| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2025/0455/З |
| Дугаар | 001/ХТ2026/0074 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/0074
Д.Х*** нарын 11 иргэний
нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0087 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0238 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Д***, Т.О*** нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б***, Б.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө***, Т.С***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Л.Намнансүрэн нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2026/0234 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Д.Х*** нарын 11 иргэнээс нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** болон А/*** дугаар захирамжийн “түргэн үйлчилгээний цэгт хамаарах” хэсгийг хүчингүй болгох, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6, 6.2.7, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түргэн үйлчилгээний цэг (цаашид ТҮЦ гэх)-ийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, 2 дахь заалтаар уг захирамжийн нэгд заасан үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг захирамжид дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон.
2.2.Мөн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зөрчлийг арилгах, хашаа хайсыг буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж, зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, уг ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар баталжээ.
2.3.Иргэн Д.Х***, Д.Ц***, Т.Э***, Н.Д***, А.Г***, Ц.А***, Б.А***, Л.Х***, Т.О***, Б.Н***, Ж.Д*** нар нь ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Маргаан бүхий захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нар захирамж гаргаж, нэхэмжлэгч нарын ТҮЦ-ийн газрыг албадан чөлөөлсөн байна.
3.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Хариуцагч маргаан бүхий захирамжуудыг гаргаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхдөө урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Шийдвэр гарсны дараа ч энэ ажиллагааг хийгээгүй, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, актад гомдол гаргах эрх зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг мөрдөж ажиллаагүй.
3.2.Засаг даргын захирамжид ТҮЦ гэсэн ойлголт, үг, үсэг байхгүй бөгөөд ТҮЦ эрхлэгчдийн эрхийг хязгаарласан, тодорхойлсон ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээ байдаггүй тул захиргааны илт хууль бус акт юм. Засаг даргын захирамжуудыг үндэслээд хүч хэрэглэн албадлага хэрэглэж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн.
3.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тогтоолоор батлагдсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-д зааснаар ТҮЦ нь худалдааны төрөлд багтаж байна гэж үзэх боломжтой. Дээрх журмын 5.1.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргах”-аар заасан нь ТҮЦ эрхлэгчдийн хувьд мэдэгдэл хүргүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ТҮЦ нь зөөврийн байгууламж учраас газар эзэмших шаардлагагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн чиг үүргийн хүрээнд журмын хэрэгжилтийг хангах үүрэгтэй байтал уг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч
4.1.“... Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ болон бусад байгууламжийг чөлөөлөх, буулгах, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй ашиглалттай тэмцэх нь Засаг даргын хууль ёсны бүрэн эрх бөгөөд маргаан бүхий захирамжуудаар энэ бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн. Уг шийдвэр нь нэхэмжлэгч нарт шууд үйлчлэхгүй. Нийслэлийн хэмжээнд 1500 орчим ТҮЦ байсан талаарх судалгааг гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1538 ширхэг ТҮЦ-ийг чөлөөлсөн.
4.2.Сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн.
4.3.Нийслэлийн хэмжээнд гарсан нийт зөрчлүүдийг арилгаж дууссаны дараа ТҮЦ-үүдийг бүртгэж дахин байршлыг тогтоох, үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт зохион байгуулах, ажлын байр санал болгох, баталсан байршил болон уулзалттай холбоотой тайлан танилцуулгыг нийслэлийн Засаг дарга болон ТҮЦ эрхлэгчдэд танилцуулах нь дүүргийн Засаг дарга нарын эрх хэмжээний ажил тул нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гэж үзэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0087 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 35 дугаар зүйлийн 35.1.16, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Х*** нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны А/*** дүгээр захирамжийн агуулга, хууль зүйн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нарын 11 иргэний түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг албадлагын арга хэмжээ хэрэглэж буулгах, эдгээр нэхэмжлэгч нарын явуулж буй худалдаа эрхлэх үйл ажиллагааг шууд хориглох чиглэл өгсөн зүйлгүй, уг захирамжид байх объект гэх нэршлийг ТҮЦ-т хамаатуулах агуулгаар ойлгох боломжгүй.
5.2.Засаг даргын 2025 оны А/*** дугаар захирамжийн агуулга нь захирамжаар тогтоосон хугацаанд дүүргийн Засаг дарга нар өөр өөрсдийн харьяалагдах нутаг дэвсгэрт байгаа нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөлүүд дээр хяналт шалгалт хийж, улмаар зөрчилтэй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах зохицуулалтыг дор бүрнээ хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох дүүргийн Засаг дарга нар тус тус захирамж гарган ажиллахдаа хүний эрхийн зөрчил гаргасан үйл ажиллагаа явуулсан.
