Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2017/0049

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би нэхэмжлэгч Х.Сээс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ө****** сумын ** дугаар багт оршин суудаг, ам бүл 4, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй./3 хүүхдийн хамт амьдардаг/ Би улсад тасралтгүй 31 жил ажилласан бөгөөд мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч, аймгийн Худалдан авах ажиллагааны албыг анх үүсгэн байгуулсан хүнийн нэг нь юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/-ыг ажиллуулахаар тогтоож, аймгийн Худалдан авах ажиллагааны албыг аймгийн Засаг даргын 2016 оны А/488 тоот захирамжаар татан буулгаж, тухайн оны зарцуулагдаагүй төсөв, цалингийн сан, эд хөрөнгө, ажлын чиг үүргийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэн, 2016 оны Б/606 тоот захирамжаар тус албаны даргаар ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлсөн билээ.

Түүнчлэн, Орон нутгийн өмчийн газрын дарга А.Д 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 10 тоот тушаалаар намайг Түр хугацаагаар томилох тухай шийдвэр гаргаад 2 байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын баланс гаргах ажлуудыг дуусгах зайлшгүй ажлын шаардлагаар түр томилж, дараа нь 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 06 тоот тушаалаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөллөө.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж буй албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна, 27.2.4-т ...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно... гэж тус тус заасан байдаг.

Үүнээс харахад, дээрх аймгийн Засаг даргын Б/606 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсний дараа намайг хуульд заасан төрийн албаны баталгаагаар ханган аймгийн Орон нутгийн өмчийн газрын аль нэг мэргэжилтний орон тоонд томилох ёстой байсан боловч намайг үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлснөөр миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх болсон.

Би өөрийнхөө эрх ашгаа хамгаалах, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангуулах тухай хүсэлтээ аймгийн Засаг дарга А.Гылымхан болон А.Д дарга нарт олон удаа учир байдлаа хэлээд 2017 онд багтааж ямарваа нэгэн мэргэжилтнээр ажиллуулах санал тавьсан боловч ...та түр ажиллаад байж бай, дараа нь ажилд авна... гэж хэлдэг байсан учраас дарга нарт итгэж, тэдний саналыг хүндлээд жилийн эцсийн тайлан тооцоогоо нэгтгээд, тайлан төлөвлөгөөгөө батлуулаад ажиллаж байлаа. Миний түр ажиллаж байсан хугацаанд А.Д дарга байнга намайг ...ажлаас гар... гээд шахаж шаардсаар байлаа, аргагүйн эрхээр 1 хүүхдийн материалыг шүүхээр шийдвэрлүүлээд 50 насаар 4 хүүхэдтэй, хөнгөлөлттөй тэтвэрт гарах санал тавьсан боловч миний хүүхдийн материалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2801 тоот шийдвэрээр буцаасан. Хүүхэд маань УБ хотод 3-р курсын оюутан 6 сарын сүүлээр ирэх болсон тул учир байдлаа хэлээд 2017 онд багтааж намайг ажиллуулах саналаа хэлсэн боловч чамайг ажиллуулах төсөв байхгүй гээд ажлаас гаргасан.

Нэгэнт дээрх нөхцөл байдал бий болж, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөнөөр би төрийн албанд олон жил ажиллаад ингэж гадаа хаягдах хүн биш тул аргагүйн эрхээр шүүхэд хандаж байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттөй холбоотойгоор алба, хэлтэс татан буугдах тохиолдолд төрийн албан хаагчаас үл хамаарах шалтгаан нөхцөл бий болсон бол нэхэмжлэгч Х.С би Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх эрхтэй.

Энэ тохиолдолд Х.С би эдийн засагч мэргэжилтэй бөгөөд аймгийн Орон нутгийн өмчийн газрын аль ч орон тоонд ажиллах боломжтой, нөгөөтөйгүүр ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, мэргэжил, мэргэшлийн дагуу шилжиж ажиллах, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд нэгэнт шинэчилсэн бүтцээр аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын орон тоог батлаагүй, орон тоо нь хасагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Х.С намайг цалин хөлсийг минь бууруулахгүйгээр, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шууд томилох ёстой юм.

Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч Х.С тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Одоо миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин энэ асуудлаар гомдол гаргахгүй гэдгээ ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Х.С нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Сээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гаргасан уалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын[1] даргад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.Сийннэхэмжлэлтэй, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар