэтэл тус үнэлгээний хороонд ажилласан бүх гишүүд нь “үүнийг үгүйсгэсэн буюу гүйцэтгэх захирал Я.Батсуурь нөлөөлөөгүй” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд харин ч “Говь повер” ХХК-тай холбоотой тендер, түүнтэй үүссэн маргаантай холбоотой асуудал дээр Я.Батсуурь нь эсрэг байр, суурьтай байсан болох нь олон нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” тендерийг хүчингүй болгох тухай “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дугаартай тушаал, “Говь повер” ХХК-ийн удаа дараагийн шаардлагуудад татгалзсан хариу өгч байсан талаарх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн албан бичгүүд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэс таван толгой” ХХК-иас шүүхэд хүргүүлж байсан албан бичиг, хүсэлтүүд, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан тоот зэрэг болно.

Дээрх шийтгэх тогтоолд дурдсан шиг Я.Батсуурь нь “Говь повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгсөн асуудал огт байхгүй. Я.Батсуурь нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульч нарт компаний гүйцэтгэх захирлын хувьд ажил үүргийн хуваарь, эрхийнхээ хүрээнд олгосон итгэмжлэлээс өөр түүнийг буруутгах баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Харин ч дээрх иргэний хэргийн хувьд Я.Батсуурь нь бүх шатны шүүхээр оруулж эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан, шүүх хуралдааны явцад ямар нэг байдлаар эвлэрч болох тухай үүрэг, чиглэл өгч байгаагүй талаар тухайн ажиллагаанд компанийг төлөөлөн оролцсон Т.Төгсбаяр, Ш.Бадмаараг нар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг, Т.Төгсбаяр, Ш.Бадмаараг нарын байгуулсан эвлэрлийн гэрээ, шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны эхэнд эвлэрэх боломжгүй” гэж байр сууриа илэрхийлж байсан тэмдэглэл, уг хурлын дараа хуульч Т.Төгсбаяр, Ш.Бадмаараг нарын үйлдлийг буруутган хариуцлага тооцож, тэдгээрт сахилгын арга хэмжээ авсан тушаал зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шийтгэх тогтоолд Я.Батсуурийг “уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт шинээр өгсөн байдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь огт хэрэгжээгүй гэрээ гэж тайлбарлаж, нотолдог бөгөөд шүүхийн тогтоолд ч гэрээний дагуу ямар нэг үйлчилгээ аваагүй буюу хэрэгжээгүй гэж дүгнэжээ гэж ойлгогдохоор байгаа юм. Тэгэхээр Я.Батсуурь нь ямар үүргээ биелүүлээгүй талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй, ерөнхий байдлаар бичсэн тул илүү дэлгэрэнгүй ойлгож тайлбарлах боломжгүй болж байна.

Я.Батсуурь нь Г.Дэнзэнгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хувиар хийж гүйцэтгэж байгаа ажил, бусдад нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаанд оролцсон асуудал огт байхгүй бөгөөд шийтгэх тогтоолд буруутгаад байгаа үнэлгээний хороог өөрчилсөн тушаал гаргасан, иргэний хэрэгт оролцох хуульч нарт итгэмжлэл олгосон зэрэг шийдврийг Г.Дэнзэнгийн ямар нэг оролцоогүйгээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байдаг.

2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжид “Г.Дэнзэн нь тус комланиас зарлан явуулах тендерт оролцож, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор өөрийн эхнэрийн нэр дээр “Говь повер” ХХК-ийг шилжүүлэн авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалын нэр нөлөөг ашиглан улсын бүртгэлийн газрын нэр бүхий албан тушаалтанд чиглэл өгч байжээ” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс Г.Дэнзэн нь “Говь повер” ХХК-ийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгүүлэхийн тулд Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтнуудад албан тушаалын байдлаа ашиглан чиглэл өгч, нөлөөлсөн байна гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байгаа бөгөөд энэ процесст Я.Батсуурь оролцсон гэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Харин мөрдөн байцаагчийн тусгаарлаж авч үлдсэн гэх Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтнуудыг яллах шаардлагатай болсон буюу тухайн бүртгэлийн үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх хүмүүсийн үйлдлийг л ингэж зүйлчлэх ёстой байсан болов уу. Тэгэхээр Я.Батсуурийн огт оролцоогүй улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан яллаж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд “Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан үзсэн болно” гэж дүгнээд шүүгдэгч Д.Баярмаад... ял оногдуулахдаа түүнийг нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр торгох боломжтой” гэж үзэж, мөн “хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарын хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан, тэдгээрийг бусдад   төлөх   төлбөргүй   гэж  үзэж,   хорих   ялыг   биечлэн   эдлүүлэх шаардлагагүй” гэж тус тус үзсэн байна. Гэтэл Я.Батсуурьт оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болон түүнийг нийгмээс тусгаарлаж хорих нь хуульд заасан ямар үндэслэл байгаа талаар шүүх бүрэлдэхүүн тодорхой дүгнэлт өгөөгүй, төдийгүй түүнд бусдад төлөх төлбөр байгаа эсэх асуудлыг огт шийдээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргээс Я.Батсуурьт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Ялтан Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Г.Дэнзэн нь “Говь повер” ХХК-иас мөнгө, хөрөнгө авч ашигласан үйлдэл байхгүй нь хангалттай нотлон тогтоогдсон, өөрөөр хэлбэл тус компани “Эрдэнэс таван толгой” ХК-иас орж ирсэн мөнгөө хэрхэн яаж зарцуулсныг нотлох баримтууд болон дансны хуулгууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бөгөөд түүн дотор Г.Дэнзэн “Говь повер” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс нэг төгрөг ч аваагүй болох нь тогтоогдсон байхад шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үндэслэлгүйгээр миний үйлчлүүлэгчээс 2,904,698,554,50 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалтыг зөрчиж, нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг туйлын үнэн гэж үзэн, шийтгэх тогтоолын эх сурвалж болгосон. Шүүгдэгч нарт тэдний үйлдсэн гэж тулгаад буй хэргийг үгүйсгэх, илтэд ач холбогдолтой байж болохуйц нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн, нотлох баримтаар үнэлэлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан.

Нотлох баримтаар үнэлээгүй “АТЕН” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, тайлан, шинжээч Л.Алтанцэцэгийн дүгнэлтүүд нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг үгүйсгэсэн учир байдлыг агуулж байгаараа нотолгооны ач холбогдолтой байх үндэслэл бүхий нотлох баримт мөн бөгөөд шүүх тэдгээрийг үнэлэх нь зүйтэй байтал огт үнэлж үзээгүй.

Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон 2010 оны гэх үйлдлийг цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримт болох /23-р хх-145-148, 26-р хх-211, 27-р хх-185, 200, 206, 212, 218, 220-221, 224, 230, 232, 28-р хх-11, 14, 16, 19, 20, 24, 26, 32, 143, 148-149, 155-157, 193, 195, 197, 29-р хх-4, 17, 188, 190, 225-250, 39-р хх-126-129, 215-218, 223-224, 227-229, 233-234, 238-239, 240-243/ хуудсууд болон пүүний үнийн дүнгийн харьцуулалт, мөн шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар 7,500,000, нийт бодит үнийн дүн нь 172,500,000 төгрөг, үүн дээр ашгийн төлөө “Эн Ай Ди Би” ХХК-нд тодорхой хэмжээний ашиг байх ёстой гэдэг нь зүй ёсны зах зээлийн зарчим гэж үзэж байна. Ашгийг мөн шинжээчийн тайлбарлаад байсан 20 хувийг нэмэхэд зах зээлийн үнэ 200,000,000 төгрөг гарна гэдэг нь энгийн ойлголт байгаа талаар нотлох баримтууд авагдсан. Үүнээс гадна пүүний баталгаат хугацаа 1 жил байдаг бөгөөд тухайн үед “Эн Ай Ди Би” ХХК зохих журмын дагуу Улсын комисст хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл баталгаат хугацаа дууссан байна. Энэ нь “Эн Ай Ди Би” ХХК-ийн буруутай үйлдэл биш бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт нотолсон баримт авагдаагүйг дурьдах нь зүйтэй. Шинжээч Б.Энхболдын гаргасан дүгнэлт үндэслэл муутай, гэрэлтүүлгийн өртгийн үнэлгээг тусгасан эсэх нь эргэлзээтэй, тус дүгнэлттэй миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг танилцах эрхээр хангаагүй нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьсан.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар aч холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүний гэрч гэнэ” гэж хуульчилсан байдаг байтал тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Энхболдоос авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг эх сурвалжаа болгосон нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Н.Энхболдын мэдүүлэгт “тус мөнгийг миний бие бэлнээр авч, Дэнзэндгийн 10 дугаар хороололд байдаг байранд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлгээс миний үйлчлүүлэгч 10 дугаар хороололд бас нэг байртай байсан, аль эсвэл Н.Энхболдын мэдүүлэг худал гэдэг нь нотлогдох болно. Гэтэл энэ талаар шалгаж тогтоогоогүй. Мөн тус чөлөөт бүсэд “Тан хэмжүүр” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байгаа нь зөвхөн миний үйлчлүүлэгчийн буруутгаж, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэдгийг нотолж байна.

Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон 2013 оны гэх үйлдлийн хувьд түүнийг цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримт /1-р хх-58, 219, 2-р хх-92, 162, 4-р хх-39-42, 120, 143, 144, 158, 204, 245, 5-р хх-29, ЗО, 58, 240-248, 6-р хх-24, 26, 247, 7-р хх-114-118, 234, 9-р хх 11, 108-111, 149-153, 243, 14-р хх-185-197, 214, 20-р хх-68-82, 22-р хх-29, 52-54, 58-60, 61-6З, 64-66, 67-69, 123-126, 127-132, 147-150, 139-140, 219-221, 222-225, 233-238, 242-248, 250, 23-р хх-1-4, 26-30, 31-34, 38-43, 62-64, 66-67, 72-73, 108-109, 131-133, 221-223, 229-231, 236-250, 25-р хх-14-25, 52, 87-88, 220-223, 26-р хх-27-29, 76-78, 40-р хх-96, 41-р хх-144-145, 162-163, 175-177, 208-212, 42-р хх-190-194, 20-р хх-68-82, 25-р хх-14-25, 52, 23, 221-223, 23-р хх-236-250/.

Хамгийн гол нь миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компаний эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л миний үйлчлүүлэгчийг буруутгах гол нотлох баримт болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заалтыг зөрчсөн. Хуулийн этгээдийн бүртгэлийн программ хангамж нь тухайн онд албан ёсоор баталгаажаагүй, туршилтын журмаар ашиглагдаж байгаад 2015 оны хуулийн этгээдийн бүртгэлийн хууль /Шинэчилсэн найруулга/-аар нэг мөр шийдэгдсэн гэдгийг дурьдах нь зүйтэй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ” мөн хуулийн 12.4-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл нь эх сурвалж болно”, мөн хуулийн 18.3-т “Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архивын хувийн хэргийг байгуулагын байрнаас гаргахыг хориглоно” гэсэн заалтууд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т “хуулийн этгээдийн хувийн хэрэг гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд бичмэл хэлбэрээр байгаа, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн бүрдлийг” гэсэн заалт болон УБЕГ-т хадгалагдаж байгаа “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг холбогдох эрх бүхий газрууд руу хүргүүлэх байсан албан бичгүүдээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ч.Уянга болох нь хангалттай нотлогдож байсан.

Шинжээч Соёлмаагийн Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалтад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зөвшөөрөл авсан жагсаалтад бүртгэгдсэн байсан бөгөөд энэ үйл баримт нь Соёлмаа тусгай зөвшөөрөл авахаас өмнө 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан буюу дүгнэлт гаргасан байх тул тус үнэлгээнд дурьдагдсан үнийн дүн үндэслэл бүхий биш гэдэг нь ойлгомжтой байсан. Энэ нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэдээс АТГ-р явуулсан 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн нэрс сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 дугаар тушаалын хавсралтаас маш тодорхой харагдана.

Соёлмаа гэгч нь шүүх хуралдаан дээр өөрийн гаргасан дүгнэлтээ хамгаалж чадаагүй, нотлох баримт, дүгнэлтэдээ хэрхэн яаж дүгнэлт гаргасан аргачлал, эх сурвалжаа дурьдаагүй, ойлгомжгүй, зах зээлийн үнийн судалгаа, бусад шаардлагтай мэдээллээ судлаагүйгээр, илтэд буруу, алдаатай дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахаар газар дээр нь очиж үзэхээр АТГ-н ахлах мөрдөн байцаагч Доржсүрэнтэй 1 машинд явсан нь гадны нөлөөнд автаж, тайлан, дүгнэлтийг илтэд бууруулж гаргасан байх өндөр магадлал бүхий байна. Мөн Шинжээч Соёлмаагийн гаргасан дүгнэлт, үнэлгээ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасан “хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгах” шаардлагыг хангаагүй.

Шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээ эрс өөр, зөрүүтэй үнийн дүнтэй гарсан байхад түүнийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, тодорхой болгож мухарлаагүй, үнэхээр “Эрдэнэс таван толгой” ХК-д хохирол учирсан эсэхийг нотлон тогтооход чухал ач холбогдолтой байсан.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчийн цагаатгах талын нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж үзэлгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Г.Дэнзэн, Г.Түмэнхүү нарын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Г.Дэнзэнд холбогдох хэргийг жагсаан бичсэн үйлдлүүдийн аль нь үйлдэл, аль нь эс үйлдэл болох, аль нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан үйлдэл болох, ямар үүрэг оролцоотой оролцсон зэрэг нотолж тогтоох, шалгаж нягтлах, үнэлж дүгнэх харьцуулан шинжлэх ажиллагаа прокурорын болон шүүхийн аль ч шатанд хийгдээгүй ба анхан шатны шүүх прокурорын 2 зүйлчлэлээр 5 хүнд адилхан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэмжээнд хэргийг авч хэлэлцэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд бичээд буй... Г.Дэнзэн нь төрийн албан тушаалын нэр хүнд нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор давтан үйлдлээр урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д “Говь повер” ХХК-иас гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж худалдан авхуулж “Эрдэнэс таван толгой” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж дүгнэсэн атлаа ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болох, ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохыг зүйлчлэл тус бүрээр дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

3. Гэрч Ш.Баярхүү, Д.Жаргалсайхан, М.Мягмар-Эрдэнэ, Ж.Наранхүү, Д.Баярмаа, С.Эрдэнэбаатар, Б.Мөнхтөр нарын мэдүүлэг, “Говь повер” ХХК-ийн данснаас 153,539,200 төгрөг Ш.Батбилэгийн данс руу орлого орсон, Ш.Батбилэгийн данснаас 69,420,665 төгрөгийн зарлага гарсан хуулга, “Замын-Үүд чөлөөт бүсийн үндсэн хөрөнгийн тооллогын баримтын 7-д 2010 оны 150 тн пүү анхны өртөг 199,800,000 төгрөг, чанар дунд зэрэг, ашиглаагүй 8-д 2013 оны 150 тн пүү анхны өртөг 175,842,191 төгрөг, чанар сайн, ашиглаагүй гэсэн хэсэг, Тэргүүн шадар сайдын 08 тоот тушаал, хавсралт буюу “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн пүүний төсөвт өртөг пүү 200,000,000 төгрөг”,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Билгүүн, хохирогч Э.Уянга нарын мэдүүлэг. АТГазрын 06\4736 тоот “Хохирогч, иргэний нэхэмжлэгч томилуулах тухай” бичиг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг анхан шатны шүүх үгүйсгээгүй атлаа уг хохирлыг Г.Дэнзэнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4. Г.Дэнзэн нь аль алин материаллаг бүрэлдэхүүнтэй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх боловч шүүх дээрх хохирлууд нь чухам аль гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохыг тогтоож тодорхойлоогүй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн данснаас “Говь повер” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, гэрээнд оролцоогүй, тендерийн төгрөгнөөс завшсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад 50 хувиар тооцож хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Иймд Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Мөрдөн байцаалтын явцад Г.Дэнзэнгээс түр хураан авсан эд зүйлийг /11-р хх-108/ хэрхэх асуудлыг анхан шатны шүүх огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88, 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь заалтыг зөрчсөн.

6. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 115 дугаар зүйлийн 115.1, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн хохирогчийн хүсэлтээр “Говь повер” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон атлаа тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Говь повер” ХХК-иар яагаад хариуцуулж гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

7. Шийтгэх тогтоолын 10 дахь заалт нь гэр бүлийн гишүүдийн болон аав эгч нарынх нь өмчлөх эрхийг хөндсөн төдийгүй түүний хүүхдийн тав тухтай орчинд амьдрах, орон байраар хангуулах эрхийг болон хохирлын зөрүүтэй байдлыг тооцож дүгнээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хохирол гэж хамтатган тооцсон, “Эрдэнэс таван толгой” ХК нь тоног төхөөрөмж, талбайг нийт 7 тэрбумаар үнэлж үндсэн хөрөнгөдөө бүртгэсэн асуудалд дүгнэлт өгөөгүй, шинжээч гэх үнэлгээчин Соёлмаагийн 2,6 тэрбумын үнэлгээг дүгнээгүй зэрэг шүүхийн шатанд үнэлж дүгнэх асуудлуудыг бүрэн гүйцэт дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Ялтан Д.Баярмаагийн өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Улсын яллагч Д.Баярмааг “Говь повер” ХХК-ийг худалдан авсан хэмээн яллаагүй атал шүүх ийнхүү дүгнэн шийдвэрлэсэн. Д.Баярмааг ийнхүү яллах болсон үндэслэл, нөхцөл байдал /тендерт хууль бусаар оролцох санаа, зорилго, сэдэлт болон тус санаа, зорилго, сэдэлтээр “Говь повер” ХХК-ийг худалдан авсан/-ыг шалгаж тогтоогоогүй.

Эрүүгийн хуулиар төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан хууль ёсны эх сурвалж бүхий хөрөнгөөр компанийн хувьцаа худалдан авч буй үйлдэл гэмт үйлдэл болохгүй. Д.Баярмаа Г.Дэнзэнгийн хамт “Говь повер” ХХК-ийг худалдан аваагүй. Хэрэгт “Говь повер” ХХК-ийн хувьцааг Гэрэлхүүгийн Уянга, Чулуунбаатарын Уянга худалдан авсан гэх зөрүүтэй баримтууд авагдсан байдаг ба яллах талаас “Гэрэлхүүгийн Уянга компанийн хувьцааг худалдан авсан гэх а/ Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, б/ “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, в/ “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх баримтыг яллах талын баримт болгосон. Гэвч мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмаар дурдсан баримтыг цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Ш.Бадмаарагаас бичиг баримт хураан авсан тэмдэглэлд Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрмийн хуулбар хувийг хураан авсан хэмээн тусгагдсан боловч, мөн өдөр Ш.Бадмаарагаас хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “Говь повер” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ байснаар тэмдэглэгджээ.

Гэтэл баримт бичигт хийсэн үзлэгээр Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрэм илэрсэн гэж ойлгогдохоор баримт хэрэгт авагдсан, гэтэл тендерийн баримт бичигт энэ мэтчилэн компанийн үүсгэн байгуулах баримт бичиг шаардагдаагүй, өгөөгүй атал ийнхүү тендерийн баримт бичигт байсан мэтээр цугларсан нь тухайн нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан журмаар цуглуулсан эсэхэд илт эргэлзэхэд хүргэж байна.

2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын цахим архивын программ бүхий албан компьютерт үзлэг хийхэд “Ч, Г” аль аль Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрмийн хуулбар илэрсэн гэх боловч ийнхүү үзлэг хийж илрүүлсэн гэх компьютер нь хэн гэх ажилтны, ямар зориулалтаар ашигладаг, ямар маркийн компьютерт хэрхэн нэвтэрч, ямар программмаас тухайн баримтыг илрүүлсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрмийн хуулбар авагдсан байх ба үүнийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж өгсөн байна. Ийнхүү Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрмийн хуулбар баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан журмаар цуглуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрэм хөдөлбөргүй үнэн хэмээн нотлох баримтыг шалгасан боловч тус баримт дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас АТГ-т 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүргүүлсэн “Говь повер” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт Ч.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрэм эх хувиараа хадгалагдаж буй үйл баримт.