5.3.Хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн 2025 оны А/***, А/*** дугаар захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байх тул хүчингүй болгох үндэслэлгүй.
5.4.Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны *** дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах субъект болохын хувьд журмаас гадуур дур мэдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй тул эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгч нарын ТҮЦ-ийг бүртгэх боломжийг хязгаарласан гэж буруутгах үндэслэлгүй, ийм үндэслэл тогтоогдсонгүй. Иймд даалгах нэхэмжлэлийг хангах шаардлагагүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0238 дугаар магадлалаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Хариуцагч маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмуудыг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна ..
6.2.Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь агуулгын хувьд ТҮЦ-т шууд чиглээгүй мэт боловч тухайн захирамжуудыг хэрэгжүүлэх талаар гарсан дүүргийн Засаг дарга нарын захирамжууд нь 2025 оны А/*** дугаар захирамжийг үндэслэж гарсан, мөн газар чөлөөлөх мэдэгдлүүдийг ТҮЦ эрхлэгч нарт хүргүүлснээр ... албадан ачиж нүүлгэсэн зэрэг эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй ...
6.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталсан. Уг журмын 2.1.16-д зааснаар “Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг худалдаа үйлчилгээний төрөл ангилалд оруулан тавигдах шаардлагыг” тус тус баталж, нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгч нар журмын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны *** дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6, 6.2.7-д зааснаар ТҮЦ эрхлэх боломжтой мэт боловч үйл ажиллагаа явуулах эрх үүсэхийн тулд бүрдүүлэх баримт бичигт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хавсаргахаар заасан нь ТҮЦ эрхлэх боломжийг хаасан гэж үзэхээр байна.
6.4.Өөрөөр хэлбэл, ТҮЦ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авах боломжгүй тул бодит байдалд гаргаж өгөх боломжгүй бичиг баримтыг ТҮЦ эрхлэгч нараас шаардсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна журмын заалт хэрэгжих боломжгүй. Хэвийн үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний ашиг олж байсан худалдаа эрхлэгч нар маргаан бүхий захирамжууд болон 2025 оны *** дүгээр тогтоолоор баталсан журмын үйлчлэлээр ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор хөндөгдөж, хохирол учирсан байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй …” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо
7.1.“Хууль дээдлэх зарчим нь зөвхөн нэхэмжлэгч нарын эрх ашгаар хязгаарлагдахгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан зөвшөөрөлгүй газар ашиглалтыг таслан зогсоох нь Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг юм. Нэхэмжлэгч нар тухайн газрыг эзэмших хууль ёсны ямар ч эрхгүй буюу гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй байхад тэдний үйлдэл өөрөө хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгааг шүүх анхаараагүй. Захирамжийн зорилго нь явган хүний замыг чөлөөлж, иргэдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх буюу нийтийн ашиг сонирхлыг хангах зорилго, агуулгатай. Нэхэмжлэгч нарын ТҮЦ нь стандартын бус буюу замын зурвас газар дээр байрлаж байгаа нь тогтоогдсон. Энэ зорилго, агуулгыг давж заалдах шатны шүүх нь явцуу байдлаар тайлбарлаж “нийтийн ашиг сонирхол” ба “хувийн ашиг сонирхол” хоёрын хоорондын тэнцвэрийг хангахад нийтийн эрх ашиг (олон мянган иргэний чөлөөтэй зорчих эрх) давуу байх нь энэ зарчимд нийцнэ гэдгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй. Мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх зарчмыг барьж ТҮЦ эрхлэгчдийн эрхийг хөндсөн гэх агуулгаар тайлбар, дүгнэлт хийсэн. Бусдын эрх гэдэгт тухайн явган хүний замаар алхаж буй нийслэлийн бүх иргэдийг ойлгоно. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа нь бусад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх ашгийг дээгүүрт тавьж хэт нэг талыг барьж хамгаалсан нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тайлбарлаж, үүнийгээ олон жил ажилласан тул итгэл хамгаалах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан дүгнэлт хийсэн. Гэтэл уг хуульд “хууль бус үйлдэлд итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй” гэж тодорхой заасан ...
7.2.Анхан шатны шүүх зөвшөөрөлгүй этгээдэд итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэдгийг хууль зүйн хувьд зөв тайлбарласан. Давж заалдах шатны шүүх захиргааны байгууллагын нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг үгүйсгэж, Захиргааны ерөнхий хуулийн зарчмуудыг нэхэмжлэгч талд ашигтайгаар хэт явцуу тайлбарлаж хэрэглэсэн нь хяналтын шатны шүүхээр залруулагдах үндэслэлтэй, боломжтой.
