Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02115

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/07507 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 54,390,120 төгрөг, алданги 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,767,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр Налайх дүүрэг, 6 дугаар хороо, ******** байрлах газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, 2.4 метр өндөртэй, мансардгүй, дөрвөн улирлын байшин барих ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 86,900,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцоод нийт 80,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхгүйгээр хаяж явсан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах болон дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1, 2 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний барилгын ажлыг хүлээн авахад хариуцагчийн гаргасан доголдлыг арилгах, засан сайжруулахад нийт 30,377,000 төгрөгийн зардал гарсан.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлаас хаалга, цонх суулгаагүй, шал цутгаж, паркет шахаагүй, усны хаялаг хийгээгүй, цахилгааны ажил, халаалт, халуун хүйтэн ус татах, бохирын шугам хөөх, сантехникийн ажлыг шинээр гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалд 12,673,120 төгрөг, тээврийн зардалд 140,000 төгрөг, дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрт 9,700,000 төгрөг, нийт 22,513,120 төгрөгийг дутуу гүйцэтгэсэн ажлыг шинээр гүйцэтгэх ажилд зарцуулсан. Мөн 1,500,000 төгрөгийг шинжээчид ажлын хөлсөд төлсөн.

Гэрээний 5.1-д алданги төлөхөөр заасан тул 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 58 хоногт ногдох алданги 10,080,400 төгрөг болсон.

Иймд хариуцагч нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохиролд 54,390,120 төгрөг, алдангид 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт болон 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт дүгнэлтэд хариуцагч нь байшингийн ханын өндрийг 10 см-ээр нэмэгдүүлсэн нэмэлт ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэвч ханын өндрийг нэмэгдүүлэх талаар захиалагчид мэдэгдээгүй бөгөөд өөрсдөө сайн дурын үндсэн дээр ажлын зургийг өөрчилж хийсэн.

Мөн шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр гүйцэтгэсэн өөр ажил дурдаагүй тул цонхны өнгийг өөрчилсөн, шалны сетек нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Гэрээний 7.5-д гэрээнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэхээр заасан бөгөөд гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Налайх дүүрэг нь орон нутгийн нутаг дэвсгэрт хамаарахгүй тул гэрээний 3.4-т заасны дагуу захиалагч нь тээврийн зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй.

Хариуцагч нь тээврийн зардалд 3,674,000 төгрөг нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар тээврийн зардалд 1,500,000 төгрөгийг зарцуулсан гэж дүгнэсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ******* нь гэрээнд заасан ажлыг хийгээд явж байхад цонхны өнгийг бор болгоё, зөрүү мөнгө 1,800,000 төгрөг, шалны сетек 430,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлнө, хаалганы өнгө хүрэн болгоно, зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэнэ, нэмэлт зардлуудыг төлнө гэж хэлсэн учир нэмэлт ажил хийсэн.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэлт ажлуудтайгаа нийлээд нийт 130,713,000 төгрөгийн бараа материал авч, ажилчдын цалин, тээврийн зардал гаргасан.

Рэйк мод хийсэн гэж рэйк модны үнийг нэхэмжилсэн боловч плитаны үнийг давхардуулан нэхэмжилсэн буюу ижил м.кв талбайд хоёр өөр бараа материалын баримт гарган өгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэг цонхонд нэг ширхэг силикон орох бөгөөд энэхүү барилга нь 5 цонхтой тул 5 ширхэг силикон орох ёстой байтал 15 ширхэг силикон худалдан авсан баримтыг гаргаж өгсөн, энэ барилгад хар цаас ямар ч шаардлагагүй, ембүү буюу дотор энэхүү барилгад булан 35 ширхэг орохоор байхад 65 ширхэг гэх мэт хэдэн барилга барьсан нь тодорхойгүй, хуурамч баримтуудыг гаргаж өгсөн.

Гэрээнд заагдаагүй ажлууд болох халуун хүйтэн ус татах, цэвэр усны ажил, усны хаялга хийх, цахилгааны утас, унтраалга, суултуур, душ, гипсээр хийсэн ажлын хөлс болон гипсний үнэ, өөр барилгад ашигласан хар цаас, банзны ажлын хөлс болон материалын баримт гарган өгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

*******-ийн дүгнэлтэд хийж гүйцэтгэсэн ажил доголдолгүй гэж гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Захиалагч ******* зүгээс гэрээний хугацаанд цонхны өнгийг өөрчлөх, шалны сетек болон зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэсэн ба төлбөрийг нь төлөөгүй учир ажлыг түр зогсоосон.

Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 130,767,000 төгрөгийн зардал гаргасан ба энэхүү зардал нь ******* хүсэл зоригийн хүрээнд материалыг сольж, анх гаргасан зураг төслийг өөрчилж ханын өндөр өөрчилсөн.

Иймд нийт гаргасан зардал болох 130,767,000 төгрөгөөс хүлээн авсан 80,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 50,767,000 төгрөгийг ******** гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гоос 8,784,494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, үндсэн нэхэмжлэлээс 55,682,926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******** 1,193,000 төгрөг гаргуулан хариуцагч ******* олгож, сөрөг нэхэмжлэлээс 49,574,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 3,166,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,352 төгрөг, хариуцагчаас төлсөн 411,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 33,182 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Эхний шинжээчийн дүгнэлтээр амины орон сууцны ажил дуусаагүй буюу ажлын гүйцэтгэл дутуу байхад нь очсон учраас доголдлыг дүгнэх боломжгүй байна гэсэн хариулт өгсөн. Бид энэ доголдлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний дараа буюу байшин хүн амьдрахад бэлэн болсны дараа хоёр дахь шинжээч очсон учраас доголдлыг үнэлэх боломжтой гэж үзээд доголдол арилгах зардлыг 12,963,037.00 төгрөг гэж тодорхойлсон.

Шууд зардлын дүнгээр доголдлыг арилгах боломжгүй, доголдол арилгасан зардлаа баримтаар нотолж шүүхэд гаргаж өгсөөр байхад ямар үндэслэлээр үнэлээгүй, мөн шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй гэж дүгнэсэн атлаа доголдол арилгахад ажиллах хүчний зардал, материал, тээвэр, машин ашиглалтын зардлыг тооцож үнэлнэ гэж шинжээчийн дүгнэлт хэсгээс хэсэгчлэн авч баримтыг хуульд зааснаар үнэлээгүй.

Нэхэмжлэгч дутуу ажлыг гүйцэтгүүлэхдээ аж ахуйн нэгжийг сонгож гэрээ байгуулан ажиллаж, ажлын хөлс болон материалын зардлыг өөрсдөөсөө гаргасан талаарх дансны хуулга, анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шинээр гүйцэтгэсэн ажлын зардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаарх үндэслэл, тайлбар, дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй.

Ажлын гүйцэтгэл 78.5 хувь болсон талаар талууд маргаагүй бөгөөд тус гүйцэтгэлийн хувиар шинжээч нарын гаргасан төсөвт өртгийн тооцооллоор хувилж үзвэл бодитоор гүйцэтгэсэн гэрээт ажлын төсөв 68,216,500 төгрөг байх бөгөөд шинээр гүйцэтгэсэн ажлын зардал 20 гаруй сая төгрөг болох нь илэрхий байна.

4.2. Гэрээт ажлыг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөх хуваарьтай байсан хэдий ч цонхны өнгө, хаалганы өнгө солих шалтгаанаар нэмэлт хугацааг тогтоож 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан гэж үзвэл энэ хугацаанаас нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй.

Иймд шинжээчийн дүгнэлт болон бусад санхүүгийн баримтуудыг огт үнэлэхгүйгээр зөвхөн зохигч нарын тайлбарт үндэслэн тусгай мэдлэг бүхий тооцооллыг ашиглахгүйгээр дундаас нь үнийн дүн сугалж хэсэгчлэн дүгнэлт хийсэн.

Иймд нэхэмжлэгчийн доголдол арилгасан зардал, дутуу ажлыг шинээр гүйцэтгүүлсэн зардал, гэрээт ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид нийт 64,470,520 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 22, 07 дугаар сарын 17 ны өдрийн дүгнэлтээр *******гийн хийсэн ажил доголдолгүй гэж гарсан байхад энэ дүгнэлтийг яагаад үнэлээгүй талаар шийдвэрт тодорхой тусгаагүй атлаа хийсэн ажлын үнэлгээг тогтоохдоо 2023 оны 03 дугаар сарын 22 ны өдрийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй.