АТГ-ын МШХХ-ээс 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын архивт үзлэг хийж, хураан авах ажиллагаа явуулсан бөгөөд архивт Ч.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрэм агуулагдаж буй үйл баримт.

АТГ-ын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр 2013 оны 4 сараас өмнөх мэдээлэл бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн Мэдээллийн технологийн газрын программист Доржбатын компьютерт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр улсын бүртгэлийн мэдээллийг өөрчилсөн үйл баримт тогтоогдоогүй буюу үгүйсгэгдэнэ.

ТЕГ-ын ТНХ-ийн нууцын ажилтны гаргасан шинжээч Улсын бүртгэлийн ерөнхий газрын “LES” програмын мэдээллийн сан болох ORACLE бүртгэл, веб интерфэйс болох JAVA-ийн JEUS лог бүртгэл, мэдээллийн санд байх серверийн бүртгэлүүд дээр тулгуурлан шинжилгээ хийсэн боловч “LES” програмын мэдээлэлийн сан болох ORACLE бүртгэлд 2013 оны 4 сараас өмнөх бүртгэл бүртгэгдээгүй, мэдээллийн сан хадгалах сервер нь 3 cap хадгалах тохиргоотой тул 2013 оны мэдээлэл хадгалагдаагүй гэх, мөн улсын бүртгэлийн мэдээллийг өөрчилсөн байдлыг болон программд нэвтэрсэн хэрэглэгчийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт.

6-р хх-208-221 дэх талд авагдсан баримтыг яллагааны үндэслэлээ болгож буй боловч энэхүү баримт нь хэзээ үйлдэгдсэн буюу хэзээнээс хэзээг хүртэлх бүртгэл болох нь харагдахгүй байх тул яллах үндэслэл болохуйц баримт болохгүй гэж үзэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд Г.Уянгыг Ч.Уянга болгосон өөрчлөлт орсон гэж дүгнэж байгаа бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтнуудын оролцоог зайлшгүй нотолсноор тэдэнд хэн ямар байдлаар нөлөөлж үйлдэл хийлгэсэн нь хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлох шаардлагатай. Гэтэл тус байдлыг тогтоолгүйгээр, хэргийг нь тусгаарласан нь ойлгомжгүй болжээ.

Г.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрмийн хуулбарт зурагдсан гэх Г.Уянгын гарын үсэг, Г.Дэнзэнгийн гэрт үзлэг, нэгжлэг хийж, хураан авах ажиллагааны тэмдэглэлд зурсан Г.Уянгын гарын үсгээс энгийн нүдээр харахад илт зөрүүтэй байтал “Говь повер” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт зурагдсан гарын үсгийг Г.Уянгын гарын үсэг мөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтан Ц.Ганзориг, Чимиддорж, Билэгдэмбэрэл, Ш.Доржбат, Хүчитбаатар нарын мэдүүлгээр “Говь повер” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдөөгүй, солигдоогүй, тийм боломж байхгүй гэх үйл баримт нотлогдож буй бол гэрч М.Баяржаргалант, Чулуунтуяа нарын мэдүүлгээр “тэгж сонссон, түүнээс дуулсан” гэх мэт дам яриа бүхий үйл баримт нотлогдсон.

Ч.Уянгатай гэрээ байгуулсан гэх Ц.Дашдондог, Д.Баярхүү, Д.Баярмаа нар гэрээг Ч.Уянгатай байгуулсан, Ч.Уянга 150 см орчим өндөртэй махлаг эмэгтэй байсан гэж мэдүүлдэг бол шүүгдэгч Г.Дэнзэн шүүх хуралдаанд Г.Уянга 180 см өндөртэй туранхай эмэгтэй хэмээн мэдүүлсэн нь зөрүүтэй байх ба мөрдөн байцаалтын шатанд Г.Уянга, Ч.Уянгын аль нь гэрээ байгуулсныг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй.

Гэрч Динг Сүнг Шиний “гэрээний эх хувийг Д.Баярмаад өгөхдөө хуулбарыг нь авч үлдсэн хэмээн мэдүүлж, мөрдөн байцаагч Ц.Дашдондогоос “Ч.Уянгын гарын үсэг бүхий гэрээ, шийдвэр, дүрэм” хурааж авсан баримтуудаар “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ч.Уянга худалдан авсан нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан эргэлзээ бүхий баримт байсаар атал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

Д.Баярмаа нь Г.Дэнзэнтэй хамааралгүй, харилцаагүй, харилцаж байгаагүй болох нь утасны ярианы холболт, ГП зардлын зарцуулалт, тус зарцуулалтыг тайлбарласан Д.Дамдинбазарын мэдүүлгээр нотлогдоно. Хамааралтай байх тохиололд хууль бус тодорхой үйлдлүүд хийгдсэн, тэр нь нотлогдсон байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан ямар ч баримтаар Д.Баярмаа нь Г.Дэнзэнтэй хамааралгүй, харилцаагүй, харилцаж байгаагүй, тэд хамтран аливаа үйлдэл хийсэн байдал, ялангуяа, хамтран компани худалдаж авсан үйл баримт нотлогдоогүй.

2. “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Үнэлгээний хорооны гишүүдэд холбогдох хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан нь Үнэлгээний хорооны гишүүд хэн нэгний нөлөөнд авталгүйгээр хууль ёсны шийдвэр гаргасан болохыг нотолж байна. Гэтэл Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны, гишүүд нь хууль бус үйлдэл хийгээгүй байхад “Говь повер” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгарсан хэмээн яллаад байгаа нь үндэслэлгүй.

Улсын яллагчаас Сангийн яамны шинжээчийн дүгнэлтийг үндэслэдэг боловч тус дүгнэлтээр “Алтанговь транс” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй нь үндэслэлтэй гэж, “Говь повер” ХХК тендерийн шалгуураас 2-ыг нь хангаагүй гэж дүгнэснээс бус Үнэлгээний хорооны шийдвэр бүхэлдээ хүчингүй гэж дүгнээгүй. Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны байхад “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгарсан хэмээн буруутгаж буй нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болно.

Г.Дэнзэн, Д.Баярмаа нарыг танилын холбоотой хэмээн ийнхүү дүгнэж яллаж буй хэдий ч утасны яриа мессежний холболт, “Говь повер” ХХК-ийн санхүүгийн зарцуулалтаар тэд холбогдож байсан байдал, санхүүгийн харилцан хамааралтай болох нь үгүйсгэгдэж байгаа юм. Яллагчийн зүгээс Г.Дэнзэнгийн дэвтэр дэх “утасны дугаар бичсэн бичвэр”, гэрт нь нэгжлэг хийх үед олдсон “Транд саплай” ХХК-ийн төсөл гэх баримтуудыг үндэслэн тэднийг танилын холбоотой гэж тайлбарладаг боловч энэ нь “хамааралтай”-г, улмаар “Говь повер” ХХК тендерт хууль бусаар шалгарсныг шууд нотлох баримт болохгүй юм.

3. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгө бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хууль, журамд зааснаар нэгэнт Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр болж, “Говь повер” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосны дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захиралтай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Дээр дурдсанчлан хууль, журмын дагуу гэрээ байгуулсан Д.Баярмаагийн үйлдлийг гэмт үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй.

4. Гэрээний эрх зүйн маргаан үүссэн, шийдвэрлэгдсэн талаар “Говь повер” ХХК нь 2013 оны 1 дүгээр сард “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт шалгарч, 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-тай Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх ЭТТ/2013/01/25 тоот гэрээ байгуулсан байдаг.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тендерийг хүчингүй болгох тушаал гаргаж, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг “Говь повер” ХХК-д ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх “тендерийн шаардлага, гэрээний шаардлага” гэх эрх зүйн өөр ойлголтуудыг нэг мэтээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал “Эрдэнэс таван толгой” ХК нь тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон компанитай гэрээ байгуулахдаа “өөрийн үйл ажиллагааны стандарт, шаардлагадаа нийцүүлэн талбайд нэмэлт тохижилт хийлгэх нөхцөл” тохирч, тус гэрээний шаардлагын дагуу “Говь повер” ХХК-иар нэмэлт тохижилт, бүтээн байгуулалт хийлгэн онц их хэмжээний зардал заруулсны дараа гэрээгээ цуцалснаас үүдэн талуудын хооронд маргаан үүссэн байдаг. Шүүх дээр талууд Эвлэрлийн гэрээ байгуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн байдаг.

Иргэний журмаар шийдвэрлэгдсэн асуудалд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, түүний үндэслэлийн талаар... “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК гэх компаниар үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг үндэслэн Д.Баярмаад эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар ялласан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Хөрөнгийн үнэлгээний төв” гэх ашгийн төлөө хуулийн этгээдийн гаргасан дүгнэлт нь хууль зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх заалтын дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй баримт болох нь дараах байдлаар тогтоогдсон.

Д.Баярмаа, “Говь повер” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин шинжээч томилсон ба ийнхүү шинжээч томилсон тогтоолоо танилцуулалгүй, Д.Баярмаад хуулиар олгосон шинжээчээс татгалзах, шинжээчид асуулт тавих, шинжилгээ хийх ажиллагаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг “дахин шинжлүүлсэн” нь ШШТХ-ийн 19, 20 дугаар зүйл, заалтыг зөрчсөн.

Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон боловч тэрээр “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гэх баримтаар ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтийн “үнэн зөв, үндэслэлтэй” эсэхэд дүгнэлт өгсөн нь ШШТХ, Эрүүгийн байцаан шийтгэх хууулийн 85 дугаар зүйл, заалтыг зөрчсөн.

Н.Зориг, Д.Соёлмаа нарыг шинжээчээр томилсон боловч бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл хууль сануулагдсан Н.Зоригт бус хууль сануулагдаагүй Э.Төгөлдөр гэх, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд Тайлан гаргасан. Тайлан нь зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор тогтоол гаргасан байхад зардлын үнэ, блансын үнэ гэх үнийг гаргасан, ийнхүү үнэлгээг хийхдээ эх сурвалжгүй, тоо тооцооллын алдаа, зөрчилтэй гэх мэт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлагыг илт зөрчсөн тул “үнэн зөв, үндэслэлтэй эсэх” нь туйлын эргэлзэж байна. Тухайлбал дээрх тогтоолыг эх сурвалж болгоход маргаан бүхий газрын суурь буюу жишиг үнэлгээ 1 м.кв нь 8000 төгрөгөөр үнэлэгдэхээр байхад 2008 оны байдлаар 630 гэж үнэлээд байгаа нь үндэслэлгүй.

Ийнхүү яллагчийн яллагааны гол үндэслэл болж байсан дээрх “дүгнэлт” гэх баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эрх зүйн боломжгүй болж, яллагч энэхүү баримтыг яллах үндэслэлээсээ хасч ялласан. Гэтэл шүүх эргэлзээгүйгээр нотлогдож буй “Говь повер” ХХК-иас “Эрдэнэс таван толгой” ХК-д эд хөрөнгө буюу өмч, талбай шилжсэн, тэдгээрийг уг ХК үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн үйл баримтыг үл харгалзан, иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэний хариуцагчаар татагдсан этгээдээс ч бус Д.Баярмааг 5,535,164,509 төгрөг завшсан хэмээн дүгнэж, түүнээс 2,767,582,254 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

“Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийг АТГ-аас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Үнэлгээний тайлан гэхийг үндэслэн удаа дараа албан бичиг илгээх, удирдлагаас нь зөвхөн энэ зорилгоор мэдүүлэг авах гэх мэт илт шахалт үзүүлэх замаар иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргуулсан. Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 180 дугаар зүйлийн 180.1 дэх заалтыг тус тус зөрчин шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан, эсхүл тодорхой зорилго агуулсан байдлаар явагдсан гэж дүгнэхэд хүргээд байгаа юм.

Анхан шатны шүүх “Говь повер” ХХК-ийн “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлсэн хөрөнгийг шийдвэрлэлгүй орхиж, тус компанийг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримт, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тайлбараар тэдний хооронд шилжсэн эд хөрөнгө, мөнгөтэй холбоотой шаардлага бүхий иргэний хэрэг иргэний журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа атал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь заалтаар тогтоосон журмыг үл харгалзан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эд хөрөнгө, мөнгийг аль ч байдлаар итгэмжлэн хариуцаагүй Д.Баярмааг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, төрийн албан тушаал эрхэлдэггүй байтал Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Баярмаад холбогдох хэргийг “гэмт хэрэгт оролцсон болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийг ахлах хуульч Ш.Бадмаараг, хуульч Т.Төгсбаяр нарт гүйцэтгэх захирлын олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцсон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байдаг.

2. Тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Бадмаараг нь Эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Т.Төгсбаяр уг гэрээнд гарын үсэг зурсан нь иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, Ш.Бадмаарагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба эвлэрлийн гэрээг гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд тухайн иргэний хэргийн талаар гүйцэтгэх захирлын өгч байсан тайлбарт нийцүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Эвлэрлийн гэрээ байгуулах санал түүнийг байгуулсан үйл явцын талаар иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой тусгагдсан бөгөөд Т.Төгсбаярын “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцан ажиллаж байсан хуульч нь Ш.Бадмаараг байсан. Ш.Бадмаарагийг амралттай байх үед миний бие иргэний хэргийн холбогдох зарим нэгэн материалыг шүүхэд өгөхөөс өөр үйл ажиллагаа хийгээгүй, тиймээс хэргийн талаар бүрэн мэдээлэл надад байгаагүй. Энэ хэрэг нь миний хариуцсан хэрэг биш, хэргийн талаар тодорхой мэдээлэл байгаагүй учир би шүүх хуралдааны явцад нэг ч тайлбар хийгээгүй. Харин иргэний хэргийг хариуцаж байсан хуульч Ш.Бадмаараг компаниа төлөөлөн бүх асуудлаар тайлбар хийж, компанийн тайлбар гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч алданги, олох ёстой байсан орлогоосоо татгалзаж, хуульч Ш.Бадмаараг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүтнэлтэд үндэслэн тайлбар гаргаснаар шүүгч эвлэрэх боломжтой юм байна гээд хуралд оролцож байсан бидний итгэмжлэлийг шалгаад эвлэрэх асуудлаар санал солилц гэсэн” гэж тайлбарлаж мэдүүлж байгаа нь уг иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Ш.Бадмаарагийн мэдүүлгээр батлагдаж байгаа.

Иргэний хэргийн хянан шнйдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн ажиллаж байсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хуульч Т.Төгсбаяр, Ш.Бадмаараг нарт “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, хэргийг компанидаа хэрхэн ашигтай шийдвэрлүүлэх асуудлаар өөрсдийн дотоод итгэлд үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулсан, түүнд гарын үсэг зурсаныг нь буруутгах үндэслэлгүй юм.

Энэ эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх Эвлэрлийн гэрээний үндсэн дээр “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлсэн гаалийн хяналтын бүсийн эд хөрөнгө, талбайг ашигласнаар тус компанид 3 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарсан болох нь тогтоогдсон.

3. Т.Төгсбаярыг буруутгаж буй хууль зүйн үндэслэлийн талаар, Шүүгдэгч нарын хэргийг нийлмэл гэмт хэрэгт тооцсон үндэслэлийн талаар, Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150, 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ялласныг тэднийг нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэгт буруутгасан гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150, 263 дугаар зүйлийн диспозицид тухайн гэмт хэргүүдийг материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэргийн тухайд хэргийн зүйлчлэл хийхдээ зүйлчилж буй гэмт хэрэг тус бүр нь материаллаг бүрэлдэхүүнтэй байж болохгүй бөгөөд энэ нь “шалтгаант холбоо”-ны онолыг үгүйсгэхэд хүргэдэг.

Хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирол нь “албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан”-ы улмаас уу, эсхүл “бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн”-ий улмаас уу гэдгийн аль нэг нь байж, тухайн үйлдэл түүний эцэст учирсан хохирлын шалтгаант холбоо тогтоогдох учиртай.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэг удаагийн үйлдлийн улмаас учирсан хохирлын асуудал яригддаг бөгөөд анхан шатны шүүх үүнийг нь 5,535,164,509 төгрөг гэж тодорхойлсон.

Улсын яллагч болон анхан шатны шүүх энэхүү хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн аль алинд хамааруулан үзсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтад нийцээгүй гэж үзэж байна.

Т.Төгсбаярыг энэ хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцогчийн хоёр өөр төрөлд хамаарах хуулийн зохицуулалтыг давхардуулан хэрэглэж тэдгээрийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн... Т.Төгсбаярын үйлдэл нь “Эрдэнэс таван толгой” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх тохиолдолд ийнхүү оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасан хамтран оролцогчдын ямар төрөлд хамаарч байгааг тодорхойлсон болохыг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоосон нэг ч нотлох баримт байгаагүй.

Хамжигч нь гэмт хэрэг үйлдэхэд “гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урьдаас мэдэж шалгасан” байдгаараа гэмт хэрэгт хамаарагсдаас ялгагдаж байдаг тул гэмт хэрэг үйлдэхэд “хамжигчаар” хамтран оролцогчийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлпйн 36.3 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг”-т хамаарах учиртай. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нь зөвхөн гэмт хэргийн “гүйцэтгэгч” гэж үзэж байгаа этгээдүүдэд хамаарна. Улсын яллагч гэмт хэрэгт “хамжигч”-ийг хамтран оролцогчийн төрөлд хамаарахгүй хамтран оролцогчийн хэлбэр хамаарах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэн Т.Төгсбаярыг буруутгасан байхад анхан шатны шүүх энэ алдааг нь засалгүйгээр түүнийг хүлээн зөвшөөрсөн нь “шийтгэх тогтоол хууль ёсны байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Т.Төгсбаяр нь энэ хэргийн зохион байгуулагч гэх Г.Дэнзэн, хэргийг гүйцэтгэсэн Я.Батсуурь нарт “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн ажиллагаанд оролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан туслах асуудлаар тэдэнд урьдчилан амалсан, тэднийг буруутгаж буй гэмт хэргийг үйлдэх асуудлаар санаа зорилгоо нэгтгэсэн эсэхийг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй.

Улсын яллагч энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд нэмэлт тайлбар хийхдээ Төгсбаярт холбогдох үйлдэл, холбогдлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаар ямар нэгэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурьдаагүй.

4. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллаж байгаа үндэслэлийн тухайд..., Г.Дэнзэнгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хуулиар хүлээлгэсэн чиг үүрэг нь түүний “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний эрх, үүрэгт хамааралгүй, тэрээр тус компанийн үйл ажиллагаанд оролцохдоо төрийн албаны чиг үүргийн хувиар оролцож байсныг болон “Говь повер” ХХК-ийг “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах тендерт албан тушаалын нэр нөлөөг хэрхэн ямар байдлаар ашигласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдоогүй.

Хэрэгт буруутгагдаж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нь Г.Дэнзэнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хувиар бус харин өөрийн удирдаж буй компанийн ТУЗ-ийн гишүүн, даргын хувиар компанийн асуудлаар харилцаж, хамтран ажиллаж байснаа, Г.Дэнзэн ч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, даргын хувиар түүнтэй харилцдаг тухайгаа тодорхой мэдүүлсэн. Хэргийн материалд тэдний энэ мэдүүлгийг үгүйсгэсэн баримт байхгүй. Албан тушаалын гэмт хэрэг нь бланкет диспозицитой бөгөөд тухайн төрийн албан тушаалтан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрхэн хууль бусаар ашигласан байх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдгийг шүүх зөв тодорхойлж чадаагүй. “Эрдэнэс таван толгой” ХК нь хэдийгээр төрийн өмчит хуулийн этгээд боловч бүхий л үйл ажиллагаа нь Компаний тухай хуулиар зохицуулагдах бөгөөд тус компанийн ТУЗ гишүүн, даргын үйл ажиллагаа Компаний тухай хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Шүүгдэгч нарыг “Говь повер” ХХК-тай холбоотой асуудлаар буруутгаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх шинж байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Төгсбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

1. Иргэний нэхэмжлэгч “Говь повер” ХХК-д холбогдуулан дараах шаардлага бүхий иргэний нэхэмжлэл гаргажээ.