7.3.Магадлалд дурдсан нийслэлийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан журам нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт бөгөөд, журмын 5.1.3-т “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаарддаг тул ТҮЦ-үүд бүртгүүлэх боломжгүй байсан” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Хэрэв ТҮЦ нь үл хөдлөх хөрөнгө биш, журамд заасан шаардлагыг хангах боломжгүй бол бүртгэлгүйгээр, дур мэдэн ажиллуулж болно гэсэн үг биш ...
7.4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасныг буруу тайлбарласан. Учир нь давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргыг хяналт тавиагүй, бүртгэх боломжийг хангаагүй гэж буруутгасан. Гэтэл Засаг дарга дүүргийн удирдлагуудад хяналт тавиагүй гэх дээрх агуулга нь нэхэмжлэгч нарын Газрын тухай хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх, хамгаалалт болох хууль зүйн боломжгүй ... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан албадан нүүлгэх эрх хэмжээ нь ямар нэгэн журам эсвэл дотоод хяналтын ажиллагаанаас үл хамааран, зөвхөн газар ашиглах эрх байгаа эсэхэд үндэслэдэг. Энэ талаар давж заалдах шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.
7.5.Давж заалдах шатны шүүх Журмын 5.1-д заасан “мэдэгдэл хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ” гэх заалтыг гол тайлбарынхаа нэг хэсгийг болгосон байна. Үйл ажиллагаа эрхлэх (худалдаа хийх) эрх үүсэх нь газар ашиглах (тэр талбай дээр түр байгууламж барих, байршуулах замаар газрыг ашиглах) эрхээс тусдаа ойлголт юм. Иргэн худалдаа эрхлэх мэдэгдэл өгсөн ч тухайн газар нь нийтийн эзэмшлийн зам талбай бол Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах эрх үүсэхгүй. Давж заалдах шатны шүүх журмыг Газрын тухай хуулиас дээгүүр тавьж, газар ашиглах суурь эрх зүйн харилцааг орхигдуулсан алдаатай дүгнэлт хийсэн ..., нэхэмжлэгч нарын бүртгүүлэх боломжгүй байсан гэх тайлбарт хэт ач холбогдол өгч, нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь зүгээс хууль ёсны дагуу газар ашиглах эрх, зөвшөөрөл авах талаар гаргасан идэвхтэй үйлдэл байсан эсэх талаар үнэлээгүй, дүгнээгүй. ТҮЦ ажиллуулах журмын заалт нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, бүртгэх боломжийг хангаагүй гэж дүгнэсэн нь өөрөө захиргааны хэм хэмжээний актын зохицуулалтад дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Гэтэл нийслэлийн Засаг даргын нэг удаагийн шийдвэр (захирамж)-тэй холбоотой маргаан болохоос биш, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журамтай маргасан хэрэг биш ба энэ агуулгаар давж заалдах шатны шүүх нь илэрхий алдаатай дүгнэлт хийсэн ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 106 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн.
7.6.Мөн эрх нь зөрчигдсөн гэх үйл баримтыг тогтоохдоо тухайн үр дагаврыг шууд бий болгосон актыг зөв тодорхойлж, тэрхүү акттай холбогдуулан зөв дүгнэлтийг хийж чадаагүй, бодит үр дагавар үүсгэсэн актуудтай нэхэмжлэгч нар маргаагүй байхад нийслэлийн Засаг даргын ерөнхий актуудыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Хэргийн үйл баримтаас үзвэл, ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх, газар чөлөөлөх бодит ажиллагаа нь дүүргийн Засаг дарга нарын гаргасан тодорхой захирамж, шийдвэрүүдийн үндсэн дээр хийгдсэн байхад тэдгээрийг хариуцагчаар татах, уг актуудын хууль ёсны байдалд дүгнэлт өгөх ажиллагааг хийгээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан процессын шаардлагыг зөрчсөн ...
7.7.Дүүргийн Засаг дарга нарын актуудтай нэхэмжлэгч нар маргаагүй, тэдгээрийг хариуцагчаар татаагүй байхад нийслэлийн Засаг даргын А/***, А/*** дугаар захирамжуудыг хүчингүй болгосон нь хэргийн үйл баримтыг дутуу тогтоосон, процессын алдаатай шийдвэр болсон. Нэгэнт үр дагавар бий болгосон үндсэн актууд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нийслэлийн Засаг даргын ерөнхий удирдамж бүхий актыг хүчингүй болгох нь эрх нь зөрчигдсөн гэх иргэдийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх боломжгүй, эрх зүйн үр ашиггүй дүгнэлт юм.
