Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0898/З |
Дугаар | 221/МА2020/0255 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2020/0255
А.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч А.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Ц.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Г-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Гаалийн тухай 2711 дүгээр зүйлийн 1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Г-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичилт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 104 цаг ажилдаа очоогүй ажил тасалсан үйлдэл нь тус байгууллагын Сахилгын хороонд гаргасан дүгнэлт, холбогдох байгууллагын албан бичгээр нотлогдсон тул гаалийн албанаас халагдсан.
Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэхдээ доорх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хэт нэг талыг баримталж үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд
Нэхэмжлэгчийн хэвтэж эмчлүүлсэн эсэхийг нотлох, хэрэгт онц ач холбогдолтой Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өвчний түүх байгаа эсэхэд үзлэг хийхээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяагийн өрөөнд шүүгч, шүүгчийн туслах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон ба баримтыг эмнэлгийн дэд захирлын үүрэг болгосноор холбогдох ажилтнууд өвчний түүх хайсан боловч гарч ирэхгүй байсан, шүүгч үзлэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, дараа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг үзлэгийн гүйцээж дуусгалгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулсан.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, эмнэлгийн хуудас аваагүй талаар Гаалийн ерөнхий газарт “Хариу хүргүүлэх тухай" 2019 оны 949 дүгээр албан бичиг ирүүлсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгиин захирал, дэд хурандаа Л.Б-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтииг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан боловч гэрч оролцуулах боломж олгоогүй.
Иймд хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүх, мөн эмнэлгийн эмчилгээтэй холбогдсон бусад материалуудыг мэргэжлийн байгууллага, Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилуулан хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргуулахаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүх мөн эмнэлгийн эмчилгээтэй холбогдсон бусад материалуудыг мэргэжлийн байгууллага, шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилуулан хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдалд тохирсон хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ холбогдох үйл баримтыг шийдвэр гаргахаас өмнө журмын дагуу шалгаж тогтоосон байх учиртай.
Нэхэмжлэгч А.Г-г 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 3 хоног, 08 дугаар сарын 19-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 7 хоног, 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног, нийт ажлын 13 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй гэсэн Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Зөрчил мэдээллийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ын дүгнэлтэд үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл албан томилолттой, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэг хийлгэж, 08 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл “Энхэг” өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг хийлгэсэн, 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаатай байсан болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгчийн ажилдаа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй атлаа энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж, уг үндэслэлээр ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6 дугаар зүйлийн зүйлд “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийг буруутгах нэг үндэслэл болсон Гаалийн ерөнхий газраас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01-2/3140 дугаар “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байна. Уг магадлагаа нь албан ёсны бүртгэлтэй, эмнэлгийн хуудас олгогдсон эсэх, танай эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх мэдээллийг гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хариуд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 949 дүгээр албан бичгээр “...тус эмнэлгээс эмнэлгийн хуудас аваагүй ба хэвтэн эмчлүүлээгүй болно” гэжээ.
Дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хариу албан бичигт Гаалийн ерөнхий газраас хүргүүлсэн албан бичигт дурдсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эмнэлгийн магадлагаа олгосон хугацаанд хэвтэн эмчлүүлээгүй эсхүл түүнээс хойших хугацаанд ч мөн хэвтэн эмчлүүлээгүй болохын аль нь болох нь тодорхойгүйн дээр шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/9376 дугаар албан бичгээр нэхэмжлэгч А.Г-г 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх талаарх тодруулахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1312 дугаар албан бичгээр “...тус хугацаанд Уламжлалт ангаахын тасагт хэвтэн эмчлүүлсэн” тухай хариу ирүүлсэн байна.
Гэтэл хариуцагчаас хэвтэн эмчилгээ хийлгэсэн талаарх мэдээллийг авах хугацааг тодорхой заагаагүй атлаа тодорхой бус, эргэлзээтэй албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг шууд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй болох нь нотлогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилуулан хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн үндэслэлгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эрх, үүргийг эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож[1] байсан бөгөөд үүнийнхээ хүрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр шинжээч томилуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөрийг шүүх хуралдаан гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч боломж олгоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1312 дугаар албан бичгээр хүргүүлсэн нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хавтаст хэргийн 53 дугаар тал,