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Говь повер” ХХК-д төлсөн 5,328,916,262 төгрөгийг “Говь повер” ХХК-иас буцаан гаргуулах.

- “Говь повер” ХХК-ийн “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлсэн гаалийн хяналтын талбай, гаалийн хяналтын талбайд байсан эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэх.

- Ашиглагдахгүй байгаа газар, эд хөрөнгө, барилга байгууламжийг харуул хамгаалалтын байгууллагаар хамгаалуулсны зардал 490,374,850 төгрөг гаргуулах.

- Алдагдсан боломжийн өртөг хэмээн зээлийн хүүд 699,767,752 төгрөг гаргуулах.

- Улсын тэмдэгтийн хураамж гаргуулах.

Гэтэл шүүх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээнээс илүү мөнгө гаргуулахаар, хариуцагч биш этгээд буюу Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас дээрх мөнгийг гаргуулахаар, “Говь повер” ХХК-ийн “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлсэн гаалийн хяналтын талбай, гаалийн хяналтын талбайд байсан эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээр шийдвэрлэсэн.

2. “Эрдэнэс таван толгой” ХК нь хохироогүй. Хэрэгт авагдсан баримтаар “Говь повер” ХХК нь гаалийн хяналтын талбай, уг талбайн эд хөрөнгүүдийг “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлсэн, тухайн эд хөрөнгүүд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд одоог хүртэл бүртгэлтэй байгаа нь нотлогддог. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс таван толгой” ХК тухайн эд хөрөнгийг шилжүүлж аваад нийт 3 жил 1 улирлын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд “Эрдэнэс таван толгой” ХК нь тэдгээрийг өөрийн үйл ажиллагаандаа тогтмол ашигласан. “Говь повер” ХХК-ийн шилжүүлсэн эд хөрөнгө өмчлөгчийн буюу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эд хөрөнгөтэй холилдсон, салган авах боломжгүй болсон. “Эрдэнэс таван толгой” ХК нь шилжүүлэн авсан хөрөнгийн үр шимийг нь хүртэж ашиг олсоор байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог.

3. “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” гэрээг хууль ёсны дагуу байгуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой маргаан одоог хүртэл иргэний журмаар хэлэлцэгдэж байна.

“Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК дээрх гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар /алдагдал, хохирол, аливаа хариуцлага/-ыг арилгуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэгчийн шаардлага нь талуудын гэрээний харилцаанаас үүссэн, иргэний журмаар хэлэлцэгдэж буй маргаан юм.

Хэдийгээр талуудын эвлэрлийг баталсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар захирамж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас “үндэслэлгүйгээр” хүчингүй болсон ч энэ нь тухайн захирамж “хууль бус” гэсэн үг биш юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаан, талуудын хэрэгжүүлсэн эрх, үүрэг зэрэг нь хууль ёсны дагуу явагдсан байтал түүнийг үл харгалзан асуудлыг эрүүгийн журмаар, эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой. Тухайлбал, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож буй эсэх, тайлбар нь үндэслэлтэй эсэх, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх, тэдгээр нь нотлогдож буй эсэхийг харгалзан хэрвээ нотлогдохгүй байвал, эргэлзээтэй бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зарчимтай ба үүнийг шүүх баримталж хэрэгжүүлсэнгүй. Хариуцагчийн тайлбар, нэхэмжлэлийн татгалзлаа нотлох баримтуудыг ялангуяа шилжүүлсэн эд хөрөнгийн үнэлгээ болон түүний зөрүү, тэдгээрийн үндэслэлийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэг, “АТЕН” ХХК-ийн П.Болормаа нарын мэдүүлэг, эд хөрөнгө шилжүүлэн авсан, ашигласан, мөн “Эрдэнэс таван толгой” ХК нь шилжүүлэн авсан эд хөрөнгийг ашигласан, орлого олж, ашигтай ажилласан талаарх гэрч Ш.Баярхүү, Д.Алтанцог нарын мэдүүлгийг үнэлээгүй.

“Говь повер” ХХК-ийн зүгээс Гаалийн хяналтын талбай, бусад эд хөрөнгийг өгөхдөө шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар шилжүүлсэн, хөрөнгийг талуудын төлөөлөгч нар албан ёсоор хүлээлгэн өгч, хүлээн авсан атал тус үйл баримтыг нотолсон баримтууд, тэр дундаа гэрч нарын мэдүүлгийг харгалзан үзэж, хуульд заасан журмын дагуу үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр “Эрдэнэс таван толгой” ХК-д хохирол учраагүй, харин ч ашигтай ажилласан тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Ялтан Г.Түмэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

 

Ялтан Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Бадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Батсүхийн давж заалдах гомдол болон түүний гаргаж буй тайлбар, хүсэлтийг дэмжиж оролцож байгаа тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэлэлцэгдэж буй давж заалдах гомдлууд, түүнтэй холбоотой гаргаж буй тайлбарууд бүгд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг 5 хоногийн хугацаанд яригдаж, хэлэлцэгдсэн. Иргэний хэргийн маргааныг шүүхийн журмаар хэлэлцэгдэж байхад ямар нэгэн байдлаар эрүүгийн журмаар хүчээр шалгаж, ял шийтгэл оногдууллаа гэсэн зүйл яригдаж байна. Иргэний хэргийн маргаан нь өөрөө хууль бус гэрээ, хэлцлээс үүсэлтэй буюу “Эрдэнэс таван толгой” ХК, “Говь повер” ХХК-ийг сонгон шалгаруулж 17,7 тэрбум төгрөгийн гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээний хууль зүйн үндэслэл дээр бид гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж шалгасан. Замын-Үүдийн чөлөөт бүсэд 150 тоннын пүү нийлүүлэх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажилаж байх үедээ албан тушаалын байдлаа хувьдаа ашиг олох зорилгоор урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны тушаалаар Г.Дэнзэнг тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдон Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонны автопүү нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны даргаар орж ажиллахдаа өөрийн хамааралтай компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Шүүх хэрэгт энэ талаар авагдсан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Нэг талаас “Эй Ай Ди Би” ХХК гүйцэтгэгч, нөгөө талаас тэргүүн шадар сайд захиалагч боловч Г.Дэнзэн тэргүүн шадар сайдыг төлөөлж захиалагчийн хувьд гэрээ байгуулж, хөрөнгүүдийг шийдэж байгаа атлаа гүйцэтгэгч “Эй Ай Ди Би” ХХК-ийн нэрээр өөрийн захиалж гардан гүйцэтгэж Энхболдод ямар ажил хийх талаар зааварчилгаа, чиглэлүүдийг өгөөд, ямар хөрөнгийг хаанаас, яаж байгуулах, улсын комисс нь яаж хүлээж авах вэ гэдэг талаар өөрийн гараар бичиж өгч байсан гэдэг нь гар бичмэл болон шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар нотлогдсон. “Эй Ай Ди Би” ХХК-ийг Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаа, Энхболд нарын үүсгэн байгуулсан компани гэдэг нь Улсын бүртгэл дэх мэдээллүүд, Энхболд нарын мэдүүлгээр тогтоогдог...

“Говь повер” ХХК-тай холбоотой үйлдлийн тухайд: “Говь повер” ХХК нь яагаад тендерт шалгарсан бэ, энэ компанид хувийн оролцоотой гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж, илэрсэн. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн цаасан суурьтай баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. Хууль тогтоомжоор энэ нь хүчин төгөлдөр баримт юм” гэж тайлбарлаж байгаа боловч энэ цаасан суурьтай, хүчин төгөлдөр байх ёстой, хууль ёсны дагуу архивт хадгалагдаж байх ёстой баримтыг тэр чигээр нь сольсон үйлдэл мөрдөн байцаалтаар хангалттай тогтоогдсон. “Эрдэнэс таван толгой” ХК тендер сонгон шалгаруулалт зарлах үедээ тодорхой тооны нотлох баримт, бичиг баримтыг тендерийн шаардлагаар авсан. “Эрдэнэс таван толгой” ХК-д гаргаж өгсөн тендерийн бичиг баримтуудыг харахаар 222 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн байдаг. 222 дугаартай нотариатаар батлуулсан тэмдэгтэй баримтыг үзэхэд Энхбадрал гэх нотариатчийн үйлдэл байсан бөгөөд үнэхээр нотариатч Энхбадрал энэ баримтыг баталсан уу гэдгийг шалгахад өөрийн нотариатын бүртгэлд бүртгээгүй нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цаасан суурьтай “жинхэнэ” байх ёстой гэж буй архивт хадгалагдаж байгаа баримтыг эх хувиар нь авч үзэхээр 80 дугаартай нотариатын бүртгэл хийгдсэн байдаг. Тэр гэрээ Ч.Уянга, Д.Баярхүү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж “Говь повер” ХХК-ийг шилжүүлж авсан баримт харагдана. Ч.Уянгатай холбоотой баримтан дээр дарагдсан 80 дугаартай нотариатч Энхээг шалгаж үзэхээр гарын үсэг, тэмдэг нь хуурамч байсан бөгөөд нотариатч Энхээ нь тухайн цаг хугацаанд ийм үйлдэл хийгээгүй байна гэдэг нь үзлэгийн тэмдэглэлээр хангалттай нотлогдсон. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2011 оноос хойш архивын баримт гэх бүх цаасан суурьтай баримтуудыг скайнердаж цахим хэлбэрт оруулан шилжүүлж байх үед 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл программ дахь бүртгэлүүдийг хийхдээ “Говь повер” ХХК-н хувийн хэргүүдийг цаасан суурьтай байхад бүгдийг скайнердаж оруулаад хадгалсан байдаг. Цаасан суурьтай баримтуудыг скайнердаж оруулсан баримт хоёрыг тулгаж үзэхээр Гэрэлхүүгийн Уянга, Чулуунбаатарын Уянга гэсэн хоёр зөрүүтэй баримт олддог. Цахим баримтыг хэн, яаж оруулсан бэ, Г.Уянгатай холбоотой баримт хаана байсан бэ гээд шалгахаар тухайн үед гэрээгээр ажиллаж байсан ажилтан “тухайн үед надад архиваас авчирч өгсөн баримт ийм л байсан. Байсан баримтыг би скайнердаж оруулсан. Оруулсан баримт нь хадгалаатай байна. Үүнд ямар нэг өөрчлөлт оруулах, устгах ямар ч боломжгүй. Зөвхөн баримтыг харах байдлаар дуудаж харах боломжтой” гэсэн тайлбарыг өгсөн. Скайнердаж оруулж байх үед баримт солигдоогүй байсан байна. Энэ баримтан дээр буй Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгын иргэний үнэмлэх, гэрээн дээрх овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл, гарын үсэг байсан яагаад байсан бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Түүнээс хуульд зааснаар заавал одоо байгаа цаасан баримт үнэн юм гэж гэмт хэрэг үйлдэгдсний дараа бүрдсэн хуурамч баримтуудыг үндэслэн хэргийг шийдэх ёстой гэсэн байдлаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

“Эрдэнэс таван толгой” ХК нь нүүрс олборлож, ашиг олдог төрийн өмчит аж ахуй нэгж юм. 2012 онд нүүрсний тээвэрлэлтийн ажиллагаа явуулахдаа мөн тендер сонгон шалгаруулалт зарлаж ажлын шаардлага хангаж чадах, чадвартай компанийг сонгон шалгаруулна гэсэн зар тавьж, үүнийхээ дагуу “Алтанговь транс” ХХК-тай гаалийн бүсийн үйлчилгээ үзүүлэх түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. 2012 оны үйл ажиллагаа буюу 1 жилийн хугацаанд хийсэн гэрээ дуусах үед 2013 онд хийгдэх ажилдаа дахин сонгон шалгаруулалт хуульд зааснаар явуулахын тулд Үнэлгээний хорооны гишүүд байгуулсан. Батсуурь захирлын гарын үсгээр байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүд тендер сонгон шалгаруулалт зарлаад 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр тендерийг нээнэ гэж зар тавьсан. Гэтэл 1 дүгээр сарын 8-ны өдөр нээх гэж буй тендерээс нэг хоногийн өмнө ажил тарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр Г.Дэнзэн 9911-тэй дугаараас Батцоож гэх улсын бүртгэлийн ахлах бүртгэгч рүү яриад “Тендерт орох гэж байгаа компани юм. Өнөөдөр яаралтай бүртгэх шаардлагатай байна” гэж хэлсэн учир энэ бүртгэл, өөрчлөлтийг хийсэн юм гэсэн мэдүүлэг өгсөн нь бусад баримтуудаар давхар нотлогддог. Тендерийн урд орой “Говь повер” ХХК-ийг худалдаж авсан асуудал яригддаг. Ингээд 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл “Говь повер” ХХК нь 2-3 эзэмшигчийг дамжиж байхдаа гаалийн үйлчилгээ үзүүлж байгаагүй, дорвитой ашиг олоогүй, алдагдалтай байсан тул заръя гэдэг бодолтой байтал Баярмаа худалдаж авахаар зарим төлбөрөө төлж, заримыг нь зээл хэлбэрээр шилжүүлж авсан гэдэг. 1 дүгээр сарын 8-ны өдөр нээгдэх гэж буй тендер, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохын тулд Үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн байгуулсан гэж прокурорын зүгээс буруутгаж байгаа бөгөөд шүүхээс дээрх баримтуудад дүгнэлт хийгээд үндэслэлтэй байна гэж үзсэн. Үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн байгуулахдаа Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүүг томилсон байсан. Г.Түмэнхүү нь Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаатай хамтран амьдрагч юм. Мөрдөн байцаалтын шатанд Г.Түмэнхүү “Г.Улзмаа бид хоёр тодорхой хугацаанд хамт амьдарч байсан. Миний эхнэр болох хүн” гэж хэлж байсан атлаа өнөөдөр “огт танихгүй” гэж ярьж байгаа нь өөр бусад баримтаар нотлогддоггүй. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүү томилогдоод тендерийн сонгон шалгаруулалт, явуулах журам, тавих шаардлагыг хийж гүйцэтгэсэн... “Говь повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах ажлыг Г.Түмэнхүү гардаж гүйцэтгэсэн. Энэ нь Үнэлгээний хороонд орж ажилласан хүмүүсийн үнэлгээ хийсэн баримтуудаас харагддаг...

Ялтан Д.Баярмаа “ямар нэг гаалийн үйлчилгээ үзүүлж байгаагүй. Өөр бизнес хийж байгаад 1 дүгээр сарын 7-ны өдөр худалдаж авсан юм” гэж хэлж байгаа боловч тендер шалгаруулах үйл ажиллагааны үед шаардлага хангах боловсон хүчин, тоног төхөөрөмж, гаалийн талбай огт байгаагүй. Иймд “Говь повер” ХХК-ийг хууль бусаар буюу шаардлага хангахгүй компанийг сонгон шалгаруулж, давуу байдал олгож энэ гэрээ хэлцлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийсний улмаас энэ бүх үр дагаврууд үүссэн. Нөгөө талаар яагаад шаардлага хангаагүй компанид давуу байдал олгосон бэ гэдгийг харахад урьд нь гэрээтэй ажиллаж байсан “Алтанговь транс” ХХК-тай үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа “манай шаардлага хангасан компанид танайх үйлчилгээ үзүүл. Үзүүлсэн үйлчилгээний чинь төлбөрийг цаг тухайд нь тооцоогоо хийнэ” гэсэн гэрээ хэлцлээр ажиллаж байсан байдаг. Гэтэл “Говь повер” ХХК-тай хийсэн гэрээнд “Гэрээ хэлцэл байгуулна. Байгуулах үедээ урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ” гэсэн давуу байдал олгож гэрээ хийсэн байсан. Үүний дагуу гэрээ байгуулагдмагц 700,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжсэн байсан. Энэ 700,000,000 төгрөгөөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээний талбайг засах, тоног төхөөрөмж авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Ямар ч гаалийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаагүй “Говь повер” ХХК шалгарахаар “Алтанговь транс” ХХК Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаж шүүхийн журмаар маргаан шийдэгдэж байх явцад “ер нь танай компанитай байгуулсан гэрээгээ сунгая. 420,000 тонн нүүрс дахин танайхаар гаалийн үйлчилгээ авъя. Нэхэмжлэлээсээ татгалзаач гэж Я.Батсуурь захирал өөрөө эвлэрлийн гэрээ байгуулаад тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй болгож, эвлэрлийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн нөхцөл байдал байгаа. Би энэ үйл ажиллагаанд оролцоогүй, надад мэдэгдээгүй, сонирхлын зөрчилтэй зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй байсан юм гэж байгаа нь өөр бусад үйл баримтаар няцаагдаж байна... “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2013 оны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу “Говь повер” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 225 дугаартай тогтоол гаргасан. Энэ тогтоол “Эрдэнэс таван толгой” ХК-ийг ашигтай ажиллуулах, “Чалко”-гийн өрийг төлөх зэрэгт ашигтай байх хувилбарыг сонго, гүний гаалийг байгуул, уурхайн аман дээрээс шууд нүүрсийг нийлүүлэгч компанид нийлүүлэх нөхцөл байдлаар гэрээ байгуул гэсэн. Энэ тогтоолыг үндэслэж гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Говь повер” ХХК-д өгсөн байдаг... Гэтэл энэ гэрээ цуцалсантай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь маргаан үүсгэж байна. Нэгэнт хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан болохоос ямар нэгэн гаалийн хяналтын талбайн үйлчилгээ барьж байгуулаад, ашиглалтад оруулаад, түүнийг нь хүлээж авах тендер сонгон шалгаруулалт, тийм гэрээ хэлцэл “Говь повер” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хооронд байгуулагдаагүй. Зөвхөн үйлчилгээ авч, авсан үйлчилгээнийхээ төлбөрийг төлөөд, үйлчилгээ үзүүлж байгаад давагдашгүй хүчин зүйл болон бусад хүчин зүйлээр цуцлагдсан тохиолдолд авсан үйлчилгээний төлбөрийг төлж, гэрээ цуцлагдана гэсэн гэрээ хэлцэлтэй байсан боловч “танай компанитай гэрээ байгуулж ажилласнаас болж манайд хохирол учирлаа” гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлэе, энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм гэж Я.Батсуурь захирал гомдолдоо хэлж байна. Буруудах болохоор “би үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй буюу “Говь повер” ХХК-тай холбоотой гэж мэдээгүй юм” гэж тайлбарлаад гэрээг цуцлаад төлбөр шилжүүлэх болохоор мэдээд “ашиг сонирхлын зөрчилтэй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлүүлэхгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх гэж шүүхэд шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Шүүхэд шилжүүлсний дараа шүүхээр энэ гэм буруугийн асуудлыг, энэ гэрээнээс үүдэлтэй гэм хорыг төлөх эсэх, гэрээ байгуулагдсан нь үндэслэлтэй эсэх, нэхэмжилж буй зүйл нь хэдэн төгрөгийн хохирол байх ёстой вэ гэдгийг шийдвэрлүүлэхээр өгсөн гэж байгаа боловч шүүхээр энэ маргааныг шийдвэрлүүлээгүй. Шүүхэд итгэмжлэлээр томилсон хоёр хуульчдаа эвлэрэх үүргийг өгсөн. Учир нь энэ үүргийг гүйцэтгэсэн хуульчид “Бид тухайн цаг хугацаанд удирдлагатаа танилцуулж байсан. Одоо шууд Г.Дэнзэн байсан юм, Я.Батсуурь байсан юм гэж хэлэхгүй ч тухайн нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь танилцуулж байсан. Удирдлагаас далайлган сүрдүүлэхгүйгээр асуудлыг хандаж, хохиролгүй шийдвэрлээрэй гэсэн чиглэл өгсөн учир бид эвлэрсэн юм” гэж тайлбарладаг. Иймд хууль бус эвлэрлийн гэрээ хэлцлийг байгууллуулсан гэж буруутгаж ялласан. “Эрдэнэс таван толгой” ХК 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулаад 700,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгөөд, шүүхийн журмаар асуудлыг хэлэлцүүлж 12 дугаар сар хүртэл явахдаа “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн талбайд нүүрс буулгаад, тээвэрлэсэн нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалт бий. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад цугларсан баримтуудаар, тэдгээр нотлох баримтуудад шүүх тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлж, хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нямбай, бүрэн гүйцэд дүгнэж 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 104 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 150 тонны даацтай автопүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэрээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135,292,300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүнг өсгөж 199,792,300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан, уг санхүүжилтыг “Эн Ай Ди Би” ХХК-аар дамжуулан хүлээн авч, 62,676,000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй автопүүг Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137,116,300 төгрөгийн онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан болох нь:

- Г.Дэнзэнг Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр томилсон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар тушаал /20-р хх-70/,

- Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Г.Дэнзэнг томилсон 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 дүгээр тушаал /28-р хх-143/,

- Г.Дэнзэнгийн Н.Энхболдтой байгуулсан Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн автопүүг худалдан авах, суурилуулах тухай 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 135,292,300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 199,792,300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ /28-р хх-27-29, 33-34/,

- Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хадгалагдаж буй Замын-Үүд чөлөөт бүсэд суурьлагдсан 150 тонны авто хэмжилтийн пүүний худалдан авалттай холбоотой бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /28-р хх-182-250, 29-р хх-1-19/,

- “Эн Ай Ди Би” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх улсын бүртгэлийн баримтууд /32-р хх-222-239/,

- гэрч Н.Энхболдын: “... Намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн 5 дугаар ангид суралцаж байхад Дэнзэн манай ангид орж ирснээр бид анх танилцсан. Ингээд 8 дугаар ангиа төгсөх жил Дэнзэн Замын-Үүд сум руу шилжсэн... 2004 онд МУИС-ын Математикийн ангид элсэн ороход Дэнзэн манай дээд курсэд суралцаж байсан ба 4 дүгээр курсэд орох жил лаборант багш болчихсон байсан. Төгсөх жил байсан учир хоорондоо багш, шавийн харилцаа үүсгэсэн. 2008 онд сургуулиа төгссөн. Хэсэг хугацааны дараа Дэнзэн надтай холбогдож Ардчилсан намд ажиллах санал тавьж, улмаар би улс төрийн бодлогын хэлтсийн ажилтнаар ажилласан. Энэ үеэс л Дэнзэнтэй харилцаж, холбогдож эхэлсэн. 2009 оны эхээр Дэнзэн хамтарсан компани байгуулах  санал тавьсан. Дэнзэн хэлэхдээ “би эгч Улзмаагийн нэр дээр компани байгуулах гэсэн юм” гэж байсан. Ингээд Дэнзэнгийн хэлсний дагуу би 35 хувь, эгч Улзмаа нь 65 хувь эзэмшихээр болж, Дэнзэнгийн бэлдсэн материалыг авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт түүний хэлсэн хүнд аваачиж өгсөн. Хэсэг хугацааны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас яриад би компаний гэрчилгээг авч, улмаар тамга, тэмдгийг нь захиалсан. Миний хувьд тус компанийг үүсгэн байгуулахад нь ямар нэгэн хувь, хөрөнгө мөнгө гаргаагүй. “Эн Ай Ди Би” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулаад бүтэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 2010 онд Дэнзэн намайг дуудаж, тендерт орох болсон гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авсан... Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Би Дэнзэнгийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудаар явж автопүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд өгсөн. Тухайн үед компанийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Дэнзэнгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Дэнзэнгийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Дэнзэн өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд автопүүг БНХАУ-аас захиж авсан бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурилуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Дэнзэнгийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Дэнзэнд хэлж, түүний сонгосон компаниас худалдан авалт хийдэг. Үндсэндээ Дэнзэнгийн гарын үзүүрт нь явж тус компанийн үйл ажиллагааг явуулж байсан. Миний хувьд хөрөнгө мөнгө оруулаагүй учир ямар нэг эрх эдлэхийг санаархаагүй. Ингэж ажиллах хугацаандаа тус компаниас болон Дэнзэнгээс цалин хөлс авч байгаагүй. Харин ч бүр бараа, материалаа урдаас татахдаа аавынхаа автомашинаар үнэгүй тээвэрлэж оруулж ирж байсан удаатай. Ингээд автопүүг Дэнзэн нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгсөнөөр уг ажил дууссан... Тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөг болон валютын харилцах данстай байсан. Данснаас мөнгө гаргах эрх нь гүйцэтгэх захирлын хувьд надад байсан. Тус компаний дансны хуулгыг үндэслэн зарцуулалтын талаар яръя. Үүнд: 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 67,646,150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Дэнзэнд хүлээлгэн өгсөн. 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 112,166,920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь бэлнээр авч Дэнзэнгийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 19,979,230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь бэлнээр авч, Дэнзэнд өгсөн... Дэнзэн надад хэлэхдээ “Кристал таунд орон сууц худалдаж авах гэж байна, энэ мөнгөө тийш нь оруулна” гэж байсан. Санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс надад 20,000,000 төгрөг өгөөд “чи дансандаа хадгалчих” гэхээр нь надад урамшуулал өгч байгаа юм байна гэж бодож байтал хэсэг хугацааны дараа “мөнгөө аваад ир” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “би нөгөө Кристал таун дахь байраа худалдаж авч байгаа” гэсэн... Ингээд хэсэг хугацааны дараа “наад компаниа манай ахад өг” гээд Болдбат гэж хүнд шилжүүлж авсан. Ийм л асуудал болсон...” /37-р хх-215-218, 219/,

- гэрч Х.Норовын: “... Миний бие “Эн Ай Ди Би” /NIDB/ ХХК-д ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн компани гэж ойлгож байсан. Компаний ерөнхий захирлаар нь Н.Энхболд гэж Дэнзэнгийн найз ажиллаж байсан. Ер нь бол цаасны компани буюу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани юм. Би 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Дэнзэнтэй танилцаж байсан. Тэгээд тэр 2010 онд надтай холбогдоод “чи их давгүй залуу байна, хамтарч бизнес хийе” гэсэн санал тавьсан. Ингээд хамтарч компани байгуулахаар шийдэж “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.Улзмаа, 35 хувийг миний бие эзэмшсэн. Энэ компанийг үүсгэн байгуулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хэсэг хугацааны дараа Дэнзэн “үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэхээр нь өөрийн найз Дашдаваагаас түүний үүсгэн байгуулсан “Парадайз бизнес” ХХК-ийг худалдан авч нэрийг нь “Хар-Арслан” болгож өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үйл явц өрнөж байх үеэр мөн Дэнзэн намайг дагуулж Замын-Үүд явсан. Дэнзэнгийн ярьснаар “Эн Ай Ди Би” ХХК нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд автопүү хүлээлгэн өгч байгаа, одоо хүлээлгэж өгөхөөр явж байна, чи хүлээлцэхэд тус компанийн ерөнхий менежер мэтээр оролцоод өгөөч” гэж хэлж байсан. Дэнзэн “энэ ажлыг авсан, өөр ч ажил авна, гол нь ашиг л олж байвал юу ч хийж болно” гэх утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байна. Ингээд Замын-Үүд сумын чөлөөт бүс гэх газарт нь очиход пүүний барилга гэж Дөрвөлжин хэлбэрийн байшин баригдаж байсан ба автопүү нь суурилагдаагүй, суурийг нь цутгачихсан байсан. Тэгээд Энхболд бид хоёр Дэнзэнгийн хүсэлтээр тус ажилд нь туслалцаж, барилгын ажил дуусч, пүүг суурилуулсан. Энэ үеэр пүүний мэргэжилтэн гэж хүн авчирч тохируулга хийлгэсэн. Үйл ажиллагааг Дэнзэн, Энхболд нар л удирдан зохион байгуулж байсан. Ингээд Замын-Үүдээс хэсэг хүмүүс ирж уг ажлыг хүлээж авсан. Миний хувьд Дэнзэнгийн хүсэлтийн дагуу пүүний ажил хүлээлцэх явцад “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийг хэн хэрхэн үүсгэн байгуулсан талаар нь мэдэхгүй. Гэхдээ Дэнзэн нь Энхболдод багахан хувь өгөөд өөрөө ихэнхийг нь аваад надтай адилхан компани байгуулаад явж байсан юм болов уу л гэж ойлгосон... Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг хүлээлцэх явцад ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөөгүй санагдаж байна, урьдчилан бэлдсэн зүйлүүд дээр л гарын үсэг зуруулаад байсан...” /37-р хх-211-214/,

- гэрч Н.Нацагдоржийн: “... миний хүү Энхболд нь 2010 онд тус компанид ажиллаж байх үед нь Замын-Үүд чөлөөт бүсэд очиж хийгдэж буй барилгын ажлыг нь харж, машин тэрэг хэрэг болох үед нь олж өгч хүүдээ л тус болж байсан. Манай хүү Замын-Үүдэд байнга байдаггүй байсан учир утсаар ярьж тус барилгын ажлыг очиж харж, хянахыг гуйдаг байсан... Ингээд хүүгийн хүсэлтээр автопүүний байранд ашиглах тоосго, цемент, цонх болон бүхий л барилгын материал болон автопүү зэргийг нь өөрийн автомашинаар БНХАУ-ын Эрээн хотоос хэлсэн газраас нь авчирч өгч байсан. Тухайн үедээ төлбөр мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй, миний хувьд ч төлбөр мөнгө тэднээс хараагүй, хүүгийн ажил л бүтэж байвал гэж бодож байсан. Эдийн засгийн чөлөөт бүс нь хилийн бүс учир хамаагүй нэвтрүүлдэггүй байсан тул миний нэр дээр тус компаний менежер гэсэн зөвшөөрөл авч өгөөд түүгээр нь би чөлөөт бүс рүү нэвтэрч, байдлыг нь хараад хүүд дамжуулж хэлдэг байсан...” /37-р хх-223-224/,

- гэрч Ч.Гэрэлцэцэгийн /Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч/: “... “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэргийг үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн УБОЗ маягтыг иргэн Н.Энхболдоос гаргасныг үндэслэн тус компанийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тус компанийг иргэн Галсангийн Улзмаа /ЕЭ76110283/ 65 хувь, иргэн Нацагдоржийн Энхболд /ЕЭ87022177/ 35 хувь эзэмшихээр Гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, бараа тоног төхөөрөмжийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан байна...” /37-р хх-227-229/,

- гэрч Б.Дэлгэржаргалын /Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн хэлтсийн тээвэр ложистик хариуцсан мэргэжилтэн/: “... автопүүний тендер худалдан авалтыг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулж, дээгүүрээ л бүх юм шийдэгдсэн гэсэн. Төсөв мөнгө нь ч манайхаас гараагүй. Тэргүүн шадар сайдын багцаас гарсан гэсэн... 2010 оны сүүлээр Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Дэнзэн, “Эн Ай Ди Би” ХХК-ийн Норов, Энхболд нар болон бусад хүмүүс ирж пүүг манай чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн. Улсын комисст шууд Тэргүүн шадар сайдынхаа шугамаар хүлээлгэн өгсөн гэж ойлгосон. Ингээд хэсэг хугацаанд буюу 2013 оныг хүртэл тус автопүү байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авахгүй байж байгаад авсан санагдаж байна. Учир нь автопүүг барьсан компани нь бичиг баримт, гүйцэтгэлээ дутуу өгсөн гэж байсан. Ингээд л одоог хүртэл огт ашиглагдаагүй...” /37-р хх-238-239/,

- гэрч Б.Мөнхтөрийн /3амын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга/: “... Эхний пүү буюу Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус байдалд байгаа...” /37-р хх-240-243/ гэх мэдүүлгүүд,

- Стандартчилал хэмжил зүйн газрын “... Дорноговь аймгийн Замын-Үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа /зураг 1/ тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна. Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик /зураг 4/ нь загварын туршилтад хамрагдаж, Монгол Улсад ашиглах хэмжих хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор Х3190-АЗО нь хэмжих хэрэгслийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна. Энэ жинг суурилуулсан “Эн Ай Ди Би” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгслийн загварын туршилтад орж Монгол Улсын хэмжих хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй жингийн ачаалал хэмжих тензо датчик 30 т /зураг 4/, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжилийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй /зураг 2/, улсын баталгаажуулалт хийгдээгүй. Тухайн жинг ашиглалтад оруулахад нийт 19,476,776 төгрөгийн зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Эталон хэмжүүр” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов...” гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн автомашины жингийн чанар, ашиглалтын тухай №2016-002 дугаар улсын байцаагчийн дүгнэлт /41-р хх-153-158/,

- “Голден пэйж аудит” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод байрлах авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн автопүүний үнэлгээний тайлан /26-р хх-130-156/,

- шинжээч Б.Энхболдын: “... Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод байрлах 150 тонны автопүү, автопүүний барилга, холбогдох тоног төхөөрөмжид үзлэг хийж, үнэлгээний тайлан гаргасан. Үнэлгээг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тус тус гаргасан. Үнэлгээг өртгийн хандлагын бүрэн орлуулалтын өртгийг тооцох аргаар хийж гүйцэтгэсэн. Уг автопүү, барилга, холбогдох тоног төхөөрөмжүүд нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 62,676,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70,265,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Бүрэн орлуулах өртөгийг нь тухайн хугацааны зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлын зорилго нь зах зээлийн үнийн баримжааг тогтоох байсан... Замын-Үүд чөлөөт бүсийн хүрээнд импортлож байгаа аливаа бүтээгдэхүүнээс гаалийн татвар авдаггүй юм байна лээ. Тийм учраас эдгээр бараа, бүтээгдэхүүн нь татваргүй орж ирсэн учраас татварыг тооцоолоогүй. Харин автопүүнд тээвэрлэлт, суурилуулалтын зардлыг тооцсон. Мөн барилга барихад гарах бүхий л зардлыг барилгын нормативаар гарч байгаа зардал тооцогдсон байгаа. Тийм учраас нийт үнэлгээнд бүхий л зардал орж тооцогдсон...” /26-р хх-157-158/ гэх мэдүүлэг,

- “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Галсангийн Улзмаагийн аж ахуй нэгж байгууллагын гишүүний анкет, “Эн Ай Ди Би” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичвэрүүд, Н.Энхболдын ажил гэсэн гарчигтай гар бичвэрийг Г.Дэнзэн бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №5189 тоот дүгнэлт /26-р хх-126-127/,

- “Эн Ай Ди Би” ХХК-ийн 2010 оны импортын мэдээ, тайлан /28-р хх-40-41/,

- “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автопүү худалдан авахдаа анхны үнийг нэмэгдүүлэн 199.7 сая төгрөг болгосон нь Гаалийн ерөнхий газрын захиалгаар энэ онд суурилагдсан ижил төстэй пүүнээс хэт өндөр үнэтэй байна” гэх Сангийн яамны 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3-4/5830 дугаар албан бичгийн хуулбар /27-р хх-177/,

- 2010 онд 150 тонн даацтай иж бүрэн электрон автопүү нийлүүлж, суурилуулах тендерт оролцогчдоос ирүүлсэн үнийн саналын талаар Гаалийн ерөнхий газрын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/4616 дугаар албан бичгийн хуулбар /27-р хх-185/,

- Төрийн сангаас “Эн Ай Ди Би” ХХК-д 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 67,646,150 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 112,166,920 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19,979,230 төгрөгийг тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтууд, “Эн Ай Ди Би” ХХК-ийн нэхэмжлэхүүд /28-р хх-26, 32-35/,

- Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэрээр Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэст авто пүүний санхүүжилтыг шилжүүлэхийг шаардсан 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн х/499 дугаар албан бичиг /27-р хх-182/,

- Тэргүүн шадар сайдын төсвийн багц дахь хөрөнгө оруулалтын зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн талаар Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэл 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнтэй хийсэн уулзалтын үеэр Замын-Үүд дэх чөлөөт бүсэд байрлуулсан автопүү нь Гаалийн ерөнхий газрын Замын-Үүдэд угсарсан ижил төстэй пүүнээс 2 дахин үнэтэй байгааг Г.Дэнзэн “орох, гарах хоёр талын пүү учраас үнэтэй байгаа” гэж тайлбарласныг баримтжуулсан тэмдэглэл /27-р хх-183-184/,

- Г.Дэнзэнг 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр, 2009 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ахлах зөвлөхөөр тус тус томилсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалууд /20-р хх 69, 70/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд “Эн Ай Ди Би” ХХК-иас 2010 онд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн автопүү, байрт үзлэг хийсэн тэмдэглэл /37-р хх-245-246/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.  

 

2. Г.Дэнзэн нь Монгол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус компаниас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлж, нарийн бичгийн даргаар өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хааж “Говь повер” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан, улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаанд “Эрдэнэс таван толгой” ХК-аас 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэн авсан,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж, “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулан, Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч дээрх мөнгө төлөгдсөн,

Г.Дэнзэн нь төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан дээрх гэмт хэргийг зохион байгуулсан, уг гэмт хэрэгт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтгэн Г.Түмэнхүү, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нар гүйцэтгэгчээр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Г.Төгсбаяр хамжигчаар хамтран оролцсон болох нь:

 

- гэрч М.Баянжаргалантын /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч/: “... 2013 оны 1 дүгээр сарын эхээр ажил тарахын үед ахлах бүртгэгч Я.Батцоож “чи байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна, Пүрэвдорж дарга одоо хий гэж яриад байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм байна” гэж хэлсэн. Тэр компани бол “Говь повер” ХХК байсан бөгөөд хувийн хэргийг нь Батцоож татаж авчирсан билүү, эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусч, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Батцоож дөрвөн хүний хамт орж ирээд “нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд гарсан. Би тэдгээр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан... тухайн компанид шинээр Гэрэлхүүгийн Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж өөрчлөлт хийж, гэрчилгээг нь шинээр хэвлэж гаргаж өгсөн...

Үзүүлж буй цахим архиваас хэвлэж авсан “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дашдондогийг хасч, шинээр хувьцаа эзэмшигчээр Гэрэлхүүгийн Уянга, Доржпүрэвийн Баярхүү нарыг бүртгэсэн өөрчлөлтийг хийхдээ Ц.Дашдондогийн хувьцаа эзэмшигчээс хасагдах шийдвэр, Г.Уянга, Д.Баярхүү нарын шинэчилсэн дүрэм, Ц.Дашдондогоос Г.Уянга, Д.Баярхүү нарт хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэргийг үндэслэсэн байна. Энэхүү баримтуудад дарагдсан улсын бүртгэгчийн тэмдэг нь миний өөрийн тэмдэг мөн байна. Холбогдох материалууд буюу өөрчлөлт хийгдсэн компаний дүрэмд болон УБ05 маягтад хувийн тэмдгээ дарж баталгаажуулаад хувийн хэргийг хэсэг хугацааны дараа архивт өгсөн.

Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоо” гэсэн мэдээлэл гарсан. Ингээд би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Говь повер” ХХК-ийн материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан бөгөөд архивын хэлтсийн дарга Хүчитбаатар дээр орж уулзахад материал нь түүн дээр байсан. Түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар “Гэрэлхүүгийн Уянга” биш, “Чулуунбаатарын Уянга” болсон байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр дээр хэлсэнчлэн УБ05 маягт болон дүрэмд миний хувийн тэмдэг дарагдсан байх ёстой боловч өөр тэмдэг буюу Чулуунтуяа бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсан. Тэгэхээр миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. Тэгээд би мэдээллийн сангаас орж үзэхэд үүсгэн байгуулагч Г.Уянгыг Ч.Уянгаар сольж миний нэрээр баазад хадгалсан байсан. Хэрвээ архив дангаараа баримтыг сольсон тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт хийж чадахгүй. “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэл миний сейфэнд хадгалагдаж байсан. Энэ хугацаанд би хэн нэгэнд уг хувийн хэргийг огт өгөөгүй. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна. Тэгэхээр цахим архивт орсон өдрөөс хойш хугацаанд солигдсон байх магадлалтай гэж үзэж байна...” /23-р хх-75-79, 41-р хх-175-177/,

- гэрч Я.Батцоожийн /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах улсын бүртгэгч/: “... 2013 оны 1 дүгээр сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэн өөрийн 9911-тэй дугаараас залгаад “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан. Би бүртгэгч Баяржаргалтанд хандаж “нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би Дэнзэнг өөрөө ирэх юм байх гээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Дэнзэн явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би Баяржаргалантын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь Баяржаргалантын хамт харахад “Говь повер” ХХК гэж байсан. Ингээд би бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгөөрэй гэж Баяржаргалантад хэлээд явсан... 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар анх байгуулагдаж Татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба нэгдсэн юм. Энэ үед манай агентлагийг тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Г.Дэнзэн түүний зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар Дэнзэнтэй харилцах болсноор биесээ мэднэ... 2013 онд “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дэх материал солигдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэх үед анх мэдэж, дэд дарга Баттулгын хамт тус компанийн хувийн хэргийг татаж үзсэн бөгөөд уг материалыг цахим архивын материалтай тулгаж үзэхэд зөрүүтэй байсан. Тэгээд ямар ч байсан солигдож гэж мэдсэн. Хэрхэн яаж солигдсон талаар мэдэх зүйл алга...” /23-р хх-84-88/,

- гэрч Б.Батмөнхийн /Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч/: “... 2013 оны 1, 2 дугаар сард манай бүртгэлийн хяналтын газарт “Алтан говь Транс” ХХК-иас “Говь повер” ХХК-ийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт гомдол гаргасан байсан. “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг архиваас татаж авч үзэхэд хуулийн дагуу бүхий л бүрдэл нь хангагдсан байсан тул энэ талаар газрын дарга Ганзоригт танилцуулж, гомдол гаргагч “Алтан говь Транс” ХХК-д хариу өгсөн. Хариуг өгөхдөө өөр аж ахуйн нэгжийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэх байдлаар өгсөн. Ийм л асуудал болсон. Ингэж танилцахад тус компанийн үүсгэн байгуулагч Гэрэлхүүгийн Уянга гэж эмэгтэй бүртгэлтэй байсан. Ямар ч байсан хоёр үүсгэн байгуулагчтай байсан. Нөгөө үүсгэн байгуулагчийг нь тодорхой санахгүй байна...” /23-р хх-81-83/,

- гэрч Б.Чимэддоржийн /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга/: “... 2013 оны эхээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дэх компанийн хувьцаа эзэмшигч нь солигдсон гэсэн мэдээлэл гарсан. Би уг мэдээллийг шалгахад “LES” программ дахь мэдээлэл болон цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч нь хоёр өөр овогтой Уянгын нэр харагдсан...” /23-р хх-66-67/,

- гэрч Ч.Пүрэвжаргалын /Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч/: “... 2013 оны 8 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг татаж Цахим сан дахь мөн компанийн мэдээлэлтэй тулгаж үзэхэд компанийн хувь нийлүүлэгч Уянгатай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсан...” /23-р хх-69-71/,

- гэрч Г.Хүчитбаатарын /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн дарга/: “... Хуулийн архивын баримтыг цахимжуулах төсөл 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хийж эхлэн нийслэлийн хэмжээнд 2014 оны 5 дугаар сард дууссан. Энэ хугацаанд “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийн баримт нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр скайнердаж цахим санд орсон байна... Хуулийн этгээдийн бүртгэлд “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт Гэрэлхүүгийн Уянга гэхийг Чулуунбаатарын Уянга болгосон тухай хэвлэл мэдээлэлээр гарч байсан тул бүгд хувийн хэргийг үзээд Чулуунбаатарын Уянга л гэж байна шүү дээ гэсэн. Гэтэл дарга нар энэ хуулийн этгээдийн цахим бүртгэлийг харж болох уу гэхээр нь би тухайн үед цахим төслийг удирдаж байсан КОЙКА-ийн төслийн менежер Нарангэрэлийг дуудаж түүгээр цахим мэдээлэлд байсан “Говь повер” ХХК-ийн бүртгэлийг харуулахад Гэрэлхүүгийн Уянга, Д.Баярхүү гэсэн бүртгэл байсан...” /23-р хх-72-73/,

- гэрч Г.Ганаагийн /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн архивын хэлтсийн гэрээт ажилтан/: “... Миний хувьд хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас гаргаж өгсөн бүхий л хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх материалыг скайнердаж, цахимд оруулах чиг үүрэгтэй ажилладаг. Уг ажлыг 2014 оныг дуустал хийсэн. “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт хавсаргаатай байгаа Work Sheet буюу ажлын хуудаст бичигдсэн мэдээллээс харахад 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би тус компанийн хувийн хэрэг дэх материалыг скайнердаж оруулсан байна. Цахим архивын програмд хадгалагдаж байсан “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 тоот Г.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Г.Уянга /У390032401/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэрэг материалыг би скайнердаж оруулсан. Харин “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт буюу архивт биетээр хадгалаатай байгаа “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 тоот Ч.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Ч.Уянга /ЕА85072707/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэргийг би скайнердаж оруулаагүй байна. Иймд цахим архивт хадгалаатай байгаа материал нь үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр цахим архивт оруулсан материалыг засч, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн дуудаж харах л боломжтой байдаг. Харин хувийн хэрэг дэх материалыг өөрчилсөн байж магадгүй. “Говь повер” ХХК-ийн “work sheet”-ийг харахад 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 34 минутад хэвлэсэн байна. Харин 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Аззаяа скайнердахад бэлдэж, мөн өдөр би скайнерт оруулсан байна. Архиваас гаргасан хувийн хэргийг тэр дор нь скайнердахад бэлтгэж, оруулахад нилээн цаг хугацаа шаарддаг. Тийм учраас хуудас хэвлэсэн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа дараагийн дамжлагууд явж болно. Тухайлбал бүх материалыг дугаарлахад ихээхэн цаг хугацаа шаарддаг...” /23-р хх-99-102, 41-р хх-217-218/,

- гэрч С.Нарангэрэлийн /БНСУ-ын “SKC n C” компаний гэрээт ажилтан/: “... 2012 оны 8 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарыг дуустал Улсын бүртгэлийн ерөнхий газарт БНСУ-ын “SKC n С” компанийг төлөөлөн суурилагдсан тоног төхөөрөмж, программ хангамжийг зүгшрүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудыг дадлагажуулах, программ дээр гарсан алдаа, дутагдлыг БНСУ-д илгээж шийдвэрлүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Хуулийн этгээдийн аливаа хувийн хэрэг, мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн архивын материалыг цахимжуулах, мэдээлэл оруулах системийг ашиглан цахим хэлбэрт оруулдаг. Оруулсан цахим мэдээллээ харах, хайлт хийх, мэдээлэл удирдах системийг ашиглан харж, үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ системд хуулийн этгээдийн бүхий л хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагддаг.Цахим архивын программд буюу Мэдээлэл удирдах программд хадгалагдаж буй цахим мэдээллийг ямар нэгэн байдлаар устгах, өөрчлөх боломж байхгүй...” /23-р хх-131-133/,

- гэрч Ц.Дашдондогийн: “... 2013 онд Дин Сүн Жин над руу залгаж Богд-Ар хороололд дуудаж “Говь повер” ХХК-ийг бусдад зарах тухайгаа хэлсэн. Ингээд би яваад очтол тэр газар нь түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаагийн компанийн байр байсан. “Говь повер” ХХК-ийг Баярмаа худалдаж авах гэж байгаа талаар олж мэдсэн. Ингээд компанийн хувьцааг шилжүүлэх тухай шийдвэр, хувьцааг худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан тул би гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдгээ дарж байсан. Баярмаагийн ярьснаар “Говь повер” ХХК-ийг дүү Баярхүүгийн нэрэн дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг Уянга гэж хүний нэр харагдаж байсан. Яг үнэндээ Уянга гэдэг нь огт байгаагүй. Гэрээнд түүний нэр гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн. Худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсны дараа 100 айлд байрлах Хуулийн этгээдийн бүртгэлийн газар руу цуг явахаар болсон. Баярмаа хэлэхдээ “Уянга гэртээ жирэмсэн байгаа, бид нар замаараа гарын үсэг зуруулаад очно, та түрүүлээд явж бай” гэсэн. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Баярхүү ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн Уянгын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэр үед ажил тарсан байсан. 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаад “Баярмаа явууллаа” гэж Баярхүү хэлэхэд доошоо буугаад нэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн дээр улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. Би их гайхсан. Урьд нь өөрөө юм хөөцөлдөж очиход бөөн дараалал, тэгээд бүр ажлын цаг дуусчихсан байхад бүр хүлээж авахгүй байдаг байсан газар нь тэр өдөр биднийг хүлээчихсэн бэлэн байсан нь их гайхалтай санагдаж байсан.

 Надад үзүүлж буй хувьцаа эзэмшигчийн шийдвэр, худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэгтэй танилцлаа. “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Тийм учраас би гарын үсгээ шинжлүүлэх хүсэлтэй байна...” /22-р хх-242-248/,

- гэрч Дин Сүн Жин (Ding Shun Ging)-ийн /Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн/: “... 2013 оны 1 дүгээр сард Баярмаа нь манай компанийг худалдан авах гэрээ хийе гэж дуудсан. Худалдах, худалдан авах гэрээн дээр Дашдондог болон Баярмаагийн дүү Баярхүү нар гарын үсэг зурж баталгаажуулаад, нотариатаар батлуулсан. Дуудлагын нотариат ирж баталж өгсөн. Гэрээ байгуулсан даруйд Баярмаагаас 200,000,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2013 онд бага, багаар нийт 300,000,000 орчим төгрөгийг цувуулж авсан. Дараа нь 2014 онд хоёр үл хөдлөх хөрөнгө тооцож авсанаар өр, төлбөр дууссанд тооцсон. Гэрээнүүдтэй үзэж танилцлаа. Миний хувьд аль гэрээгээр нь “Говь повер” ХХК-ийг Баярмаад худалдсанаа мэдэхгүй байна. Гарын үсэг зурсанаараа Дашдондог мэдэх ёстой...” /22-р хх-233-238/,

- гэрч П.Цэрэнбатын: “... Г.Түмэнхүүтэй анх 2014 оны 3 дугаар сард тариалангийн газар худалдах зорилгоор уулзаж танилцаж байсан. Миний “Шинэ-Амжилт” ХХК нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт газар, тариалангийн зориулалттай 1830 га газар эзэмшиж, үүн дээрээ газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг юм. 2013 онд ургацын үнэ хямд байсантай холбогдуулан 2014 онд тариа тарих зардалгүй болсон тул 150 га орчим газраа зарахаар төлөвлөсөн байсан. Ингээд Дэнзэн, Түмэнхүү нартай холбогдсон. 2014 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод Монцамэ-гийн байранд байрлах өрөөнд нь орж уулзахад Дэнзэн, Түмэнхүү нар байсан. Дэнзэн нь 30 орчим насны залуу байсан бөгөөд хэвлэл мэдээллээр гарч байсан Дэнзэн гэж залуу мөн байсан. Түмэнхүү нь миний үеийн залуу байсан. Ингээд голчлон Дэнзэн ярьж байсан бөгөөд тэр хэлэхдээ “таны газрыг авч болж байна, гол нь бид тус газар дээр тариалан тарих туршлага, техник, хүн хүч байхгүй байна, тэгэхээр та газрыг чинь авсан тохиолдолд энэ чиглэлээр туслах боломжтой юу” гэдэг санал тавьсан. Миний хувьд газраа зарахын тулд эхний жил буюу 2014 онд тэдэнд өөрийн тоног төхөөрөмжийг үнэгүй ашиглуулж, хүн, хүчээ зөвхөн цалин, шатахууны зардлаа тооцож ажиллуулахаар тохирсон бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тариалангийн газар худалдах, худалдан авах гэрээг Дэнзэнтэй хамт байсан Г.Түмэнхүүтэй нь байгуулж, урьдчилгаа 60,000,000 төгрөгийг бэлнээр Монцамэ дотор Г.Түмэнхүүгээс авсан. Хэд хоногийн дараа үлдэгдэл 18,000,000 төгрөгөө бэлнээр мөн Түмэнхүүгээс авсан...” /23-р хх-169-171/,

- гэрч Х.Баатархүүгийн: “... Би найз Д.Баярхүүгийн хамт 2013 онд Өмнөговь аймагт “Грандговь суплай” ХХК-ийг гадаад дотоод худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд огт үйл ажиллагаа явуулаагүй. 2013 онд сонингоор Оюутолгой компанид шохой худалдаж авах тендер зарлагдсан байсан. Энэ тендерт зөвхөн орон нутгийн компани орохоор байсан бөгөөд Д.Баярхүү бид хамтарч уг тендерт орохоор болж тус компанийг үүсгэн байгуулж байсан. Ингээд би тендерт орох төслийг өөрийн компанийн ажилтан Адъяагаар бичүүлж, материалын хамт Д.Баярхүүд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Би ч асууж сураагүй. Г.Улзмаагийн эзэмшлийн газар дээр байрлах амины сууцанд хийсэн нэгжлэгээр хураагдсан “Грандговь суплай” ХХК-ийн Шохой болон бутласан чулуу үйлдвэрлэх төслийг үзэж танилцлаа. Адъяагаар хийлгэсэн төсөл мөн байна. Энэ төсөл яагаад Дэнзэнгийнд байсан талаар мэдэхгүй байна. Би төслийг Баярхүүд өгсөн...” /23-р хх-36-37/,

- гэрч Ч.Мөнхбаярын: “... “Ёл-Ази” ХХК-ийг 2008 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Манай компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан аливаа тендерт оролцож байгаагүй. “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Манай компанид ийм урилга ирж байгаагүй. “Ёл Ази” компани дээр гаалийн хяналтын зөвшөөрөлтэй газар байхгүй...” /22-р хх-184-186/,

- гэрч Л.Долгордуламын: “... Миний хувьд “Тахидаг хайрхан” ХХК-д 2008 онд гүйцэтгэх захирлаар ажилд орж 2014 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажилласан. Тус компани нь Өмнөговь аймагт Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. “Тахидаг Хайрхан” ХХК нь 2012 онд “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарлан явуулсан Тээврийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож шалгаран тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Үүнээс өөрөөр намайг ажиллах хугацаанд манай компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан тендерт оролцож байгаагүй. “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Энэ урилга бол манай компанид ирж байгаагүй урилга байна. Манай компани нь Цагаан хаданд гаалийн хяналтын талбай бүхий хяналтын бүстэй бөгөөд ийм урилга ирсэн бол тендерт оролцох байсан...” /22-р хх-188-189/,

- гэрч С.Ганболдын: “... Миний нэр дээр “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц”, “Хар-Арслан” зэрэг компаниуд бүртгэлтэй. Би 2011 билүү, 2012 онд эрчим хүчний чиглэлээр бизнес хийхээр шийдэж эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авахаар хайж байгаад зар дээр үзэхэд “Хар-Арслан” ХХК байсан. Ингээд “Хар-Арслан” ХХК-ийн хүүхэнтэй утсаар ярьж компанийн талаар сонирхож байгаагаа хэлээд уулзахад 35 орчим насны шар хүүхэн байсан. Тэгээд уулзаад тусгай зөвшөөрлийг нь үзэхэд эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байсан. Барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан ба хугацаа нь дууссан байсан. Тэгээд үнэ ханшаа ярихад 40,000,000 орчим төгрөг гэсэн бөгөөд нилээд үнэтэй санагдсан. Тухайн үед надад 20,000,000 орчим төгрөг байсан юм. Ингээд хамтарч ажиллах санал тавьж, танай компанийн тодорхой хувийг би эзэмшээд үйл ажиллагаа явуулъя, эзэмшдэг хувиараа тооцож орлогоо хуваая гэхэд тэр хүүхэн буюу одоогийн Улзмаа нь би гэр бүлийн хүнтэйгээ яръя гээд салсан. Ингээд 4-5 хоногийн дараа  Улзмаатай ярихад хувь нийлүүлэх саналыг зөвшөөрлөө гэсэн. Тэгээд эхэндээ 50, 50 хувь эзэмшье гэж ярьж байсан боловч менежментийг нь би удирдаж, гарах зардлыг хариуцах байсан учир 60 хувийг нь манайх авахаар болсон. Тэр үед би 20 хувь, бэр эгч Нарантуяаг хөрөнгө оруулах учир 40 хувь, Улзмаа нь 40 эзэмшихээр болсон. Ингээд би гэрээгээ хийчихээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж тус компанид хувь эзэмших болсон юм. Тухайн үед буюу тус компанийн тодорхой хувьцааг шилжүүлж авах үед Улзмаагийн нөхөр нь гээд залуу ирж гарын үсэг зурж өгч байсан. “Хар-Арслан” ХХК нь Улзмаагийн нөхрийн нэр дээр нь байсан санагдаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь миний бие ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд Өдрийн сонин дээр байсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн зарыг олж аваад, компани дээрээс нь албан бичиг явуулж, тендерийн материалыг нь худалдаж авсан. Материалтай нь танилцаж, холбогдох баримтаа бүрдүүлж тендерт оролцсон боловч шалгараагүй. “Хар-Арслан” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хаданд гаалийн хяналтын талбай байхгүй. Уг тендерт “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц” гэж компаниудаараа бас орсон. Миний хувьд тендерт орохдоо янз бүрийн буюу өндөр, бага үнийн санал хэлж орвол аль нэг нь шалгарч магадгүй гэж бодоод 3 компанийхаа нэрээр орсон боловч аль нь ч шалгараагүй...” /22-р хх-201-204/,

- гэрч Ч.Буянжаргалын: “... “Алтанговь транс” ХХК-ийг 2010 онд Ш.Адьшаа гэж хүн Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагдсанаас хойш 2011 онд “Эрдэнэс таван толгой” ХК-д Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлсэн гэдэг. Ингээд 2012 онд тус компанийг холбогдох тусгай зөвшөөрлүүдийн хамт төрсөн ах Ч.Жаргалсайханы хамт Ш.Адьшаагаас шилжүүлж авсан. Одоо тус компани нь ах Жаргалсайханы нэр дээр 1 гишүүнтэйгээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулж байна. “Эрдэнэс таван толгой” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012 онд бүтэн Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлсэн. Ингээд 2012 оны жилийн эцсээр гэрээ дуусгавар болж, тус компаниас энэ чиглэлийн үйлчилгээ авах тендерийг дахин зарласан байдаг. Манай компани нь тус тендерт оролцох сонирхолтой байсан тул зарын дагуу тендерийн материалыг худалдан авч холбогдох материалыг бэлтгэн тендерт оролцсон боловч Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр шалгараагүй. Энэ үндэслэлүүдийг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сангийн яам болон Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж “Эрдэнэс таван толгой” ХК нь тендерийг хууль бусаар зохион байгуулсан талаар гомдол гаргаж, тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс манай компанитай эвлэрэх санал тавьсан. Уг санал нь 2013 онд манай талбай дээр “Эрдэнэс таван толгой” ХК нь 450,000 тонн нүүрс буулгаж дамжин өнгөрүүлье гэсэн. Бидэнд уг нүүрсийг буулгаж, ажлын хөлс авах нь хэрэгтэй байсан тул тэдэнтэй эвлэрсэн. “Эрдэнэс таван толгой” ХК-ийг төлөөлж иргэний шүүхэд хуулийн зөвлөх Бадмаараг гэж эмэгтэй явж байсан. Харин эвлэрлийн гэрээг Я.Батсуурь нь зурсан санагдаж байна. Манай компани нь 2012 онд “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан учраас манай компани нь Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, бэлэн компани байсан гэж ойлгож болно. 2012 онд зарласан тендерт оролцох үед манай компани нь Гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрөл бүхий 14 га талбайтай, уг талбай нь эргэн тойрон хүрээлэгдсэн 6 метр өндөр төмөр хашаа, 3 ширхэг 200 тонны авто пүү, 1 ширхэг 150 тонны автопүү, тэдгээрийн байр, ажилчдын тоосгон байр, гэр байр, сендвичээр хийсэн хоолны газар, цахилгааны дэд станц, “Siemens” загварын 4 ширхэг, “liugong” загварын 4ширхэг, “Shagon” загварын 2 ширхэг, бусдаас түрээслэсэн 6 ширхэг ковеш, түлшний машин 1 ширхэг, 1 ширхэг портер, үйлчилгээний зориулалттай Ланд 80 загварын автомашин, харуулын байр, харуулын пүү, халуун ус, саун, моторын байр, хүнсний агуулах, хөлдөөгч, хөргүүр, манай талбай нь өдөрт богинийн тээврийн 200 машин, уртын тээврийн 300 машинд үйлчлэх хүчин чадалтай байсан төдийгүй ийм үйлчилгээг үзүүлж байсан. Бидний зүгээс 2012 онд “Эрдэнэс таван толгой” ХК-д үүргээ хангалттай биелүүлж өгсөн. Бид Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хаданд талбайтай учир тэр хавийн талбайнуудыг ерөнхийд нь мэднэ. Анх “Говь повер” ХХК-ийн талбай нь Гансүх гэж хүний нэр дээр байж байгаад Дин Тунгаа гэж хятад хүн худалдаж аваад Баярмаад зарсан байдаг. 2012 онд зарласан тендерт оролцох үедээ “Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын талбай нь гадуураа тойрсон жижиг хашаатай, дотроо 1 пүүтэй, худаг, харуулын байр зэрэгтэй л байсан. Өөрөөр хэлбэл шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, бэлэн бус талбайтай байсан. Тэгээд “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан тендерт хууль бусаар шалгарсаныхаа дараа талбайгаа тохижуулах ажлыг хийж эхэлсэн. Түүнээс биш анх тендерт орохдоо гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй компани байсан. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг нь би мэдэхгүй юм байна. Нэмж ярихад “Эрдэнэс таван толгой” ХК-аас манай компанийг гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ эрхийг Гаалийн ерөнхий газрын дарга олгодог бөгөөд жил бүр уг зөвшөөрлийг үндэслэн Гашуун сухайтын гаалийн газартай гэрээ байгуулдаг бөгөөд манайх гэрээ байгуулсан байсан. Хоёрдугаарт: Стандартчилал хэмжил зүйн газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн. Гэтэл манай компани нь “Нью-Эталон” гэж тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, авто пүүнүүдийнхээ засвар үйлчилгээг хариуцуулдаг байсан. Тэгэхээр манай компани заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн манай компанийг шалгаруулаагүй үндэслэлүүд нь үндэслэл муутай...” /22-р хх-174-176/,