*******гийн хийсэн ажил доголдолгүй тул үндсэн нэхэмжлэлээс 8,784,494 төгрөгийг хангах ёсгүй.

5.2. ******* нь ******** 80,000,000 төгрөг авсан бөгөөд гэрээний дагуу хийсэн ажлын үнэлгээг *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 22 ны өдрийн дүгнэлтээр 82,831,830 төгрөг, *******-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр 94,666,137 төгрөг гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч ******* нь *******-ийн дүгнэлтээр 2,831,830 төгрөг, "*******-ын дүгнэлтээр 14,666,137 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэмэлт ажлын зардлыг *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 22 ны өдрийн дүгнэлтээр барилгын өндрийг 10 см нэмсэн 1,193,000 төгрөг гэж, 2023 оны 07 дугаар сарын 17 ны өдрийн дүгнэлтээр цахилгааны материалын зардал, тээвэр механизмын зардлыг захиалагч хариуцахаар байсныг оруулсан байсан, эдгээр ажлуудын нийлбэр 5,991,000 төгрөг гэж, "*******-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр газар шороо, шалны ажил, цахилгааны ажил 3,559,695 төгрөг гэж дүгнэсэн.

Шинжээч нар гэрээнээс гадуур хийсэн ажлыг дутуу тодорхойлсноос болж үнэлгээг дутуу гаргасан бөгөөд *******гийн гэрээнд зааснаас илүү хийсэн ажлын тоо хэмжээ, хийсэн ажлын тухайд ******* маргадаггүй учир төсөвт өртгөөр буюу 14,099,200 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 28,765,337 төгрөгийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн дурдсан нэмэлт ажил нь гэрээний 7.5-д заасан бичгээр өөрчлөлт оруулаагүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд шинжээчийн дүгнэлтээр зөвхөн 13.5 сая төгрөгийн нэмэлт ажил л батлагдсан. Ажлыг 20 орчим хувь дутуу гүйцэтгэсэн атлаа 1750 сая төгрөг, улмаар 130 сая төгрөг нэхэмжилсэн нь гэрээний үнэ, нөхцөлийг дур мэдэн өөрчилсөнтэй адил бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Зардал өссөн гэх нэрээр гаргасан сөрөг нэхэмжлэл нь баримтаар нотлогдоогүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаагүй. Огт хамааралгүй зардлуудыг оруулж илүү зардал нэхэмжилсэн. Талуудын тохиролцоогоор барилгын өндөр нэмэгдсэнээс үүдэн дулаалга, рейк, дүнз, кран зэрэг ажлын зардал өссөн байхад нэхэмжлэгч энэ нэмэгдлийг үл хүлээн зөвшөөрч, худал тайлбар гарган гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, хугацааг нотлоогүй тул алданги шаардах эрхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн хэн алины гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан доголдол арилгахад гарсан зардал 30,377,000 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 22,513,120 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд тооцсон алданги 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч 130,767,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул үүнээс хүлээн авсан 80,000,000 төгрөгийг хасаж үлдэх 50,767,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь Налайх дүүргийн 6 дугаар хороо, ******** залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, торхны өндөр 2,4 метр, мансардгүй, 4 улирлын дүнзэн байшинг барьж гүйцэтгэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь ажлын хөлсөд 86,900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээнд цонхны болон хаалганы өнгө өөрчлөх, шатны сетек, үүдний өрөө нэмж хийх нэмэлт өөрчлөлт оруулахдаа ажил хүлээлцэх өдрийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болгож сунгасан. Ингэхдээ цонхны ажилд 1,800,000 төгрөг, шатны сетек 430,000 төгрөг нэмж төлөхөөр зааж, бусад нэмэлт ажлын хөлсийг тусгаагүй.

3.1. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

 

3.2. Цахим зурваст хийсэн үзлэгээр 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс талуудын хэн аль нь гэрээг цуцалсан байна. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.3. Хариуцагчийн гэрээний дагуу болон нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үүссэн доголдол болон дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар дүгнэлт өгөхийн тулд хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлана. Энэ талаар зохигч холбогдох санхүүгийн анхан шатны баримт, төсөв зэргийг гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна.

3.3.1. Хариуцагчийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээч *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд 82,832,000 төгрөг гэж заасан. Уг шинжээч 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт шинжилгээ хийхдээ дээрх үнийн дүнг хөндөөгүй.

Харин шинжээч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 94,666,137 төгрөг гэж тооцсон боловч нэмэлт болон дутуу ажлын талаар өгсөн дүгнэлт нь талуудын гэрээгээр тохиролцсон хүрээнээс давсан үндэслэл нь тодорхой бус тул дүгнэлтийн энэ хэсгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй.

