Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 161

 

                      *******, *******, *******,

                           *******, ******* нарт холбогдох

                           эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* , нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. *******, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ******* ХХК-ийн менежер, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

2. *******, 1973 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* инженер мэргэжилтэй, ******* ХХК-ийн бичиг хэргийн ажилтай, ам бүл 6, эхнэр, хадам эх, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

3. *******, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын *******  дугаар баг, ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №97/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар шийтгэсэн, 

4. *******, 1969 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

5. *******, 1975 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* хот ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч ************** нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* гэх газарт ******* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг /54,000,000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, 

шүүгдэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан мөн 2022 оны 12 дугаар сард ******* аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг/ 600,000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан, 

шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр ******* сумаас ******* сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг *******улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, 

шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр ******* сумаас ******* сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт тус тус холбогджээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,

шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч ************** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ************** нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч ************** нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************************** нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ********************* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч **************************** нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 60 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч *******аас 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн ******* ХХК-ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч *******аас 3,750,000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 3,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод,

шүүгдэгч *******аас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд “*******торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн *******ны эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд тушаасан 3,400,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн махыг устгуулахаар Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********************* нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэмт хэргийг ...” гэснийг хасаж, заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, 3,8,9 дүгээр заалтыг хүчингүй болгож, 10 дугаар заалтаас “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн *******ны эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд тушаасан 3,400,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.” гэснийг хасаж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ************** нарын өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням нарын давж заалдсан гомдлыг хангахаар шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Ариунтөр хяналтын шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 150,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй, *******ХК, ******* ХХК-ийн захирал ******* нарын хооронд байгуулагдсан “автомашин худалдан авах зээл”-ийн гэрээнд машины үнийг 74,500,000 төгрөг гэж тодорхойлсноос үзэхэд энэ үнийн дүнгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүн илтэд зөрүүтэй, мөн ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хэн болохыг тогтоогоогүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******д хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн байна гэж үзлээ. ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр ******* сумаас ******* сум руу орох автомашины пост дээр ховор амьтан болох 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ************** нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн №1001278 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа” зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан албадлагын арга хэмжээг хэрэглэнэ

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл нь ******* ХХК-ийн эзэмшлийнх болох нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №426 дугаартай ******* ХК-ийн албан бичиг /1хх-ийн 179 дүгээр тал/ зэрэг баримтаар тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 150,000,000 төгрөгийг улсын орлого болгож, Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх ёстой. Давж заалдах шатны шүүх *******г ховор амьтны түүхий эдийг тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 150,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулаагүй нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 150,000,000 төгрөг гэж үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг үнэлгээний олон улсын стандартыг баримтлан, зах зээлийн ханшид тулгуурлан, харьцуулан судалж гаргасан. Харин ************** ХК-ийн хооронд байгуулсан “авто машин зээлээр худалдан авах фидуцын гэрээ” нь талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулагдсан гэрээ тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно.
Давж заалдах шатны шүүх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Худал мэдүүлэх...” гэмт хэргийг үйлдээгүй гэм буруугүйд тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ******* нь “*******г ******* аймгийн ******* сумын *******  дүгээр баг, *******гэх газраас тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох “Хар сүүлтий" гэх зээрийн түүхий эдийг ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгөхдөө “...Замдаа ******* сумын цаахан талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн...” гэж хэргийн бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн, харин 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... ******* нь ******* сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод ******* сумын хойноос олсон...” гэж мэдүүлэг өгсөн байдаг.
 Дээрхээс дүгнэхэд ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл, мөн хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэж байгаа мэтээр санаатай худал мэдүүлбэл хууль заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн.
Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 428 дугаартай тогтоолд “Хэрэгт худал мэдүүлж буй хүний үйлдэл сөрөг үр дагавар үүсгэсэн байхыг хууль шаардахгүй, худал мэдүүлэг өгөхийн нийгмийн хор аюулыг шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гарах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байгаа талаас нь үнэлдэг тул худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгодог,” гэж дүгнэснээс үзвэл *******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. *******ын “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хэрэгт авагдсан шүүгдэгч *******ийн “...Би өчигдөр өдөр 14 цагийн орчимд ******* боомтод жолооч хийдэг *******тай уулзаад би шанд явлаа гэхэд “Харьж хэд хоног амрах гэж байгаа бол мах авч яваад ид, хоёулаа хөдөө яваад ирье” гэхээр түүнийг суулгаад *******ийн төвөөс 30 орчим км газарт байх нэг хөдөө айлд очиж надад 1 ширхэг бүтэн гулууз хар сүүлт авч өгсөн. Тэгээд бид буцаж *******ийн төв орж *******ыг буулгаад *******ыг аваад ******* руу явж байгаад *******ны пост дээр баригдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...******* ******* сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод ******* сумын хойноос олсон...” гэж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхийн өмнө бид хоёр үгсэн тохирсон асуудал байхгүй. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ. 