7.8.Маргаан бүхий 2 актын хүрээнээс хальж нийслэлийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан хуучин болон шинэ журмын худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага нь ТҮЦ эрхлэх үйл ажиллагаанд хэрхэн саад болж байгаатай холбоотой агуулгад дүгнэлт хийж, уг журмыг буюу хэм хэмжээний актыг батлаагүй, түүнийг батлах эрх хэмжээ угаасаа байхгүй нийслэлийн Засаг даргыг хүчээр холбон буруутгасан дүгнэлтүүдийг хийсэн нь бүхэлдээ үндэслэлгүй болсон. Уг маргаан нь зөвхөн нэр бүхий ТҮЦ эрхлэгч нараас маргаан бүхий актуудын ТҮЦ-тэй холбоотой хэсэгтэй маргасан маргаан тул хэрэгт хамааралтай нотлох баримтууд хэрэгт цугларсан буюу энэ хүрээнд шүүхийн нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх процесс хэрэгжсэн. Харин үүнийг зориудаар мушгиж давж заалдах шатны шүүх нь зөвхөн ТҮЦ-ийг албадан нүүлгэхэд хэрэгжсэн гэх дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийг энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.
7.9.ТҮЦ-ийн байршил тогтоох эрх хэмжээ нь дүүргийн Засаг дарга нарт хамаарч байхад энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/***, А/*** дугаар захирамжууд нь чиглэлийн хувьд дүүргийн Засаг дарга нарт хандсан, нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах удирдамж бүхий актууд юм. Эдгээр нь тодорхой нэр бүхий 11 иргэнд шууд чиглээгүй бөгөөд “ТҮЦ-ийг албадан нүүлгэ” гэж шууд тушаагаагүй, харин хууль зөрчсөн байршлуудыг чөлөөлөх чиглэлийг доод шатны байгууллагад өгсөн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар дүүргийн Засаг дарга нарын шийдвэр, үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар, түүний үр дагавартай маргаагүй тул нэхэмжлэгч нарын ямар нэгэн эрх сэргэх асуудал бүхэлдээ боломжгүй үлдэж байгаа талаар давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэлт хийж чадаагүй.
7.10.Магадлалын хянавал хэсгийн 5 дахь дүгнэлт үндэслэлгүй. Захиргааны хэм хэмжээний актын маргааныг захиргааны нэг удаагийн актын маргаантай хольж, хариуцагч бус этгээдийг буруутгасан. Тодруулбал, журам батлах эрх хэмжээгүй, тухайн журмыг батлаагүй нийслэлийн Засаг даргыг журмын заалтын амьдралд нийцэхгүй байдалд буруутгаж, улмаар түүний захирамжийг хүчингүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, хууль ёсны болж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
11.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлтэй” гэж үзсэн бөгөөд дүгнэлт өгөх хууль зүйн асуудал нь:
-захиргааны акт болон тухайн актыг хэрэгжүүлэх “захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа”-ны ялгаатай байдлын талаар байна.
Харин “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
12.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 зэрэг хууль, эрх зүйн актыг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамжийг чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, уг үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
13.Мөн маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.7, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зөрчлийг арилгах, хашаа хайсыг буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж, зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, уг ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан нь хууль ёсны байна.
14.Учир нь, дээрх захирамжуудаар хэрэгжүүлэхээр заасан үйл ажиллагаа нь үндэслэл болгосон хууль, тогтоомжийн агуулга, зорилгод нийцсэн, хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Тодруулбал, захирамжийн зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлийг арилгах, тухайлбал, зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламж, объектыг буулгах, газар чөлөөлөх, буруутай этгээдэд хариуцлага тооцохоор заасан нь хууль ёсны бөгөөд эдгээр арга хэмжээ нь захирамжийн зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байна.
15.“Хариуцагч маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийн тухайд, эдгээр акт нь нэхэмжлэгч нарт шууд чиглээгүй, ерөнхий зохион байгуулалтын шинжтэй байх тул нэхэмжлэгч нэг бүрт мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх боломжгүй. Иймд уг үндэслэл нь хууль ёсны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Нөгөөтэйгүүр, уг акт нь хууль ёсны зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барьсан, байрлуулсан, өргөтгөсөн, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдэд чиглэсэн байх бөгөөд энэ тохиолдолд “хууль ёсны итгэл хамгаалах” зарчим үйлчлэхгүй, мөн “сонсох ажиллагаа явагдаагүй” гэх үндэслэл нь дангаараа захиргааны актыг хүчингүй болгох шууд үндэслэл болдоггүйг дурдах нь зүйтэй.