- гэрч Ч.Жаргалсайханы: “... “Алтантранс говь” ХХК нь тендерийн материалаа худалдаж авсан. Дараа нь уг тендер шалгаруулалт явагдахаа больж байгаа гэсэн яриа гарсан байсан. Гэтэл дараа нь манай компанид “Эрдэнэс таван толгой” ХК-аас тендерийн урилга ирүүлсэн. Би хязгаарлагдмал тендер зарлаж байгаа юм байна гэж ойлгосон. Тендерийг нээхэд 5 орчим компани оролцсон байсан. Манай компанийг гаалийн хяналтын бүс ажиллуулах чиглэлээр эрх бүхий байгууллагаас өгсөн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг байхгүй, мөн хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл байхгүй шалтгаанаар тэнцээгүй гэсэн хариуг өгсөн байсан. Бид “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсэнд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлж байсан. Одоо ч манай гаалийн хяналтын талбайд байгаа. Ингэж хамтарч ажиллаж байгааг мэдсээр байж зөвшөөрөлгүй байна гэж хасч байгаагаас үзэхэд луйвар орсон гэж үзэж байгаа. Мөн хэмжих хэрэгслийн үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагыг зориуд компаниудыг хасахын тулд шаардлагагүй заалтыг оруулсан. Гаалийн хяналтын бүс ажиллуулахад хэмжих хэрэгсэлийн цогц зөвшөөрлийг шаардсан байсан. Мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө ирээд засварлаад өгчихдөг. Энэ зөвшөөрөл байх шаардлага байхгүй. Иймээс бид энэ тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс уг тендертэй холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж гарсан. “Эрдэнэс таван толгой” ХК-аас зөвшөөрөөгүй учраас давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдврийг хэвээр баталсан шийдвэр гарсан. Одоо хяналтын шатанд байгаа. “Говь повер” ХХК-ийн тухайд тендерийн баримт бичигт заагдсан шаардлагын хэмжээнд байгаагүй гэж үзэж байгаа. Учир нь машин тоног төхөөрөмжүүд нь тендерийн шалгаруулалтын дараа орж ирсэн. Манай компанийн хажууд үйл ажиллагаагаа явуулдаг учраас энэ талаар мэдэж байна...” /1-р хх-221/,

- гэрч Д.Батзоригийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал/: “... Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газар нь худалдан авах төлөвлөгөөний дагуу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг ил тод нээлттэй явуулах чиг үүрэгтэй ажилладаг... 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 тоот “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулахад миний бие тус үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо байгуулснаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 355 тоот тушаалыг үнэлгээний хорооны 3 гишүүн болон нарийн бичгийн даргад танилцуулаад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын судалгаа гаргаж хязгаарлагдмал тендер зарлах техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт боловсруулахаар шийдвэрлэсэн. 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дахин хуралдаад техникийн тодорхойлолтыг нарийн сайн зааж өгөх, өмнө нь шалгарч байсан “Алтан говь транс” ХХК гэрээнд заасан үйлчилгээг ямар хэмжээнд гүйцэтгэсэн талаар тодруулах, тендерийг хязгаарлагдмал зарлах талаар үнэлгээний хорооны бүх гишүүд дэмжсэн. Манай үнэлгээний хороог сонинд алдаатай зар тавьсан гэсэн шалтгаанаар 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 тоот тушаалаар бүх гишүүдийг өөрчлөн дахин шинээр үнэлгээний хороо байгуулаад манай үйл ажиллагааг зогсоосноос дээрх тендертэй холбоотой асуудалд оролцоогүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадвар, өндөр хүчин чадалтай техник технологи, машин тоног төхөөрөмж шаардагддаг бөгөөд уг шаардлагыг хангах аж ахуйн нэгжийн тоо хязгаарлагдмал учир хязгаарлагдмал тендер зарласан...” /22-р хх-90-91/,

- гэрч Б.Санчирын /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн   газарт   мэргэжилтэн/: “... “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 тоот тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Миний бие тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон тушаалыг танилцуулж, ажиллах зөвшөөрлийн мэдүүлгийг нь бөглүүлж аваад, анхны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар техникийн тодорхойлолтыг боловсруулах зарчмаа тохирч, улмаар тээврийн хэлтсээс нүүрс буулгах талбайн хэмжээний шаардлага, техникийн тодорхойлолтыг авч, тендерийг хязгаарлагдмал байдлаар зарлахаар болсон. Учир нь зөвхөн Цагаан хад гэдэг газарт гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах болсон бөгөөд уг газарт талбайтай аж нэгжийн дунд зарласан. Ингээд тендерийн баримт бичгийг Эрдэнэбилэгийн өгсөн техникийн тодорхойлолтын дагуу боловсруулж, бэлдээд үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан бөгөөд тендерийг 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарлаж, зарыг сайтад болон сонинд тавьсан. Бид тендерийг 14 хоногийн хугацаанд хязгаарлагдмал байдлаар зарласан бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөр тендерийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг товлосон. Ингээд үнэлгээний хорооны гишүүн Д.Эрдэнэбилэгээс Цагаан хаданд гаалийн хяналтын талбайтай аж ахуйн нэгжүүдийн нэрсийг гаргуулан авч, тэдгээр компаниудад тендерийн урилга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Ингээд байж байтал 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бидний үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, өөр бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог томилсон. Ингээд би шинээр томилогдсон үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Түмэнхүүд бэлдсэн материалаа хүлээлгэж өгснөөр дахиж энэ үйл ажиллагаанд оролцоогүй...” /22-р хх-92-94/,

- гэрч Л.Баярмагнайгийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалтын газрын мэргэжилтэн/: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Цагаан хад” дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг өмнө “Алтан говь транс” ХХК явуулж байсан бөгөөд гэрээний хугацаа нь дуусч, дахиж тендер зарлах шаардлагатай болж үнэлгээний хороонд гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд би тухайн үед борлуулалтын газарт ажиллаж байсан бөгөөд манай газраас шаардлагатай борлуулалтын төлөвлөгөө, экспортлох нүүрсний хэмжээ, тонн, тухайн үйл ажиллагаанд зориулагдсан шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байсан. Манай зүгээс үйлчилгээ үзүүлэх гаалийн хяналтын бүсийн ул нүүрстэй байх, Гаалийн ерөнхий газрын гаргасан гаалийн хяналтын бүс байгуулах тухай шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагыг тавьж байсан. Цагаан хад дахь талбайд гаалийн хяналтын бүстэй аж ахуйн нэгжүүд хязгаарлагдмал байсан бөгөөд цаг хугацааны хувьд сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагатай байсан тул тендерийг хязгаарлагдмал байдлаар зарласан. Ингээд удалгүй биднийг өөрчлөх шийдвэр гарсан байсан...” /2-р хх-95-96/,

- гэрч Д.Эрдэнэбилэгийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр ложистикийн хэлтсийн мэргэжилтэн/: “... 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тушаалаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаж, тендерийн баримт бичиг боловсруулах, техникийн тодорхойлолт гаргах даалгавартай тарсан. Урьд нь манай компанид дээрх үйлчилгээг “Алтан говь транс” ХХК-иас авч байсан бөгөөд 2013 онд энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх аж ахуйн нэгжийг хайж байсан юм. Бидэнд 1 дүгээрт Цагаан хаданд гаалийн хяналтын бүс бүхий талбайтай аж ахуйн нэгж байх ёстой, 2 дугаарт уг бүс нь олон төрлийн тохижилт, шаардлагыг хангасан байх ёстой байсан. Энэ талаар баримт бичигт тусгасан. Ингээд бид зөвхөн тухайн бүсэд талбайтай аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар хязгаарлагдмал тендер 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр тогтсон байсан. Гэтэл дахин гүйцэтгэх захирлын тушаал 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарч, үнэлгээний хороог өөрчилсөн бөгөөд үүнээс хойш уг үйл ажиллагаанд оролцоогүй. Биднийг ямар учраас үнэлгээний хорооноос өөрчилснийг мэдээгүй. Захирлын өөрчилсөн тушаал үзүүлээд л биднээс тендертэй холбоотой бүрдсэн материалыг авсан...” /22-р хх-97-99/,

- гэрч О.Батхүүгийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хуулийн хэлтсийн хуульч/: “...гүйцэтгэх захирлын тушаалаар бидний 5 хүнийг үнэлгээний хороонд томилсон байна. Үнэлгээний хорооны гишүүд бид энэ хугацаанд 2 удаа хуралдсан... Ингээд байж байтал гүйцэтгэх захирлын тушаал гарч биднийг өөрчилсөн байсан. Энэ үеэс уг үйл ажиллагаанд дахиж оролцоогүй...” /22-р хх-100-102/,

- гэрч Б.Шинэбаатарын /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн/: “... Миний бие 2012 оны 9 дүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр мөн томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн бодлогын болон том, их хэмжээний хэлцэл, хамтын ажиллагааны асуудлуудыг шийдвэрлэдэг юм. “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-аас төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн чиглэл аваагүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талаас шүүхийн шийдврийн дагуу төлбөр төлөх асуудлыг оруулж ирсэн. Энэ нь “Эрдэнэс таван толгой” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-д мөнгө төлөх болсныг танилцуулж, шийдвэр гаргуулах гэсэн. Үүнийг бид зөвшөөрөөгүй. Учир нь уг асуудал үүсч, шийдвэрлэсэн буюу эвлэрсэнийхээ дараа биш эхнээс нь оруулж ирж шийдвэр, чиглэл авах ёстой байсан учир бид энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй. Шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр эвлэрч, төлбөр төлөх болсон нь буруу гэж үзэж байна...” /22-р хх-55-57/,

- гэрч Д.Батболдын /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн/: “... 2013 оны хавраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон бөгөөд эрхэлж байсан албан тушаалтай уялдуулан томилсон гэж ойлгодог...” /22-р хх-58-60/,

- гэрч Б.Батзаяагийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн/: “... 2012 оны сүүлээр намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон. Тус компани нь Таван толгой дахь зүүн, баруун цанхийн уурхайг эзэмшиж, олборлолт, борлуулалт явуулж буй Төрийн өмчит хувьцаат компани юм. Миний санаж байгаагаар “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шүүхэд өгч, төлбөр нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Я.Батсуурь өгч байсан санагдаж байна. Харин шүүхэд эвлэрсэн, төлбөр төлөх болсон талаараа надад танилцуулаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Говь повер” ХХК-тай эвлэрэх, төлбөр төлөх талаар шийдвэр чиглэл өгсөн асуудал байхгүй. Ийм асуудал хэлэлцсэн хуралд оролцож байгаагүй...” /22-р хх-61-63/,

- гэрч Д.Түмэнжаргалын /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн/: “...“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн шийдвэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон. “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүхэд хэлэлцэгдсэн асуудлын талаар огт мэдээгүй, биднийг энэ талаарх мэдээллээр хангаж байгаагүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний шүүхэд “Эрдэнэс таван толгой” ХК-ийг төлөөлж орсон нөхдүүд “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн асуудлаа танилцуулсан. Энэ асуудлыг нь бид танилцаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол хэлэлцэж шийдвэр гаргах эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Харин дур мэдэн шүүхэд эвлэрсэн асуудлыг нь буруу гэж үзэж байсан...” /22-р хх-67-69/,

- гэрч Б.Бат-Эрдэнийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн/: “... 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Миний мэдэж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шүүхэд өглөө гэж сонсч байсан. Гэхдээ энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулж ирэн ямар нэгэн шийдвэр гаргуулаагүй. Харин 2013 оны сүүлээр шүүхээс шийдвэр гарсан, төлбөр гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн асуудлыг оруулж ирснийг бид хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Учир нь нэгэнт шүүх шийдсэн асуудлын араас бид нөхөж хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн. Энэ асуудлыг хуралд оруулж ирэх үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Энхтуяа “та нар шүүхэд яах гэж эвлэрсэн юм бэ? өөр боломж байгаагүй юм уу” гэдэг асуудлыг хүртэл тавьж байсан...” /22-р хх-70-72/,

- гэрч Д.Чулуунхүүгийн /“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга/: “... Би 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах тухай асуудлыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Бадмаараг оруулж танилцуулахдаа “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан тендерт шалгарсан “Говь повер” ХХК нь гэрээ цуцалсны улмаас хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийг төлөөлж шүүхэд оролцоод төлбөрийг төлөхөөр эвлэрсэн. Уг төлбөрийг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх санал оруулсан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон дарга нар “яагаад уг асуудлыг анхнаас нь оруулж ирээгүй юм, нэгэнт шийдвэр гарсан хойно нь оруулж ирж байгаа нь буруу, яах гэж “Говь повер” ХХК-тай шүүхэд эвлэрсэн юм” гэх зэргээр хэлэлцэж байгаад “Говь повер” ХХК-д төлбөр төлөх асуудлаар ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэдгээ илэрхийлж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй...” /22-р хх-49-50/,

- гэрч Г.Гансүхийн: “... “Говь повер” ХХК-ийг 2007 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд Өмнөговь аймгаас нүүрс худалдан авч, БНХАУ-д экспортлох зорилготой байсан. Ингээд 2008 онд Өмнөговь Ханбогд сумаас зарласан газрын дуудлага худалдаанд оролцож Цагаан хад гэх газар байрлах 10 га газрыг Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 60,000,000 орчим төгрөгөөр худалдан авсан... Гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл авсан бөгөөд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2010 билүү, 2011 онд Дашдондогт худалдсан...” /22-р хх-222-224/ гэх мэдүүлгүүд,

- “Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь “LES” программыг 2012 оны 8 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа гэх боловч ямар нэгэн баримт бичгээр баталгаажуулаагүй байна. Бүртгэгч, ахлах бүртгэгч, хяналтын улсын байцаагч, программ зохиогч, системийн админ зэрэг албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. “LES” программд хяналтын байцаагч нар мэдээллийг “харах”, бүртгэгч, ахлах бүртгэгч нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх”, программ зохиогч, системийн админ нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх, устгах” эрхийн хүрээнд ажиллаж байна. “LES” программд агуулагдаж буй аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас устгаж, өөрчлөх боломжтой. Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас бүртгэгч, ахлах бүртгэгч нар өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар өөрчлөх, устгах үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой. 2013 оны 2-5 сарын үед бүртгэгч, ахлах бүртгэгч, программ зохиогч, системийн админ нар дээрх үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байсан. 2013 оны 2 дугаар capaac 5 дугаар сарын хооронд ажиллаж байсан ажилтнуудыг шинжээч тодруулах боломжгүй юм. “LES” программын мэдээллийн сан /Огасlе/-ийн бүртгэл /лог/, мэдээллийн сангийн сервер /Red Hat/-m7iH бүртгэл /лог/ хийгдээгүй учраас мэдээллийн сангаас “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг ямар албан тушаалтан устгасан өөрчилсөн эсэхэд хариулах боломжгүй... Мэдээллийн сангийн сервер (Red Hat) нь хандалтын бүртгэлийг (лог)-ийг 3 сараас илүү хугацаагаар хадгалагддаггүй учраас дата баазын түвшинд хийгдсэн хандалтын талаарх мэдээлэл байхгүй байна” гэсэн Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн №27 дугаар дүгнэлт /41-р хх-143-145/,

- шинжээч Б.Даваанямын: “... ахлах бүртгэгч, бүртгэгч нар “LES” программд өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэвтэрч аливаа хуулийн этгээдийн мэдээллийн санд хадгалагдсан мэдээллүүдийг харах эрхтэй. Мөн түүнчлэн тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, холбогдох этгээдийн хүсэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн холбогдох мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлт оруулж болдог. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ч мөн өөрчилж болно гэсэн үг. Гэхдээ энэ оруулсан өөрчлөлт нь өмнө оруулсан мэдээллийг устгахгүйгээр нэмэгдэж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн түүхэнд өмнөх бүхий л мэдээлэл, өөрчлөлтүүд нь хадгалагдаж үлддэг. Хуулийн этгээдийн “LES” программд агуулагдаж буй аливаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нь хүснэгт хэлбэрээр харагддаг ба энэ хүснэгтэд тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь, регистрийн дугаар, гэрийн хаяг, энэхүү бүртгэлийг хийсэн огноо, бүртгэлийн ажилтны нэр зэрэг мэдээлэл харагддаг. Энэхүү мэдээлэлд улсын бүртгэгч болон ахлах бүртгэгч өөрчлөлт хийх тохиолдолд тухайн хүснэгтэд шинээр мөр нэмэгдэж дараагийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нэмэгдэж ордог. Өмнөх хувьцаа эзэмшигч хасагдсан тохиолдолд түүний мэдээлэл бүхий хүснэгт хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт “үгүй” гэсэн тодотгол ордог. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нар хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжгүй. Харин программ зохиогч, системийн админ нар тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд түүх үлдээлгүйгээр устгаж өөрчлөх боломжтой. Бүртгэгч нар хувьцаа эзэмшигч Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга гэж өөрчилж болно. Гэхдээ Гэрэлхүүгийн Уянга гэсэн хүснэгтэн мэдээлэл хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт нь “Үгүй” гэж тодотгоод, Чулуунбаатарын Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж оруулан түүний мэдээлэл хүснэгтэд нэмэгдэж урд хэсэгт нь “тийм” гэсэн тодотгол орно. Түүнээс биш Г.Уянгын мэдээллийг огт байхгүй болгох эрх бүртгэгч нарт байхгүй. Энэ эрх зөвхөн системийн админ, программ зохиогч нарт байгаа...” /41-р хх-146-148/ гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Говь повер” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь повер” ХХК-ийн дүрэм, “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэг шинжилгээнд тэнцэнэ.

2. “Говь повер” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, №01 “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй.

3. 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай тохирохгүй.

4. 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатчийн “80” дугаартай тамганы дардсууд нь нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчийн тамганы дардастай тохирохгүй.

5. 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ”-ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардсууд нь шинжилгээнд хүргүүлсэн нотариатч Б.Энхээгийн тэмдэгний дардастай тохирохгүй.