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй, тус арга хэмжээг хэрэглэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрдээгүй тул хэрэглэх боломжгүй” гэж дүгнэн тус заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Шүүгдэгч ******* нь ховор амьтан болох хар сүүлт зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгсэлдээ хууль бусаар тээвэрлэн явсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор хуульчилсан. Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн хувьд шүүгдэгч *******ийнх биш болох нь тогтоогдсон тул үнийг нь гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “шүүгдэгч ************** нар нь 15 тооны хар сүүлт гэх ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр хуульчилсан. 2021 оны байдлаар манай улсад 73 мянган хар сүүлт зээр бүртгэгдсэн бөгөөд дэлхийн нийт хар сүүлт зээрийн 80 хувь нь Монголд байдаг. Монгол улсад 1965 оноос хар сүүлт зээр агнахыг хориглосон байдаг ба Амьтны аймгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоол, 2013 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны зэрэглэл, хөхтөн амьтны улаан дансанд тус тус бүртгэгдсэн. Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг гагцхүү судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, тусгай төлбөр төлж тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж эсвэл барьж болдог.

Гэтэл шүүгдэгч ************** нар нэг шөнийн дотор 15 тооны хар сүүлт зээрийг тээврийн хэрэгслээр хөөн буудан хууль бусаар агнасан ба байгаль экологид учруулсан хор уршгийн шинж чанарыг дүгнэж үзэхэд шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүгдэгч ************** нарын өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил тэнсэн харгалзах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимтай нийцэж байгаа. Миний үйлчлүүлэгч *******болон өмгөөлөгч нарын зүгээс нэг жил тэнсэн харгалзах ялд ямар нэг маргаангүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэм бурууд маргадаггүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. *******ийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг илрүүлэхэд тусалсан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон олон тооны Хар сүүлтийг хадгалж буй газрыг зааж өгсөн буюу мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлж ажилласан.

Мөн агнасан этгээд *******ийн өгсөн, өөрийн тээвэрлэж явсан зээрийн үнэ болох 1,700,000 төгрөгийг Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2 дахин нэмэгдүүлж Дорноговь аймгийн ******* сумын төрийн дансанд төлж, улсыг хохиролгүй болгосон. Тэрээр бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүнээс өөр ажил эрхэлдэг хүн байхгүй. Улсын учруулсан хохирлыг төлсөн учир 150,000,000 төгрөгийг нэмж төлөх нь түүний эрх зүйн байдлыг маш дордуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан бөгөөд нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг болгосон буюу заавал хэрэглэх шинж чанартай зохицуулалт биш юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. ******* нь тохиолдлын шинжтэй үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан нэг тооны зээрийн үнийг Амьтны аймгийн тухай хуульд заасны дагуу хоёр дахин нэмэгдүүлж төлсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Хэргийн нөхцөл байдлыг харахад *******ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь компанийн хөрөнгө буюу бусдын өмчлөлд байсан нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. *******ийн хувьд улсад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч *******ын тухайд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бусад шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд ******* нь хууль бусаар амьтан агнасан, түүхийн эд хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн талаар огт мэдээгүй. ******* *******ээс зээр аваад машиндаа тавьчихсан байсан бөгөөд ******* аймгийн төв орохоор *******ийн машинд суусан байдаг. Улмаар урд шөнөжин тээвэрт явсан учир нойр муутай байсан ба аймгийн төв хүртэл байнга унтсан гэдгээ хэлдэг. Харин *******г цагдаагийн байгууллагаас саатуулах үед цагдаагийн алба хаагчид “замаас олсон” гэж тайлбарлахыг сонссон ******* дээрх байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгсний дараа ******* аймгийн *******сум руу очоод хэргийн нөхцөл байдлыг бодитоор мэдсэн даруйд мэдүүлгээ залруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн субъектив шинж нь мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулах байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч *******унтаж сэрэхдээ сонссон зүйлээ хэлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Учир нь ******* өөрөө цагдаагийн байгууллагад тусалж гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон үйлдсэн этгээдүүдийг зааж өгсөн нь тогтоогдсон.

Мөн Улсын дээд шүүхээс эрүүл мэнд, сэтгэл зүй, хэрэг гарах үеийн цаг агаар, гэрэлтүүлгийн нөхцөл байдал зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар тайлбарласан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч ************** нарын өмгөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан. Өөрөөр хэлбэл, албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос биш үүрэг хүлээлгэсэн заалт биш. Энэ утгаараа үнэлгээ болон эзэмшигчийн байдлыг тогтоогоогүй гэдгээс гадна дээрх заалтыг баримталсан байх.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Хүний бэлэглэсэн 3,700,000 төгрөгийн үнэлгээтэй зээрийг цагдаад баригдсаны хариуд 150,000,000 төгрөг төлөх болсон нь бодит амьдрал, шударга ёсонд нийцэх эсэх асуудал бий. Түүнээс биш нэг тооны зээрийг тээвэрлэж явсантай маргаангүй. Нэмж хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ нь хэргийн бодит байдалд хэрхэн тохирох эсэхэд анхаарлаа хандуулахыг хүсье. Харин ************** нарын хувьд хууль бусаар ан агнахдаа унаж явсан тээврийн хэрэгслийг хураах нь хуульд нийцнэ. Бусад асуудал өмгөөлөгч Э.Гомботой санал нэг байна” гэв. 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “тайлбаргүй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан прокурорын  эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 801 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ. 

2. Шүүгдэгч ************** нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* гэх газарт ******* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж, ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, шүүгдэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан, мөн 2022 оны 12 дугаар сард ******* аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан, шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр ******* сумаас ******* сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр ******* сумаас ******* сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос шүүгдэгч ************** нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч ************** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцооны талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна. 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч шүүгдэгч ************** нар өөрсдийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг дурдан тэдэнд  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ. 

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.   

Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх бол үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэх нь шүүхийн үүрэг бөгөөд үүнийг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдог ба энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болдог учиртай. 

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэх эсэх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. 

Нэгэнт хууль тогтоогчоос тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд хуульчилж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбарлан хэрэглэдэг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага оногдуулах зорилго, төрөл нь дан ганц гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээс хамааралгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзвэл зохино. 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм.    

Шүүгдэгч ******* 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хууль бусаар хадгалсан, ******* аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар, шүүгдэгч ******* 1 тооны хар сүүлтий гэх зээрийн түүхий эдийг тээвэрлэсэн  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч ************** нар 10 тооны эр, 5 тооны эм бодгаль хар сүүлтийг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн оролцоо, түүний үйлдлийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулаагүй байна. 

Шүүгдэгч ************** нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй, түүнчлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хоёр шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, тус шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

6. Түүнчлэн шүүгдэгч ************** нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар ямар нөхцөл байдалд тулгуурлан шүүх дүгнэлт хийсэн нь тодорхойгүй бөгөөд “...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх тайлбар”-г үндэслэн тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ уг тайлбар бодит байдлаар биелэгдэх боломжтой эсэхийг тогтоогоогүй бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна. 

Шүүгдэгч ************** нар ямар боломжид үндэслэж амьтны аймагт учирсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн тэдний тайлбар /баталгаа/ төдийгөөр шаардлага хангахгүй ба шүүх энэ нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалгаж, дүгнэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангана.

Энэхүү нөхцөл байдлыг бодитой тодорхойлох нь оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул энэ талаар огт дүгнэлт хийгээгүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдох учиртайг дурдах нь зүйтэй. 

7. Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч**************нарыг бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* гэх газарт ******* улсын дугаартай Фургон загварын тээврийн хэрэгслийг унаж, ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны “Хар сүүлтий” гэх зээрийг /54,000,000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэж тусгагдсан байхад шүүхээс тэднийг “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 

Дээрх прокурорын яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтээс гадна анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл прокуророос шүүгдэгч************** нарын үйлдэлд “...ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн...” гэх гэмт хэргийн шинжээр ялласан эсэх нь эргэлзээтэй байх тул тодруулах шаардлагатайг анхаарвал зохино. 

8. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.  

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *********************************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Ч.ХОСБАЯР 

                                          ШҮҮГЧИД                     Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                   С.БАТДЭЛГЭР     

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ    

                                                                                      Б.ЦОГТ