16.Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тайлбарлаж буй үйл баримт (зарим зөвшөөрөлтэй иргэний ТҮЦ-ийг албадан буулгасан, хүч хэрэглэсэн, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх мэт) нь маргаан бүхий захирамжууд хууль ёсны эсэхэд бус, харин тухайн актуудыг бодит байдалд хэрэгжүүлсэн холбогдох захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт, түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тусдаа ойлголт бөгөөд хууль ёсны актыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
17.Иймд маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл болон үүнд холбогдох зарим дүгнэлт зөв байна. Харин “... нэхэмжлэгч 11 иргэний ТҮЦ-ийг албадлагын арга хэмжээ хэрэглэж буулгах, эрхэлж буй үйл ажиллагааг нь шууд хориглох чиглэл өгсөн зүйлгүй, захирамжид заасан объект гэх нэршлийг ТҮЦ-т хамаатуулах агуулгаар ойлгох боломжгүй ...” гэх тус шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь, маргаан бүхий захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Засаг дарга нараас захирамж гаргаж, нэхэмжлэгч нарын ТҮЦ-ийн газрыг албадан чөлөөлсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул огт хамааралгүй гэж үзэхээргүй байна.
18.Давж заалдах шатны шүүх маргааны зүйл, холбогдох үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс “... нийслэлийн Засаг даргын захирамжууд нь агуулгын хувьд ТҮЦ-т шууд чиглээгүй мэт боловч тухайн захирамжуудыг хэрэгжүүлэх талаар гарсан дүүргийн Засаг дарга нарын захирамж гарахдаа 2025 оны А/*** дугаар захирамжийг үндэслэж гарсан, мөн газар чөлөөлөх мэдэгдлүүдийг ТҮЦ эрхлэгч нарт хүргүүлснээр албадан ачиж нүүлгэсэн зэрэг эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн ...” гэсэн дүгнэлт хийж, маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгосон нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 7.1-7.4) үндэслэлтэй.
19.Харин нэхэмжлэгч нарын даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр буруу, давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
20.Учир нь, нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “... харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн”. Иймд хариуцагч нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.
21.Нэхэмжлэгч нараас даалгах нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6, 6.2.7, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ТҮЦ-ийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.
22.Хариуцагч талаас хяналтын шатны шүүх хуралдаанд “ТҮЦ эрхлэгчдийн хувьд дүүргээс зөвшөөрсөн газарт журмын 5.1-д зааснаар мэдэгдэл хүргүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, журмын 5.1.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шаардахгүй, мөн газар эзэмших, ашиглах эрх авна гэсэн үг биш” гэж тайлбарлаж байгаа боловч, нэхэмжлэгч нарын зүгээс “бодит байдалд цахим системээр ороход үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шаарддаг тул мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байдаг, дүүргүүдийн Засаг дарга нар ТҮЦ байрлуулах байршлыг тогтоодоггүй, үүний улмаас бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа” гэж тайлбарлаж буйг үгүйсгэхээргүй байна.
23.Иймд, хариуцагч нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны *** дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6, 5.1, 6.2.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, тухайлбал, дүүргүүдийн Засаг дарга нарт ТҮЦ байрлуулах газрын байршлыг боломжит богино хугацаанд тогтоохыг үүрэг болгох, ТҮЦ эрхлэгчдийн хувьд зөвшөөрөгдсөн газар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон журамд заагаагүй бусад баримт бичиг (газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж гэх мэт) шаардахгүйгээр, журамд заасны дагуу мэдэгдсэнээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхтэй холбоотой шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нь зүйтэй.
24.Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ТҮЦ-ийн байршил тогтоох эрх хэмжээ нь дүүргийн Засаг дарга нарт хамаарч байхад энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, захиргааны хэм хэмжээний актын маргааныг нэг удаагийн актын маргаантай хольж, хариуцагч бус этгээдийг буруутгасан, журам батлах эрх хэмжээгүй, тухайн журмыг батлаагүй нийслэлийн Засаг даргыг журмын заалтын амьдралд нийцэхгүй байдалд буруутгаж буй нь үндэслэлгүй ...” гэх гомдлыг хангах боломжгүй.
25.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0087 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0238 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 66 дугаар зүйлийн 66.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Д.Х*** нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6, 6.2.7, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох “нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** болон А/*** дугаар захирамжийн “түргэн үйлчилгээний цэгт хамаарах” хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Г.БАНЗРАГЧ