6. Дээрх шинжилж буй нотариатчийн тэмдэгний дардсуудын нөхөх хэсэгт бичсэн тоон бичвэр, гарын үсгүүд нь нотариатч Б.Энхээгийн болон түүний туслах Б.Алтанцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийн загваруудтай тохирохгүй” гэсэн №1119 дүгээр дүгнэлт /26-р хх-34-37/,

- шинжээч Х.Баярмаагийн: “... Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжилгээг эх хувь буюу биет байдлыг үндэслэн явуулдаг. Тэгэхээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт ирүүлсэн баримтыг шинжилгээнд тэнцэнэ гэж дурьдсан нь тухайн баримтууд эх хувь байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тухайн баримт нь хуулбар буюу скайнердсан баримт биш байсан... Шинжлэгдсэн дардасууд нь энгийн нүдээр болон тусгай зориулалтын техник ашиглан үзэхэд 2 өөр хэлбэр, хэмжээ, 2 өөр дардасны хүрээтэй байсан бөгөөд энэ нь уг 2 дардасыг хоорондоо тохирохгүй гэдэг дүгнэлт өгөх үндэслэл болсон...” /26-р хх-76-78/ гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн

“... 2. Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэгийн дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

З. Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

4. УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэсэн №2852 дугаар дүгнэлт /41-р хх-112-113/,

- шинжээч Б.Түвшинбаатарын: “... Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны “Улсын бүртгэгч 7/13” гэсэн бичиглэлийн доор дээшээ чиглэлтэй 2 ширхэг зураас байсан. Гэтэл Харьцуулах загвараар ирүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор уг зураасууд байхгүй байсан. Үүнийг дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд зураг 2, 3 дугаарт цэнхэр өнгийн балаар тэмдэглэн харуулсан байгаа. Өөрөөр хэлбэл харьцуулж буй дардаснуудын хувийн шинж тэмдэг нь зөрүүтэй байна гэсэн үг. Ийм учраас тохирохгүй гэж дүгнэлт өгсөн. Харьцуулах загвараар ирүүлсэн цаасанд дарагдсан тэмдэг болон 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтад дарагдсан тэмдэг нь өөр өөр тэмдэгүүд байна. Учир нь тэмдгүүдийн хэмжээ зөрүүтэй байна. Эдгээр тэмдгүүд нь нэг тэмдэг байгаад цаг хугацааны явцад элэгдэж өөрчлөгдсөн байсан бол ерөнхий хэмжээ өөрчлөгдөхгүй ёсгүй. Аливаа тамга, тэмдэг нь ашиглалтын явцад элэгдэл үүсвэл баран (тамга, тэмдгийн хэв) дээрх үсэг тэмдэг элэгдэж, дарахад бүдэг гарах эсхүл огт гарахгүй байх зэргээр өөрчлөлт орох магадлалтай. Эсхүл гадны биеттэй харилцсаны улмаас нэмэлт шинж тэмдэгүүд үүсч болно. Харин хэмжээнд өөрчлөлт орох ёсгүй. УБСЕГ-ын улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж байсан 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн зүүн дээд албан ажлын хэрэгцээнд гэсэн хэсэгт дарагдсан тэмдэгний дардастай, 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын картын дунд хэсэгт улсын бүртгэлийн байцаагч Д.Чулуунтуяа гэсний баруун талд дарагдсан тэмдгийн дардас зэргийг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардастай харьцуулан шинжилж үзсэн...” /41-р хх-120-122/,

- Сангийн яамны шинжээч З.Энхболдын “1. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.а-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна...

3. Тендерийн шалгаруулалтад шалгарсан “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлага хангахгүй байхад хангасан гэж үзээд шалгаруулсан байна. Үүнд: Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2а-д заасан “Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх гэснийг (Үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөл байгаа гэж үнэлсэн боловч тендерийн материалаас олоогүй, байхгүй), Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4а-д заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна” гэсэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /25-р хх-215-216/,

- Хөрөнгийн үнэлгээний төвийн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Л.Алтанцэцэг хөрөнгийн үнийг балансад байгаа бүртгэлийн үнээр үнэлгээ хийлгүйгээр шууд тооцсон нь хөрөнгийн бодит үнийг тогтоосон гэх үндэслэлгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад гэх газарт байрлах “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гаалийн талбайд байрлах хөрөнгийн үнэ 2013 оны 12 дугаар сарын байдлаар газар 864,632,200 төгрөг, барилга байгууламж 883,740,900 төгрөг, тоног төхөөрөмж 141,585,000 төгрөг, компьютер, дагалдах хэрэгсэл, холбоо дохиолол, камер 96,900,000 төгрөг, тээврийн хэрэгсэл 658,195,500 төгрөг, тавилга эд хогшил 13,365,000 төгрөг, үнэлүүлсэн хөрөнгийн нийт үнэ 2,658,418,600 төгрөг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /25-р хх-226-250/,

- шинжээч Д.Соёлмаагийн: “... Шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас шинжээчээр томилогдон Өмнөговь аймаг, Ханбогд
сумын Цагаан хад гэх газар байрлах “Говь повер” ХХК-аас “Эрдэнэс таван толгой” ХК-д
шилжсэн гаалийн талбай буюу газар, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж болон хөрөнгө
оруулалтын зах зээлийн үнийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэсэн. Олон улсын үнэлгээний стандартад заасан үнэлгээний 3 арга байдаг. Үүнд: 1. Орлогын хандлагын арга 2. 3ардлын хандлагын арга буюу өртөгийн хандлагын арга 3. Зах зээлийн харьцуулалт, жишиг хандлагын арга. Орлогын хандлагын аргыг аливаа байгууллагын бизнесийн үнэлгээг хийхдээ ашигладаг. Зардлын буюу өртөгийн хандлагын аргыг үл хөдлөх хөрөнгө, эд зүйлс зэргийг үнэлэхэд ашигладаг. Зах зээлийн харьцуулалт, жишиг хандлагын аргыг бүхий л төрлийн хөрөнгийг үнэлэхэд ашигладаг. Аливаа үнэлгээг гаргахад эдгээр 3 аргыг сонгон ашигладаг бөгөөд харьцуулах үнэлгээг өөрсдийн цуглуулсан мэдээллийн сан болон олон улсын үнийн жишиг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бүхий л эх сурвалжийг ашиглан зах зээлийн үнийг тогтоодог. Би дээрх үнэлгээг гаргахдаа холбогдох бичиг баримтыг үндэслэн, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээг үнэлгээний стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Энэхүү дүгнэлтэд үнэлгээний өртөгийн хандлагын арга болон зах зээлийн жишиг хандлагын арга буюу харьцуулалтын аргыг хэрэглэсэн. Ингэхдээ тухайн үнэлэх тодорхой обьект, хөрөнгөөс шалтгаалан үнэлгээний аргачлалыг сонгодог. Бид үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэ, тухайн хөрөнгийн төсөвт өртөг зэргийг тооцож үзээд үнэлгээг гаргасан. Төсөвт өртөг гэдэг нь материалын зардал, ажиллах хүчний зардал, тээврийн зардал, машин, механизмын зардал, ашиг зэргийг багтаасан өртөг байдаг. Өөрөөр хэлбэл дан ганц тухайн эд зүйлийн үнэлгээг тооцох бус тухайн эд зүйлийг бий болгоход зарцуулагдсан зардлыг бүхэлд нь тооцдог юм. Шинжээч Л.Алтанцэцэг нь дүгнэлт гаргахдаа тухайн эд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний стандартын дагуу хийлгүйгээр бланст тусгагдсан бүртгэлийн үнийг үндэслэн гаргасан байсан нь тухайн эд хөрөнгийн бодит үнэтэй нийцэхгүй байгаа бөгөөд энэ дүгнэлт нь үндэслэлгүй юм. Тухайлбал 220 тонны 24 метрийн автопүүг 2010 оны 1 сард 9,179,000 төгрөгөөр “Говь повер” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байна. Гэтэл энэ хөрөнгийг дараагийн эзэмшигч бүрт шилжүүлэх бүртээ үнийг өсгөж бүртгэсэн. Үүнийг үнэлсэн гэх “АТЕН” ХХК нь маш өндрөөр үнэлж тооцсон байх бөгөөд уг үнэлгээг үндэслэн шинжээч Л.Алтанцэцэг дүгнэлт гаргасан байна. Шинжээч нь “АТЕН” ХХК-ийн үнийг тэр чигээр нь дүгнэлтэдээ тусгасан байдаг. Дээр дурьдсан 9,179,000 төгрөгийн автопүү 96,000,000 төгрөг болтлоо үнэ нь нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ дүгнэлт бол үндэслэлгүй Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор эд хөрөнгийн элэгдлийг тооцох журмаар эд хогшлийн ашиглагдах хугацааг 10 жил гэж заасан байдаг бөгөөд жил ирэх тусам үнэ багасдаг. Мөн цахилгаан үүсгүүрийг 2013 оны 6 сард 20,000,000 төгрөгөөр худалдан авч, 2013 оны 12 сард бланст тусгахдаа 19,833,000 төгрөгөөр тусгасан байсан. Гэтэл шинжээч Л.Алтанцэцэг нь 37,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ийм байдлаар шинжээч Л.Алтанцэцэгийн гаргасан үнэлгээ бүр үндэслэлгүй байсан бөгөөд жишээ болгож дээрх хоёрыг дурьдлаа. Шинжээч Л.Алтанцэцэг нь дүгнэлтэдээ хөрөнгийн үнэлгээг тусгахдаа тухайн компанийн эд хөрөнгийн бүртгэлийн үнээр нь тусгасан байсан бөгөөд зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй байсан...” /26-р хх-27-29/,

- гэрч С.Оргилын: “...Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргах эрхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөрөнгийн үнэлгээг Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий хүн хийх ёстой. Тэгэхээр манай хэлтэс нь хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг зөвхөн хувь хүнд өгдөг бөгөөд манай хэлтсээс Бадамсүрэн, Энхмаа нар эзэмшдэг. Гэхдээ манай хэлтсээс хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр батлагдсан журам, заавар байхгүй байна. Л.Алтанцэцэг нь 2014 оноос хойш хүүхэд асрах чөлөө авсан байгаа. Тэр хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргах эрхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй... Л.Алтанцэцэгийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 176 тоот дүгнэлтийг үзэж танилцлаа. Хөрөнгийн үнэлгээг тусгай мэдлэг эзэмшиж, тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн үнэлгээчин үнэлэх ёстой. Л.Алтанцэцэгийн хувьд уг дүгнэлтээрээ “Говь повер” ХХК-ийн хөрөнгийг үнэлсэн нь буруу гэж үзэж байна...” /41-р хх-219-222/  гэх мэдүүлгүүд,

            - Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн архивт хадгалагдах “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-240-248/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн цахимжуулалтын хэсэгт байрлах Цахим архивын программ бүхий албаны компьютерт агуулагдаж буй мэдээллээс “Говь повер” ХХК-ийн цахим хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-249, 6-р хх-1-6/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн газрын программист Доржбатын албны компьютерт агуулагдаж буй мэдээлэл, программ, мэдээллийн санд нэвтэрч хуулийн этгээдийн бүртгэлийн систем /LES/ дэх “Говь повер” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэхийг тодруулах зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-51/,

- Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 2013 оны 1 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт “2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 27, 28, 29, 30 дугаарын бүртгэлтэйгээр 1. Б.Уртнасангийн цалингийн зээлийн гэрээ. 2. М.Түвшинбаатар, Ж.Зангад нарын газар худалдах гэрээ. 3. Шагдарсүрэн, Ш.Пүрэвдорж нарын газар өмчлөгч нэмэх  гэрээ. 4. Т.Зоригтын зээлийн гэрээ зэрэг бүртгэгдсэн байх бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 80 дугаарын тэмдэг дарагдсан 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2438 дугаар бүртгэлтэй хувьцаа худалдах худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон” тухай үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтын хуулбар /4-р хх-245-250, 5-р хх-29/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерийн бичиг баримтаас “Говь повер” ХХК-ийн оролцохдоо бүрдүүлж өгсөн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /40-р хх-72-88/,

            - Г.Дэнзэнг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус томилсон тогтоолын хуулбарууд /20-р хх 71-73/,

- “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Галсангийн Дэнзэнг томилсон “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоол /14-р хх-103-104/,

- Г.Дэнзэнг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгосон 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоол тогтоол /5-р хх-120/,

- Я.Батсуурийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай тогтоолын хуулбар /5-р хх-123/,

-  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн архивт хадгалагдаж буй баримтуудад үзлэг хийн, тус компанийн гүйцэтгэх захирлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 дугаар “Цагаан хад” дахь Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог даргаар Д.Батзориг, гишүүд О.Батхүү, Л.Баярмагнай, Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Санчир нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай тушаал, хавсралтын хуулбар /13-р хх-170-179/,

-  “Цагаан хад” дахь Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог даргаар С.Ганболд, гишүүд Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат, нарийн бичгийн дарга Г.Түмэнхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалын хуулбар /13-р хх-184/,

- Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ тендер шалгаруулалтын урилга /13-р хх-224/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /13-р хх-226-228/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ
үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтын хуулбарууд /1-р хх-240-250, 2-р хх-1-67/,

- Тендерийн Үнэлгээний хорооны 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан /2-р хх-132-147/,

- Гаалийн ерөнхий газрын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02/1626 дугаартай албан бичиг, хавсралтад тусгагдсан баримт бичгүүдийн хуулбарууд /2-р хх-78-86/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй “Далайн хилэнц”, “Хар-Арслан”, “Зууны мөрөөдөл” зэрэг ХХК-иудын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргүүдийн хуулбар /13-р хх-119-166/,

- “Алтанговь транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 866 дугаар захирамжийн хуулбар /22-р хх-177-178/,

- “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-д холбогдох иргэний хэргийг “Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №1473 дугаар шүүгчийн захирамж захирамж /4-р хх-40-42/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хурлын тэмдэглэл /13-р хх-190-204/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрмийн хуулбар /14-р хх-85-97/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Говь повер” ХХК-иас хүлээн авсан эд хөрөнгөтэй холбоотой баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-47-125/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-д “Говь повер” ХХК-аас шилжиж ирсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-9-10/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, санхүүгийн гүйлгээтэй холбоотой баримтын хуулбар /3-р хх-219-250/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2013 оны 2, 3 дугаар саруудын “Голомт” банк дахь харилцахын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон баримт бичгүүдийн хуулбарууд /4-р хх-1-20/,

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Өмнөговь аймгийн “Цагаан хад” дахь гаалийн хяналтын талбайд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12-р хх-244-250, 13-р хх-1-8/,

- Сангийн яамны Мэргэжлийн үнэлгээчний тусгай зөвшөөрөл бүхий иргэдийн
жагсаалтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жагсаалтууд /40-р хх-94-103/,

- 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г.Дэнзэнгийн гэрт нэгжлэг хийх үеэр хураан авсан тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийхэд “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаагийн гар утасны 91919668 гэсэн дугаарыг “Bayrmaa Egch 91919668” гэж тэмдэглэсэн байсныг бэхжүүлсэн тэмдэглэл /11-р хх 118/,

- 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Түмэнхүүгийн автомашинд хийсэн нэгжлэгийн явцад хураагдсан “Seagate” гэсэн бичиг бүхий 40 GB багтаамжтай HARD дискэнд үзлэг хийхэд “Эй Ай Ди Би” ХХК-ийн автопүү суурилуулсан талаарх баримтууд, техникийн комиссын акт, хурлын тэмдэглэл, хүлээлгэн өгсөн акт, ашиглалтад оруулах акт зэрэг хадгалагдсан байсныг бэхжүүлсэн тэмдэглэл /37-р хх 248/,

- Г.Дэнзэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Төрсөн эгч Г.Улзмаагийн хувь эзэмшдэг “Хар-Арслан”, “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-иудын талаар мэдэхгүй. Би Х.Норов гэж хүнийг огт танихгүй... Намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа нь тус компаниас зарласан Гаалийн хяналтын талбайн тендерт оролцъё гэж бодсон юм байна лээ. Тухайн үед миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Энэ тендерт “Хар-Арслан” гэж компаниараа оролцоод тендерт шалгараагүй юм байна лээ. Миний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар-Арслан” ХХК-ийг шалгарахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан... Манай эгч Улзмаа нь надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар-Арслан” гэж компаниудаараа зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд энэ Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад шалгараад мөнгөтэй болно гэж байсан... Би Түмэнхүүд болохоор эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь сонгон шалгаруулаарай, шалгарахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан... Би бол Түмэнхүү гэж хүнийг сайн мэдэхгүй. Энэ хүн Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед Ардчилсан нам Засгийн газрыг байгуулсан. Ардчилсан намын тодотголтой хүмүүсийн ажилд орох хүсэлт, анкетууд нь намын даргын туслах дээр цуглардаг байсан. Би Түмэнхүүгийн анкетыг тухайн үеийн намын даргын туслах Аззаяа гэж хүнд өгсөн. Сүүлд нь тэр Аззаяа гэж хүн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хүний нөөцийн албаны дарга болсон. Тэгээд хүний нөөцийн албаны дарга нь цаашаа уламжилж, томилуулсан байх... Түмэнхүү болон Үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон хүн л нөлөөлж чадна...” /42-р хх-125-127/,

- Я.Батсуурийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... “Эрдэнэс таван толгой” ХК-д захирлаар томилогдсоны дараа нэр бүхий хэдэн хүнийг “Ардчилсан намаас ажилд томил” гэж байна. Иймд энэ хүмүүсийг томил гэсэн үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн надад өгсөн. Үүний дагуу би Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захирлаар Батзоригийг, Хүний нөөцийн хэлтсийн даргаар нэг эмэгтэйг, ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр Түмэнхүүг, мөн Дэнзэнгийн эгч Одонгэрэл нарыг тус тус томилсон...” /42-р хх-24-25/,

... 2013 онд “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан тендерийг “Алтан говь Транс” ХХК хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргах явцдаа тус компаниар нэмэлт ажил гүйцэтгүүлвэл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах санал гаргасан болов уу гэж бодож байна. Үүнийг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх. Тэгээд ч тухайн үед “Говь повер” ХХК-аас авах үйлчилгээ удааширч байсан учир компанийн нүүрсний борлуулалтыг тасралтгүй явуулах зорилгоор талбай түрээслэх нэмэлт гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага байсан...” /42-р хх-36-37/,

... “Говь повер” ХХК-ийн зүгээс захирал Д.Баярмаа нь гэрээ байгуулж, их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийлгэсний эцэст гэрээгээ дангаар цуцалсан учир хохирол барагдуулах нөхөн олговор нэхсэн бичиг ирүүлсэн. Миний зүгээс тус компанийн тавьсан шаардлагын хариуд шүүхэд ханд гэдэг байдлаар явуулсан. Ингээд тодорхой хугацааны дараа “Говь повер” ХХК шүүхэд гомдол гаргасан байсан бөгөөд би компанийнхаа хуульч Төгсбаяр, Бадмаараг нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Энэ үеэр “Говь повер” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, өмч хөрөнгөө 7 гаран тэрбум төгрөгөөр үнэлүүлсэн байсан бөгөөд миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьж дүгнэлт гаргуулахад 5,3 тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан. Ингээд шүүх хуралдаан болж манай хоёр хуульч  оролцоод шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрсний үндэс дээр манай компани нь “Говь повер” ХХК-ийн Цагаан  хад дахь талбайг хөрөнгийн хамт хүлээн авахаар боллоо гэж гарч ирж танилцуулсан...” /42-р хх-7-8/,

- Г.Түмэнхүүгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Миний бие 2012 оны 11 дүгээр сард “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлт, худалдан авалтын газарт ахлах мэргэжилтнээр томилогдож 2013 оны сүүл хүртэл ажилласан. Манай эхнэр Улзмаа нь “Эрдэнэс таван толгой” ХК-д цалин сайтай ажил байна. Би Дэнзэнг таньдаггүй байсан... 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай үнэлгээний хороо хуралдаж, сонгон шалгаруулах тендерийн шаардлага шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулсан. Тухайлбал тендерт оролцогч нь санхүүгийн 3 жилийн тайлангаа ирүүлэх, хөрөнгийн хэмжээ 450,000,000 төгрөгөөс багагүй байх, банкнаас авах зээлийн доод хэмжээ 1 тэрбум төгрөг байх, сүүлийн 5 жилийн аль нэгэн жилд гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1,8 тэрбум байх, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурьлуулах, засварлах зөвшөөрөлтэй байх, түншлэл буюу туслан гүйцэтгэгчтэй оролцох зэрэг болно... Энэ хурлаар өмнөх тендерийн хорооны тендер зарласан хугацааг 2012 оны 12 дугаар сарын 24-нөөс 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл байсныг өөрчилж 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр болгон “Алтанговь транс”, “Говь нирун”, “Ёл Ази”, “Зууны мөрөөдөл”, “Далайн хилэнц”, “Говь повер”, “Тахидаг хайрхан”, “Хар-Арслан”, “Цонлун” зэрэг компаниудад урилга хүргүүлэхээр тогтсон. Ингээд нэр дурьдсан компаниудад тендерийн урилга хүргүүлсэн... Тэгээд 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн материал хүлээж авах эцсийн хугацаа болоход “Алтан говь транс”, “Хар-Арслан”, “Говь повер”, “Зууны Мөрөөдөл”, “Далайн хилэнц” компаниуд материалаа ирүүлсэн байсан. Ингээд тендерийн нээлт хийхэд “Говь повер” ХХК 17,700,000,000, “Хар-Арслан” ХХК 18,470,000,000 төгрөг, “Зууны мөрөөдөл” ХХК 20,700,000,000 төгрөг, “Алтан говь Транс” ХХК 13,140,000,000 төгрөг, “Далайн Хилэнц” ХХК 12,960,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Энэ талаар хурлын тэмдэглэл үйлдсэн. Тэгээд 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, ирүүлсэн компаниудын материалуудтай танилцаж сонгон шалгаруулалт явуулаад тендерийн шаардлагыг хамгийн сайн хангасан “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан. Үнэлгээний хороо тайлангаа гаргаж, захиалагчид тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмж өгч “Говь повер” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл өгсөнөөр үнэлгээний хорооны ажил дууссан. Тендерийн зарыг зар тавих сайтад нарийн бичиг дарга тавьдаг. Урилга бүхий албан бичгийг нарийн бичгийн дарга боловсруулж, даргаар гарын үсэг зуруулж, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг...” /42-р хх-223-227/ гэх мэдүүлгүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Д.Баярмаа нарыг дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, Т.Төгсбаярыг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Харин тэдний үйлдлийг нийлмэл гэмт хэргийн шинжтэй гэж үзэн “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр давхар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцно” гэж заажээ. Уг зүйл, хэсэгт заасан “... хоёр буюу түүнээс дээш...” гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл, хэсэгт заасан гэмт хэргүүд, эсхүл нэг зүйлийн өөр өөр хэсэгт бие даасан бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан гэмт хэргүүд хамаарах ба эдгээрийг нэг цаг хугацаанд, нэг үйлдлээр үйлдсэн тохиолдолд нийлмэл гэмт хэрэг болно.