Иймд хариуцагчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 82,832,000 төгрөг гэж тооцно.

3.3.2. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 82,832,000 төгрөгийн ажлаас 68,216,500 төгрөгийн ажил нь гэрээнд заагдсан ажил болохыг шинжээч *******-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт шинжилгээгээр тогтоосон.

Энэ талаарх *******-ын дүгнэлт үндэслэлгүй болохыг дээр дурдсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан ажлын хөлснөөс 11,783,500 төгрөгийн ажлыг гэрээний хүрээнд хийж гүйцэтгээгүй, харин гэрээнд заагаагүй буюу нэмэлтээр 14,615,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, зардал гаргажээ.

3.3.3. Шинжээч *******-ийн 2 удаагийн дүгнэлтэд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын хэмжээг тогтоогоогүй.

******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд доголдлын хэмжээг 12,963,037 төгрөг болохыг тогтоосон. Энэ үнийн дүнгээс анхан шатны шүүх зөвхөн шууд зардлын дүнг доголдолд тооцсон нь үндэслэлгүй.

 

3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар цуцалжээ. Үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс аливаа нэмэлт хугацаа тогтоосон, ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардсан баримтгүй болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс шаардсантай холбоотой цаашид ажлыг үргэлжлүүлээгүй гэж тайлбар гаргасан боловч энэ үйл баримт хэргийг баримтаар тогтоогдоогүй.

4.2. Хариуцагч нь гэрээний дагуу 80,000,000 төгрөгийн ажлын хөлс авсан боловч үүнээс 11,783,500 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн, нийт хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах зардал 12,963,037 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар дутуу ажлын хөлс болон доголдлыг арилгах зардлыг шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийг 24,746,537 төгрөгийн хэмжээнд хангана.

 

4.3. Нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авах ёстой байсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх алдангийг шаардах эрхтэй.

Гэхдээ энэ нэхэмжлэлээ тодорхойлохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тодорхойлоогүй гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон тул үүнийг хангахгүй.

Анхан шатны шүүх алданги 10,080,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн боловч холбогдох эрх зүйн дүгнэлтийг буруу өгснийг дээрх байдлаар залруулав.

Мөн шийдвэрт энэ нэхэмжлэлд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.

 

5. Өмнө дурдсан дүгнэлтээр хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хэмжээнээс 14,615,500 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт ажил хийлгэхээр хариуцагчтай тохиролцож, гэрээний хугацааг сунгасан.

Анхан шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ талуудын гэрээгээр тохиролцсон ажлын хэмжээ болон хариуцагчийн бодит гүйцэтгэлийг харьцуулан шалгаж үнэлэлгүй, зөвхөн дүгнэлтэд дурдсан нэмэлт ажлын тоо хэмжээгээр хязгаарлан дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг зөвтгөж дүгнэлээ.

Иймд сөрөг нэхэмжлэлээс нэмэлт ажлын хөлс 14,615,500 төгрөг гаргуулах хэсгийг хангах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн болон шинжээчийн зардлын хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

Анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хуваарилахдаа зөвхөн үндсэн нэхэмжлэлийн хангасан хэмжээнд үндэслэж алдаа гаргасныг залруулж, талуудын маргасан хэмжээ буюу үндсэн, сөрөг нэхэмжлэлийн хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр зардлыг хуваарилав. Энэ тооцооллоор нэхэмжлэгч шүүхийн зардлын 52.7%, хариуцагч 47.3%-ийг тус тус хариуцна.

Мөн шинжээчийн зардал 6,500,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч, 4,000,000 төгрөгийг хариуцагч урьдчилж шинжээчид төлсөн байгаа тул талуудын хооронд уг хуваарилалт хийгдэнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/07507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 24,746,537 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч ******** 14,615,500 төгрөг гаргуулж хариуцагч ******* тус тус олгож,

үндсэн нэхэмжлэлээс 39,723,983 төгрөг гаргуулах тухай, сөрөг нэхэмжлэлээс 36,151,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 608,352 төгрөг, хариуцагчаас төлсөн 411,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагчаас 281,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 231,028 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож,

шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 925,500 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,365 төгрөг, хариуцагчийн төлсөн 339,734 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.БАДРАХ