 

Дээрх заалтаас нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэргүүд нь тус бүртээ бие даасан бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн ашиг сонирхолд халдсан байхын зэрэгцээ хохирол шаардсан гэмт хэргүүдийн хувьд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж болох хохирол нь тус тусдаа учирснаар нийлмэл гэмт хэргийн хууль зүйн шалгуурыг хангана гэж үзэхээр байна.

 

Гэтэл шүүгдэгч нарын хамтран үйлдсэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, түүний улмаас учирсан хохирол нь нийлмэл гэмт хэргийн гол шинж болох хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж чадахгүй байхад давхар зүйлчилж хууль буруу хэрэглэжээ.

 

Нөгөө талаар, Г.Дэнзэн нар бусдын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгтэй төстэй боловч хууль тогтоомжоор тухайн хөрөнгийг итгэмжлэн хариуцаагүй, харин өөрт нь олгогдсон төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр байгууллагын эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж ашиг хонжоо олсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байхад прокурор эдгээр хэргүүдийн ялгаатай шинжүүдийг анхаарч хэргийн зүйлчлэлийг оновчтой зөв тогтоохын оронд нийлмэл гэмт хэрэг гэж үзэн давхар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул яллах дүгнэлтээс Г.Дэнзэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хүнд хор уршигт хамаарч байхад шийтгэх тогтоолд “... онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэж буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт орууллаа.

 

Мөн Г.Дэнзэнгийн гэрээс хураагдсан бэлэн мөнгө, валют зэргийг төлөх төлбөрт нь тооцож шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй, шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хэзээ, хэрхэн эдлэх талаар заагаагүй байх тул энэ тухай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

 

Давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлүүдээр хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

 

Г.Дэнзэн нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар тушаалаар Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байжээ. 

 

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Шадар сайд нь Засгийн газрын гишүүн байхаар хуульчилсан байх тул 2010 онд Шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнгийн хашиж байсан Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх гэсэн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтад “Монгол Улсын Засгийн газрын гишүүн”, 6.1.14 дэх заалтад “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх...” гэж зааснаар төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна. 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 5 хэсгийн 3 дахь заалтад зааснаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүд нь төрийн захиргааны албан хаагч байхаар заажээ.  

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн” гэж заасан.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга нь тус газрын ажлыг зохион байгуулж, удирдах, батлагдсан төсвийг захиран зарцуулах, ажилтныг томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрх, үүргийг хэрэгжүүлж байсан бол Хэрэг эрхлэх газрын дэд дарга нар нь мөн зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд даргаас хариуцуулсан тодорхой ажлыг эрхлэн гүйцэтгэхээр зохицуулсан. Үүнээс дүгнэвэл Засгийн газрын ажлын алба болох Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болон дэд даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал”-ын, 7.1. дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:”, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан мөн гэж үзнэ.

 

Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод тээврийн хэрэгсэл жинлэх зориулалттай 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогджээ. Тэрээр уг тендерээс хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж төрсөн эгч Г.Угалзмаагийн нэрээр найз Н.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж 135,292,300 төгрөгийн гэрээ байгуулсан, пүүний эд ангийн үнэ эрс нэмэгдсэн гэх ор үндэсгүй шалтгаанаар гэрээний үнийн дүнг өсгөж нийт 199,792,300 төгрөгийн гэрээ байгуулж, уг мөнгийг компанийн дансаар хүлээн авч 62,676,000 төгрөгөөр автопүүг барьж байгуулан, үнийн зөрүү 137,116,300 төгрөгийн өөртөө ашигласан хэргийн үйл баримт нь:

 

“Эн Ай Ди Би” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Угалзмаа, Н.Энхболд нар болохыг нотолсон улсын бүртгэлийн баримтууд, компанийн үүсгэн байгуулах баримт бичиг дээр Г.Угалзмаагийн гэх гар бичвэр, Н.Энхболдын автопүүг барьж байгуулахад хийсэн ажлын талаар гэх гар бичвэр зэргийг Г.Дэнзэн бичсэн болохыг тогтоосон шинжээчийн 5189 тоот дүгнэлт, тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээ, “Эн Ай Ди Би” ХХК-ийн барьж байгуулсан автопүү чанар, стандарт, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Стандартчилал хэмжил зүйн газрын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №2016-002 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, автопүүг барьж байгуулахад 62,676,000 төгрөг зарцуулсан болохыг тогтоосон “Голден пэйж аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Төрийн сангаас “Эн Ай Ди Би” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтууд болон гэрч Н.Энхболдын “Г.Дэнзэнтэй хамтарсан компани байгуулж, тендерт оролцсон, тендерийн мөнгийг Г.Дэнзэн зарцуулсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Норовын “Г.Дэнзэнгийн гуйлтаар “Эн Ай Ди Би” ХХК-ийн менежер болж автопүүг хүлээн авах ажиллагаанд оролцсон” гэх мэдүүлэг, Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн хэлтсийн тээвэр ложистик хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэржаргалын гэрчээр мэдүүлсэн “2010 оны сүүлээр Шадар сайдын ахлах зөвлөх Дэнзэн, “Эн Ай Ди Би” ХХК-ийн Норов, Энхболд нарын хүмүүс ирж пүүг манай чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдсон, энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.  

   

Г.Дэнзэн нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга /дараа нь тэргүүн дэд даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон/-аар ажиллаж байхдаа “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компанийн охин компани болох “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдож, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Тэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан.

 

Тухайн үед “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, хуульч Т.Төгсбаяр, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нар Г.Дэнзэнгийн зохион байгуулсан хэрэгт тус тусын хариуцсан ажил үүргийн хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэн үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь дээр дурьдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.  

 

“Говь повер” ХХК болон Д.Баярмаатай ямар ч холбоогүй хэмээн Г.Дэнзэн давж заалдах гомдол гаргасан байх боловч уг компанийг эхнэр Г.Уянгынхаа нэрээр Д.Баярмаатай хамтран худалдан авч 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хожим нь хувьцаа эзэмшигч Г.Уянгын нэр нь “Ч.Уянга” болон өөрчлөгдсөн гэдэг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтнууд, тухайлбал: улсын ахлах бүртгэгч Я.Батцоож, улсын бүртгэгч М.Баяржаргалант, архивын хэлтсийн дарга Г.Хүчитбаатар, гэрээт ажилтан Г.Ганаа нар болон бусад хүмүүсийн мэдүүлэг, тус газрын архив болон цахим мэдээллийн санд үзлэг хийж “Говь повер” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллийг бэхжүүлсэн тэмдэглэл, “Ч.Уянга” гэсэн нэрээр хийгдсэн “Говь повер” ХХК-ийн улсын бүртгэлийн баримтууд дээрх улсын бүртгэгчийн тэмдэг, компанийг худалдсан өмнөх хувьцаа эзэмшигч Ц.Дашдондогийн гарын үсэг, нотариатын гэрчилсэн тамга, тэмдэг зэрэг нь хуурамч болохыг тогтоосон шинжээчийн 1119 тоот дүгнэлт зэргээр нотлогджээ. 

 

Түүнчлэн Г.Дэнзэнгийн гэрт үзлэг, нэгжлэг хийх үеэр хураагдсан эд мөрийн баримт болох түүний тэмдэглэлийн дэвтэрт Д.Баярмаагийн гар утасны 91919668 дугаар тэмдэглэгдсэн, төрсөн эгч нь болох Г.Угалзмаагийн хувийн сууцанд хийсэн үзлэг, нэгжлэгээр Д.Баярмаагийн төрсөн дүү болох Д.Баярхүүгийн найз Х.Баатархүүтэй хамт үүсгэн байгуулсан “Грандговь Суплай” ХХК-ийн нэр дээр боловсруулсан шохой, буталсан шохойн чулуу үйлдвэрлэх төсөл, үүсгэн байгуулах баримт бичгүүд хураагдсан зэрэг нөхцөл байдал нь Г.Дэнзэн, Д.Баярмаа нар харилцаа холбоотой, ашиг сонирхол нэгтэйг давхар баталж байна.    

 

“Эрдэнэс таван толгой” ХК-аас Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооноос боловсруулсан ЭТТ/2012/12/29/ХТ дугаар тендерийн баримт бичгийн 4.2-т үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, байр, техник хэрэгсэл, цахилгаан хангамж, ажилчидтай байх, оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэг жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1,800,000,000 төгрөг байх, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрөлтэй байхаар заасан шаардлагад “Говь повер” ХХК хүрэхгүй байсан ба харин хууль бусаар тендерт шалгарсны дараа өөрийн талбайдаа бүтээн байгуулалт хийж эхэлсэн нь гэрч Д.Оюунжаргал, Г.Гансүх, Ц.Дашдондог, БНХАУ-ын иргэн Дин Сүн Жин /Ding Shun Ging/, Ч.Буянжаргал, Ч.Жаргалсайхан нарын мэдүүлэг болон Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

“Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэн, төрсөн эгч Г.Угалзмаа, түүний хамтран амьдрагч, тендерийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Г.Түмэнхүү, тэдэнтэй ашиг сонирхол нэгтэй С.Ганболд нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд болох “Говь повер” ХХК, “Хар-Арслан” ХХК, “Зууны Мөрөөдөл” ХХК, “Далайн Хилэнц” ХХК-ууд оролцож, уг тендер зарлагдсан хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Г.Дэнзэн, Д.Баярмаа нарын худалдан авсан, санхүүгийн болон ажиллах хүч, барилга, тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд “Эрдэнэс таван толгой” ХК-д гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чадавхигүй “Говь повер” ХХК шалгарсан, улмаар ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа гэрээ цуцалсантай холбогдуулж хохирол нэхэмжилж шүүхэд хандсаныг “Эрдэнэс таван толгой” ХК хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулсан хэргийн үйл баримтаас дүгнэхэд Г.Дэнзэн уг тендерийг авах ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа ашиглаж дээрх хэргийг зохион байгуулсан, Д.Баярмаа гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

“Говь повер” ХХК-ийн улсын бүртгэл хууль бусаар өөрчлөгдсөн нь тогтоогдсон тул үүнийг хэн гардан хийсэн болохыг тогтоох зорилгоор холбогдох хэргийг тусгаарласан нь Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын гэм бурууг хэлэлцэхэд саад болохгүй.

 

Я.Батсуурь нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн ашиг сонирхлын үүднээс 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлосон Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг Г.Дэнзэнтэй нэгдмэл сонирхолтой гэдгийг мэдсээр байж нарийн бичгийн даргаар томилж, тендерийн үйл ажиллагаанд оролцуулсан.

 

            “Эрдэнэс таван толгой” ХК болон “Говь повер” ХХК-ийн хооронд байгуулсан Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээний 12.1.6-д захиргааны хууль ёсны шийдвэр нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөөлснийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд тооцож, энэ үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд 12.6-д зааснаар аль ч тал цуцласнаас үүсэх хохирлыг нэхэмжлэхгүй бөгөөд харин гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэсэн ажлыг хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

 

Тендерт шалгарснаас хойш “Говь повер” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах ажлыг зохион байгуулах тухай” 225 дугаар тогтоол гарсны улмаас гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй, уг үйлчилгээг үзүүлэх боломжгүй талаар 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байсныг /13-р хх 190/ гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргасан “Говь повер” ХХК-ийн өөрийн эзэмшлийн гаалийн хяналтын бүсэд хийсэн бүтээн байгуулалтын зардлыг төлж, тоног төхөөрөмжийг нь авч үйл ажиллагаандаа ашиглах байр суурь илэрхийлж /4-р хх 14, 27, 14-р хх 18/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон /14-р хх 15/ зэрэг үйлдлээрээ Г.Дэнзэнгийн зохион байгуулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон байна.       

 

“Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ш.Бадмаараг гэрчээр байцаагдахдаа “... Шүүхээс хэрэг, маргаан хянах үйл явцыг компанийн удирдлагад тухай бүр танилцуулж байсан. Удирдлага буюу гүйцэтгэх захирал Батсууриас “Говь повер” ХХК-тай гэрээ байгуулснаас цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалтад тохирсон хөлсийг төлж барагдуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байсан...” /22-р хх 146/ гэж мэдүүлснээс үзэхэд тендерт хууль бусаар шалгарсан “Говь повер” ХХК-ийн илт үндэслэл муутай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх сонирхол гүйцэтгэх захирал Я.Батсуурьт байжээ.

 

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор тус компанийн 2013 онд хийх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, төлөвлөгөөний биелэлт, төсвийн зарцуулалтын явцыг улирал бүр Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах үүргийг гүйцэтгэх захирал Я.Батсуурьт үүрэг болгосон /5-р хх 130/ байхад түүний зүгээс “Цагаан хад” дахь Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийн тендерийн үйл явц, гэрээ цуцлагдсантай холбоотой шүүхийн маргааны талаар Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж цаашид авах арга хэмжээний чиглэл аваагүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал мэтээр хандсан.

 

“Говь повер” ХХК тендерт хууль бусаар шалгарсан гэж үзэж уг тендерийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан “Алтан говь транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, үүний хариуд хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК нь “Алтан говь транс” ХХК-аас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах” нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдал нь гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Г.Дэнзэнгийн зохион байгуулсан хэрэгт хамтран оролцсон гэдгийг давхар баталж байна.

 

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү нь гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Г.Улзмаагийн төрсөн дүү, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн “Говь повер” ХХК-ийг шалгаруулахын тулд давуу байдал олгож, бусад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж боловсруулан, хязгаарлагдмал тендер зарласан атлаа  урилгаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй “Говь нирун” ХХК, “Далайн хилэнц” ХХК, “Зууны мөрөөдөл” ХХК, “Хар-Арслан” ХХК-д тус тус хүргүүлсэн /2-р хх 16-22/, тухайн зөвшөөрөлтэй “Ёл Ази” ХХК, “Тахидаг хайрхан” ХХК-д хүргүүлээгүй атлаа хүргүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн, өөрийн болон хамтран амьдрагч Г.Угалзмаа, түүний дүү Г.Дэнзэн нарын хамаарал бүхий “Говь повер” ХХК, “Хар-Арслан” ХХК, “Зууны Мөрөөдөл” ХХК, “Далайн Хилэнц” ХХК-ууд тендерт оролцож байхад ашиг сонирхолын зөрчилгүй гэж баримт үйлдсэн зэргээр тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулах ажлыг гүйцэтгэсэн.

 

“Говь повер” ХХК нь хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлгүй, хийсэн ажил буюу санхүүгийн чадавхи нь тендерийн шаардлага хүрэхгүй  /шинжээчийн дүгнэлт, 25-р хх 215/ байхад Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар сонгон шалгаруулсан үйлдлээрээ Г.Дэнзэнгийн зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцжээ.  

 

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хуулийн хэлтэст хуульчаар ажиллаж байсан Т.Төгсбаяр нь хууль бусаар тендерт шалгарсан “Говь повер” ХХК-ийн 7,413,055,365 төгрөгийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэрэгт гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаартай итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаарагийн хамт оролцохдоо эвлэрэн хэлэлцэх асуудлын талаар төлөөлүүлэгч болох “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулахгүйгээр, гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тодорхой хэмжээний хохирол төлөхөд татгалзахгүй гэсэн байр сууринаас хандаж итгэмжлэлээр олгосон эвлэрэх эрхээр далимдуулан “Говь повер” ХХК-ийн шаардлагаас 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус “Эрдэнэс таван толгой” ХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, төлөөлүүлэгч компанид илт хохиролтой Эвлэрлийн гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан үйлдлээрээ Г.Дэнзэнгийн зохион байгуулсан хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байна.

Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар хэдийгээр төрийн албан тушаалтан биш ч Г.Дэнзэнгийн төрийн албан тушаалын нэр нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглан “Эрдэнэс таван толгой” ХК-д хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон учраас эдгээр хүмүүсийн үйлдлийг албан тушаалын гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна. 

 

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял тэдний гэм буруу, хувийн байдал, хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзлээ. 

 

Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг Г.Дэнзэнд хариуцуулж 137,116,300 төгрөгийг түүнээс гаргуулахаар, “Эрдэнэс таван толгой” ХК-д учирсан хохирлыг Г.Дэнзэн, Д.Баярмаа нарт хариуцуулж 5,535,164,509 төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой энэхүү шийдвэр нь “Говь повер” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд тус компанийн “Эрдэнэс таван толгой” ХК-д хүлээлгэн өгсөн газар, түүн дээр барилга, тоног төхөөрөмжийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй юм.  

 

Мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй байна.

 

Иймд “Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах”-ыг хүссэн ялтан Г.Дэнзэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Л.Жавзмаа, ялтан Я.Батсуурь, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, ялтан Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх, ялтан Д.Баярмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарын давж заалдах гомдол, “шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” талаар иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмнө дурьдсан нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

А. “Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс: 

шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон 1 дэх заалтын “... аж ахуйн нэгж багууллагын өмчийг завшиж, үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан...” гэсэн хэсгийг,

шүүгдэгч нарт ял оногдуулсан 2 дахь заалтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамласан хэсгийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгийг,

4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.  

 

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэсэн хэсгийг “... хүнд хор уршиг учруулсан...” гэж өөрчилсүгэй.

 

Г. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Г.Дэнзэнгийн гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617003164 тоот дансанд байгаа 19,500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2,000,000 төгрөг, 2617000529 тоот дансанд байгаа 300 ам.доллар зэрэг бэлэн мөнгө, валютыг түүний төлөх төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт зааснаар Г.Дэнзэн, Я.Батсуурь нарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Ялтан Г.Дэнзэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Л.Жавзмаа, ялтан Я.Батсуурь, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, ялтан Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх, ялтан Д.Баярмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН